Ахмет Язал: Монгол улс хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзлээ илүү бодит, амьд болгох ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай хоёр улсын хоорондын харилцаа, гадаад худалдааны эргэлт, худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж “Ковид-19” цар тахлын талаар ярилцлаа.
 


-Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Мөн Монгол Улс Турк улсыг “Гуравдагч хөрш” гэж тодотгоод есөн жилийг үджээ. Энэ хооронд хоёр улсын харилцаанд гарсан дэвшилтэт зүйл гэвэл юуг онцлох вэ?

-Хоёр улсын хоорондын харилцаа холбоо, түүнд гарч буй дэвшилтэт зүйлсийг тоо баримт дурдах бол тийм ч амар зүйл биш. Зүйрлэвэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэж бараалаад 10 жил болсны дараа энэ 10 жилд та хоёрын амьдралд тохиолдсон дурсамжаас онцлооч гэж байгаатай ялгаагүй.

Хоёр улсын хоорондын харилцаа түүхэн, урт хугацааны, баялаг түүхтэй харилцаа юм. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд юу хийв гэхээс илүү цаашид хоёр улсын харилцааг яаж хөгжүүлэх вэ, хэрхэн бататгах вэ гэдэгт анхаарч байна. Өнгөрсөн хугацаанд бид техникийн олон уулзалт зохион байгууллаа, олон чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа, хоёр талын харилцан айлчлал болсон, хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдлээ. Үүнээс хамгийн онцлох зүйл гэвэл маш удаан хугацаанд хэлэлцээ хийгдсэний үр дүнд “Turkish Airlines” Монгол Улс руу шууд нислэг үйлддэг болсон явдал. Түүгээр ч зогсохгүй “ФЕТО” террорист байгууллагатай холбоотой хүмүүсийг гаргасан нь онцлох ёстой үйл явдал.

Өнгөрсөн жилүүдэд Турк улсын хөрш улсууд, Турк улсын дотоодод ч чухал түүхэн үйл явдлууд өрнөсөн он жилүүд байлаа. Монгол Улсад ч түүхэн гэж тодотгох үйл явдлууд болж, сонгуулиар эрх баригчид солигдож, шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Олон ч засаг солигдлоо. Хоёр улсын дотоодод олон чухал үйл явдал өрнөсөн ч үүнээс үл хамаараад Туркийн Ерөнхий сайд, Туркийн Үндэсний их хурлын дарга, Зам тээврийн сайд, Соёлын сайд, Худалдааны дэд сайд, Гадаад харилцааны дэд сайд, Шадар сайд нар айлчиллаа. Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит хуралдаан ч бас боллоо. Харин Монгол Улсаас УИХ-ын дарга, Батлан хамгаалахын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар Турк улсад айлчиллаа. Ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарыг Турк улсад айлчлах төлөвлөгөөтэй, урилга илгээчхээд байна. УИХ-ын ээлжит сонгууль дууссаны дараа энэ айлчлалыг төлөвлөж байна. Ирэх жилүүдэд хоёр улсын хоорондын харилцааг “ТИКА” байгууллагын төслийг хэрэгжүүлэх гэсэн үүднээс биш үүнээс өргөн хүрээнд, илүү цаадхыг харж ажиллаасай гэж бид хүсэж байгаа.

-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байхад хоёр улсын хооронд эдийн засаг, худалдааны хамтарсан хороо байгуулагдаж байсан түүхтэй. Хоёр улсын эдийн засаг худалдааны харилцааг хэрхэн дүгнэх вэ, цаашид чухам юун дээр анхаарвал зохилтой вэ?

