Б.Төрмөнх: Өв соёл гэдэг өдөр тутмын харилцаанд хэрэглэгдэж байх ёстой зүйл

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн зураач, “Монгол үлгэр-зурагт ном” төслийн зөвлөх Б.Төрмөнхтэй ярилцлаа


-Та монгол өв соёлын талаар дуугарч, чамгүй ажил хийгээд нилээд хэдэн жил болж байна. Өв соёл гэж яг юуг хэлээд байна вэ?

-Ер нь дэлхий дахин даяаршиж байгаа энэ үед дагаад соёлын даяаршил бас бий болсон. Эх орны тухай ярих хамгийн том үүтгэл бол өв соёл. Эх орон байх, эх орны иргэн байх, иргэн нь юуг мэддэг байх юм, юугаа хайрлах юм гэдэг дээр өв соёлтой холбоотой бүх асуудлууд бос ирнэ. Монголчуудын хувьд бол өв соёлын асар их баялаг түүх, өв уламжлалтай. Гэхдээ ер нь сүүлийн үед хамгийн ихээр ярьж байгаа юм бол өв соёлоо бахархал, хүндлэл, бишрэл болгох гэх мэт орой дээрээ залсан хэлбэртэй яваад байна. Өв соёл, тэр дундаа ардын аман зохиол гэдэг зүйлийг аман хэлбэрээс бичгийн хэлбэрт оруулаад бид зуугаадхан жил болж байна. Эх орныхоо хаа нэгтээ байгаа ардын аман зохиол ярьдаг хүмүүсээс тэмдэглэж аваад түүнийгээ бичгийн хэлбэрт анхлан буулгасан тэр л хэвээрээ өнөөдөр хүртэл явж ирлээ. Үүний хамгийн хэцүү зүйл нь юу гэхээр нийгэм өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн хэл яриа, үнэт зүйл өөрчлөгдөж байдаг. Нийгмийн үнэт зүйл өөрчлөгдөхөөр нөгөө амнаас ам дамжиж яригдсаар тухайн нийгэмд тохирч байсан үнэт зүйл нь тохирохоо больж эхэлдэг. Жишээ нь, худлаа ярих, эр зориг, энэрэл хайр зэрэг нь хоорондоо их өөр болчихдог юм. Тэгэхээр зуун жил өнгөрсөн ч өнөө л хэвээрээ байгаад байхаар монгол ардын үлгэр бараг хэрэглэгдэхээ больж эхэлж байна. Өнөөдрийг хүртэл хэн нэгэн үүнийг зорьж хүүхэд багачууддаа зориулан өөрчилж хийсэнгүй. Ингэхээр л өв соёлдоо хайртай байя. Хайртай байхдаа хамгийн чин үнэнчээр хайртай байя гэж би яриад байгаа юм.

-“Жангар” туулийг хүүхэд, багачуудад зориулан өөрчилж зурагт ном болгосон. Энэ талаараа ярихгүй юу?

