М.Чойдорж: Хямралыг одоо л цэгцлэхгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Мархаажийн Чойдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний бие 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав Дамбийн Мархааж Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул. Ээж Д.Эрэндэгд Өвөрхангай аймгийн уугуул. Аав маань Монголын төрд олон жил зүтгэсэн, олон улсын тавцанд улс орноо өндөр хэмжээнд төлөөлж байсан гавьяатай хүн. БНАСАУ-д суух Элчин сайдын яаманд Худалдааны атташе, БНУАУ-д суух Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Эх орондоо ажилласан он жилүүддээ Тэрэлж, Өвөрхангайн Хужирт, Өмнөговийн Ёлын амны аялал жуулчлалын баазуудыг үүсгэн байгуулахад түүчээлэн манлайлж, мөн "Улаанбаатар" зочид буудлыг хариуцан бариулахад гар бие оролцсон төдийгүй тус зочид буудлын даргаар 10 гаруй жил ажиллан, аялал жуулчлалын суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо бодоход аав маань нилээд алсын хараатай хүн байсан гэж санагддаг.

Аавыг Тэрэлжийн аманд анхны жуулчны бааз бариулах, засмал зам тавиулах зэрэг санал гаргахад Төв хорооны зарим нөхөд “Хэтэрхий хол газарт зардал чирэгдэл гаргах нь” хэмээн шүүмжилж байсан юм билээ. Гэсэн ч аав өөрийнхөөрөө зүтгэж, Тэрэлжийн ам руу хөтлөх анхны зам, анхны модон гүүрийг барьж, улсад хүлээлгэж өгснөөр өнөө ч тэрхүү Үндэсний байгалийн цогцолбор руу дөтлөх гадаад, дотоодын жуулчдын цуваа тасрахгүй үргэлжилсээр байна. Мөн Унгар улсад ажиллаж байхдаа Монгол Улсад анх удаа тахиа, галуу, гахайн аж ахуйн ферм бий болгож хөгжүүлэх анхны эхлэлийг тавьж, Унгар улсын энэ чиглэлийн үйл ажиллагааны дадлага туршлагыг өөрийн эх орондоо авчирсан. Түүнчлэн малын нэмэлт тэжээлийг улсдаа үйлдвэрлэх анхны техник, технологийг Унгар улсаас оруулж ирж байсан гавьяатай хүн. Би эхнэр гурван хүүхэдтэй. Миний гэр бүлийн хүнийг С.Чимгээ гэдэг Монголын телевизийн салбарт олон жил ажиллаж байна.

-Таныг Жамбын Батмөнхийн гэргий Даариймаа гуайн төрлийн хүн гэж сонссон. Энэ талаараа жаахан дэлгэрүүлж яриач?

-Тийм ээ, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх гуайн гэргий Даариймаа бол миний аавын төрсөн дүү. Тухайн үед төрийн жолоог атгаж байсан Ж.Батмөнх ах маань Монгол оронд Ардчилсан хувьсгал ялсан эгзэгтэй өдрүүдэд маш ухаалаг, аядуу байхын зэрэгцээ иргэний зоригтой удирдагч байж чадсан гэж боддог. Тухайн үед ЗХУ-д явагдаж байсан “Перестройка”-г Монголд хэрэгжүүлснээр коммунизмын мөс хайлж эхэлсэн 1990 онд тэрээр төрийн хүний холч мэргэн ухаанаар шийдвэр гаргаж, нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр Ардчилсан хувьсгал ялахад хүргэсэн нь ахын маань түүхэн гавьяа юм.

-Та хаана боловсрол эзэмшсэн бэ. Ажил мэргэжлийнхээ талаар ярьвал?

