ФОТО СУРВАЛЖИЛГА: Украин улс хүчин мөхөстөв үү!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Дэлхий нийттэй харьцуулахад Украин улсын COVID-19 халдварын тоо бага мэт санагдаж болох. Өнөөдрийн байдлаар 21.950 тохиолдол бүртгэгдэж, 658 хүн нас бараад байна.

Удахгүй хөл хориог цуцална гэж байгаа ч үнэндээ хөдөө орон нутагт байдал маш хүнд байгаа гэнэ. Эмнэлэг, эрүүл мэндийн систем нь өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж дийлэхгүй ачаалалтай байна. Эмч нар эм, тарианаас гадна өөрсдийгөө ч хамгаалах хэрэгсэл, хувцасгүй гэж гомдол тавьсаар. Тэд өөрсдөө маск, хамгаалах хувцас худалдаж авч байна. Халдвар авагсдын 20 хувь нь эмнэлгийн ажилтнууд ажээ.
 

Тернополь мужийн Почаев хотын эмнэлэгт вирус судлаач байхгүй. Хоёр мэргэжилтэн байсны нэг нь ажлаасаа гарч, нөгөө нь коронавирусний халдвар авчээ.
 

“Өрхийн эмч нар халдвар авахаас айгаад өвчтөнүүдийн гэрт очихоо больсон. Утсаар л зөвлөгөө өгнө. Эмнэлгээс бүгд зугтаж, үлдсэн хэд нь ядарч туйлдаад унах гэж байна” гэж Иван Венжинович ярьж байна.
 

266 мянган хүн амтай Черновцы хотын эмнэлэгт коронавирусний халдвартай 250 өвчтөндөө хэрэглэх уушгины аппарат хүрэлцэхгүй байна.
 

Черновцыгийн эмч Николай Шарахлицкий “Нэг удаагийн хамгаалах хувцсаа цэвэрлээд хэд хэдэн удаа хэрэглэдэг. Цэвэрлэж байхдаа би “Бид хэзээ халдвар авч, үхэх бол” гэж дотроо уйлдаг” гэж ярьжээ.
 

Тернополь хотын эмч Олег Стецюк эмнэлгийн хашаанд задлан хийж байна. Хамгаалалтын хувцсыг нь найз нь оёж өгсөн гэнэ.
 

Дөрөвдүгээр сарын сүүлээс Почаев хотыг хаасан. Эндхийн сүм халдварын голомт болсон юм.
 

Найман мянган хүнтэй Почаев хотод 100 халдвартай хүн байгаа нь эмгэнэл. Эндхийн сүмд Улаан өндөгний баяр тэмдэглэсний дараа өвчин тархжээ.
 

Цагдаагийн газраас тус сүмийн тэргүүн санваартанд эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаа.
 

Эмч нарын цалин тун бага тул тэд өвчтөнүүдээсээ гадна гэр бүлээ тэжээх, байрны мөнгөө төлөх гээд өөр олон асуудалтай тулгардаг.
 

“Бид дайны фронтоос зугтаагүй. Бид хань, хүүхэд, эцэг эхээ хаяад хүмүүсийн амийг аврах гэж эмнэлэг дээрээ тусгаарлагдан, амьдарч байна” гэж Винницагийн эмч нар Засгийн газартаа хандсан юм.
 

Ерөнхийлөгч Владимир Зеленский “Бидний өмнө нь хийсэн эмнэлгийн системийн шинэчлэл ямар муу зүйл байсныг коронавирус харуулж өглөө. Эмнэлгүүд гэнэтийн өвчинд бэлэн биш, ор дутмаг, эмч нар нь маш бага цалинтай, дэд бүтэцгүй. 40 сая хүнтэй улс байж ажилладаг уушгины аппаратын тоо нь 1000 хүрэхгүй байсан нь шившиг” гэж хэлсэн байна.
 

Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол 300 эмнэлэг хаагдаж, 50 мянган эмнэлгийн ажилтан ажилгүй болох юм.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top