-Би дээр хэлсэнчлэн хоёр улсын талаас өндөр дээд хэмжээний болон ажлын айлчлал зохион байгуулагдаж, эдийн засаг худалдааны хамтарсан хорооны хуралдаан зохион байгуулагдсан гэж. Аль, аль тал нь эдгээрээр дамжуулаад харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье гэсэн чин эрмэлзэлтэй байх үед ажил хэрэг болдог. Туркийн талд харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл зорилго байгаа. Монголын талд ч ялгаагүй ийм хүсэл эрмэлзэл байгаа гэж боддог. Гэхдээ энэ хүсэл эрмэлзлээ аль болох бодит, амьд болгож чадвал хоёр улсын харилцаа илүү хурдан хөгжих болно. Харамсалтай нь Монгол Улсын дотоодын улс төр болон улс төрд хандаж буй улстөрчдийн хандлагаас шалтгаалж гадаад харилцаа эхэнд биш хоёрдугаарт орж байгаа дүр зураг ажиглагддаг. Ийм дүр зураг улс орон бүрд л бий. Гэхдээ Монгол Улсад арай илүү байгаа харагддаг. Намайг анх Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирж байхад хоёр улсын худалдааны эргэлт нэлээд хэмжээгээр унаад жилийн 20-21 сая ам.долларт хүрсэн байсан бол өнгөрсөн жил энэ тоо 41 сая ам.долларт хүрч өсжээ. Гэхдээ энэ бол бас л чамлалттай тоо. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хамгийн чухал гарц бол хоёр улсын хооронд тээврийн харилцаа, дэд бүтцийг хөгжүүлэх ёстой. Үүний нэг илрэл нь “Turkish Airlines” Монгол Улс руу шууд нислэг үйлддэг болсон явдал юм.

-Хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хууль, эрх зүйн орчин хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хурлаар худалдааны эргэлтийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх л хүчин зүйлсийг олон талаас ярилцдаг юм. Хоёр улсын хоорондын худалдааны эргэлттэй холбоотой холбогдох хууль дүрэмд ямар нэгэн ноцтой асуудал байхгүй ч хууль, эрх зүйн орчныг арай илүү боловсронгуй болгох шаардлага бий. Жишээлэхэд Туркийн Элчин сайдын зүгээс МҮХАҮТ-ын даргатай уулзах гэж бүтэн зургаан сар хүлээж байна. МҮХАҮТ-ын дарга Турк улсыг төлөөлж буй Элчин сайдтай уулзах цаг олдоогүй бол Монгол Улсын зүгээс Турк улсын зүгээс худалдаагаа хэрхэн хөгжүүлэхийг зорьж байгаа нь эргэлзээтэй. Монгол Улсад хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль дүрэм хэрэгтэй. Сүүлийн үед коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим нэг арга хэмжээнээс шалтгаалаад  Туркээс Монгол Улсад хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчдад зарим нэг асуудал бэрхшээл үүсгээд байна. Тухайлахад Монгол Улсад 16 жил хөрөнгө оруулсан, 5-6 компанитай бизнесмен нислэг зогссоны дараа Турк улсад гацчихсан байна. Үүний нэг шалтгаан нь Монгол Улсын холбогдох байгууллагууд дипломат ажилтнаас бусад гаднын иргэнийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй гэх шийдвэртэй холбоотой. Турк ч гэсэн энэ мэтчилэн дүрэм журам баталсан. Гэхдээ Турк улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гаднын иргэд бид нэвтрүүлсээр байгаа. Туркийн хөрөнгө оруулагчидтай уулзаж байхад Монгол Улсад хөрөнгө оруулалт хийчихдэг, үүний дараа оруулсан хөрөнгө оруулалтаа хянаж чадахгүй нөхцөл байдал үүсчих вий дээ гэж болгоомжилж байна. Үүний хажуугаар нэг зүйл тодорхой байх ёстой. Монгол Улс гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд дэлхийн олон оронтой өрсөлдөж байгаа. Хөрөнгө оруулагчид хоёр зүйлийг л хардаг юм. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтаасаа ашиг олж чадах уу, Хоёрдугаарт, миний оруулж буй хөрөнгө оруулалт найдвартай байж чадах уу, алив эрсдэлээс хамгаалагдсан уу гэдгийг хардаг. Монгол Улсын хувьд өрсөлдөгч бусад улс, орнуудаас хамаагүй илүү нөхцөл, илүү боломжийг хангаж байж гаднын хөрөнгө оруулалтыг татна.

-Та “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаанд аялал жуулчлалын салбар чухал үүрэгтэй гэж ярьж байсан. Тэр дундаа “Орхоны хөндий”-г түшиглэсэн аялал жуулчлал маш их боломжтой гэж. Үүнийг бодит ажил хэрэг болгох боломж бий юу?