-Би дунд сургуулиа БНУАУ-д дүүргэж, Монголдоо буцаж ирэн Хилийн цэрэгт алба хаасан. 1993 онд Москва хотноо ОХУ-ын Аюулаас хамгаалах академид эрх зүйч, хуульч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Харин 1997 онд ИБУИНВУ-ын Кийлийн Их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэргийг Хятад улсын эдийн засгийн хурдацтай хөгжлийн талаарх сэдвээр хамгаалсан. Мөн 2000 онд ХБНГУ-ын Хамбург хотод Олон улсын маркетинг, менежментийн академийг дүүргэсэн. УИХ-ын Тамгын газарт ажиллаж байхдаа Европын парламент, ХБНГУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд мэргэжил дээшлүүлэн ажиллаж байлаа. Ажлын туршлагын тухайд гэвэл, 1993 онд дээд сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Базарсад генералын туслахаар анх ажлын гараагаа эхлэж байлаа. 1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 1994-1998 онд УИХ-ын Тамгын газарт Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, зөвлөх, 2000-2001 онд ХБНГУ-д Карл Дуйсбергийн сангийн Монгол дахь төлөөлөгч, тус сангийн Монголын холбооны гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан. 2001-2007 онд УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Монголын Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Иргэний Зориг Намын Парламент болон Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, 2008-2011 онд Тайванийн Тайпей хот дахь Худалдаа, эдийн засгийн Төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Одоогоор хувийн секторт зөвлөхөөр ажиллаж байна.

-Та УИХ-д олон жил ажилласан, төрийн ажлын туршлагатай хүн. Өөр, өөрийн онцлогтой их хурлуудад ажиллаж байсан тань сонин байна?

-1990 онд манай улс Ардчилсан тогтолцоонд шилжиж, Үндсэн шинэ хуулиа баталсан. Тухайн үеийн УИХ бүх хуулиа шинэ Үндсэн хуультай нийцүүлж, өөрчлөн шинэчлэх нүсэр их ажлыг нэр төртэйгөөр нугалсан. УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, яам газруудаас ирсэн мэргэжлийн хүмүүс шинэ хуулийн төсөл тус бүр дээр ажлын хэсэг гаргаж өглөөний найман цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилладаг ажлын хуваарьтай он жилүүд байлаа. Энэ үед УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын хувьд шинэ хуулийн төслүүд дээр ажиллаж, гар бие оролцож байснаараа бахархдаг. Үүний дараагаар УИХ-ын Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтнээр томилогдож, УИХ-ын дарга Н.Багабанди гуайн Орос, Англи хэлний орчуулагчаар ажиллаж байлаа. 1996-2000 оны УИХ-д Ардчилсан намуудын эвсэл байгуулагдаж, улс төр эдийн засгийн либералчилсан, зоригтой бодлогууд хэрэгжин, шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзсэн ч Ардчилсан намын хагархай, бутархай байдал нь ужгирснаар дөрвөн удаа Засгийн газраа унагаж, гишүүд нь казино, хээл хахуулийн хэрэгт холбогдож, Монголын Ардчилсан хувьсгалын төлөөлөл С.Зориг алагдсанаар улс төрийн тэмцэл, хямралын эхлэл тавигдсан юм. Дараа нь 2000-2004 онд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, Н.Энхбаяр тэргүүтэй Засгийн газар байгуулагдсан. Тухайн үеийн УИХ болон Засгийн газрыг би хувьдаа мэргэжлийн түвшинд, сайн зохион байгуулалт болон менежмэнттэй ажилласан гэж хардаг. Харамсалтай нь намын даргын нэг хүний дарангуйлал тогтсон гэсэн шүүмжлэлтэй санал нийлдэг. Миний бие 2000 онд ХБНГУ-д Олон улсын маркетинг, менежментийн академид сурч ирээд тус улсын Карл Дуйсберг сангийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 2001 онд тухайн үеийн УИХ-ын дарга Л.Энэбиш намайг дуудан уулзаж, УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллах санал тавьснаар би уг албан тушаал дээр 7 жил ажилласан юм. Намайг дотно танихгүй ч салбарын олон мэргэжилтнүүд дундаас онцлон, залуу хүн гэж гололгүй итгэл хүлээлгэсэнд нь би түүнд өдгөө ч талархаж явдаг. УИХ-ын Гадаад харилцааг УИХ-ын дарга биечлэн удирдан чиглүүлдэг. УИХ-ын Гадаад харилцааны даргын хувьд би үе, үеийн УИХ-ын дарга нар болох Л.Энэбиш, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Ц.Нямдорж нартай нягт хамтран ажиллаж, парламентын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний айлчлалуудыг зохион байгуулах, УИХ-ын гишүүдийг бүс нутгийн болон олон улсын хэмжээний хурал чуулганд оролцуулах ажлыг гардан зохион байгуулж ажилласан.

