Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | Перестройка 

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.

Өвлийн амралтаар бид хоёр нутаг буцав. Монголд бид хоёрыг эмээ, маам хоёр минь угтав. Эмээ, маам хоёр дээрээ ээлжилж очсоор байтал өвлийн амралт хурдан дуусав. О. Нямдалай Очийн ангийн хүүхэд А.Энхбаяртай гэрлэсэн байв. Их сонин учрал. Нямдалай бид хоёр үй зайгүй найзууд нэг анги, Оч, Энхбаяр бас найзууд нэг анги.  Хоёр залуухан эзэгтэй нар ярих юм зөндөө байдаг байв. Төдөлгүй эмээ, маам хоёроо орхиод буцах боллоо. Маам эмээ хоёр нэг такси олоод бид хоёрыг гаргаж өгөв. Гэтэл тэр такси нисэх хүрэлгүй эвдрээд зосчихов. Тэр үед Германаас хуучин оросын машин зөөдөг, хаа нэг хуучин өвгөн “Бенз, Бэмби /BMW/” явж харагддаг байсан. Замын машинд гар өргөөд мөн л хэсэг яваад пар хийгээд зосчихов. Бид цаашаа явган явахаас өөрцгүй боллоо. Эмээ маам, хоёр та хоёр түрүүлээд яв “хоцорлоо” гээд байдаг. Бид хоёр тэр хоёрын үгэнд ороод түрүүлээд хөтлөлцөөд гүйж л байдаг, ачаагаа эмээ, маамд үүрүүлчихээд шүү дээ. Чемодангүй яаж явах гэж байсан юм бол. Эмээ, маам хоёр нэг, нэг чемоданаар нь барьчихсан. Ер ядрахгүй тэр хүнд юмыг хээвнэг өргөөд бараг гүйхээрээ явж байсан даа. Бид хоёр ч бариад явахад яасан юм бол. Тэгээд арай гэж нэг юм амжиж онгоцондоо сууж билээ. Бүүр далан хэдэн оноос манайд уламжлал болон тогтсон хойд дэнж дээр гараа даллан, сүү өргөөд эмээ, маам хоёр минь торойгоод үлдэв. Явах тоолондоо эмээ, маам хоёр минь л амьд мэнд  ирэхэд байж байгаасай гэж бодож, залбирдаг байж билээ.

