С.Түвдэнцэрэн: Маргааш тохиох зүйлд өнөөдөр зовних нь өөрийгөө хоёр дахин зовоож байна гэсэн үг

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 5-ны өдөр тохионо. Уг өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, буян номд шамдахын тухайтад сүсэгтэн олноо уриалж байгаа юм. Тэгвэл бурхан багшийн их дүйчин өдөртэй холбогдуулж хүн төрөлхтний алдаа оноо хийгээд сахин барих ёс заншил, итгэн үнэмших шашин шүтлэг, хүндлэн дээдлэх жудаг чанарын талаар Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн багш, орчуулагч С.Түвдэнцэрэнтэй ярилцсан юм


-Бурхан багшийн их дүйчэн өдөр буян номыг шамдаж, сайн үйлийг хийх хэрэгтэй гэж сургадаг. Энэхүү өдрийг бурхан шашинтнууд эрхэмлэж ирсний үүтгэл шалтгаан хийгээд сахивал зохих зан үйл, сэтгэлийн амгаланг хэрхэн өөртөө барих вэ?

-Түмэн олныхоо амар мэндийг айлтган мэндчилж байна. Та бүхэн минь сайхан зусаж байна уу. Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн арван тавны өдрийг бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нь учиртай. Бурхан шашинтнууд энэ өдрийг маш чухалчилдаг. Энэ өдөр нь бурханы шашныг номлосон Шагжатүвагийн удамд мэндэлсэн Гоотамагийн агуу их үйлс бүтээсэн гурван том учрал давхацсан өдөр юм. Эхийн хэвлийгээс мэндэлсэн, бурханы хутаг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван давхцал байдаг. Бурхан багш 81 сүүдэртэйдээ Зачогдон гэдэг газар нирваан дүр үзүүлсэн. Энэ нь зуны тэргүүн сарын шинийн арван таван байсан гэдэг. Энэ их адис жанлавтай өдөр хийсэн буяны үйл хүчтэй болдог гэж үздэг. Хилэнцийн үйл ч ялгаагүй хүчтэй болно гэсэн үг. Тиймээс энэ өдөр буянд шамдахыг хичээх хэрэгтэй. НҮБ-аас бурхан багшийн хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж “Бурхан багшийн их дүйчин” өдрийг олон улсад эв нэгдлийн тэмдэглэлт баяр болгон тунхагласан.

-Нэг үе хэлмэгдлийн шуурганаар шашин номын зан үйлийг эрс хорьж байсан. Энэхүү билэгт сайн өдрийг хэзээнээс эргэн сэргээж тэмдэглэх болсон бэ. Бас энэ жил цар тахлын улмаас арай өөр байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх байх?

-Ардчилсан нийгэм рүү шилжсэн цагаас хойш шашин номын зан үйл чөлөөтэй болж эхэлсэн. Тэр цагаас хойш их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн боловч сүүлийн жилүүдэд Гандантэгчинлэн хийд тэргүүтэй бусад орон хийд, сүм дацангууд нэгдээд төрийн болон төрийн бус байгууллагууд, сүсэгтний холбоод хамтаараа энэхүү өдрийг ёсчлон тэмдэглэдэг болсон. Энэ жил цар тахлын улмаас олон түмнийг цуглуулах нь хориотой болсон тул цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Буяныг хийхэд хол, ойрын ялгал үгүй. Тийм учраас Гандантэгчинлэн хийд тэргүүтэй бусад орон хийд, сүм дацангуудаас бичлэгээр шууд дамжуулж буй хурал номд даган баясаж, залбиран, буян номоо хураацгаая. Хамгийн эхэнд үүрээр сүсэгтэн олонд тэгчинсожин буюу нэг өдрийн сахил хүртээх зан үйлийг цахимаар хийнэ. Энэхүү бичлэгийг  Монголын үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ. Тэгчинсожин гэдэг нь нэг өдрийн санваар бөгөөд маргааш үүр цайх хүртэл сахидаг сахил юм. Үүнийг монголоор мацаг гэдэг бөгөөд цагаан хоол идэх, буруу үг, үйлдлээс цээрлэх, бодол сэтгэлээ ариусгах, маань хөгжөөх, мөргөл үйлдэх, зул өргөх бүхий л буяны үйл нь будаа тариа шиг арвижна гэж үздэг. Өдөрт нэг суудал дээр нэг л удаа хооллодог. Манай өвөг дээдэс өвөл нь махан хоол идээд, зуны цагт цагаан идээгээр хооллож махны хорыг тайлж, гэмээ цайруулж, эрүүл зөв хооллож иржээ. Тэгвэл энэ дүйчин өдрөөс эхэлж эрүүл хооллож занших хэрэгтэй юм. Бурхан багшаас уламжлан ирсэн энэхүү сахилыг өдгөө хүртэл Энэтхэг, Түвдийн лам нар төдийгүй монгол лам нар ч сахиж байгаа. Мөн энэ өдөр болох болох бусад үйл явдал, ном хурлыг “Бурхан багшийн их дүйчин өдөр” цахим хаягаар шууд дамжуулна.

-Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтээр амралтын өдөр болгох хуулийг төр засгаас тогтоосон. Энэ нь амарч цэнгэх өдөр биш, харин цаанаа том учир агуулгатай гэдгийг та ард иргэддээ ухуулан тайлбарлаж өгнө үү?

-Зөвхөн бурханы шашинтанд зориулж амралтын өдөр болгосон юм биш. Монголчууд нийтээрээ уламжлал өв соёлоо дээдэлж нэг өдөр ч гэсэн архи, тамхигүй, агсам согтуугүй, амар амгалан байхын тухайтад энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Жишээ нь, малын бойн дээр ажилладаг улс амьтны амь таслахгүй, махан хоол хийдэг ресторан цагаан хоол хийж махан хоолыг тэвчих, архи дарс зардаг дэлгүүрийг архи дарс заруулахгүй байх, аборт хийдэг эмч нарыг нүгэл үйлдүүлэхгүй байхын тухайтад энэ өдрийг амралтын өдөр болгосон учиртай. Хүн төрөлхтөн бүхий л нүгэл хилэнцээ тэвч, бясалга, амгаланг эр гэж энэ өдрийг зориулж байгаа юм. Тиймээс монголчууд эв санаагаа нэгдэж, өв соёлоо судлах, бурхан багшийн сургаалыг ойлгох, мэдэх, ёс зүйгээ эрхэмлэх, хүнлэг чанараа сэрээх, таних нь чухал юм. Шашны үзэл сургаал хүнийг дотроос нь хүмүүжүүлдэг учраас ирээдүйд бидний оюун, сэтгэлийн дархлаа болох нигууртай. Сүүлийн үед сэтгэл сэрдхийм аймшигтай хэрэг их гарах болсон. Энэ нь хүмүүжил дутсанаас болсон гэж үзэж болно.

-Бурхан шашны сүм хийдүүдээс нийгэмд чиглэсэн соён гэгээрүүлэх сургаал номлол, сургалт таниулга хэр явуулдаг вэ?

