Б.Бямбабаяр: Авьяастай хүмүүс тааруухан амьдардаг, сайхан амьдрах гээд хүний цүнх барилтай нь биш

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

“Дэндүү дээ дэндүү”, “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Орхон түшээ мөрөн” “Эзэн заяа”, “Газрын цэнхэр нүдэн” зэрэг дуугаараа ард олны танил болж, Морин хуур наадмын тэргүүн дэд байрын олон удаагийн шагналт хөгжмийн зохиолч бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр. MOSCAP буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн даргын албыг хашсан түүнийг Соёлын төв өргөөн дахь ажлын өрөөнд нь уран бүтээлээ туурвиж байхад нь уулзлаа. “Хязгааргүй” ганц хүний мюзикл, “Хүннү” бүрэн хэмжээний дуурь болоод олон арван дууны аялгуу төрсөн энэ л орчинд нь бусадтай яриагүй сэд­вээр нь аль болох хөөрөлдөхийг хичээсэн юм


-Уран бүтээлчид хөл хорионы энэ цаг үед уран бүтээлээ туурвиад суух боломж бүрдэж байх шиг. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Ерэн баатрын дууль“ - д эрэгтэй, эмэгтэй гоцлолтой найрал дууны томоохон бүтээл хийж дууслаа. Сүүлийн үед яг уран бүтээл дээрээ сууя гэхээр сонгууль гээд улс төр чинь сэтгэл үймүүлээд, самгардуулаад байх юм.

-Улстөрчдийн юу нь таны бухимдлыг төрүүлээд байна вэ?

-Болох, болохгүй юм их хийсэн эсэн бусын нөхөд нэр дэвшээд явж байх юм. Аймгийн дарга гэдэг Улсын их хуралд нэр дэвших дамжаа юм уу хаашаа юм. Аймгийн дарга хэдэн жил хийж байгаад л, Их хуралд нэр дэвшчихсэн гүйж явах юм. Улс төрийн тогтолцоо нь буруу байна. Янз бүрийн хэрэг төвөгт холбогдож байсан хүмүүс сонгууль гэж солиороод уур хүргээд, уран бүтээлийн онгод үргээгээд байх юм.

-Урлаг соёлдоо элэгтэй улс төрчдөөс нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлагаар хүнийг хөгжүүлнэ гэдгийг бага сага ойлгосон хүн шиг байгаа юм. Бусад нь ч мэдэхгүй ээ. Би 50 жил урлагт зүтгэхэд аль ч намынх нь дарга бодит дэмжлэг үзүүлдэггүй бөгөөд өөрсдийнхөө хийсэн төсөл хөтөлбөрийг л дэмжиж байгаа харагддаг. Урлаг бол улс орныг хөтөлж явдаг. Бизнес бол өөрийг нь л хөтөлж явдаг. Бид Солонгосын “Жангум” гэдэг киногоор дамжиж хоолонд нь ортлоо тархиа угаалгаж, хоолных нь бизнест живсэн. Урлаг гэдэг ийм хүчтэй. Урлагийнхан дууны клипний мөнгө гуйдаг гуйлгачид биш. Салбар салбарын эрдэмтдийн толгойг ашиглаач ээ.

-Сонгууль гэж нэгэнт эхэлснийх залуу улстөрчид их л гарч ирж байна шүү дээ?

-Хүссэн, хүсээгүй залуусын эрин үе эхэлсэн. Гэхдээ л хүнийг нь судлах хэрэгтэй. Тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд шижигнэсэн залуус улс төрд хүч түрэн орж ирэхэд ямар их баярлаж байв аа. Гэтэл одоо яав. Уг хүний удам угсаа, бие хүнийг нарийн судлах хэрэгтэй. Үнэхээр улс орныхоо төлөө юм уу, ард нь байгаа гурван компанийнхаа төлөө юм уу гэдэг дээр  судалж улс төрд цензур хэрэгтэй байна. Цагийг нь тулгаад л баахан таних, танихгүй хүмүүсийг сонго гээд уур хүргээд байх юм.

-Тэгвэл хоёулаа улс төр ярьж бухимдаад яах вэ, урлаг соёлоо л ярья. Техник технологи хөгжсөн, юунд ч юм яарч давчидсан энэ нийгэмд урлаг соёл гэдэг хүнд тайвшрал, ухаарал, гоо зүйн таашаал өгч байдаг хамгийн сайхан ертөнц юм. уран бүтээлч бүхэн дор бүр нь ээ л олз омогтой байгаа болов уу?