-Таны улс төрд орох болсон шалтгаан юу вэ. Яагаад бие даан нэр дэвшиж байгаа вэ?

-Би Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. Манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл туйлын хангалтгүй гэж үнэлэхээр байна. Нийгмийн гол үзүүлэлт болох ядуурал, боловсрол, ажилгүйдэл доод түвшиндээ хүрчихээд байна. Ядуурлын түвшин 30 орчим хувьтай, манай улсын өрсөлдөх чадварын индекс нь 141 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэж байна. Эрүүл мэндийн үзүүлэлт нь 106 дугаарт орж байгаа нь манай улсын өнөөгийн нөхцөл байдлын хамгийн гол илэрхийлэл гэж болно. Эдийн засгийн бүтцийн хувьд 1990 оноос өмнөх түвшингээсээ ч ухарсан байдалтай, дэд бүтэц сул уул уурхай, төлөвлөлт байхгүй, хөдөө аж ахуйн орон болж хувирсан. Сүүлийн арваад жил бодит дундаж цалин өссөнгүй, ажилгүйдэл буурсангүй. Энэ бүхэнд төрийн дээр гарсан улс төрийн намууд, тэдгээрийн хямрал буруутай. Угтаа бол төр, нам хоёр нь ангид орших ёстой ч өнөөгийн нөхцөлд эсрэгээр байгааг харамсалтай нь бүх нийтээр “хүлээн зөвшөөрчихсөн” байна. Улс орныг удирдан манлайлах улс төрийн намууд нь ард түмнийг төлөөлөх биш улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцлийн талбар болж, улс орны хямралыг бий болгочихоод байна. Энэ бүлэглэлүүд бүхий намын тогтолцоо нь төрийн дээр сандайлан сууж төрийн алба, шүүхийн тогтолцоо, хууль хучний байгууллагуудын зөв зохистой, хараат бус ажиллах нөхцөлийг үгүй хийсэн. Улс төрийн намууд нь хувьцаат компанийн шинж чанартай болчихсон. Үүнд нь улс төрчид, эдийн засгийн бүлэглэлүүд, хууль хяналтынхан, төрийн дээд албан тушаалтнууд холилдон орж, эцэс сүүлдээ энэхүү чөтгөрийн тойрогтоо живэн унаж байгаа дүр төрх бий боллоо. Хоёрдугаарт, улс төрийн гол хоёр нам өөрсдийн бий болгосон “аалзны торондоо” шигдсэн бол шинээр бий болсон намууд нь энэ аалзны торны нэг хэсэг нь мэт харагдаж байна. Улс орны хямралыг нэгэнт аалзны тор болох аль нэг нам биш, харин энэ торонд ороогүй цоо шинэ бүлэг хүмүүс гарч ирж байж засч залруулах учиртай. Тиймээс ч нийгмийн захиалга гэх үү, иргэний зориг, эрх үүргээ ухамсарлаж мэдлэг боловсролтой, туршлагатай сэхээтэн хэсэг залуус бие даагчдын платформ бий болгосон юм. Миний бие үүний нэг хэсэг болж энэ удаагийн Улсын их хурлын сонгуульд бие даан нэр дэвшихээр сэтгэл шулуудаад байна. Одоо л бид улс орны хямралыг цэгцлэхгүй бол цаашид нөхцөл байдал улам хүндрэх нь цаг хугацааны асуудал.

-Өнөөгийн улс төр нийгмийн энэ бугшсан байдалд ард түмний зүгээс нэлээд бухимдалтай байна. Таны зүгээс энэ нөхцөл байдлыг яаж засаж залруулах боломжтой гэж үзэж байна вэ?