-“Дарма”, Жавзандамба хутагт”, “Авдийн орон”, “Асрал” зэрэг төрийн бус байгууллагууд энгийн хүнд зориулсан сургаал номлолыг заах, бясалгал хийх, учир утгыг нь тайлах сургалтыг явуулдаг. Бурхан шашныг хүмүүс зан үйлээр ойлгоод байна. Хүүхдийн даахь үргээх, хурал ном, засал гүрэм хийлгэх, жилийн засал, хурим найрын өдөр судар зэрэг бол сүсэгтэн олондоо үйлчлэх үйлчилгээ нь болохоос гол утга учир нь биш. Гол утга учрыг мэдэх нь жинхэнэ сэтгэлийн засал болдог. Тухайлбал, адилхан бартаа туулж байгаа хоёр хүний нэг нь илүү хүндээр тусгаж аваад, илүү ихээр зовоод байна гэж бодъё. Хүмүүсийн ихэнх хувь нь тухайн нөхцөл байдлыг хүндээр хүлээж авдаг нь өөрийгөө зовоохын эхлэл болдог.  Дээрх сургалтуудыг нас, зүс, тоо хэмжээ хамаарахгүй хүссэн хүн бүрд үнэ төлбөргүй заадаг. Төв гандангийн дэргэдэх “Сүсэгтний холбоо” зохион байгуулдаг Бөгөөд одоо бол онлайн хэлбэрээр сургалтаа явуулж байгаа. Хэрвээ албан байгууллагаас хүсэлт ирвэл очиж сургалт явуулдаг. Бид хорих ангид сургалт явуулж байсан. Эерэг үр дүн маш их гарч байгаа нь мэдрэгдсэн. Монголчууд бурхан шашны ном таниулга, оюуны боловсрол олгоё гэхэд ирэхгүй хэр нь түрийвчээ даллаж сан даллага авна гэхээр хэдэн зуугаараа ирдэг мухар сохор байж болохгүй шүү.

-Лам нарыг буян номын судар дор сүсэгтэн олонд өгөхөөсөө илүү авахын хүсэл ихтэй гэж ард иргэд шүүмжлэлтэй ханддаг л даа. Ядуу зүдүү хүмүүст тусалж энэрэх, мод тарих зэрэг буяны үйлийг албан байгууллага гэлтгүй хувь хүн ч дор бүрдээ ухамсарлан хийдэг болжээ?

-Буян номын  байгууллагаас дээр дурдсан буяны үйлийг байнга хийдэг боловч олон нийтэд зарлаад байдаггүй нь хүмүүсийн олз болдог сул талтай. Дээр үеэс зуд турхан болсон үед жасуудаас хөрөнгө, түгээл гарч Богдын лүндэнгээр өдөр бүр ядууст өглөг буян хийдэг байсан. Буян гэдэг хариу хараагүй, алдар нэр, ашиг хонжоо хайгаагүй байх ёстой байдаг. “Жавзандамба хутагт” төвөөс Хавдар судлалтай хамтарч ажилладаг. Өвчтэй, зовлонтой хүмүүст болон эргэлтгүй болсон хүмүүст хоол хүнс хүргэх, сэтгэлийн дэм хайрлах, мөнх бусын амьдралыг ухааруулах, сэтгэлийн амгаланг олоход, сэтгэл зүйг нь өргөх тал дээр мөнхөд барих үзлийг таниулж ухааруулдаг. Мөн түүнчлэн баярын үеүдээр настангуудад, нялхаст бэлэг түгээх, баярлуулах гээд олон буян үйлддэг.

-Нийгэмд бухимдаж уурласан дүр зураг ихэссэн нь сэтгэлийн амар амгаланг таниагүйтэй холбоотой юу?

-Нагаржунай 10 хар нүглийг тэвчих товч аргыг энгийн хүмүүст зааж сургасан байдаг. Биеэр үйлддэг гурав, хэлээр үйлддэг дөрөв, сэтгэлээр үйлддэг нүгэл хилэнцийг тэвчих нь зовлонгийн шалтгааныг нимгэлдэг. 10 хар нүглийг тэвчиж чадах нь 10 цагаан буян шүү дээ. Хүн гэдэг амьдралдаа учрах асуудлуудыг даваад гарах зүйл гэдгийг ухаарсан цагт зовлонгүй болдог. Маргааш тохиох зүйлд өнөөдөр зовно оо гэдэг өөрийгөө хоёр дахин зовоож байна гэсэн үг. Зовлонг бид биеэр үүрэхээс хойш  давхар сэтгэлээр үүрэхийн хэрэг юун.