-Тэгсэн. Ер нь тэгээд “Монсудар” хэвлэлийн газар, хүүхдийн номын “Жангар” редакциас өв соёлдоо маш их үнэнчээр хайртай хандая, өв соёл яаж уламжлагддаг, өвлөгддөг юм бэ гэдэг яриаг редакцийн түвшинд олон жил ярьж ирсэн. Бид туулиудаас “Эрийн сайн Хан харангуй”, “Гэсэр”, “Жангар” туулийг багачууддаа зориулан энгийн үг хэллэгтэй, агуулгыг дэлгэрэнгүй өнгө аястай болгож янзалсан. Янзална гэхээр буруу ойлгогдож магадгүй. Нийгэмдээ тохируулж жаахан өөрчилснөө л ингэж хэлээд байгаа хэрэг. Хүүхдэд зориулан шинэчлэн найруулж, зохиомжилж гаргасан гэсэн үг л дээ. Сая энэ оны эхээр “Монголын нууц товчоо”-г зурагт ном хэлбэрээр гаргасан. Монгол өв соёлыг өнөө цагт гэсэн шинэчлэлтийг хийж байна гэж ойлгож болно. Эдгээрийнхээ үргэлжлэл болгож энэ жилдээ багтаан монгол ардын маш их үнэт зүйл шингээсэн 18 үлгэрийг сонгоод зурагт ном болгоно. Одоогоор дөрвөн үлгэрийг зурагт ном болгож гаргаад байна. Эхний дөрвөн үлгэрээрээ бид “Хараацай, хэдгэнэ хоёр”, “Оготоно, заан хоёр”, “Нар, сар, Рахын домог”, “Сарны үлгэр” гэсэн үлгэрүүдийг сонгоод уншигч багачуудынхаа гарт хүргээд байна. Энэ зурагт номын тухайд манай уншигчид, эцэг эхчүүд нэг зүйлийг ойлгоосой гэж бодож байгаа юм. Бид монгол ардын үлгэрээ дураараа эвдэж, шинээр зохиогоод байгаа юм биш. Хэвлэлийн газар учраас нийгмийн хариуцлагын хувьд хүүхэд багачууддаа зориулан гаргаж байгаа юм. Өнөөдөр нийгмээ дагаад үлгэр домгууддаа хандах хандлага өөрчлөгдөөд байна. Үнэхээр үлгэрт байгаа нэгнийгээ алчихдаг, харгислал, худлаа ярьдаг, хулгай хийдэг зүйлүүдийг эерүүлж ойлгуулахаас аргагүй байдалд хүрсэн. Тухайн нийгэмдээ буюу хэдэн зуун жилийн өмнө бол таарч байж. Хэн нэгнийг цаазлах, шийтгэх бол энгийн үзэгдэл байж. Гэвч өнөөдөр тийм биш болсон.

-Хэдэн зуу гэлтгүй, хорин хэдхэн жилийн өмнө өөрөө уншиж өссөн “Үүлэн бор” гэдэг орос ардын үлгэрүүдийг охиндоо уншуулахаар ойлгохгүй байх, үлгэрээс айж эмээх асуудал гардаг юм билээ.

-Яг тийм. Ийм л болчихоод, нийгэм нь, хүүхдүүдийн сэтгэл оюун нь өөрчлөгдөөд байгаа учраас тэдэндээ тааруулж, эерүүлж хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм.

-Үлгэр, домгийг энэ мэт өөрчлөхөд хүмүүс хэр хүлээж авдаг вэ?

-Өнөөдөр бид соёлын даяаршсан үед амьдарч байна. Бид гадны том компаниуд, гадны хүчирхэг соёл иргэншилтэй улсуудын кино, номыг өдөр тутамдаа харж байна. Жишээлбэл, “Харри Поттер”-ыг дэлхий даяараа үзэж, уншиж байна. “Марвел” студийн бүтээлүүдийн эртний домогтоо шингэсэн дүрүүд өнөө цагт гарч ирээд шинэчлэгдээд дэлхий нийтийг байлдан дагуулж байна шүү дээ. Тэр ч бүү хэл ах дүү Грым гэж дэлхийн хамгийн алдартай үлгэрчдийн Европийн эртний үлгэрүүдийг шинэчлэн засаж, тухайн нийгэмдээ тааруулж өгсөн нь тэдгээрээс салбарласан олон ном, кино гарах эх үндэс болсон. Бид болохоор бахархал шүтээн гээд үнэт зүйлээ авдартаа хийгээд хадгалчихаад огт хэрэглэхгүй байна. Уг нь өв соёл гэдэг бол өдөр тутамдаа хэрэглэгдэж байх ёстой зүйл. Тэр ч бүү хэл чи бид хоёрын харилцаанд хүртэл хэрэглэгдэж байх ёстой юм. Харин бахархал, хүндлэл болгоод авдартаа хийчих юм бол энэ зүйл маань мартагдана, хөлдөнө. Сүүлдээ хаа нэгтээгээс үнэт зүйлийг хайх болно. Бид ёс журмыг хайсан. Уг нь тэр ёс журам нь бидний үнэт зүйл дотор байсан. Бид Үндсэн хууль зэрэг маш олон хуулиа гадны загвараас санаа авч хийж байгаа нь худлаа биш. Гэтэл бидэнд энэ үнэт зүйлс нь бүгд байсан. Тиймээс монгол үлгэр бол шинэчлэгдэж байх ёстой. Агуулгын хувьд өөрөө үлдэж байдаг зүйл.

