УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Эдийн засгийн ухааны доктор, багш А.Галбадрахтай ярилцлаа
-Манай улсын өнөөгийн эдийн засаг гол сул тал нь юу вэ?
-Манай улсын олон улсад үзүүлж байгаа индексүүд дээр боломжийн дүн авдаг. Ер нь дундаждаа ордог. Ганцхан үзүүлэлт доош нь татдаг нь эдийн засаг. Хоорондоо уялдаатай биш. Хөдөө аж ахуй нь уул уурхайтай уялдахгүй, уул уурхай, хөдөө аж ахуй нь барилга хот байгуулалттайгаа уялддагггүй. Салбар хоорондоо уялдахгүй байна гэж үзээд байгаа. Логистикоор үүнийг шийднэ.
-Ирээдүйд манай улс эдийн засгийн үзүүлэлтүүдээ олон улсын тавцанд сайжруулахад юунд анхаарах вэ?
-Бид сүүлийн 30 жил юу хийсэн гэхээр free market economy буюу чөлөөт эдийн засгийн тогтолцоог бүтээсэн. Эдийн засаг өссөн үү гэвэл өссөн, хөгжсөн үү хөгжсөн. Гэхдээ иргэдэд энэ өсөлт хүртээмжгүй байна. Баян хоосны ялгаа тэгш бус байдал газар авсан. Үүнийг л бид нар засах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд чөлөөт эдийн засагтай явсан учраас л өнөөдрийн үр дүн гарч ирж байгаа. Одоо бидэнд хамтын зах зээлийн систем буюу хоорондоо уялдаатай эдийн засгийн систем хэрэгтэй. Хэн нэгнийг буруутгахаас илүү бид нар системээ өөрчлөх ёстой. Хэрвээ нийтийн эдийн засаг, хамтын эдийн засаг, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гурвыг бий болгочих юм бол ойрын хугацаанд бид дэлхийн хөгжилд дөхөж очино. Монголд асар том боломж байгаа. Үүнд хүрэх хэлбэр нь төлөвлөлттэй эдийн засаг. Төвлөрсөн төвлөгөөт эдийн засагтай андуурч болохгүй. Япон, Солонгос, Азийн өндөр хөгжилтэй орнууд дандаа төлөвлөлттэй эдийн засагтай. Тэр нь төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр хэрэгждэг. Хамтын эдийн засгийг төр нь манлайлаад, манлайлалтай хүчтэй төрийг хувийн хэвшил дэмжиж явдаг.
-Хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлдэг нөлөөлөл хэр байдаг вэ?
-1990 оноос өмнөх буюу социализмын үед манайх нэг сая 50 мянган га эргэлтийн тариалангын газартай байсан. Өнөөдөр тал нь атаршаад байхгүй болсон. Ингээд харахаар том нь цөөхөн, замбараагүй олон жижиг аж ахуй нэгжүүд бий болсон. Хооронд нь логистикоор холбохгүй бол улс орны эдийн засгийн тулгуур болох салбар болж чадахгүй. Нөгөө төлөвлөгөөт эдийн засаг буюу Засгийн газар дээр нэмэх нь хувийн хэвшил гэж байж л явах гээд байдаг. Төрийн явуулж байгаа бодлого юу гэхээр мөнгөөр урамшуулаад байна. Жишээ нь би таниас 50 төгрөгөөр үр тариа тонн тутамд авна гээд урамшуулах нь, та бизнесмен хүн учир 50 мянган төгрөгөө авахын тулд үр тариа чанартай байна уу, чанаргүй байна уу ямарч хамаагүй. Тэр үр тариа чинь уул нь үйлдвэрлэлд ороод гурил болоод иргэдэд очих ёстой. Чанаргүй үр тариаг гурилын үйлдвэрүүд авдаггүй юм шүү дээ.
-Хэрхэн хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг сайжруулан хөгжүүлэх вэ ? Таны бодлоор төр хэрхэн оролцвол зөв байх вэ?