-Цар тахлын улмаас дэлхий дахинаа сэтгэл санаа болоод эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа маш их хохирч байгаа. Энэ цөвүүн цагт хүмүүс сэтгэлдээ ямар бодлыг чандлан сахивал зохилтой вэ?

-Үйлийн үр нь эдлээд гарахаас өөр аргагүй байдаг гэдгийг бурхан багш таньж ухаарсан. Гэтэл эзэн тэнгэрийг шүтэгч шашны гэр бүлээс гаралтай тэрбээр бурхан багшийн сургаалд үйлийн үрийг зохицуулдаг эзэн тэнгэр байхгүй юм байна гэдгийг номлосон. Үйлийн үрийг урьдын төрлөөр нь нарийн гаргаж холбож тайлбарласан байдаг. Цөвүүн цагийн энэхүү зөгнөлийг дээдсүүд бошго үзүүлсэн байдаг. Байгалийн жамаараа ч тэр, хүн төрөлхтний нөлөөгөөр ч тэр бид эргээд хариугаа авч байна. Нийтийг хамарсан зуданд нэг модтой бадарчин ч гэсэн таягаасаа салдаг гэсэн үг байдаг. Тиймээс цар тахал бидэнд ч хамаатай. Тэнд өндөр хөгжилтэй орнуудад хэдэн зуугаараа үхэж үрэгдэж байна. Эх орноос минь энэ өвчин холуур байг гэхээсээ илүүтэй тэр бүхний төлөө хүн төрөлхтний төлөө залбирах хэрэгтэй. Дайн гэдэг хүний мөн чанарыг шалгаж байна шүү дээ. Нөгөө Европын соёлтой, боловсролтой хүмүүс амны хаалт зүүсэн ази царайтай хүмүүсийг яаж гадуурхаж байна. Хүнс хоолны төлөө яаж нохой шиг уралдаж, уралцаж байна гэдгийг бид харлаа шүү дээ.

-Бурханы номыг сүсэгтэн олон харь хэлээр сонсох, монгол хэлээр хөрвүүлж ойлгох хоёрын хооронд асар их ялгаатай. Магадгүй эх хэлээрээ сэтгэлийн гүнээсээ ойлгож залбирах, ухаарч таних нь илүү чухал юм шиг санагддаг л даа. Орчуулагч хүний хувьд энэ талаар таны бодол?

-Долоодугаар Богд хүртэл бурханы ном тарнийг эх хэл дээрээ хөрвүүлж унших тухай эртнээс ярьж байжээ. Гэтэл үгийн авиа, хэмнэл, үелзэл, шид, хүч гэж зүйл байдаг. Түүнийг хөрвүүлэхээр тэр хүчийг нь алдагдуулах нигууртай. Алдарт Агваанбалдан цорж түвд хэлээрээ гайхагдаж байсан хүн бөгөөд монгол хэлээр хөрвүүлж судар номоо бичсэн боловч утгаа алдаж займарчихсан гэдэг. Түвдүүд Энэтхэгээс бичгийн хэлээ авсан учраас үгийн үе, хэмнэл нь адилхан буусан байдаг. Манай монгол хэл бол залгамал хэл учраас аялгуу, дан нь зөрөх, утга агуулга нь сулардаг. Монголд монголоор уншдаг дуган, дацангууд байдаг боловч сүсэгтэн олонд нэг л сүжиг төрөхгүй байна гэдэг. Дүйчин өдрөөр цахимаар ном хурахдаа цогц тайлбартай явуулна.

-Харь улсаас “нутагжсан” шашны олон урсгал Монголд их байдаг гэдгийг бид багагүй мэддэг болжээ. Улс орнуудад үүрлэсэн эдгээр шашны урсгалууд цар тахлын үеэр ч багагүй балаг тарив даа?

