Шинэ Үндсэн хууль өнөөдрөөс /2020.05.25/ хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төсөл өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна. Үндсэн хуульд гар хүрэх ажилд та хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн. Хэдийгээр шинэ Үндсэн хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх ч яг хөрсөнд буухад бэлэн үү?
-Гурван парламент дамжиж сүүлийн 20 жил ярьж, хөндөгдсөн асуудалд яах аргагүй шинэ Үндсэн хууль юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар ард түмэн маш олон санал гаргасан байдаг. Тэр болгоныг нь нэгтгэж хуулийн хэллэгт оруулсан гэж ойлгож болно. Харин 1992 онд баталсан Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг барьж, олон суурь зарчим дээр нь тулгуурлаж нэмэлт, өөрчлөлт хийсэн. Хууль маань өнөөдрөөс хүчин төгөлдөр болж, Монгол Улс даяар шинэ Үндсэн хуулийн хүрээнд амьдрах эрх зүйн орчин бүрдэж байна. Шинэ Үндсэн хуулийн онцлог нь цаашид Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх, хөгжилд гацаа болж, доороо хий эргээд байсан зүйлсийг арилгаж, араа шүдийг нь янзалж, эрх мэдлийн зөв тэнцвэрт хуваарилалтыг нь хийж өгсөн явдал юм. Эцсийн эцэст хүний эрх, эрх чөлөөг хангахад л чиглэсэн гэж хэлж болно. Мэдээж шинэ Үндсэн хуулийг амилуулахад дагаж мөрдөх олон хууль, тогтоомжийг батлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 40 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулж батлах шаардлагатай байна.
-Тухайлбал, шинэ Үндсэн хуулийг хөрсөнд буулгахын тулд нэн тэргүүнд ямар, ямар хуульд гар хүрэх, батлах шаардлагатай вэ. Өнөөгийн парламент энэ чиглэлд хэр ажиллав. Цаг хугацааны хувьд чамлалттай байгаа нь анзаарагдана билээ?
-Монгол Улсын хөгжлийг эрчимтэй хөгжлийн замд оруулах суурийг нь буюу хууль эрх зүйн орчныг шинэ Үндсэн хуулиар зохицуулж өгсөн. Харин цаашдаа яаж, хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Энэ ч утгаараа хамгийн эхэнд Монгол Улсын 30 жилийн хугацааны алсын харааг тодорхойлж, хуулийг нь баталлаа. Монгол Улсын ирэх 30 жилийн харааг томъёолсон энэ баримт бичиг өнөөдрөөс Үндсэн хуулиа дагаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 30 жилийн дараа хаана хүрэхийг нь тодорхойлж өглөө. Тэр нь богино, дунд, урт хугацааны гээд цаашид хэрэгжээд явах юм. Ямар ч байсан хоёр том баримт бичигтэй боллоо шүү дээ. Нөгөө талаараа эдийн засгийн хөгжил төлөвлөлтийн асуудлыг хуулиар зохицуулж, бодлого болон төлөвлөлт нь тогтвортой байна гэх заалт хэрэгжих шатандаа орж байна. Ингэснээр ард иргэдийн аж амьдралд эрс өөрчлөлт гарна. Улс орны хөгжилд ч томоохон өөрчлөлт гарах юм. Шинэ Үндсэн хуульд шилжих журмын хуулиар бол шинэ хуулиуд батлагдах хүртэл хуучин хуулиудаа дагаж мөрдөнө. Шинэ хуулиудаа батлах хугацаануудыг нь тавьж өгсөн. Бид өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг амилуулахад чиглэсэн олон хуулийг баталсан гэдгийг дахин хэлье. Тухайлбал, УИХ-ын тухай хууль байна. Энэхүү хууль ирэх сонгуулийн дүнгээр бүрдэх УИХ-ын анхдугаар чуулганаас эхэлж хэрэгжиж эхлэх юм.
-Тэгэхээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдах парламент шинэ нөхцөл байдлаар ажиллана гэсэн үг үү?
-Тийм ээ, тэгж ойлгох хэрэгтэй. Шинэ парламент шинэ нөхцөл байдлаар ажиллана. Өөрөөр хэлбэл, хуралдаандаа суудаггүй, тасалдаг болон хариуцлага алддаг гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчин бүрдсэн. Нэг үгээр хариуцлагын тогтолцоог зааж өгсөн гэхэд болно. Мөн УИХ, Засгийн газар хоорондын харилцаа, УИХ болон Ерөнхийлөгч хоорондын харилцааны хяналт, тэнцвэрийг хангаж өглөө. Засгийн газрын тухай хуулийг баталснаар шинэ сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөнөөс эхэлж хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр давхар дээл үндсэндээ тайлагдаж, хязгаарлагдаж байна. Дөрвөөс дээшгүй Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байхыг хориглолоо. Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг томилж, чөлөөлдөг боллоо. Хууль биелүүлэх ажлыг Ерөнхий сайд толгой дааж, хариуцаж бодлогоо тодорхойлоод явах, цаашлаад Засгийн газар хариуцлагатай ажиллах, хяналттай байх нөхцөл бүрдэж байгаа юм. УИХ-аас тавих хяналтын тогтолцоог нь ч заагаад өглөө шүү дээ.