-“Сүлд” чуулгын дуучдад зориулсан бүтээл хийх уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд зарласан. Шүлэг, хөгжим нь нэрээр биш кодоор зарлаж уралдуулаад миний бүтээл түрүүлсэн. Энэ бол том олз омог. Дуучдынхаа хоолойд ямар аялгуу тохирох вэ гэдгээ мэдэрч дуугаа хийсэн л дээ. Солистуудыг дуулуулж, найрал дуутай, үндэсний хэсэгтэй, сонгодог, эстрад хосолсон попури дуу хийсэн. Мөн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын шинэ уран бүтээлийн уралдаан болж, мөн миний бүтээл түрүүлсэн. Урлаг соёлын байгууллагууд дор дороо л шинэхэн бүтээлтэй болох ажил өрнүүлж л байна даа. Улс төр л гэж бухимдуулахгүй бол миний онгод ойрхон байдаг шүү /инээв/.  Хамгийн сүүлд Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээр уртын дуучдын найрал дууны үндэсний хэмжээний бүтээл хийсэн. Цар тахлын улмаас бүтээлүүд маань тайзан дээр амилж амжаагүй байна. Цаасан дээр бий. Өнгөрсөн жил Г.Мэнд-Ооёо гуайтай баруун аймгаар аялсан юм. Баруун Алтайн мөнх цаст Мөнххайрхан уулыг бүтэн тойрч, Ховдоор аялсан. Цас уулын хүрхрээ, Гурван цэнхрийн агуй, хүн чулууны яриа, цаст цагаан уулын чимээг хөгжмийн бүтээл болгож буулгалаа. Гадаадын болон дотоодын аялагч жуулчдад зориулсан хөгжим бүтээв. Баруун аймгийг илтгэх товшуур, цуур, алтайн ятга, хөөмий, хархирааг симфони оркестртой хослуулж тоглоно. Энэ бүтээлээ цомог болгож гаргах бодолтой. Говь нутгаар аялбал говийн тухай хөгжмийн бүтээл хийж болох л юм.

-Ер нь авьяас гэдэг таны бодлоор юу вэ?

-Манай хүү намайг та хөгшин, залуу ямар ч хамаагүй хүнтэй найзлах юм аа гэж хэлж байсан.  Би чинь Ч.Сангидорж гуайтай, С.Мөнхбаттай их нийлдэг байлаа. Насны хувьд тэр хоёр надаас учиргүй ах, юм уу дүү шүү дээ. Авьяас гэдэг үеэрээ яригдахгүй. Авьяасаараа нөхөрлөдөг. Авьяас гэдэг байгалиас өгсөн, төрмөл өгөгдөл байхгүй юу. Даанч авьяасгүй хэр нь авьяастай юм шиг хөдөлмөрч хүмүүс их болж. Ер нь бол авьяастай хүмүүс чинь эд мөнгөний төлөө явахдаа хойрго, байгаа юмаа тоодоггүй, ер нь хэнийг ч тоодоггүй хүмүүс байдаг. Үнэхээр авьяастай хүмүүс тааруухан амьдардаг. Сайхан амьдрах гээд хүний цүнх барилтай нь биш. Төр засгаас авьяастай хүмүүсээ дэмжээд уран бүтээлээ хийх орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл их бүтээл гарна даа. Би гурван охиндоо гутал авах мөнгө бодоод байхаар яаж уран бүтээл гарах юм бэ. Зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагч бүгд адилхан. Хэдхэн авьяастай нөхдийн бүтээлийг авч үлдье гэж бодож байгаа бол ууланд аваачаад, модонд дунд нэг байшинд орчныг нь бүрдүүлээд, бүх юмыг нь хангаж өгөөд орхичих хэрэгтэй. Болохгүй бол цоожлоод орхичих. В.Майковский чинь солиороод л, хашхичаад л ярьж ярьж дуусахад нь хувийн бичээч нь нэг зохиолыг нь бичээд дуусгачихсан байдаг байж. Алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Л.Бетховен нар чинь улсынхаа хангамжид орд харшид сууж бүтээлээ туурвисан байхгүй юу. Тэгж байж агуу суут бүтээлүүд нь төрсөн. Над шиг гурван хүүхдээ сургууль руу нь чирээд л, талхны мөнгө бодоод гүйгээд байвал ямар юмных нь бүтээл төрөх вэ дээ.

-Таны хамгийн оргил бүтээлүүд ямар үед гарч байсан бэ?