-Сүсэг дээр тогтдог шашин, философи дээр тогтдог шашин хоёрын аль нь илүү вэ гэдэг нь цар тахлын үеэр илүү тод ялгарч харагдлаа л даа. Бурхан багш “Миний ном үнэнтэй зөрвөл миний сургаал биш. Шашныг сүсгээс ч илүү судалж шинжилж сонгох хэрэгтэй. Та хэн нэгнээс алт авахдаа аманд нь итгээд авах уу, сорьцыг нь үзээд авах уу” гэж хэлсэн. Үнэхээр тэр шижир алт байвал итгэж үнэмшиж болно. Сүжиг гэдэг алтнаас ч үнэтэй зүйл. Бурхан багш аливаа сургаал, номлол үнэн гэдэгтэй нийцэж байвал миний сургаалыг дагаарай гэсэн байдаг.  Гэтэл бусад шашин бүү эргэлз, гагцхүү итгэ гэж сургадаг. Итгэл сүжгээрээ аврагддаг юм бол яагаад цар тахлын үеэр асар том алдаа гаргав. Нөгөө лалын шашны урсгалынхан мечеть буюу сүм хийдийнхээ чулууг, хашааг долоогоод коронавирусийг яаж тараав. Христийн сүмийнхэн давстай ус дамжуулж уугаад нэгэндээ өвчин яаж халдаав. Залбирч байна гээд гар хөлөө барьж, тэврэлдэж уйлалдаад яаж хууль зөрчив. Итгэл үнэмшил нь агуу юу, агуу. Гэтэл бурханы шашинтнууд  бодит зүйл нь суурь гэдгийг баримтлаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхаа хууль дүрмийг дагасан. Зайлшгүйн улмаас лам нар амны хаалттайгаар, зайгаа баримталж суугаад хурал номоо хийсэн. Нийтийн төлөө эрсдэл хүлээхээс өөр аргагүй байсан учраас өвчин зовлонг холуур өнгөрөөх ном хурсан. Өвчний голомт дээр ажиллаж байгаа эмч, ажилчдад үрэл зүүлгэсэн. Энэ үрлийн талаар хүмүүс өрөөсгөл ойлголттой байна лээ. Энэ үрэл нь зүүж хэрэглэх бөгөөд хүний биед вирус ойртуулахгүй, хамгаалдаг хүчтэй үрэл. Харин ууж болохгүй. Хятадын Ухань хот энэхүү өвчнийг эртний уламжлалт аргыг хэрэглэж дарсан гэдгээ ч зарласан. Түвдээс уламжлалт эм, тан, үрлийг тарнийн хүчтэй хавсаргаж хүч оруулж уг өвчнийг дарсан. Мөн тэрхүү үрлийг уугиулж агаар орчныг ариутгаж болдог. Харин жирэмсэн болон бага балчир хүүхдэд нэн тохиромжгүй. Дээрхийн гэгээн Далай багш цар тахлын үеэр өөрийгөө тайвшруулаад, бясалгаад ав гэж зөвлөж, бие биеэ сэтгэл санааг нь өргөж дэмжихийг уриалж байгаа. Өвчнөөр далимдуулж хууран мэхлэх, хулгай хийх, алалдан тэмцэх явуургүй үйлдлийг тэвчиж, бүгдээрээ сайн сайхан байхын тулд нэгдэхийг сургаж байна. Бид бусад орны алдааг давтахгүй байх нь чухал. Монголчууд цөөхөн хүн амтай учраас мухар сохроор шүтлэгээр олон шашинд талцаж хуваагдах нь хамгийн эмгэнэлтэй зүйл. Дэлхийн олон дайн шашны мөргөлдөөнөөс гарсан байдаг. Улааны урсгал /нимава/, шарын урсгал /гэлүгба/, сажава урсгал, гаржидва урсгалаас хамгийн сүүлд гарсан, хамгийн цэгцтэй шарын шашны урсгалыг бид тогтоон барьсан. Энэхүү шашин биднийг нэг үзэл бодол, нэг зорилгоор Манжийн дарангууллаас сугалж, аварч чадсан.