-Монгол Улс хурдацтайгаар хөгжих маш их боломж бололцоо нь бүрдсэн орон. Зарим орны жишгээс харахад тодорхой ганц салбар дээрээ тулгуурлаж эдийн засгаа босгосон байдаг. Жишээ нь, Тайланд улс гэхэд л аялал жуулчлал, Сингапурын хувьд далайн боомт орон, Япон улс техник технологи, Норвеги улсын хувьд байгалийн баялаг дээрээ дөрөөлж хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд болжээ. Манай улсын хувьд байгалийн баялаг нь ч байна, уул уурхай хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар нь ч байна, Орос, Хятадыг холбосон боомт улсын хувиар ч хөгжих бүрэн боломжтой. Гагцхүү эдгээр дээр тулгуурлаж хөгжихийн тулд цөөн хэдэн асуудал дээр анхаарах ёстой юм. Нэгдүгээрт, улс төрийн нам гэдэг нь нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л салбар руу гүн гүнзгий нэвтрэн орж, зөв тогтолцоог гажуудуулж байна. Зөвхөн улс төрийн нам дагаж ажилласаар төрийн болон бизнесийн оргилд хүрдэг гаж тогтолцоог үндсээр нь халах хэрэгтэй. Улс төрийн нам нь төрийн дээр гарч төрийн механизмуудыг ашиглан хулгай хийх, дарамтлах, авилга хээл хахуульд орооцолдох, бизнесийн санаа оноог хулгайлдаг явдлыг зогсоох хэрэгтэй байна. Аль нэг нам ялснаар тухайн намын цүнх баригч, мэргэжлийн бус хүмүүс яам, тамгын газрын цөмд орж ажилладаг болсон нь төрийн ажлын зөв гольдролыг алдагдуулж, улмаар төрийн хямралын нэг хүчин зүйл боллоо. Иймд хамгийн эхний алхам нь төрийн албыг улс төрийн намуудын нөлөөнөөс нэн яаралтай гаргах явдал юм. Хоёрдугаарт, ялсан нам болоод намын гишүүд нь төрийн тогтолцоог ашиглаж байгалийн баялаг хулгайлах, тендер, концесс, жижиг дунд үйлдвэрлэл нэрийн дор төсвөөс хулгай хийхийг зогсоох. Үүний тулд шүүх, прокурор, хууль хүчний байгууллагыг улс төрчдөөс хараат бус байлгах, нэмээд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагуудын хамтарсан оновчтой хяналтын тогтолцоог бий болгох. Товчхондоо, бүх төрийн байгууллага, компаниудын үйл ажиллагаа 100 хувь шилэн болох ёстой. Гуравдугаарт, эдийн засгийн хувьд Төв банкны бодлогын хүүг бууруулах замаар арилжааны банкуудын хүүг багасган банкны тогтолцоог либералчилж, тодорхой болгох. Тодорхой зохицуулалттайгаар гадны банкуудыг Монгол Улсад оруулж ирэн аж ахуйн нэгж, хувь хүмүүст бага хүүтэй зээл олгодог таатай нөхцөлийг бүрдүүлэх. Дөрөвдүгээрт, Монгол Улсад түүхий эдийн боловсруулах үйлдвэр, төмөр зам, хүнд даацын авто тээврийн замын дэд бүтэц сул байгаа тул бид байгалийн баялагаа хямд үнээр гадаад зах зээлд борлуулж байгаа. Иймд ойрын хэдэн жилдээ бүсээ чангалаад гадаадын зээл, тусламж дэмжлэг, бондуудаар дэд бүтцээ сайжруулж, дотооддоо үйлдвэрүүд барих нь чухал. Эцэст нь, ЖДҮХС-гийн хөрөнгө улс төрчдийн халаасанд орж, мөн ББСБ-ын сейфнээс өндөр хүү болон гарч ард түмнийг зовоох бус зорилтот иргэддээ очсон бол манай улсын эдийн засгийн чухал тулгуур болсон ЖДҮ-ийн хөгжил ч тэр хэрээр урагшлах байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top