-Иргэд хууль, хяналтын байгууллагатай холбоотой асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа шүүх шударга бус шийдвэр гаргаж байна, эрх мэдэлтнүүдэд үйлчилж байна зэргээр ярьдаг. Шүүх, эрх мэдэлтэй холбоотой ямар шинэчлэлтийг хийв?
-Шүүх шударга ёсны манаа, баталгаа, хүний эрхийг хангагч байж чадахгүй байна гэдэг асуудал байнга яригддаг. Амьдрал дээр ч энэ асуудал хамгийн их анхаарал татдаг нь үнэн. Иймээс УИХ-ын тогтоолд заасны дагуу Шүүхийн тухай хуулийг гаргах ажлын хоёр төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдлээ. Одоо шинэ парламент шүүхийн хуулийг маш сайн гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн болон шүүхийн тогтолцоо, шүүхийн сахилгын хуулийг ээлж дараалан гаргах үлдсэн. Ингэснээр шүүх тогтолцоонд ирэх дөрвөн жилд маш их өөрчлөлт гарна. Шүүх нь шүүх шиг болчих юм бол ард түмэн шударга ёс байдаг юм гэдэгт итгэж, эрхээ хамгаалуулах нөхцөлөөр хангагдана. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, батлуулснаар орон нутагт эрх мэдлийг өгч, төвлөрлийг сааруулна. Иргэд нутаг орондоо сайн сайхан амьдрахад чиглэсэн олон өөрчлөлтийг хийнэ. Орон нутагт намаараа талцдаг, улс төржилтийг багасгана. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлж байна. Энэхүү хуулиар Дархан-Уул аймаг, Эрдэнэт зэрэг аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд өөрчлөлт орно. Хот, тосгоны суурин соёл иргэншилд иргэн хүн яаж тухтай аж төрөх юм гэдэг том ажил биднийг хүлээж байна.
Дээр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх, ард түмэнд байгалийн баялгийг ашиглах мэдэх эрхээр хангах, байгалийн баялгийг шударгаар хуваарилах, иргэдэд хүртээх, ард түмэн байгалийн баялгийн эзний хувьд мэдэх болон, хамгаална, дээр нь энэ баялгийн үр өгөөжийг хүртэж байх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тиймээс намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Баялгийн сангийн тухай хуулийг батлах шаардлага тулгарч байна. Энэ мэт 40 гаруй хуулийг батлан гаргах шаардлагатай байна. Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг амилуулах асуудал их чухал байна. Өнөөдрөөс эхэлж Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөнө. Дээр нь холбогдох хуулиудыг яг Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн үндсэн утга, агуулга, үнэт зүйл, мөн чанартай нь хүргэж хуульчлах асуудал бол маш чухал. Бас улс төрийн намын тухай заалт бий. Улс төрийн нам нь ил тод, санхүүжилт нь ил тод байх иргэд улстөржиж намуудад хуваагдаж төрийн албанд ордог түүнийгээ шат дамжлага болгодог тогтолцоог халахын төлөө явж байна. Иймээс бид Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулаад дуусаж байна. Үүнийг дараагийн парламент хэрэгжүүлэх их ажил л үлдэж байна.
-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Улс төрийн нам эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлж, нэр дэвшигчдээ тодруулсан. Одоо Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн нэрсийг батламжлах л үлдээд байна. Нөгөө талд олон нийтийн дунд хэн дуртай нь нэр дэвшиж байна, парламентын босго гэж алга гэх шүүмжлэл ч газар авлаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Парламентын босго бол өндөр. Аль ч улсын парламент ажил амьдралын туршлага, өндөр мэргэжилтэй зөв хүмүүс байх шаардлагыг тавьдаг. Манай Сонгуулийн тухай хуульд ч энэхүү заалт нь бий.
-Үнэхээр босго өндөр гэж үү?
-Өнөөдрийн манай тогтолцоо бол мажоритар. Тийм учраас хэн энэ тойрогт өрсөлдвөл гарах вэ гэдэг зүйлийг шалгуур болгоод байгаа сул тал бий. Уг нь, УИХ-д олон сайн хуульч, эдийн засагч байх ёстой. Хамгийн гол нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх ёстой юм. Ингэж байж сая сайн парламент бүрдэнэ. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн л хийж байна шүү дээ.
-Тэгэхээр сонгогчдын боловсрол муу байна гэсэн үг үү. Тэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг олж сонгож чадахгүй байна гэж ойлгох уу?