-Гадаад улс орноос иргэдээ татан авчирч байхад Энэтхэгээс ирсэн ламхай нар тэр олон сая хүн амтай газраас эрүүл ирнэ гэдэг маш чанд дэг журамтай байжээ гэдгийн үлгэр юм уу гэж харагдсан?

-Энэтхэг улсын иргэд төр засгаа, цагдаа нараа, бие биеэ ч харилцан маш их хүндэлдэг. Энэ нь шашны чанд сахилтай ч холбоотой. Халуун бүгчим уур амьсгалтай, бохир заваан орчинтой хэдий ч хориг цээрийг чандлан баримталж чадаж байна л даа. Цагаан хэл ам холуур байг гэдэгчлэн удахгүй ирэх ламхай нар минь эрүүл саруул ирэх болтугай гэж залбирч байна. Хийд оронд аюулгүй байдлыг хангаж, хоол хүнсээр хангаж байгаа ч эрсдэлийг хэн ч амлаж чадахгүй шүү дээ. Айлын олон хүүхдийг энх тунх, эрүүл саруул байгаа дээр нь эртхэн татан авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Дэлхийн зулай дээр байдаг хөх мөнх тэнгэрээс ивээгддэг монголчуудын заяа буян нь өөдөө шүү дээ.

-Сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор асуухад улс төрд сандал ширээ, эрх мэдлийн төлөө маргааш уулзахгүй юм шиг нэгнээ муучилдаг. Гэтэл энэ бүхий л үйлдэл нь бурхан шашны номд сургасан сургаал номлолын эсрэг байдаг. Энэ талаар таны бодол?

-Энэтхэгт сурч байхад сонгууль нь хэрхэн болдгийг хөндлөнгөөс ажиглаж байсан. Нутаг нуга, танил тал гэхээсээ илүүтэй хэн чадвартай, мэдлэгтэйг нь сонго гэж сануулдаг. Тэр хүнийг сонгоорой гэж ятган сэнхрүүлдэггүй. Монголд сонгогчийн оюун санаан дээр дөрөөлж тоглолт хийхээ л бодож байна. Нэр дэвшигчдэд сонгогч нь ядуу байвал нэг ашигтай, оюуны хувьд ядуу байвал бүр ашигтай болж байгаа юм. Намаа харахаас илүү хүнээ харах хэрэгтэй. Мэдлэг боловсрол, туулсан замналыг нь судалж байж сонголтоо хиймээр байгаа юм. Улстөрчдийн гаргаж байгаа жудаггүй зан монгол хүний ёс зүйд нийцэхгүй харагддаг. Цаагуураа үйлийн үр гэдэг зайлж болшгүй гэсгээл бий гэдгийг л санах хэрэгтэй. Цөөхөн ард түмэнд олон нам, олон шашин байх аюултай шүү. Бурхан багшийн их дүйчин өдрөөр манай, танай нам гэж талцахгүй, чи, би гэж илүүрхэхгүй бид адилхан хүн гэдэг утгаар, уламжлал соёлоо хүндэлж, хүн төрөлхтөнд хүний тухай ухагдахууныг тунхаглаж өгсөн бурхан багшийн тухай судлаад үзээрэй. Хүүхэд залуустаа Бурхан будда гэдэг түүхэн хүн байсан гэдгийг таниулж, сургаал номлолыг нь амьдралдаа мөрдлөг болгож яваарай гэж захья даа.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.72.162) 2020 оны 06 сарын 04

Библи дээр гардаг шиг хорвоо пин гээд бий болоогүй

0  |  0
Хүн(202.55.188.94) 2020 оны 06 сарын 04

Мал адгуус л санаа зовохгүй нэг өдрөөр хээв нэг амьдрах байх даа.тийм амиа бодсон бэртэгчин байвал бусдын боол болох байх даа.\n\n\n

0  |  0
Итгэл үнэмшилийнхээ (66.181.188.249) 2020 оны 06 сарын 03

Бурханы замаар чинь явсаар байгаад өөрөө өөртөө оточ болтлоо зовсон, өөрийгөө умартан бусдын төлөө амьдарснаараа там шиг амьдралаар амьдарсан. Хараал идсэн хүлцэл тэвчээрийг чөтгөр аваг.