1989 оны нэгдүгээр сарын хоринд  АНУ-ын дөчин нэг дэх ерөнхийлөгчөөр Ж.Буш (George Herbert Walker Bush) сонгогдов. Өмнөх ерөнхийлөгч болох Р.Рейгэний үед инфляци, түүний хэмжээ гайхамшигтайгаар буурч ажилгүйдэл, орлогын ашгийн татвар багассан. Гэхдээ Америк орон тэр чигээрээ зээлэнд живж, өр зээлгүй нэг ч хүн, нэг ч гэр бүл байхгүй болсон тухай сонсож, уншиж байлаа. АНУ ард  иргэддээ зээл олгосон хэмжээгээрээ ямар ч улс орныг урдаа оруулахааргүй болсон байв. Гэхдээ Америкийн иргэд бага хүүтэй зээлийн хүчинд бүгд байр, орон сууц унаатай болсон юм билээ. Ж.Буш энэ байдлыг тогтвортой хадгалж чадаагүй юм. Сонгуулийн үеэр амалж байсан амлалтаасаа няцан, татварыг нэмэгдүүлэх бодлогыг явуулсан нь дахин сонгогдож чадалгүй ганцхан удаагийн сонгуулийн хугацаанд ерөнхийлөгч хийхэд нь нөлөөлсөн гэдэг юм билээ. Ж.Бушийн үед Орос Америкийн хүйтэн дайн албан ёсоор төгсгөл тавигдаж, дэлхий нийтийг хоёр том лагерьт хувааж байсан үзэл суртал нурсан юм.  Энэ бүх болж байгаа үйл явдлыг мэдэхгүй өнгөрөхийн аргагүй байсан. Дипломатч хүний мэргэжил нь тухайн улс орных нь гадаад бодлогын асуудал, тэр нь бусад улс орнуудын тогтвортой байдалтай зайлшгүй холбоотой. Тийм ч учраас Оч мэргэжлийн хувьд ч, хичээлийн хүрээнд ч илүүтэй сонирхож байв. Алтны дэргэд гууль шарлана гэгчээр би бас мэдээллээр хангагдаж, мэдлэг нэмэгдэж байлаа. Түүнээс биш эмч болох гэж  буй оюутан бидэнд улс төр хол байсан юм. Тэр үед Оросын том хотуудын хооронд шууд холбоо үүсч оюутнуудын дунд шууд мэтгэлцээн маягийн “Теле мост” нэвтрүүлэг бий болов. Москва-Ленинградын телемостод би оролцлоо. Маш сонирхолтой бөгөөд нэлээн бэлтгэл шаардсан нэвтрүүлэг байсан юм. Манай баг арван хоёр хүнтэй, гурван зуу гаруй хөгжөөн дэмжигчидтэй. Янз бүрийн сургуулиудын оюутнаас бүрдсэн байв. Нөгөө тал мөн арван хоёр хүнтэй, мөн тийм хэмжээний хөгжөөн дэмжигчидтэй. Бүтэн нэг цаг гучин минутын турш бие бие рүүгээ довтлон, нэгнийгээ асуултаар болон оновчтой зөв хариултаараа ялахыг хичээдэг байлаа. Уг нэвтрүүлэг англи хэл дээр болсон бөгөөд анхны нэвтрүүлгүүдийн нэг байсан юм. Оюутнуудын дунд явагдсан дебат гол төлөв хүний эрхийн асуудал, хоёр тогтолцооны ялгаа болон түүний нөлөө үр дагаврын талаар асуудлууд байв. Иймэрхүү нэвтрүүлгүүд хийгдэж байсан нь нэгдүгээрт тухайн сургуулийн техник технологийн хөгжлийн ололт амжилтыг харуулах, хоёрдугаарт чөлөөтэй хоорондоо мэтгэлзэх ур чадварт сургах явдал байв. Тэр үед компьютер ч нэвтрээгүй байсан үе. Орост сурч байгаа оюутнууд өөрийнхөө хэмжээнд наймаа арилжаа хийнэ.  Гол төлөвтэд Монголоос үнэгэн, тарваган малгайнууд авчирч зарна. Эрхүү, Свердловск, Новосибирскийн оюутнууд эртнээс иймэрхүү наймаа хийж бүр гаршсан байв.  Москвагийн оюутнууд тэр тал дээрээ гүйцэхгүй. Манай гэр бүлд бид хоёрыг тийм байдлаар дэмжчих сэтгэлгээтэй хүмүүс ч байсангүй. Аав, ээж хоёр хол, Маяаг хараад байж байгаа нь том тус байлаа. Эмээ, маам хоёр минь ирэх тоолонд эрүүл энх байгаа нь бас том тус байлаа. Онц сурч стипендээ ахиулна. Би заримдаа эрт ирэхээрээ манай тэр хавиар цугларсан архины болон пепсины шилийг цуглуулан, аль болохоор их хэмжээгээр хоёр торонд чихэн дэлгүүрт аваачин тушаадаг байв. Оюутнууд бүгд л залхуурахгүй бол шилээ цуглуулаад л тушаачихдаг байсан юм. Ямар ч байсан бас хөөрхөн мөнгө олчихно. Тэр чинь бас хөдөлмөр шүү дээ. Тэр үед оюутнууд ямар их архи уудаг байсан юм бэ, оюутны байр дүүрэн шил байдаг байв. Би зөвхөн өөрийнхөө давхрын шилийг түүж байгаа шүү дээ. Нэг өдрийн зөөлтөөр тавин рубльтэй болно. Тэрүүгээрээ би мах, хэрэгтэй ахуйн юмнуудаа авчихдаг байв. Очид хэлнэ. Өөрөө зөөж үзээгүй хүн амархан л гэж бодож байсан байх. Орчноо цэвэрлэнэ, амьдралд нэмэртэй, гимнастик болно, олон талын ач холбогдолтой байсан. Манай дээд давхарт Бүгд найрамдах ардчилсан солонгос улсын \БНАСУ\ иргэн Зо Ким Хи, Зо Ким Чол гээд ах дүү хоёр амьдардаг байв. Бид их сайн найз нар байсан. Тэр их мөнгөтэй, хаанаас олдог байсныг бүү мэд. Уг нь хойд солонгосууд чинь биднээс ядуу улс баймаар. Гэтэл байнга ресторанд хооллож, бид хоёрыг урина. Нарийн нандин юмнууд  их авчирч бид хоёрт харамгүй өгдөг байсан. Дүү нь Зо Ким Хи гээд хөөрхөн охин МГУ-д сурна. МГУ-г улаан дипломтой төгссөн. Ах нь Очийн сургуулийн харилцааны анги гэхдээ манай байранд дүүтэйгээ байдаг. Тэр л анх бид хоёрыг Москвад солонгос ресторанд оруулж кимчи идүүлж байж билээ. Ид кооперативууд байгуулагдаж, кооперативны бараанууд их зарагдаж эхэлж байв.

УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Түлш эрчим хүчний сайд асан Д.Зоригт манай Очийн доод талын курс байсан юм. Боловсролын сайд, УИХ гишүүн, асан одоогийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил, “MCS” групын ерөнхийлөгч Ж.Оджаргалын ах, тус компанийг үүсгэн байгуулагч Ж.Од, нар Очоос гурван курсээр, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн хоёр курсээр ах. Ерөнхий Сайд асан Сү.Батболд нэгдүгээр курсэд очиход төгсөх курс байгаад төгссөн байх, Боловсролын сайд, Батлан хамгаалахын дэд сайд асан Баттөр Очоос хоёр курсээр дээр. За тэгээд Ерөнхий сайдын зөвлөх асан О.Чулуунбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Боловсролын сайд асан П.Цагаан гээд олон сайхан залуучууд МГИМО-г төгсөн одоо өндөр албан тушаал хашиж, төрийн түшээд болсон билээ. Мэдээж “МГИМО-ийн мафи” гэж юү байхав. Энэ сургуулийг төгссөн хүмүүс манай улсын хариуцлагатай албан тушаалуудад очсон, амжилттай бизнесменүүд төрсөн нь үнэн юм.Харин өөрийхөө мэргэжлээрээ элчин сайд болоод явж байгаа хүмүүс дийлэнх нь байх. Хамт сурч, хамт бужигнаж байсан оюутан ахуйн андуудаараа сайн сайхан явахад нь байнга бахархах юм.

Удаж төдөлгүй дахиад л зуны амралт болж, ээж охиныг минь аваад Жамултай Москвагаар дайраад бид хамтдаа нутаг буцдаг байв. Халуун ам бүлээрээ цугларан, эх орондоо бөөнөөрөө байж сайхан амрав. Миний охин паацагнаад явдаг болсон байв. Ёстой хөөрхөн яг л цэцэг шиг. Дөнгөж явж сурч байгаа учир дагзаараа уначих гээд байнга харж байхгүй бол ид хөдөлгөөнтэй насан дээрээ байв. Энэ зун “Мандухай цэцэн хатан” кино олны хүртээл болон кино театруудаар гарч Оч бид хоёр үзэв. “Цогт тайж” түүхэн киноноос хойш сэтгэл татам, хүний зүрх сэтгэлд хоногштол, омогштол, эх оронч үзлийг сэргээтэл, зүрх сэтгэлийг булгилтал хийсэн кино байхгүй юм шиг санагдана. Монгол төрийг төвхнүүлж, улс үндэстнээ бүрэн бүтэн байлгаж, ард олныхоо эв эеийг нэгтгэн газар усныхаа төлөө тэмцэж явсан олон хаад, хатад, төрийн түшээд байдаг ч хатан зориг, цэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг нэгэн жолоон дор нэгтгэн, өөрийн залуу нас, хүсэл эрмэлзлээ золиослон, халуун амиа зориулж явсан “Мандухай цэцэн хатны” домогт түүхэн дээр суурилсан энэхүү кино үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Энэ сайхан киног бүтээснийх нь төлөө эрдэмтэн, зохиолч Ш.Нацагдарж, найруулагч Б.Балжинням, зураач Б.Пүрэвсүх, зураглаач Л.Шаравдорж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, жүжигчин Н.Сувд нарт төрийн шагнал хүртээж байсан юм. Уг кино нь социализмын үед хийсэн хамгийн сүүлийн агуукино байсан гэж би боддог. Асар их хөрөнгө мөнгийг зарж, жинхэнэ кино урлагийн гайхамшиг, мэдлэг, мэргэжлийн өндөр түшинд хийгдсэн кино. Түүнээс хойш “Мөнх тэнгэрийн хүчин доор” гээд түүхэн болон түүхэн бус олон кинонууд гарсан боловч агуулга, жүжиглэлт, найруулга, зураглалын хувьд арай л гүйцэхгүй байсан гэж ард түмэн дүгнэж байх шиг байсан.  Дараа нь киноны тоо олширсон боловч мөн чанараа бараг хоёр аравныг дуустал алдаж байж саяхнаас хоёр мянга арван оноос чанаржиж байгаа мэт санагдах юм.

