Нэр дэвшигчид ил болж, бараг хэн нь аль тойрогт ялж, ялагдах тухай барин тавин ярьж, таамаглаж эхэлжээ. Энэ удаагийн сонгуульд олон онцлог шинж чанар бий. Сонгуулийн хуулиа өөрчилснөөс эхлээд хамгийн олон бие даагч нэрээ дэвшүүлсэн, гуравдагчдын орон зайд хоёр ч хүчтэй бүлэглэл бүрдсэн, МАН, АН-аас суудлаа хамгаалаад ирэх найдвар бүхий акулууд мандатгүй үлдсэн гээд дурдвал олон зүйл бий. Урьд өмнө байгаагүй энэ мэт олон онцлог зүйл нь нийгэм өөрөө шинийн эрэлхийлэлд гарчээ гэдгийг ч давхар харуулж байгаа байх.
Тэгвэл нийт нэр дэвшигчдийн 71 хувь нь шинэ тутам хүмүүс байгаагаас 50 хувь нь залуус байгаа юм. Сонгогч олон сонгууль бүхнээр л үглэн дуулж байдаг өнөөх хуульч, эдийн засагчид ч чамгүй хувийг эзэлж байна. Тухайлбал, нийт нэр дэвшигчдийн 40 хувийг эдийн засагчид, 30 хувийг хуульчид эзэлж байгаа юм. Хэрвээ 76 гишүүнээр парламент бүрдлээ гэж үзэхэд 40 хувь нь эдийн засагчид байдаг бол хэтийдсэн тоо. Даанч тийм боломж нөхцөл үгүй юм. Үнэхээр л улс орны хувь заяаг эдийн засагчид авч явдаг юм бол дэлхийд гаргах хэмжээний тоо. Үнэхээр л улс оронд хууль ёсыг сахиулж, шударга ёсыг тогтоодог бол 30 хувь гэдэг авлигагүй нийгэм бий болж таарна. Тэгвэл нийт нэр дэвшигчдээс 7.5 хувь нь инженер байгаа бол 20 хувь нь хуулийн дагуу эмэгтэй нэр дэвшигчид байгаа аж.
Аливаа улс орны парламент салбар, салбарын төлөөлөлтэй байдаг. Хууль тогтоох дээд байгууллага гээд 50 хуульч сонгоод байвал улс орны цаашдын хувь заяа юу болох вэ. Улс орны тулах цэг гээд 50 эдийн засагч сонгоод байвал юу болох вэ. Тэгэхээр бид туйлширч болохгүй, парламент хэдийгээр төрийн эрх барих дээд байгууллага хэдий ч төлөөллийн байгууллага. Тэр тусмаа манай орны нөхцөлд салбар салбарын төлөөлөл байх ёстой.
Онолчдын хэлж байгаагаар бол ядуу буурай орны парламентад спорт, урлаг, бизнесийн салбарын танилууд байх нь элбэг хэмээсэн нь ч үнэний ортой. Манай улсын парламентын бүрэлдэхүүнээс харахад спорт, тэр тусмаа үндэсний бөхийн гурван аварга, нэг дуучин, “Болор цом”-ын эзэн хоёр яруу найрагч, танил сэтгүүлч нэг гээд ихэнх нь нэртэй бизнесменүүд сууж байгаа нь ч бас нэгийг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл дэлхийн аварга бөх парламентаас тодорч байв. Өдгөө парламентад жинхэнэ мэргэжилтэй туршлагатай хуульч гэвэл хуруу дарам цөөн. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү гэсхийгээд дуусах байх. Харин тэдний намтарт Хууль зүйн чиглэлээр суралцаж хуульч болсон хүмүүс бол олон бий. Би үүнээс ангид ярьж байгаа хэрэг. Учир нь Хууль тогтоох байгууллагад хуульч байх ёстой гэх үүднээс хожим хуулийн боловсрол олж авсан, магадгүй диплом авсан нь олон хүн байгааг нуух аргагүй. Үүн лугаа адил улс орны төсөв баталдаг Төрийн эрх барих дээд байгууллагад эдийн засагч байх ёстой гэх үүднээс бас л хожмоо Эдийн засгийн сургууль төгссөн, диплом авсан нөхөд олон байгааг нуух хэрэггүй. Өөрөөр хэлбэл тэдний унаган мэргэжил, ажил бус УИХ-ын гишүүн байхын тулд олж авсан боловсрол юм. Үүнийг л ард түмэн маш ихээр шүүмжилдэг.