-Монгол Улсыг аялал жуулчлалын талаас нь харахад жуулчдыг татаж чадах потенциалтай улс. Баялаг түүх, байгалийн үзэсгэлэн зэрэг уг потенциалыг улам нэмэгдүүлж байгаа юм. Гэвч “Ковид-19” цар тахал дэлхийн аялал жуулчлалд хэрхэн нөлөөлөхийг хэн ч тааж чадахгүй. Тийм учраас би зөвхөн өөрийнхөө бодлыг л одоо хэлье.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд хэд, хэдэн бэрхшээл тулгараад байна. Дээр дурдсан потенциалыг аваад үзэхэд эдгээр саад, бэрхшээлийг маш амархан шийдчихэж болно. Нэгдүгээрт Монгол Улс руу ирэхэд төвөгтэй. Тээвэр, ложистикийн хувьд. Бусад улсаас хол зайд байрладаг, хэд, хэдэн улс дамжин нисэх шаардлагатай болно. Аль болох олон орон руу шууд нислэгтэй болох ёстой. Хоёр улсын харилцааны үүднээс аваад үзэхэд “Turkish Airlines” шууд нислэгтэй болсон нь дээрх асуудлыг бага ч атугай шийдэх байх. АНУ болон Европын бусад улсаас манайхаас дамжаад Монгол руу нисэх боломжийг ч бүрдүүлж байгаа юм. Туркээс шууд нисэн ирж байгаа онгоцонд нэг ч монгол хүн суухгүй гэж тооцоход жилдээ 41.6 мянган Туркийн иргэд ирэх боломж харагдаж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас гаргасан нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилгын дэргэд маш бага тоо.Монгол Улсаас “Turkish Airlines” компанид долоо хоногт 800 суудал зорчигч тээвэрлэх дээд хязгаар тогтоож өгсөн. Коронавируст цар тахлаас үүдээд 800 зорчигч ч тээвэрлэж чадахгүй болно. Яагаад гэвэл зорчигч хооронд зайтай суулгах учраас тэр. Энэ бол аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нэг хүчин зүйл юм. Ер нь цаашдаа Монгол Улс руу зорчих хүсэлтэй авиа компаниудад Монгол Улсын зүгээс маш уян хатан байдлаар зөвшөөрөл олгож байх ёстой.  Хоёрдугаарт, Монгол Улсад жуулчдад зориулсан дэд бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчнийг бэлдэх, орчин цагийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хөгжүүлэх ёстой. Яг энэ тал дээр Туркийн зүгээс туслах хэд, хэдэн боломж байгаа боловч Боловсролын яамны холбогдох хүмүүстэй холбогдож, уулзаж чадахгүй л байна. Турк улс дотооддоо энэ чиглэлийн боловсон хүчин бэлдэх сургалтдаа шинэчлэл хийсэн. Олон ч сайн үр дүн харагдсан. Боловсон хүчин бэлдэх тал дээр Турк улс туслах бүрэн нөөц бололцоо бий. Гуравдугаарт, Туркийн ард түмний хувьд Монгол Улс онцгой байр суурь эзэлдэг. Бусад улс орнууд онцлог зүйлс ихтэй ч Туркийн ард түмэн түүхийн эхлэл гэж үздэг цорын ганц улс нь Монгол. Манай судлаачдын тооцооллоор зөвхөн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жилдээ 50 гаруй мянган Турк жуулчин ирэх боломжтой гэж тооцоолсон байдаг.

МҮХАҮТ-ын дарга Турк улсыг төлөөлж буй Элчин сайдтай уулзах гэж зургаан сар хүлээлгэж байна гэдэг бол Монгол Улсын зүгээс Турк улстай худалдаагаа хэрхэн хөгжүүлэхийг зорьж байгаа нь эргэлзээтэй-

-Өнгөрсөн 26 жилийн хугацаанд “ТИКА” манай улсад 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Ихэвчлэн түүх, соёл, шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулсан байна. Цаашид “ТИКА” Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах вэ?