Аравдугаар ангид, аав хааяа нэг Хятад явдаг байхад өдөн куртка авчирдаг байв. Тэр үед өдөн куртка маш их модонд орж, хүүхэд болгоны өмсөх хүслэн байсан ч олддоггүй байсан юм. Хар зах дээр ч байхгүй. БНМАУ, БНХАУ-ын харилцаа амаргүй, бие биедээ үл итгэлцэх хэмжээнд байсан үе. Бараа таваарын солилцоо муу, далаад онд нар хамба, нандин чавга гээд бас урдаас ирдэг байсан бол тэр ч үзэгдэхээ байсан байв. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Цянь Цичень айлчилснаас хойш бараг дөрвөн жилийн дараа манай Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа муудсанаас хойш манай талаас хийгдсэн бараг анхны айлчлал байсан юм билээ. Энэ айлчлалын үеэр БНХАУ-ын дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нартай уулзаж яриа хэлэлцээ явуулсан. Зөвлөлтийн цэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан нь хоёр орны харьцааг сайжруулах гол нөхцөл байсан гэж үздэг юм билээ. Тун удалгүй хоёр орны хил нээгдэж өдөн куртка төдийгүй бүх юмаа зөөдөг болсон юм. Одоо ч манай нийт импортын дийлэнх нь БНХАУ-аас орж ирж байна. Аав, Пүжи хоёр Бээжингээр дайраад ирэв. Аав Бээжин их хөгжсөн талаар ярив. БНХАУ дэлхий нийтэд нээлттэй байх, улмаар эдийн засгаа хөгжүүлэх нээлттэй бодлогыг эхлүүлсэн байв. Энд тэндгүй “Open China 2000” лоозонгууд тавигдсан байна гэж ярив. Улс орнуудын гадаад бодлого арваас зуун жилийн хойдхыг харж арван жилийн өмнөөс хэрэгжүүлэх ажилдаа бэлдэж эхэлдэг байх нь. 2000 он гэхэд БНХАУ нь жинхэнэ утгаараа дэлхийд нээлттэй бүүр эдийн засгаараа тэргүүлж эхэлсэн билээ. “Хэдхэн жилийн өмнө наяад оны эхээр Хятадад ажлаар явж байхад шавар амбаар тэр нь бараг газар гэр гэлтэй юманд амьдарч, гэртээ тавилга гэж юм юу ч байхгүй хэдэн шилний өөдөс хагархайгаар чимсэн байдаг байсан. Бид нисдэг тэргээр явж байгаад тал, элсэн цөлд буулаа гэж бодоход хүн амьдардаг хүмүүсийн гэр байдаг байсан орон өөрчлөгдөж байна” гэж аав сонин болгон бидэнд ярив. Тэр үед би Хятад оронд очиж үзээгүй байсан тул ойлголт байхгүй байлаа. Ямар ч байсан нүдний хужир тайлахаар эрээн, мяраан, үзэмжтэй зүйлүүд Хятадад л байдаг гэж ойлгож байлаа. Бага байхад Энэтхэгийн зах дээр Хятадаас ирсэн, Хонгконгоос ирсэн бараанууд илүү үзэмжтэй, өнгөлөг, чанартай, үнэтэй байдаг байж билээ.

Маралгуа охин минь ид хөөрхөн дээрээ байв. Эмээ минь тэр жил Шадивлинд Очийн том эгч Түмэнчимэг эгчийнхтэй хөрш зусланд гарав. Яагаад гэвэл зуны гурван сар эрүүл агаарт эмээ минь байх, Маралгуаг нар салхинд байлгаж борогшуулах үүднээс тэдний хажууд айл байраа түрээслэнэ гэхээр нь хамт зусланд гарсан байв. Маам маань  Баатар ахынд (Түмэнчимэг эгчийн нөхөр) зусав. Манай хөрш зэргэлдээ Ц.Мөнх-Оргил сайдынх гардаг байв. Оройд Оч, Мөнх-Оргил сайд, тэр хавийн залуучууд сагс тоглоно. Түүний дүү Боргилмаатай танилцав. Хожим Боргилмаа бидний багын анд Жаргалсайхан гуайн ач хүү Кешатай (Энхсайхан) гэрлэсэн юм. 2014 оны аравдугаар сарын эхээр Эм Импекс концерний Ерөнхийлөгч Б.Болормаа, Словак улсын өргөмжит консулаар итгэмжлэгдэх арга хэмжээн дээр тааралдаж жаал хууч хөөрч билээ. Эмээ минь охиныг маань сайхан асарч, миний багынх шиг тордож байлаа. Маяа, Маралгуа гэж хэлж чадахгүй өөрийгөө тэгж нэрлэсэн юм, их сонин хүүхэд шүү. Ер уйлахгүй, тийм жаахан байж маш тэвчээртэй, яг л аавыгаа дуурайсан.

Бид хоёр хичээлдээ оров. Тэгшээ улаан байр руу нүүсэн учир Оч бид хоёр хоёулаа амьдардаг болов. Тэгшээдээ  их дассаннэг хэсэгтээ эвгүй байж билээ. 1989 онд Москвад анхны “McDonald’s” нээгдэв. Цаг гучин минут доод тал нь оочерлож байж ордог байв. Ээж, Маяа хоёрыг гоё шинэ газар хоол идүүлэх санаатай цаг гучин минут оочерлож оров. Ороод хүн болгонд төмс, бургер захиалав. Оросын рестораныг бодвол үзэмж их сайтай, үйлчилгээ нь хурдан түргэн, цэвэрхэн байж билээ. Оросуудын хувьд хамгийн анхны барууны хоолны газар нээгдэж байгаа нь тэр. Маяа харахад идээд байх шиг байсан чинь харин нэг нэгээр нь сэмээрхэн газар унагаагаад түүнийг нь үйлчлэгч охидууд ирж шүүрдээд байсан байна билээ. Хажуугийн ширээний Орос эмэгтэй “Охин чинь бүгдийг идсэн гэж бодож байна уу, бүгдийг нь шүүрдүүлчихлээ” гэж хэлэхээр нь бид мэдсэн.