0  |  0
Бурханы үнэнч шавь(66.181.188.249) 2020 оны 06 сарын 03

Бусдад хийсэн сайн үйл чинь буцаж ирдэг гэсэн сургаалд чинь мунхарч насаараа бусдын төлөө зүтгэж хамаг боломжоо ашиглуулчихаад одоо амьдарч байгаа байрныхаа түрээсийн төлж дийлэхгүй дарамтлуулж, байж сууж чадахгүй байгаа надад ”Сүх далайтал үхэр амар” гэгчээр яаж санаа амар байх арга чаргыг минь хэлж өгч чадах уу? Бурхан энэ замаар яв гэж дагуулж явсаар эцэст нь ”Ингээд үх чи” гээд дуусдаг үлгэр уншсан юм байна. Шалтгааныг нь таньж мэдэхгүй бол зовлон алга болдоггүй гэдгийг таньж мэдэх хэмжээнд хүртэл ном үзчихээд хүмүүст сургаал айлд лам гуай.

0  |  0
Unshigch(31.164.60.21) 2020 оны 06 сарын 03

Delhiin hogjliin adgiin shaaruud bolson mongol tyvd balba gesen 3 guilgachin uls baina. Gehdee tyvd ni ih uhaantai sergelen\nMongol gedeg mankuur booluudiin tarhiig yaj bazaj atgahaa sain meddeg tul 500 Jil boolchilj chadaj baina\nMongol mankuur booluud tyvd nertei, barlag mongol gazar shoroo uul US gudamj talbai byh umaa tyvdeer nerlej, tyvded dolignodog ch tyvdyydiin huvid hynii toond ordoggyi\nHadag yandar tyvdiinh hee ugalz maihan SAV boov boortsog tyvdiinh Team maidar Bas tyvdiinh, ter baitugai naadam ni tyvdiin naadmiin huulbar\n500 Jil duhaa tsoortol morgoj, tyvded byalduuchilsan ch guilgac

0  |  0
123(51.75.144.43) 2020 оны 06 сарын 03

100 хувь бусдаар тэжээлгээд зүгээр сууж байга энэ мэт баастай бурхад манайд хирээс хит олширсн. Үүрхийн та нар үүр айхлахын бид айхлы. Мөн ч сайхан ”ажилтай ” үлс шүү.

0  |  0
zochin(103.10.23.219) 2020 оны 06 сарын 03

ene zarim humuus burhanii surgaaliig shuumjildeg hen bolood yu meddegtee ingej baigaagaa bodoj uzmeer dee

0  |  0
Иргэн(103.212.118.190) 2020 оны 06 сарын 03

Багшдаа Сайн Сайхан бухнийг хусье

0  |  0
Иргэн(103.212.118.190) 2020 оны 06 сарын 03

Багшдаа Сайн Сайхан бухнийг хусье

0  |  0
лайтай лам(66.181.161.88) 2020 оны 06 сарын 03

элии балай номлолоо болиоч дээ ажил хэрэгтэй байна

0  |  0
Зочин(202.21.107.88) 2020 оны 06 сарын 03

Маргаашийн төлөө зовох шаардлагагү юм бол Ковидод санаа зовж яахнав. Өнөөдөрөөрөө л амдарцгаая. Лам багш бидэнд ингэж хэлэв.

0  |  0
1(122.201.23.226) 2020 оны 06 сарын 03

маргаашийн төлөө Өнөөдөр санаа зовохгүй тийм гэнэ байж болох уу!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top