-“ТИКА” Монгол Улстай олон жил хамтран ажиллаж байна. Өөрсдөө албан тоондоо 30 сая ам.долларын тусламж үзүүлсэн гэж тооцсон байна лээ. Бид нар сая хамтдаа суугаад, тооцооллоо нэгтгээд үзэхэд Монгол Улсад 700 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бол “ТИКА”-н Улаанбаатар дахь оффис, тэдгээрийн сургагч багш, ажилтнуудын цалин, урсгал зардал, уулзалт зохион байгуулахад гарсан зардал зэргийг оруулж тооцоогүй тоо шүү. “ТИКА”-н үйл ажиллагаа явуулдаг зарчим нь ийм зүйл хийе гэж бодит судалгаан дээр үндэслэн сонгон шалгаруулж, төсөл хэрэгжүүлдэг. Монгол Улсын Шинжлэх ухааны академи олон тооны төсөл бидэнд ирүүлсэн. Тэр дундаа Турк судлалын салбарт хамтран ажиллах хэд,хэдэн төсөл хэрэгжүүлсэн.

-“ТИКА”-гийн хийсэн хамгийн чухал хөрөнгө оруулалт бол МУИС-д Турк судлалын тэнхим байгуулсан явдал. Энэ санал санаачилгын тухай яривал...?

-Турк улсын хэд, хэдэн их сургуулиудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын их сургуульд “Турк судлалын хүрээлэн” байгуулсан. Монгол Улсын Удирдлагын академид мөн ийм хэмжээний туслалцаа үзүүлсэн.  Би хувьдаа үүнийг Монгол Улсад бидний хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй, урт хугацаанд үлдэх төсөл гэж үнэлнэ. Бидний дэмжлэг бол цаашлаад Монгол Улсын байгууллагуудад, олон нийтэд хүрэх, боловсрол олгох боломжийг нээсэн юм. Энэ мэтчилэн цаашдаа хамтран ажиллана. Хамгийн сүүлийн жишээ дурдахад ХӨСҮТ-ийн тодорхой тасгийг шинэчлэн сайжруулахаар тохиролцсон байгаа. Ойрын хугацаанд “ТИКА” байгууллага энэ төсөл дээр ажиллаж эхэлнэ.

-Та өмнө нь ч яриандаа дурдлаа. “Ковид-19” вирусний халдвараас шалтгаалан Туркийн дипломат корпусын ажилтны тухай буруу, зөрүү мэдээлэл Монголын нийгэмд тархаж багагүй төөрөгдөл, маргаан үүсгэлээ. Энэ талаар бодит мэдээлэл өгөхийг танаас хүсье...?

-Монголын холбогдох, эрх бүхий байгууллагаас бидэнд мэдээлэл өгөхдөө Монгол Улсын хилээр гадаад иргэн нэвтрэхгүй. Гэхдээ Монгол Улсад албан үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнуудын ар гэрийг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлнэ гэж мэдэгдэж байсан. Энэ хүрээнд манай Элчин сайдын яамны ажилтны гэр бүл, ажилтнууд өөрсдөө гадаадаас ирээд хоёр долоо хоногийн хугацаанд гэртээ тусгаарлагдаад явж байсан. Гэр бүлийн хүн, хүүхдүүд маань гуравдугаар сарын 18-нд тусгай үүргийн нислэгээр Монгол Улсад ирэх байсан юм. Гэхдээ тухайн нислэгт амжаагүй. Тиймээс өөр шугамаар зөвшөөрлөө аваад Монгол Улсад ирэхээр болсон. Холбогдох байгууллагуудад хандсаны үндсэн дээр 14 хоног гэртээ тусгаарлагдаж болно гэж мэдэгдсэн. Гэр бүлийг маань онгоцноос буугаад, нисэх буудлаас аваад гэрт нь шууд хүргэж өгнө гэж манай элчин сайдын яаман дээр ирээд холбогдох хүмүүс нь санал солилцож байлаа. Бид дахин лавлаж асуусан. Гэртээ тусгаарлагдаж болох уу, болохгүй гэвэл хүндрэл учруулахгүйгээр Туркт байсан газартаа байя гэж хэлсэн. Гэтэл тэр хүн гэртээ тусгаарлагдаж болно гэж хэлсэн. Улаанбаатарт газардахаас 30 минутын өмнө амлалт өгсөн хүн маань над руу яриад гэр бүлийг тань эмнэлэгт хэвтүүлж, тусгаарлахаар боллоо гэж хэлсэн юм. Энэ талаар гэр бүлтэйгээ холбогдож чадаагүй болохоор тэд маань цочролд орсон. Үүнийг ч хэвлэл мэдээллээр буруу ойлголт төрүүлэхээр мэдээлэл цацагдсан. Тэр тусмаа “Ерөнхийлөгчийн байсан өрөөг голсон” мэтээр бичиж, мэдээлж байлаа. Эрүүл мэндийн байдалтай холбоотой худал ташаа мэдээлэл ч олонд тарсан. Энэ мэдээлэл хувийн нууц байх ёстой. Гэтэл энэ мэдээлэл олон нийтэд цацагдсан. Манай гэр бүлд чин сэтгэлээсээ хандаж асарч, эмчилж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсанаа илэрхийлэх ёстой. Маш сайн эмчилсэн, хийж чадах бүх зүйлсээ хийсэн. Үүний хажуугаар сэтгэл санааг нь засаж байсан. Бид энэ хүмүүст асар том өртэй.