Ээжийг ирэх тоолонд Г.Навчсан багш “Хичээлээсээ чөлөө аваад” гэсээр тортой гүзээлзгэнэ барьсаар манайд ирэв. Ээж, тэр хоёр төөрсөн хүмүүс биенээ олсон юм шиг л дуу шуу болон уулзацгаав. Түрүүчийн удаа ирэхэд уулзаж чадаагүй юм. Тэгээд энэ удаа заавал уулзана гэж хичээлээсээ чөлөө авч ирсэн байв. 

Г.Навчсан багш манайхаар байнга ирнэ, бид хоёр ч хааяа багш дээр очно. Г.Навчсан багш Пироговын нэрэмжит нэгдүгээр анагаах ухааны их сургуульд докторантурт сурдаг байв. Их сайхан эмэгтэй байсан шүү. Асар их мэдлэгтэй, сайхан сэтгэлтэй, цайлган, тусч, хүнд их итгэмтгий. Г.Навчсан багш маань гадуур ажил хөөцөлдөх болвол байнга хамт явж тусална. Тэдний байранд очихоор заавал нандин жимс, чихэр хадгалчихсан, тэрийгээ нандигнан байж өгнө. Тэднийх ганцхан охинтой. Тэр охин нь манай Жамулын үе, бага ангидаа байхдаа баримлын шавраар маш хөөрхөн амьтан, хүн, шувуу хийж авчирч өгнө. Ш.Доржжадамба гуай тэр гурав манайхаар ирэх их дуртай байж билээ. Ш.Доржжадамба багш манай аавын нутаг, Хөвсгөлийн хүн. Тэр хоёр анх яаж танилцсанаа Г.Навчсан багш ярих их дуртай. Эрмитажид дэлхийн шилдэг уран зургуудийг хужирлан харж байтал гэнэт нэг эрэгтэй хүн “Энэ чинь тэрний бүтээл, тэдэн онд тэр ингэж бүтээгээд...” гээд л маш дэлгэрэнгүй, уран зураг судлаач шиг л ярьж эхэлсэн гэсэн, тэгэхээр нь “хэн бэ” гээд зориуд хартал манай сэтгэцийн эмгэг судлалын загалмайлсан эцэг гэгдэх Ш.Доржжадамба доктор байв. Тэгэхэд л харц тулгарч, анхны харцаар дурлан, түүнээс хойш бид хоёр бие биенээ ойлгож, ханийн жаргалыг эдэлж байна гэж ярина. Хөөрхий Навчсан багш минь докторын зэргээ хамгаалаад, Монголын нялх үрсийн эрүүл энхийн төлөө эцсийн амьгаагаа хураатал зүтгэсэн гавъяатай хүн. Залуухнаараа элэгний хорт хавдраар хайрт хань, бяцхан охиноо орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Ээж бид хоёр хамгийн сүүлд 1995 онд юм уу даа, ам мөлтөс очиж уулзаж билээ. Бид хоёрт өгөх юмаа олж ядан их л баярлаж, битгий яваач гэж харц нь гуйж байсан юм. Г.Навчсан багшаас хойш Ш.Доржжадамба гуай минь сэтгэлийн ганьхаралд орж, ганцаардан, үйлтэй хорвоогийн үй олон өдрийг элээх гэж тэмцсээр хойноос нь одсон юм даа.    