-Дөрвөн жилд иргэд нэг удаа эрхээ эдэлдэг. Үүнд туйлын анхааралтай, сайн сонголт хийх шаардлага бий. Яваандаа илүү боловсронгуй болох л байх. Монгол Улс дөнгөж 30-аад жил болж байгаа парламентын туршлагатай болохоор сонгуулиас сонгуульд хэрсүүжиж, туршлагажиж, сургамж авч байгаа гэдэгт бол итгэж байна.
-Ингэхэд улс төрийн намуудын гол үүрэг нь хойч үеэ бэлдэх, олонд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг шинэ залуу улстөрчийг бэлтгэн гаргах гэж ойлгодог. Жишээ нь, танай нам энэхүү үүргээ хэр биелүүлж байна вэ. Парламентад олон удаа сонгогдсон ахмад улстөрчийн хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Уг нь, тогтсон парламенттай оронд гуравны хоёр нь үлддэг. Гуравны нэг нь шинэчлэгддэг. Монгол Улсын хувьд бараг гуравны хоёр нь шинэчлэгдэж байна. Ингэхээрээ төрийн залгамж чанар, хууль тогтоох ажлын дадлага туршлага бүхнийг дөрвөн жил сурсаар байтал дараагийн сонгууль болдог. Тэгэхээр бэлэн, ороод шууд ажиллах хүмүүсийг л парламентад сонгох ёстой юм.
-Тантай санал нэг байна. Нөгөө талаараа парламентын гишүүнээр сонгогдоод дөрвөн жил сурах биш, шууд ажиллах бэлтгэгдсэн залуус байхгүй байгаа нь тухайн намд боловсон хүчин дутмаг, боловсон хүчнээ бэлтгэх үүргээ биелүүлж чадахгүй байгаатай нь холбоотой юм биш үү?
-Парламент сайн, чадварлаг залуусаар сэлбэгдэж байх ёстой. Гэхдээ хэмжээ, шалгуур тавина шүү дээ. Ерөөсөө парламент шинэчлэгдэхгүй хуучнаараа байгаа гэдэг шүүмжлэл бол ард түмний л сонголт. Түүнээс биш хүчээр шинэ хүн орох ёстой, хуучин нь үлдэх ёстой гэх ойлголт байхгүй. Энэ чинь ард түмний л сонголт шүү дээ. Хэрэв томилж байгаа бол өөр хэрэг. Энэ чинь сонгогдож байна. Дахин сонгогдож байгаа хүмүүс ихэвчлэн залуус байгаа шүү дээ. Өмнөх дөрвөн жилд нь сайн ажиллаад нэр дэвшиж байна. Шинэ нэр дэвшигч ихэнх нь байна. Одоо олон түмэн л сонголтоо хийнэ. Нөгөө талаараа Улс төрийн намын тухай хуульд төрөөс намаа санхүүжүүлдэг, дэмждэг байх шаардлагатай. Тэр авсан суудал зэргээсээ шалтгаалж мөнгө нь өөр өөр байж болно. Гэтэл тогтсон хэдэн намтай ч тэд нь хүнээ анхнаасаа бэлтгэдэг. Дүүргийн хурал, нийслэлийн хурлаас эхлүүлээд шат шатаараа дамжиж, бэлтгэгдэж ирдэг. Олон түмэндээ танигдаж, шалгагддаг. Итгэл найдвар даах хүмүүс нь бэлтгэгддэг. Энэ тогтцоороо л явна. Одоо бол аль тойргоос хэн гэдэг нэр дэвшигч гарах магадлал илүү байна түүнийг нь дэвшүүлээд байгаа дутагдал бол бий.
Сэтгэгдэл ( 4 )
ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ СУУДАЛТАЙ ЭРХ БАРИГЧ НАМ ҮХНӨ - ТЭЙ ХОЛБООТОЙ 40 ГАРУЙ ХУУЛИНД ЗОХИХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАА БОЛЬЁ ГЭХЭД 4 , 5 ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЁСТОЙ АТАЛ ТЭД ХИЙГЭЭГҮЙ !!! МАН-ЫН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИД ТИЙМ ХҮСЭЛ ЗОРИГ БАЙГААГҮЙ !!! УЧИР НЬ ТЭДЭНД ТИЙМ ПОТЕНЦИАЛЬ ЧАДВАР ЧАДАМЖ , МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ҮГҮЙ БАЙЛАА !!!
Jantsan sdaa odoo zailaa
Turiin tulguur Lundeejantsang sonsohtun, UIH-d songogtun.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал шинэ парламентын ажил. Иймд энэ хуулиуд дээр ажиллахад Лүндээ гишүүний туршлага үнэхээо хэрэг болно шүү таминээ., Сонголтоо хийхдээ бодолцоорой.