Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны бор толгойноос хойд цэг Монгол шарын даваа хүртэл эх оронд минь тэр чигээрээ сонгуулийн ажиллагаа, сонгуулийн маргааш эгэл жирийн өдрүүд ирнэ гэдэгт ч итгэхгүй байгаа бололтой. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын зүүн цэг Соёлз уулнаас баруун цэг Алтайн нурууны Тахилт уул хүртэл улстөржиж, сонгуулийн маргааш эрийн гурван наадмаа үзэж, хөөрөг зөрүүлнэ гэдгээ ч төсөөлөхгүй манаргана. Улс төр ерөөсөө цар тахлыг үл ойшоон халуурч, болзошгүй өвчинг үл ойшоох аж. Сонгуулийн тухай хуульд тусгаснаар бол өнөөдөр сурталчилгааны цаг эхлээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн дагуу хаалттай байна. Засгийн газраас гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм энэ сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй гэхээр хаашаа ч хөдөлшгүй. Тэгэхээр ирэх зургаадугаар сарын эхээр албан ёсоор нэр дэвшигчд, намуудын сурталчилгааны ажил эхлэхээр хар цагаан мэдээллийн давлагаа нийгмийг үерт автуулах нь ойлгомжтой харагдана. Цагаан гэхээсээ илүүтэй хар мэдээлэл нийгэмд тархана. Дэлхий нийтэд тархаж байгаа цар тахлаас долоон дор тархана.
Эхнээсээ нэгнийхээ ор хөнжил рүү ч өнгийгөөд эхэлжээ. Томсгосон тойрог дээр намуудаас нэр дэвшигчид нэгэн баг болж байгаа ч нэр дэвших эрхийн мандат гардсан даруйд хоёр тийшээ харж байгаа нь айсуй сонгууль ямар аймшигт мэдээлэл дунд өрнөхийг л харуулж байгаа хэрэг. Түүнээс бус нэг намаас нэгэн мөрийн хөтөлбөр, нэгэн хүсэл зорилгын дор нэгдэн нэр дэвшиж байгаа хүмүүс хамтраад явж болох ч ихэнх нэр дэвшигчдэд тийм хүсэл алга.
Намаас өгсөн чиг зүгээ даган эрх биш сонгогчдын дунд хоёулаа, гурвуулаа хөтлөлцөөд очих хэдий ч хүсэл тэмүүллээс эхлээд бүх зүйл тусдаа байхыг МАН, АН аль ч намын нэр дэвшигчдээс цухалзаж байна. Орон нутгаас мэдээлж байгаагаас харахад баг, сумаараа талцаад эхэлсэн аж. Олон жил айл хөрш явсан нэг голын хоёр айл МАН, АН-ын сонгуулийн ажилд зүтгэх болсноор салан нүүж байна. Хадмын хаяа түшиж, цагийн дөрвөн эргэлтэд нүүдэллэж байдаг хоёр айл намын үзэл бодлоос тангараг тасарч байгааг юу гэх билээ. Амьдрахын төлөө ажин түжин мал сүргээ адуулж байдаг хөдөөх түмэн маань ийм байхаар төв суурин газрынхан ч ойлгомжтой биз дээ.
Зах хязгааргүй улстөржилт, хэргээр ард иргэдийг хоёр талцуулж, дундаас нь санал авч чаддаг улстөрчдийн буруу ихээхэн бий. Мал сүргээ адуулан яваа Доржид тэр улс төр юуны хамаа байна. Жолоо мушгиад явж байгаа Батад, хичээл зааж байгаа Цэцэгт улс төр ямар хамаатай юм бэ гэж хэлэх аргагүй нийгэмд амьдарч байгаад л хамаг учир бий. Түүнээс өндөр хөгжилтэй орнуудад улстөржилт алга. Тэд Дээд танхимынхаа гишүүдийг бүү хэл Ерөнхий сайдаа танихгүй амьдарч чадаж байна. Гэтэл монголчууд Ерөнхий сайд бүү хэл нэг сул гишүүнийхээ нууц амрагийг нэрлэж, хэтэвчин дэх мөнгөний тоог хэлж чадах аж. Яг энэ цаг дор ч нэг нэгнийхээ эсрэг цахим довтолгоог хийсээр. Сонин хэвлэлээр нэгнээ доромжилж байна, дараа дараагийн доромжлох зүйлээ базааж байна.
Цар тахал, хөл хорионы улмаас гудамж талбайд олноор жагсах хориотой учраас арай ч эмх замбараатай мэт байгаа ч цахим орчинд цунами эхэлжээ. Улс төр коронавируст хүлээтэй байгаа болохоос биш жинхэнэ утгаараа үймэхэд бэлэн байна.