Манай анги Басель жижиг, Басель том гээд хоёр Сири оюутантай байв. Тэр хоёр цоо шинэ “Жигули” машин авсан нь бид нарт маш ач тустай болов. Яагаад гэвэл нэг эмнэлгээс нөгөө эмнэлгийн хооронд метрогоор явахгүй, замдаа бөөнөөрөө цай унданд орчихоод бүгд хоёр машиндаа хуваагдаж суугаад явдаг болов. Мөн удалгүй Сири оюутан Саад бас машин авав. Ингээд манай анги гурван машинтай болж хичээл хооронд санаа зовох юмгүй явцгаадаг болов. Сайн хүүхдүүд байсан. Том Басель Ленад дурлан өдөр болгон гэрт нь хүргэж өгч, хичээл заалгаж байна гэж гэрт нь суусаар байгаад нөхрөөс нь салгаад суучихаж билээ. Ленагийн нөхөр Паша гээд залуу манай сургуулийн эмчилгээний ангийн гуравдугаар курсад сурдаг, тэр хоёр бяцхан хүүтэй байсан юм. Нэг өвөл Басель Ленаг гэртээ Сири авч явав. Ирэхдээ бидэнд жижиг сажиг  зөндөө бэлэг авчирсан шиг санаж байна. Тэр үед чамин, модны хувцас Москвад их ховор байсан үе. Лена явж ирээд төрөл төрлөөр нь хос юбка цамцнууд өмсөж нэг хэсэгтээ л сургуульдаа хамгийн дэгжин оюутны тоонд орж билээ. Лена Минович гээд Оросын Еврей охин байсан тэр надад их сайн, бид хоёр байнга хамт сууна. Удахгүй Америкт аав, ээжтэйгээ гарах болов. Тэр өдөр болгон Орос орныг муулна. Тэр үеэр Оросын Еврейчүүд  бөөнөөр гадагш цагаачлан гарч эхэлж байсан үе юм. Бид дадлагын хичээлийг байнга эмнэлэг дээр хийнэ. Бидэнд өвчтөн хуваарилж өгнө. Орос өвчтөнүүд оюутнаар үзүүлэхгүй  энэ тэр гэж гомдол гаргахгүй. Яагаад гэвэл их сургуулийн харьяа эмнэлэг учир мэдээж оюутнууд дадлага хийнэ гэдгийг анхнаасаа ухамсарлан хэвтдэг байв. Бид тэднийг чагнана, тогшино, тэмтэрнэ, анамнез авна, оношилно, тариа тарина. Тэд нар багшид энэ их сайн оюутан, эелдэг зөөлөн харьцаж байна, энэ их зөөлөн гартай юм байна гээд л магтахыг нь магтаж, матахыг нь матна. Өдөр болгон өвчтөний түүх нээж хөтөлнө. Өвчтөнтэй харьцах харьцаа, эмчийн ёс зүй, эмчийн хариуцлага, үүргийн талаар тусдаа хичээл ордог боловч дадлагын хичээл болгоны өмнө дахин зааж, бид нараас асууж, өдөр тутмын хэв маягт хэвшүүлж, тэр талын мэдлэгийг гүн гүнзгий суулгаж байсан юм. Манай их дээд сургуулиудад сургалтын дээр өгүүлсэн шиг арга барил, сэтгэл дутаад байгаа нь ажиглагдаад байгаа юм.