Харин энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь хуульчид байна гэхээр эрх биш 10 хувь нь сонгогдох магадлалтай. Өөрөөр хэлбэл парламентын 76 гишүүний 10 гаруй нь жинхэнэ мэргэжлийн болон ажлын дадлага туршлагатай хуульч байхад манай тогтолцоонд тохирно гэсэн үг. Түүнээс бус 50 хуульч орж ирчихээд амьдралаас тасарсан, салбараас хөндий цэц булаалдаад байвал төлөөллийн зарчим алдагдаж таарна. Мөн нэр дэвшигчдийн 40 хувь нь эдийн засагч байгаагийн 10 орчим хувь нь орж ирвэл их юм. Энэ нь ч манайдаа хангалттай тоо. Аанай л 50 эдийн засагч орж ирчихээд баахан дээд тоо, дэлхийн эдийн засаг, хоосон онол яриад байвал бас л зарчим алдагдана. Магадгүй улс төрийн онол, номоороо бол өөр байж болох ч манай нөхцөлд яах аргагүй салбар, салбарын төлөөлөл эн тэнцүү байх нь зүйд нийцнэ гэдгийг үндэсний онцлогтойгоор судлаачид ч ярьж байгаа.
Боловсрол, эрүүл мэнд, спорт, шинжлэх ухаан, хүнс, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, зам тээвэр гээд бүхий л салбараас төлөөлөл байж манай хөгжингүй нийгэм урагшаа явах нь ойлгомжтой. Гэтэл олон жил парламентад хуульчид, эдийн засагчид байх ёстой гэсэн халуурал нь эцэстээ баахан ажлын туршлагагүй дээд тоо мэддэг нөхөд, хэдэн хуулийн заалт, философи ярьсан нөхөд бүрдэх хандлага бий болгож байна. Энэ байдал нь ч энэ жилийн сонгуулиар харагдаж эхэллээ. Үүний зэрэгцээ “Элекотрат” хөдөлгөөн, бие даагчид гээд бүгд эдийн засагчид, хуульчдыг нэр дэвшүүлж байгаа юм. Үүнийг шууд утгаараа бүрдүүлэхгүй ч хэт их халуурал энэ нийгмийн хөрсөн дээр буухгүй гэдгийг л хэлэх гэсэн хэрэг.
Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Пьер Фердинандо Касини хэлэхдээ “Бид ардчиллын ололтыг магтан дуулахын зэрэгцээ олон оронд ардчиллын гол байгууламж болох парламент чадамжийн хувьд хямралд ороод байгаа талаар халаглан суугаа нь манай үеийн парадокс буюу логик зөрчил юм” гэж тэмдэглэсэн нь ч санаандгүй хэрэг биш юм. Манайд Үндсэн хуулийн дагуу парламент хууль тогтоох байгууллага гэсэн статустайгаар оршин тогтнож байгаа ч төлөөллийн зарчим талаасаа дэндүү хазайсан. УИХ-ын гишүүн бол тойрогтоо ямар нэг зүйл өгч байх ёстой гэх ойлголтыг нэгэнт суулгасан. Тэр бол байшин барих ёстой, зам барих ёстой, ядарсан нэгэнд мөнгө өгөх ёстой, сургалтын төлбөр төлөх ёстой гэсэн ойлголт бий. Тэгэхээр нөгөө талаар эдийн засагчид, хуульчид гээд онолчид олноор ороод ирвэл энэ байдал саармагжих магадлал бас харагдаж байгааг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Төлөөллийн зарчим ярих гэж байгаа бол төлөөлөх чадвар гэдэг асуудлыг ярих ёстой.