Миний шүүмжлэлтэй хандаж буй зүйл бол захиргааны ажилтнуудын хариуцлагагүй байдал. Өнөөдөр Монгол Улсад 148 хүн коронавирусээр оношлогдсон. Үүнээс дөрвийг нь монголчууд мэддэг болсон. Туркийн гурван иргэн, Францын нэг иргэн. Үүнийг санаатай, санамсаргүй ямар нэг шалтгаанаар задруулсан байх. Нэг зүйлийг хэлэхэд албан ёсны мэдэгдэлдээ Туркийн гурав, Францын нэг иргэн гэдгийг байнга дурдаж байсныг сануулах ёстой. Надад таамаглаж байгаа олон  таамаг бий. Гэхдээ энэ бүгдийг дэлгэх шаардлагагүй байх гэж бодож байна. Би ердөө нэг л зүйлийг хэлье. Манай охин коронавирустэй гэж оношлогдсон тухай хэвлэлийн мэдээллээс л олж мэдсэн. Эмчилж байгаа эмчтэй нь холбогдоход би ч бас хэвлэлийн мэдээллээс мэдлээ гэж байсан юм.

-Таныг Монгол Улсад Элчин сайдаар ирснээс хойш улстөрчид, эрх баригчдаас дипломат ёсонд баймааргүй алдаа гаргаж байсан тохиолдол бий юу?

-Тийм зүйл болж байсан. 2018 онд Турк сургуулиудын захирлыг хулгайлахыг завдлаа гэсэн шуугиан гарсан. Тэр үед ч би хэлж байснаа одоо ч давтан хэлмээр байна. Тухайн үед Туркийн ямар нэгэн оролцоо огт байгаагүй. Хэн хийснийг би мэдэхгүй. Монголын цагдаагийн алба хаагчид дипломат халдашгүй эрхийг огт тоолгүйгээр олон зүйл хийсэн. Элчин сайдын яамны эргэн тойрон харуул хамгаалалт гаргаж байлаа. Бүр Элчин сайд миний орчуулагчийг хүртэл баривчилж байв. Элчин сайдын харуул хамгаалалтын ажилтныг дуудаад хуурамч мэдүүлэгт гарын үсэг зуруулах гэж ч оролдож байлаа. Элчин сайдын өргөөнд цагдаа нар хүчээр дайрч орсон зэрэг дипломат ёсонд баймааргүй олон үйлдэл гаргасан.

Бусад Элчин сайдын яаманд тохиолдож байсан олон жишээг би хэлж чадна. Гэхдээ энэ бүхэн дотоодын улс төртэй холбоотой, улс төрийн ашиг сонирхол дагасан зүйл болохоор дипломат ажилтнууд цаашлаад гаднын улс орнуудад ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаа харахаа больдог гэж дүгнэнэ. Дипломат ажилтнуудад зориулсан тусгай дүрэм журам байдгийг та бүхэн мэднэ. Энэ дүрэм, журам яах гэж гарсан бэ гэхээр хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн үед дипломат ажилтнуудад ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжоор хангахын тулд гаргасан юм. Дипломат ажилтанд үзүүлж байгаа хүндэтгэл гэдэг бол зөвхөн тухайн ажилтанд үзүүлж буй хүндэтгэл бус тухайн улс оронд нь үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгох хэрэгтэй. Дипломат ажилтнуудын талаарх олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон учраас энэ тухай эрх Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тусгагдсан байх ёстой.

Top