Хориодхон настай аймаг, цэргийн наадмуудад одтой сайхан барилдаанаар олныг шуугиулан, арслан цол хүртэж, 2016 оны Улсын баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар тав даван, Улсын начин цол хүртэж байсан Л.Шинэбаатарыг өдгөө бөхийн хорхойтнууд сайн танина. Залуу начин маань үндэсний бөхөөр амжилттай барилдахын зэрэгцээ чөлөөт бөхийн Спортын мастер цолтой. Ингээд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын Начин Л.Шинэбаатартай ярилцлаа
-Цар тахлын улмаас хамаг бүхэн хаалттай байна. Та бэлтгэл сургуулилтаа хэрхэн яаж базааж байна?
-Дэлхий нийтэд аюултай өвчин дэлгэрч, хөл хорио тогтоосноос хойш системтэй бэлтгэл хийхгүй байгаа ч нормоо барьж, форм алдахгүйн тулд тохирсон бэлтгэл хийдэг. Энэ жил бэлтгэл тасалдаагүй, сайн байна.
-Анх бөхийн спортод хөл тавьж байсан, бүр байнгын бэлтгэл, хатуу чанга дэглэм, Улс, аймгийн наадамд зодоглож байсан үеэсээ дурдахгүй юу. Та Улсын наадамд хэдэн жил зодоглож байж цолонд хүрэв?
-Би анх 2005 онд чөлөөт бөхийн секцэнд орж байлаа. Анхны багш маань Чөлөөт бөхийн ОУХМ Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гэдэг хоёр хүн бий. Улмаар чөлөөт бөхөөс дамжин үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. 2008 онд Архангай аймгийнхаа наадамд барилдаж, тав даван шөвгөрч, Аймгийн начин цол хүртэж их урам зориг авч байсан. Дараа жил нь буюу 2009 онд мөн аймгийнхаа наадамд түрүүлж, 21 настайдаа Аймгийн арслан цол хүртэж байлаа. Хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг амсах сайхан байсан шүү. Дараа жил нь бас аймгийн наадамд зодоглон үзүүр булааж, чимэг нэмсэн. Аймгийнхаа наадамд хэдэн жил барилдаж цол, чимэгтэй болсон учраас 2011 онд анх удаа Улсын баяр наадамд барилдсан. Анх Улсын баяр наадамд зодоглоод одоогийн Улсын харцага Т.Баасанхүүд дор даваанд унаж байсан нь их сургамж болсон. Улсын наадамд таван жил барилдаж байж улсын цолтны эгнээнд багтаж байв.
-Таны хувьд долоо хоногийн хэдэн өдөрт нь бэлтгэл хийдэг вэ?
-Анх бэлтгэл хийж эхэлж байхдаа бол долоо хоногт долоон өдөр зарцуулдаг байлаа. Одоо долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг. Хүчний бэлтгэл болон үндэсний бөхийн бэлтгэл хийж байгаа. Гэхдээ хөл хорио гээд заал танхимыг хаасан учраар боломжоороо хийж байна.
-Хөл хорио гэснээс Улсын баяр наадам хөл хорионы журам дагуу тусгай дэглэмд цахим хэмжээнд зохион байгуулагдахаар болсон. Хүмүүс ч маргах шинжтэй. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалсан Наадмын комиссоос “Наадам болно” гээд шийдвэр гарчихсан юм билээ. Хүмүүсийн талцах яахав, би хувь хүнийхээ үүднээс төр засгийнхаа л шийдвэрийг дагана даа. Нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжлээд байвал хорио чанга байсан нь дээр. Аюулт өвчнийг дотооддоо алдчихгүйн тулд үзэгчгүй наадам зохион байгуулах нь зүгээр байх. Уг нь бөхчүүд бид нар чинь үзэгчдийн халуун алга ташилтаас урам зориг, эрч хүч авдаг хүмүүс шүү дээ. Гэхдээ энэ аюултай үед Төр засаг маань ард түмэндээ халгүй шийдвэр гаргасан байх. Тэгэхээр наадам болбол миний хувьд барилдана гэж бодож байгаа. Энэ аюулт өвчин хурдан алга болж, Төрийн наадам сайхан болоосой гэж хүсэж байна.
-Таны хувьд хамгийн сэтгэлд хоногшсон барилдаан юу вэ?
-Сэтгэлд хоногшсон барилдаан гэвэл олон байгаа. Тэр дундаа хамгийн дурсамжтай нь аймгийн болон улсын цол авч байсан барилдаанууд маань байгаа. Тэр дундаас хамгийн сайхан нь улсын цол авсан барилдаан юм, энэ наадамд нэг аймгийн, бүр нэг сумын Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давсан. Өмнөх жилийнх нь наадамд дор даваанд унасан болохоор илүү их хичээж барилдсан.
-Танд бөхийн удам байж таарна. Энэ талаар?
-Миний төрсөн ах Аймгийн арслан Л.Үйтүмэн гэдэг хүн бий. 1998,1999 оны үед их сайн барилдаж байсан, харамсалтай нь бэртлийн улмаас барилдахаа больсон. Жүдо бөхийн ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар бол миний төрсөн дүү. Сүүлийн үед дүүгээ их дэмжиж зааж, зөвлөж, найдлага тавьж байна.
-Энэ жилийн наадмаар та ямар бөхчүүдийг сайн барилдана гэж бодож байна?
-Түрүүлэх боломжтой олон бөхчүүд бий. Өнөөдөр үндэсний бөхөөр хичээллэдэг залуус олон болсон, тэр хэрээр өрсөлдөөн ч их болсон. Хэн бэлтгэл сургуулилтаа жигдрүүлсэн, хэн тэр өдөр аз одтой байна тэр бөх л 1000 бөхийн манлай болох байх гэж бодож байна.
-Бөхчүүд зургаадугаар сарын 10-наас хойш наадмын бэлтгэлдээ гардаг энэ жилийн хувьд танай аймаг хэдийгээр гарах вэ?
-Тэгдэг. Зургаадугаар сараас бөхийн галууд бэлтгэлдээ гарч эхэлдэг. Энэ жилийн хувьд манай “Бөхбилэгт” дэвжээ зургаадугаар сарын 12-наас бэлтгэлдээ гарна. Бусад хоёр, гурван аймаг бэлтгэлдээ гарсан гэсэн сураг сонссон.
Сэтгэгдэл ( 6 )
Nutgiin saihan buhuu demjdeg. Anh argagui sain baisan bertel avaad barildhad hetsuu baigaa gej sonsson. Bertel gedeg tamirchin hunii hamgiin tom daisan.
Goy boh shuuu demjideg
Saikhan boh shuu anh garch irj bhdaaa shuuhiuldag bsn.
Найрааны начин хүн ичих нүүртэй худлаа бурах хэрэгтэй шүү. Найрааны начин гэдэг цол чинь нэг төрлийн начин цолны чимэг болж насан туршид чинь дагана гэдгийг ойлго.
Nairaagaar tsol avsnaa ichih ch ugui yarih yum da
Допингоо шийдчихээд наалаарай