Мэдээжийн хэрэг эрх баригчид нэгэнт тогтоосон хөл хорионы хугацаа ч дуусна, сурталчилгааны цаг ч эхэлнэ. Тиймээс үүний наана элдэв акцтай нүүр тулахгүй сонгуульд орох нь ашигтай гэж тооцоолж байгаа байх. Тарж бутарсан сөрөг хүчин сонгуулийн буянаар болсон болоогүй эвийн бичигт гарын үсэг зураад, зарим гомдогсдоо аргадаж байгаа ч улс төрийн хар цагаан пиар хийх нь хориотой тарчилж байна. Нөгөө талаас томсгосон тойрог дээр зүрх зориг гаргаж 208 бие даагч нэрээ дэвшүүлж байгаа нь цар тахал дундах сонгуулийн хамгийн том онцлог.
Нөхцөл байдлаас харж байхад сонгуулийн кампанит ажил нэгэнт гараанаас гарчихсан, нэр дэвшигчид тодорчихсон, дараа дараагийн ажиллагаа явж байгаа учраас сонгууль болдгоороо болж санал өгч таарна. Хамгийн гол нь өнөөдөр болзошгүй өвчнийг гудамжиндаа гаргаад алдчихаагүй учраас тэр. Тэгэхээр чухам ямар журмаар яаж санал өгөх вэ. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөл хорионы дэглэмийг энэ сарын 31-нд буулгах ч дэлхий нийтэд коронавирус тархаж, өвчлөл нэмэгдсээр. Монгол Улс дэлхийн олон орноос иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчран тусгаарлаж, үүнээс 140 тохиолдол илрээд буй. Мөн 2000 шахам хүнийг тусгаарлаад байгаа. Өөрөөр хэлбэл “Тэсрэх бөмбөг” эх орондоо авчраад аюулгүй болгохоор ажиллаж байна гэсэн үг. Иргэн бүр сонгох, сонгогдох эрхийн дагуу саналаа өгч таарна. Тэгэхээр болзошгүй энэ цагт иргэдээ нэг дор бөөгнүүлэхгүйгээр санал авна гэж үгүй. Хяналтад тусгаарлагдсан иргэдийнхээ саналыг яаж авах юм гээд асуудал гарна. Энэ тухай өнөөдөр албан ёсны байр суурь илэрхийлсэн нь үгүй. Хуульд зааснаас харвал “Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй” хэмээжээ.
Яахав, “Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй” гэсэн заалт бол байдаг. Албаны бус түвшинд цахимаар санал авах тухай яриа бий. Энэ эрсдэлтэйгээс гадна дуусахгүй хэл ам дагуулна гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Цахимаар санал хураах нь бүү хэл “Хар машин”-ы дуулиан одоо ч намдаагүй байна.
Энэ тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс лавлахад “Бид 2012 оноос хойш сонгуулиа цахимаар явуулах боломжийг судалж байна. Аюулгүй байдал, сонгогчийн саналын нууцлалтай холбоотойгоор гаднын улс орнууд цахим сонгуулийг хэрэгжүүлдэггүй байсан юм байна. Бид Эстони улсын туршлагыг судалж байсан. Цахимаар явуулахад зардал гарна” гэсэн товчхон хариултыг өгсөн байдаг. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байгаагаар УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллана гэдгээ мэдэгджээ. Цар тахал дэгдэж байгаа ч дэлхийн олон улс оронд сонгуулийн ажил явуулж санал хураалаа. Энэ талаар ч бид туршлага судлах шаардлага бий. Тухайлбал, Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон. Цар тахлын халдварыг сонгуулийн үеэр дахин дэгдээхгүйн тулд сонгогчдод зориулан тусгайлсан заавар, зөвлөмжүүдийг өгч, санал өгөх байранд хүүхдүүд дагуулж ирэхгүй байх, ирэхийнхээ өмнө 30 секундын турш гараа угаах, маск зүүхийг сануулсан. Санал авах байрны үүдэнд иргэдийн халуун шалгаж оруулах бөгөөд гарыг ариутгасны дараа нэг удаагийн бээлий өгч, сонгогчид санал өгөхөөр дараалалд зогсохдоо нэг метрийн зайтай хүлээх, хоорондоо ярихгүй байх, дэлгэцэд нүүрээ таниулах үед маскаа буулгаад буцаад зүүх, гэртээ очоод 30 секундын турш гараа угаах гэх мэтээр зөвлөмж өгснөөр сонгуулиа зохион байгуулсан байдаг.
Ямартай ч өнөөдрийн байдлаар бид сонгуульдаж, санал өгөх ерөнхий зургийн дагуу ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр цар тахлын үеийн энэ сонгуулийг ялалт, ялагдал гэхээсээ илүүтэй болзошгүй өвчин дундуур л эрсдэлгүй давж гарах нь чухал.
Сэтгэгдэл ( 2 )
Засаг солигдвол тахал тархах аюул нүүрлэж болзошгүй.
Цар тахлын үед засаг солибол аюултай. Ялангуяа тарваган Элбэгдоржийн хүмүүс гарвал тахал аймаг дагуулах болно. Хар мөртэй новш ямар гай тарих бол?