Техникийн ухааны доктор, профессор Лхамжавын Орхонтой ярилцлаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Танай сонины уншигчдад бас энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрж, Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Уулын цахилгаан механикийн инженер мэргэжилтэй. Үүнээс механикийн чиглэлээрээ дагнаад ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуульд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Миний аав Гунгаажавын Лхамжав гэж Завхан аймгийн Баянхайрхан сум, хуучнаар Эрдэнэдүүрэгч вангийн хошууны хүн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар депод машинистаар олон жил ажилласан даа. Харин ээж маань Халзангийн Дариймаа Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Сэлэнгэ аймгийн шүүх, арван жилийн сургуульд нягтлан бодогч, Гурилын үйлдвэр болон Үйлдвэрчний зөвлөлд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан.
-Монголын өнөөгийн уул уурхайн салбарын хөгжил ямар байгаа гэж та бодож байна вэ?
-Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил өнөөгийн байдлаар Дэлхийн жишигт хүрсэн гэж миний бие ойлгож байгаа. Өнөөдөр зэс, нүүрсний экспорт нэмэгдсэнээс гадна манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж, уурхайн олборлолтын арга, аргачлал, технологи, хүний нөөцийн хувьд ч өндөр түвшинд хүрсэн нь үйл ажиллагаа, хамрах цар хүрээнээс нь бэлээхэн харагдаж байгаа байх.
-Хариуцлагатай уул уурхай гэж яг юу юм бэ. Хэрхэн хариуцлагатай болох вэ?
-Хариуцлагатай уул уурхай гэж байгаль орчин, экологи, түүх соёлын өвийг хадгалах, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах, уурхайн ажилчид болон уурхайн бүсэд харьяалагдах иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, засаглалын зохистой бүтэцтэй байх, нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг зөв зохистойгоор хэрэгжүүлэх гэсэн үндсэн тодорхойлолтууд байдаг. Гэхдээ хэрхэн яаж хариуцлгатай уул уурхай бий болгох вэ гэдэг нь өнөөдөр асуудал болоод байгаа юм. Энэ талаар бичсэн төсөл, судалгаа, зөвлөмжүүд маш их бий боловч эдгээрийг огт хэрэгжүүлдэггүй. Учир нь өнөөдөр авлигал, албан тушаал, лицензийн наймаа гаарсан учраас хариуцлагатай уул уурхай бий болтолоо их удахаар шинжтэй байна. Иймд бид яах ёстой вэ гэхээр энэ талын хууль тогтоомжуудыг товч бөгөөд тодорхой, ойлгомжтойгоор гаргаж хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага юу вэ?
-Уул уурхайн салбарын хувьд цаашид зөв зохистойгоор ашиглаж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Үүнд нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барих, нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулах шаардлагатай байна. Түүнийг дагаад химийн үйлдвэрийн суурь ч тавигдаад ирнэ. Мөн гангийн үйлдвэр барьж ашиглалтад оруулчих юм бол Монгол Улсын эдийн засаг болон хөгжил хурдацтайгаар дээшлэх алхам болно. Үүнийг дагаад тухайн үйлдвэрүүдэд ажлын байр бий болохоос гадна үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тулд инженерүүд, салбарын эрдэмтэд техник, технологийн шинэчлэл, судалгаа, туршилтын ажлууд явагдаж бүх л үйлдвэрүүдийн үйл ажиллагааг жигд тасралтгүй, шинжлэх ухаанчаар, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллуулах нөхцөл бүрдэж эхэлдэг. Цаашилбал эдгээр үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулж чадах юм бол бараа материал судлал, металл судлал, химийн шинжлэх ухаан хөгжихийн зэрэгцээ өндөр буюу шинэ технологи, инноваци, оюуны өмч патент нь бий болдог юм. Иймд үйлдвэржсэн Монгол Улс болох маш чухал байна.
-Уул уурхайн салбарт бодлогын түвшинд өөрчлөх ямар томоохон асуудал байна вэ?
-Уул уурхайн салбарт маш олон бодлого төлөвлөгөө, зөвлөмж, судалгаа байдаг л даа. Гэвч харамсалтай нь эдгээр нь өнөөдөр барагтай л бол хэрэгжихгүй байна. Эдгээрийг чанд хэрэгжүүлэхийн тулд дахин хэлэхэд хууль тогтоомжийг товч бөгөөд тодорхой болгож хуулийн хэрэгжилтэд л анхаарах нь чухал.
Сэтгэгдэл ( 2 )
Angin andda amjilt husie
Амжилт