-Одоо бол төр нэг цэг дээр л оролцож байна. Хүнсний үйлдвэр газар тариалангийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэлтийн хэлхээг нь төр төлөвлөх хэрэгтэй. Жишээлбэл, гурилаар иргэдээ 100 хувь хангах бодлого хэрэгжүүлье. Үүний тулд хувийн хэвшилтэй хамтарч чанартай үрийг нийлүүлнэ. Дараа нь газар хагалалт болон технологи дээр анхаарал тавьж туслалцаа үзүүлнэ. Ганцхан мөнгөн урамшууллаар дэмжих биш техник технологи, системээр нь дэмжинэ. Эцсийн үр дүнд нь чанартай үр тариа гарч ирнэ. Тэр чанартай үр тариагаар чанартай гурил хийнэ. Чанартай гурилан бүтээгдэхүүн иргэдэд хүрнэ. Үүнийг зохион байгуулахад компанийн засаглал, нийгмийн хариуцлагын бодлого, төрийн ухаалаг бодлого үр дүнтэй хослох учиртай. Гэтэл гурил гэхэд л компани болгон ашгаа нэмсээр байгаад 1600 хүрчихдэг. Орос, Хятадтай харьцуулахад маш үнэтэй. Импортын гурил авсан нь иргэдэд хамаагүй амар болоод энэ талд үйлдвэрлэл маань хөгжихөө больчихоод байна. Төр логистикийн бодлогоороо дамжуулж хувийн хэвшлийг зөв кластержуулж, зөв бүлэглэл үүсгэж байж авч явдаг. Бас тодорхой татаасууд төрөөс өгч байж явна.
-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ?
Бидэнд Лейдершип (манлайлал) байхгүй байна. Монгол улсад эдийн засгийн нөөц байна. Хажуухан талд маань дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэмшдэг том зах зээл байна. Оюуны өндөр чадвартай залуус, иргэд байна. Гэвч удирдаад аваад явах, шинэ өнцгөөс харах залуучууд хэрэгтэй. Гадна талд асар их технологийн өөрчлөлт явагдаад байдаг. Бид нар тэндээс хоцрох ёсгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа улс төрчид үүнийг хийж чадахгүй байна. Хатуухан хэлэхэд өөрсдийгөө боддог улс төрчид энэ орчин үеийн технологи шингэж байгаа ухаалаг дижитал эрин үед биднийг авч явж чадгүй. Тийм учраас бид нар орж ирж байгаа юм.
-Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ?
-Тэгш бус байдал. Орлогын тэгш бус байдлыг өөрчлөх ёстой. Түрүүний яриад байгаа хамтын эдийн засгийг бий болгож байж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ. Шулуухан хэлэхэд Монгол улс цаашдаа орлого ихтэйгээс нь өндөр татвар аваад, орлого багатайд нь хувиарилдаг системд орох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл боломж муутай амьдарч байгаа орлого багатай эмзэг бүлгээ илүү дэмжих юм. Аль, аль талдаа том зургаар харвал ашигтай шүү дээ. Энэ чинь төрийн анхдагч үүрэг. Ингэж байж тэгш бус байдал арилна. Ер нь сүүлийн үеийн эдийн засаг хамтын, шинэ, нийтийн гэсэн томьёонд орж байна. Бодлогууд нь ганцаараа та идэхгүй шүү, хувааж иднэ гээд байгаа юм. Дэлхий нийтээрээ энэ талруу орсон. Өнөөдөр тэгш бус байдал юугаар илэрхийлэгдэж байна гэхээр GINI-н коэффициентээр илэрхийлэгдэж байна. Манайхыг тэрний 35 хувь гээд үзээд байгаа. Үүнээс ч их байх магадлал өндөр. Тийм болохоор үүнийг бид нар буулгах ёстой. Баян, хоосны ялгааг аль болохоор багасгаж нийгмийн дундаж давхаргыг өргөтгөх, орлогыг нэмэгдүүлэх ёстой.
-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?
-Улс төрийн намуудын нэр хүнд газарт уначихжээ. Хэрэв улс төрийн намууд өөрийн боловсон хүчний бодлоготой , үнэхээр хөгжлийн бодлоготой, бодлогын нам байсан бол ийм олон бие даагч гарч ирэхгүй байсан. Улс төрийн намууд хувийн компани шиг л ажиллаж байна.
-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?
Ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт нэгдээгүй. Цэвэр улс орноо хөгжүүлэх чин хүслээр орж ирж байгаа. Ямар нэгэн 100 сая төгрөг төлөөд нэг нам дээрээс нэр дэвшээгүй. Мөнгө төлөөд нэр дэвшээд тэрбум, тэрбумаар нь сонгуульд зарцуулаад гарч ирж байгаа тэр хүмүүс бол улсаас түүнийгээ гурав нугалж буцааж авна шүү дээ. Тэгэхээр бид цэвэр улс төрийг хүсч байна. Мөнгөний эсрэг зорилго, эрч хүч, сэтгэл зогсож байна.
Сэтгэгдэл ( 4 )
Чиний гаргасан шийдвэр хэнд ч хүрэхгүй. Төр хүнд суртал гаргаад хувийн хэвшил авилгадаад л явна шүү дээ. Амьдрал мэдэхгүй чам шиг бааснууд эхлээд дандаа том дуугардаг юм
Амжилт хүсье. Мэдлэг боловсролтой хүмүүсийг ямагт дэмжинэ.
Arab tsaraitai zaluu bna.
sain mundag zaluu baina.iim l humuusiig demjmeer baina