Манай хөрш Чех гэр бүлийн хоёр хуримаа хийгээд хоёр жил болж байгаа ч хүүхэдгүй. Хүүхэдтэй болохыг нэг их яардаггүй байв. Нүүж ирэнгүүтээ нөгөө румыны шинэ мебель ор, шкафыг хөрөөдөөд тайраад давхар ор, ширээ болгон эвдчихэж билээ. Би хэлээд ч нэмэр болсонгүй. Анх удаагаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой социалист өмчийг эвдэлж сүйтгэж байхыг харж, цаг өөрчлөгдөж байна даа гэж бодогдож билээ. Биднийг багаас “Хүн бүр бага балчраас эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой”, “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахиж шүтэж байх зүйл маань, нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлоон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан Хөдөлмөр мөн” гэж зааж, цээжлүүлж байсан бид хоёрт Петр, Ханнагийн үйлдлийг хараад гайхаж билээ. Хүний нутагт ирээд, тэр орны өмчийг өөрийн өмч шиг эвдэлж, хэмхлээд өөр хэлбэрт оруулна гэдэг, тэр үед биднээс арай л түрүүлж, эсвэл ангид сэтгэж чадаж байсан юм шигээ. Тэдний өрөө манай өрөөнөөс жижиг учир өрөөндөө зай гаргахын тулд, ороо өндөрт байрлуулан орныхоо доор хичээлийн ширээгээ засаж өөрчилж байгаа юм гэнэ.  Дараа нь бид хоёрыг урьсан, нээрээн аятайхан болчихсон ч юм шиг. Нэг л шинэлэг, нөгөө манай өрөөнд байдаг румыны мебель ор, шкаф ийм байсан гэж хэлэхээргүй болсон байв. Одоо бодох нь ээ, “Икеа \IKEA\” маягийн загвар юм уу даа. Тэднийх манайх хоёр долоо хоногт нэг удаа ээлжлэн оройн хоол хийж урина. Надад нэг Ази хоолны ном байсан юм. Тэр номон дээрээс хоол чимэглэсэн зургийг нь харж байгаад төстэй юм хийдэг байв. Тэр хоёр ихэнх идэх юмаа гэрээсээ авчирдаг байсан. Чех хоол хүнс, бараа таваарын хувьд оросоос хамаагүй дээр байсан юм. Улс төрийн нөхцөл байдал Чехословакт тийм ч тогтвортой тайван биш байлаа. Оч, Павел хоёр гал тогоонд тамхи татангаа Чехословак болон зүүн Европт өрнөж байгаа хөдөлгөөн, үймээний  талаар ярьж байна гээд л орой болтол сууна. 1989 оны намар улс төрийн өрнөлт үйл явдлууд ид буцалж байлаа. Аравдугаар сарын сүүлээр Чехословакт мянга мянган иргэд цугларан эрх чөлөө, ардчиллын талаар дуу хоолойгоо нэгтгэн жагсаал цуглаан хийж босов. Удирдлагууд босогчдын толгойлогчдыг баривчилж байлаа. Түүний дотор Вацлав Хавел \Vaclav Havel\ манлайлан оролцож босохыг уриалж байв. Павел дандаа “Би явж оролцох юмсан, ер нь удахгүй явнаа” гэж биднийг болон Ханнаг айлгадаг байж билээ. Оч “явах нь зөв” гэж өөгшүүлнэ. Хувьсгалын чанартай үйл явдлууд энэ тэнд дуу дуугаа аван өрнөж байв. Польш улсад зургаан сард болсон сонгуулийн үр дүн гарч, коммунист нам цаашид албан ёсоор удирдахаа больсон байв. Тадеус Мазовечки\Tadeusz Mazowiecki\ тэргүүтэй шинэ кабинет бий болов. Коммунистууд ямар ч байсан дотоод болон батлан хамгаалахын яамдыг өөрийн мэдэлд авч үлдсэн хэвээр байв. Унгараас Зөвлөлтийн цэрэг гарч дууссан байв. Унгар Австри хоёрын хоорондох “төмөр хөшиг” хэмээн нэрлэж байсан хилийн бэхэлгээ байхгүй болсон байлаа. Унгар нь зүүн Германы иргэдийн баруун Герман руу дамжин өнгөрөх цэг болж болов. Арван сарын хорин гурванд Бүгд Найрамдах Унгар Ард Улс \БНУАУ\ нь Бүгд Найрамдах Унгар Улс \БНУУ\ болсноо зарлалаа. Унгарын хуучин коммунист нам нэрээ өөрчлөн Социалист нам болов. Зүүн европын улс орнуудын коммунист намууд өөрийн нэр, үзэл баримтлалаа өөрчилж байлаа. Ууган улс төрийн нам болох МАХН тэр үед мөн үзэл баримтлалаа орчин цаг үеийн улс төрийн чиг хандлагатай нийцүүлэн, ирээдүйгээ харан өөрчилж, түүнийгээ олонд тунхаглан зарласан бол мөн нэрээ тэр үед уялдуулан өөрчөлсөн бол өнөөгийн энэ хагарал, бутралд хүрэхгүй, зөвхөн манай намын төдийгүй монголын улс төр өөр байх байсан болов уу... Үүнийг бусад социалист гэгдэх улс орнууд зүй зохистой хэлбэрээр хэрэгжүүлж чадсан нь бас болдог гэдгийг, үр дүнд хүрдэг гэдгийг харуулсан нь факт юм. Зүүн Германы удирдагчид, Унгарын удирдлагуудад зүүн Германы иргэдийг баруун Герман гаргахгүй байхыг шаардаж байлаа. Гэтэл энэ нь аль хэдийн Баруун Герман Унгар хоёрын хооронд хийсэн зүүн германы иргэдийг хэдэн хоногийн дотор баруун Герман руу гаргана гэсэн хэлэлцээр хийгдсэн байв. Зүүн