-“Монголын нууц товчоо”-г хүүхдүүдэд зориулан зурагт ном болгосон. Уншигч багачууд, эцэг эхчүүд хэр хүлээж авсан бэ?

-Нууц товчоогоо ингэж хийчихээд эцэг эхчүүд, хүүхэд багачуудаас хариу үйлдэл ирээсэй гэж их хүссэн. Таатайгаар хүлээж авсан сэтгэгдлүүд ч тэр чинээгээрээ их хүлээж авсан. Манай “Жангар” редакци хүүхдийг ойлгох, судлах, хүүхдийн хэл ярианы хөгжлыг нэмэгдүүлэх, зураг дүрслэл нүдний байгууламжийн тухай нилээд судалгаатай ажилладаг 16 жилийн түүхтэй газар. Энэ судалгааныхаа дүн дээр хэлэхэд бид Нууц товчоог багадаа нэг уншдаг ч юу ч ойлгодоггүй. Том болоод их сургуульд дүн авах гэж бас нэг уншдаг. Тэгээд л авдар дээрээ залчихдаг. Ингээд хувь хүнд Нууц товчооны үнэт зүйл цэцэглэж ургадаггүй юм. Тийм болохоор манай редакцийн зүгээс ярьж байгаад ер нь Нууц товчоогоо жинхэнээсээ уншигддаг болгоод өгье гэж зорьсон. Ингэхдээ гол агуулгыг нь огт эвдээгүй. Тэнд байгаа жинхэнэ үнэт зүйлсийг нь ургуулаад хүүхдэд өгөх юм бол дараа, дараагийн үндсэн эх сурвалжийг нь унших гүүр, үүтгэл болно гэж төсөөлөөд зорьж хийсэн. Бид хийхдээ зургийг нь л гэхэд жил гаруй, зохиолоо жил гаруй нухсан гэхээр 3-4 жилийн хөдөлмөр болсон. Өнөөдөр ямартаа ч ээж аав, хүүхэд багачуудын гарт нэлээд хүрлээ. “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн онцлох ном болсон. Ирэх хичээлийн жилээс хүүхэд бүр Нууц товчоогоо унших уриалга, багшийн зөвлөмжүүд гараад явна. Тийм болохоор Нууц товчооны алдаа, онооны тухай яриа нэлээд өрнөх байх гэж бодож байгаа.

-Манай орчин цагийн хүүхдийн уран зохиол хэр байна гэж та үздэг вэ?

-Дэлхий нийтээрээ хүүхдийг “Жижигхэн хүн” гэж харж явлаа л даа. Харин “Сэргэн мандалтын үе”-ийн урлагаас хойш нэлээд анхаарч, анзаардаг болсон. Хүүхдийг анхаарч өөрийн гэсэн хувцастай, хоолтой байх юм байна, оюун санааны хувьд ийм юм байна гэдгийг ойлгож, ярьж эхэлсэн нь нуулгүй хэлэхэд хорьдугаар зууны эхэн үеийн ажил байсан. Монголын хувьд хүүхдийн зохиолчид минийхээр чамлалттай санагддаг. Юу гэхээр манай соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж гуайн “Миний хэнз хурга” гэдэг шүлэг бол хүүхдээ анзаарах маш сайн эхлэл байлаа. Үүнээс хойш бид дахиад бүдгэрчихсэн. Жишээлбэл, Загдын Түмэнжаргал гуайн шүлгээр бүтсэн

Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм... гэдэг дууг би том хүний дуу гэж боддог. Харамсалтай нь одоо ч цэцэрлэгийн хүүхдүүдэд зааж, дуулуулсаар байгаа маань хүүхдийг өхөөрдөх хэлбэр гэж бодсоор яваагийн нэг илрэл. Бас

Хайртай, хайртай гээд

Хайчаар тоглуулаагүй ээж минь гэж дуу бий. Өнөөдөр би гурван настай хүүхдэдээ хайч бариулж байгаа. Яагаад гэвэл бид хамтдаа бүтээлч ажиллахыг хүсэж байна. Тэр хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хайч, цавуу, өнгийн харандаа маш их хэрэгтэй. Харин зөв ажиллах дадлыг суулгах нь чухал. Тухайн үеийг буруутгах гэсэнгүй. Тухайлбал, 18 дугаар зуун гэж бодвол хүүхэд ямар хэрэгтэй гэхээр ямар ч байсан малаа хараад үлдэнэ. Маш хурдан морь унаж сураад, нум харваж сурна. Хүнийг амин тус газарт нь харваж сурах бэлтгэлүүдийг хийдэг байсан байж таарна. Түүнээс хэл ярианы хөгжилд анхаардаг байсан гэдэгт итгэлтэй биш байна. Тийм ч эх сурвалж олдоогүй байна. Харин ардчилал хөгжөөд бид нийтээрээ соён гэгээрлийн маш том ухралтыг хийсэн. Яагаад гэхээр бид хэн билээ гээд аан нээрээ тэнгэр язгууртнууд гээд баахан бөө нар төрсөн. Үүнийг буруутгах аргагүй ч хүүхэд бол гучин жил мартагдсан. Одоо л бид хүүхдийн хэл ярианы хөгжилд зориулж ийм номуудыг хийж байна. Өгүүлбэр зүйд нь хэдэн үг байх ёстой юм. Эр эгшиг, эм эгшиг, эгшигт гийгүүлэгч нь яаж орох юм, зургийн хувьд хүүхдийн харааны өнгө ялгах чадвар нь ямар байдаг юм гэх мэт олон зүйлийг бодолцож бүтээж байна. Тэгэхээр зэрэг хүүхдийн зохиолын шинэ давалгаа эхэлж байна уу даа гэж харж байгаа.

-Цаашдаа ер нь хүүхдийн зохиол ямар хэлбэрээр түлхүү хөгжих ёстой вэ?

-Хүүхэд гэдэг чинь нас, насны маш олон онцлогтой. 0-2 насы хүүхдийн онцлог, хэл ярианы хөгжил нь өөр, 2-4 нас, 4-6 нас, 6-10 нас гээд бүгд өөр, өөр хөгжлийн үе шатуудтай. Бидний энэ зурагт номууд бол дөрвөн наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан. Дөрвөөс дээш насны хүүхдүүд нийлмэл өгүүлбэрийг уншиж чадахгүй, ойлгохгүй байдаг. Ингэснээрээ ном унших сонирхол нь багасдаг. Ухаантай болгох гээд л бодоод байхаасаа өмнө хүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр номын дэлгүүрт хүүхдийн ном үзэж яваа ихэнх эцэг эхчүүд баруун, зүүн тархи хөгжүүлэх гэх мэтийн номууд үзээд явдаг. Юун түрүүнд л асар хурдан ухаантай хүүхэдтэй болох гэж адгаж байгааг би үнэхээр гамшиг, аймшиг гэж боддог. Ээж, аавууд маань дээр хэлсэн хүүхдийн насны онцлогийг тэр бүр мэдэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс цаашдаа хүүхдийн уран зохиол энэ мэт насны онцлогт таарсан байдлаар явах хэрэгтэй. Тэгж байж хүүхдүүдийг томроод ном унших хүсэлтэй, дараачийн шатны академик түвшний юм уншдаг болгоно.