Германы босогчид ардчилсан шинэчлэлийг шаардаж байлаа. Аравдугаар сарын арван найманд Эрих Хонеккер \Erich Honecker\ огцров. Зүүн Германы коммунист засгийн эрх унасан боловч төрийн тэргүүнээр Эгон Кренц\Egon Krenz\ хэвээр үлдэв. Зүүн Герман Берлиний хананд визагүйгээр зүүн Германы иргэдийг баруун Герман зорчих цэгийг бий болгосон нь Берлиний хананы цаашид байх ач холбогдлыг үгүй болгон, улмаар аравдугаар сарын арванд уг ханыг тэр чигээр нь нурааж хаяв. Болгарт гучин таван жил төрийн эрх барьсан Т. Христов Живков\Todor Zhivkov\ огцорч, түүний орыг гадаад хэргийн сайд асан тавин гурван настай Питар Младенов \Petar Mladenov\ авав. Прагад босогчдын тоо улам бүр олширч, хоёр зуун мянгад хүрч байлаа. Найм хоногийн зогсолтгүй тэмцлийн дараа Чехословакийн Коммунист намын дарга Милош Якеш \Milos Jakes\ огцров. Чехославакийн коммунист нам чөлөөт сонгууль жилийн дотор явуулахыг амлав. Ахван хоёрдугаар сарын хорин есний өдөр Вацлав Хавелийг \Vaclav Havel\ ерөнхийлөгчөөр сонгов. Болгарт тавин мянган иргэд үндсэн хуулиас коммунист хүчний давуу эрхийг хасч өгөхийг шаардаж жагсав. Румынд коммунистуудын эсрэг үйл ажиллагаа эрчимжин, Румыний удирдагч Чаушеску \Nicolae Veausescu\ эхнэрийн хамт арван хоёрдугаар сарын хорин хоёрны өдөр баривчлагдан, яг л нохойн гөлөг мэт буудуулав. Зүүн Европ тэр чигээрээ хуучин дэглэмийг халж, ардчилсан шинэ дэглэмийн эхлэлийг тавьж байхад Азийн зүрх бас хүчтэй цохилж байлаа. Цахиагийн Элбэгдорж “Монголын ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж  энхийн аргаар хуучин коммунист орныг ардчилсан нийгэмд шилжүүллээ” хэмэн зарлаж байв. Европын зүрхэнд цохисон хонхны дуунаар Азийн зүрхэн дэх хонх доргин цохилж, хонхны дуу хорвоог доргиож эхлэв. Яг оюутан бидний хувьд сүртэй мэдэгдсэн юм байхгүй байлаа. Бараа бүтээгдэхүүн дэлгүүр хоршоонд ховордож байхад хар зах дээр элбэгшиж байлаа. Толгойтой хүн болгон наймаа арилжаа гэж ярьж, байгаа юмаа нааш цааш нь гүйлгэж байв. Бид хоёрын амьдрал хэвийн л байлаа. Нэгдүгээр курсээс байнга хамт байж үерхэж орж гарч байсан найз нар минь цөөрсөөр байв. Сүрмаажавын Чинбат, Плехановын нэрэмжит ардын аж ахуйн их сургуульд байгаад нутаг буцав, Алиасүрэнгийн Энхбаяр манай Нямдалайгийн нөхөр, Морис Терезийн нэрэмжит Гадаад хэлний дээд сургуульд сурч байгаад нэгдүгээр курсээсээ, Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр, мөн тэр сургуульд сурч байгаад тус тус буцсан байв. Ингээд Б.Ерөөлт Женевт сууж  байсан Элчин Сайд Баяртын хүү, түүний гэргий Э.Билгээ элчин сайд З.Эрэндоо, Балжинням гуайн бага охин, Чойнаран, ГЯЯ-ны орлогч сайд асан Ж.Чойнхорын том хүү, Лагшмаа, Элчин Сайд Балдоо гуайн охин бид хэд үлдэв. Ерөөлт, Билгээ хоёр маань удалгүй сүй тавьж гэр бүл болцгоосон. Мөн удалгүй тэр хоёр бас нутаг буцсан. Түрүү жилүүдэд олуулаа тэмдэглэдэг байсан бол энэ жил бид зургуулаа тэмдэглэв. Дандаа манайд ирж байхаар гээд МГУ дээр тэмдэглэв. Шинэ жилийн ширээ засан, бүжиглэж оройг өнгөрөөв. Жагаагаа (Жаргалсайхан) бид хэд хаа л явна дандаа хамт байдаг байсан болохоор маш дотно байсан юм. Шинэ жилээр бид хамтдаа хэд хэдэн төрлийн шинэ жилийн үдэшлэгт орно. Би бараг сургуулийнхаа үдэшлэгт ордоггүй байв. Манай сургуульд хоёрхон монгол сурдаг учир бид бараг уулзалдахгүй. Очийн сургуулийн шинэ жилд заавал орно, МГИМО-гийн шинэ жил гоё болдгоороо Москвад нэртэй байсан. Бид бас нэмэлт урилга олж Ерөөлт, Жагаа тэд нарт өгдөг байсан юм. Дараа  нь Очийн сургуулийн монгол оюутнуудын нийллэг болдог байв. Москвагийн шинэ жил их сайхан, үнэхээр сэтгэлд хоногшсон байдаг юм. Бид хоёр байнга хамт байсан болоод ч тэр юм уу, бүх л юм надад их сайхан байдаг байж билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Narangerel(182.160.34.209) 2020 оны 06 сарын 04

За одоо энэ арай хэтэрнэ ээ. Юу юм бэ энэ?

0  |  0
zochin(1.75.228.114) 2020 оны 06 сарын 04

ene setgel medrel.n uvchtei avgain nom gej yu bdag yum gazuu hunii udriin temdeglel chig yum hen avch hen unchdag bna ⁉️ enii nom avna mungu ursej bsan.s nuuth tovchoo avch unsan Ard tumend eeltei bh yadaj tuuhe medne ...

0  |  0
Top