-Хүүхдийн номын зураг зурна гэдэг өөрөө их мэдрэмж, ур чадвар, сэтгэл шаарддаг ажил байх гэж бодож байна. Ер нь зургийн санаагаа олох, зохиолчидтойгоо хамтарч ажиллахад хүндрэл гардаг уу?

-Ер нь гарна шүү. Бид чинь хүүхэд нас гэж юу гэдгээ сайн ойлгодоггүй. Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөггүй, түүнийг нь сонсдоггүй. Тэр дундаа аавуудын хувьд маш их ажилтай, нийгмийн ачаалал өндөртэй амьдралын хэв маяг дундаа орой хариад хүүхдээ “Бандаалай, Цүндээлэй, Бумбардай” гэдэг ч юмуу нэрлэж өхөөрдөж байгаад өөрийнхөө стрессийг тайлчихаад унтаад өгдөг. Үүнийгээ хүүхдээ эрхлүүлчихлээ гэж боддог. Тухайн хүүхдийн оюуны хэрэгцээг ерөөсөө анзаардаггүй. Миний л хүүхэд учраас гэж ханддаг. Тэгж байгаад аяар л нэг хүн болно гэж боддог. Ардын аман зохиол дээр хүртэл

Уйлсаар, уйлсаар хүн болно

Майлсаар, майлсаар мал болно... гэж байдаг. Бид хүүхдээ яг л амьтан гэж хараад байгаа юм. Хүн гэдэг оюун санааны түвшинд огт харахгүй байна. Түүнд тулгамдаж байгаа асуудлуудыг хүний ёсоор сонсдоггүй л гэсэн үг. Бид зохиолоо янзалж, зургаа гаргачихаад маш олон хүүхдүүдэд уншуулдаг. Хүүхдүүд томчуудыг бодоход маш шударга шүү дээ. Таалагдахгүй бол босоод л яваад өгдөг.

-Цаашдаа та бүхэн ямар ажил төлөвлөж байна. Монгол өв соёлоо хэрэглээ түвшинд нь авч үлдэх, мартуулахгүй байх тал дээр?

-Монгол өв соёл гэж бишгүй ярьдаг хүмүүс бий. Бараг сүүлдээ өмчилж байна. Сүүлдээ Засгийн газар, төр засаг солигдох бүрт л “Монгол бичигтэй болъё” гээд яриад байдаг. Гэлээ гээд энэ нь тийм сайн ажил болоод явахгүй байна. Яг юунаас эхлэхээ олохгүй байна уу л гэж боддог. Бид боловсролын системээ өөрчлөхдөө дунд сургуулиа л яриад байдаг. Гэтэл ул суурь нь сургуулийн өмнөх боловсрол юм шүү дээ. Бүүр багаас нь эхэлж, тэд нартаа өв соёлоо ярьж, уншиж өгч байж энэ зүйл өөрчлөгдөнө. Юунд хайртайгаа ядаад багаасаа мэддэг, ухаантай байхаас илүү үнэт зүйлээ мэдэрч өсөх нь илүү чухал. Бид энэ жилдээ монгол ардын үлгэрүүдээр 18 зурагт ном хийнэ гэж дээр хэлсэн. Мөн монгол ардын туулиудаа уран зохиолын хэлбэрт шилжүүлэх ажил явагдаж байна. Дэлхий нийтээр “Харри Поттер” гэх мэт зохиолыг уншиж, үзэж байна, тэнд асар том оюуны хэрэгцээ байгаа. Тиймээс энэ хэрэгцээг монгол ардын үлгэрүүд хангаж чадна гэж итгэж, бодож байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top