-“Эзэн заяа” цомог маань миний халгиж цалгиж, ууж наргиж явсан залуу цагт бүтсэн. Залуу нас, бадрангуй он цаг гэдэг дахин давтагдашгүй бүтээлүүдийг төрүүлдэг юм байна. Уран бүтээлчдийг яг л ийм иртэй, бяртай байгаа дээр нь бүтээлийг үлдээхэд төр засаг бодлогоор анхаармаар байгаа юм даа. Уран бүтээлчдийг архи дарс ууж онгодоо хөглөдөг гэдэг бол ташаа ойлголт. Тэр үеийн сэтгэл хөдлөл, эрчис энерги нь багтаж ядсан үед л уран бүтээл нь төрчихгүй юу даа. Ер нь тэгээд бидний үед бие биеэ хөглөдөг, онгодыг нь бадраадаг авьяаслаг уран бүтээлчид их нөхөрлөдөг байлаа. Одоогийн уран бүтээлчид гэр гэртээ хөгжмөө тоншоод л, нэг нэгнийхээ бүтээлээс хулгай хийгээд л суух юм. Уран бүтээлч гэдэг эрэл хайгуулч байх ёстой. Их энд тэнд явж, олон хүнтэй уулзаж учирч үзэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бүтээл гардаг.

-Та хүүхдийг эхийн хэвлийгээс нь хүмүүжүүлэх  "Монгол хүний ургийн боловсрол" төсөл гэж их ярьсан. Энэ талаараа сэргээж яривал?

-Хүүхэд эхийн хэвлийгээсээ хүмүүждэг. Эхийн хэвлийгээс нь хөгжмөөр, дуугаар хүмүүжүүлэх төсөл бичээд хоёр намын нүүр үзээд дэмжүүлж чадсангүй.  Бүүвэйн дуутай, хатдын сургаалтай, түүх домогтой бүтээл юм. Эх нь жирэмсэн байхдаа л уг контентыг үзэж Монгол болох хэрэгтэй байна. Манайд хагас Монгол хүмүүс их болжээ. Хүүхэд нь төрсний дараа монгол ардын үлгэр домог, дуу хуураар хүмүүжнэ. Бид Монголоороо үлдэхийн тулд монгол ёс уламжлалаа, нүүдэлчний соёлоо л авч үлдэх ёстой. Нийслэл хот маань Америкийн нэг муж шиг болчихоод байна. Албан байгууллагын хаяг нь хүртэл гадаадаар бичнэ. “Яг түүн шиг”, “Voice” гээд урлаг соёл, дууны уралдаан тэмцээн нь гадаад дуугаар өрсөлдүүлж байна. Ирээдүйд хагас монгол хэлтэй хүүхдүүд өсөж бойжиж байна даа. Хүүхдүүд англи дууг эвтэйхэн дуулчихаад монгол дуугаа дуулж чадахгүй болжээ. Уран бүтээлчдэд шүүмжлэлтэй хандахад монгол хүүхдүүдэд тохирсон шинэ дуу зохиохгүй байна. Гадаад дуу нь долоон хөгөөр бичдэг бол монгол дууг таван өнгө дээр зохиодог. Уран бүтээлчид Солонгос, Англи, Америкийн дууг дуурайж ая хийхээ болимоор байгаа юм. Дууных нь үгийг авчихвал яг л гадаад дуу шиг сонсогддог. Хөгжим бүтээж байгаа ая зохиогч нар өнөөдрийн таван цааснаас болж аргалсан зүйл хийж болохгүй. Үндэсний хөг аялгуугаа бүтээлдээ авч үлдэх хэрэгтэй. Миний зургаан настай охин том болоод ёстой гоё англи дуу зохионо гэж байна шүү дээ. Урлагийн хөрс маань харьжиж байна шүү. Монгол хүүхдүүд маань “Пороро” үзэж өсөж байгаа болохоор аргагүй. “Гэсэр”, “Жангар” гээд Монголын түүх домгоороо яагаад олон ангит хүүхэлдэйн кинонууд үйлдвэрлэж чадахгүй байгаа юм бэ. Ё.Баатарбилэг сайд энэ мэт монгол контент хийх гэсэн хүмүүсээ дэмжихгүй байгааг хатуухан шүүмжилмээр байна. Тэгсэн хэр нь ямар нүүрээрээ дахиад нэр дэвших гээд байдаг байна.

-Сүүлийн үед нийтийн дуу түгэн дэлгэрч байна. Мэргэжлийн дуурийн дуулаач юм уу, уртын дууны анги төгсчихөөд нийтийн дуу дуулаад байх нь хэр зохимжтой юм бол. Энэ талаар таны бодол?

-Би Соёл урлагийн их сургуулийн оюутнуудад төгөлдөр хуур дээр монгол дуу тоглох тухай нэг жил хичээл заалаа. Европ хөгжмийн өнгөнүүд нь ойрхон бол монгол аялгуу үсрэлт ихтэй байдаг. Нэг оюутан маань нийтийн дуу сонсох дургүй л гэж байна. Нийтийн дууг айлд тавьсан мал шиг ойлгоод байх шиг. Нийтийн дуу чинь нийтийн соёлыг авч явдаг.  Нийтийн дууг үндэсний урлагаа шингээгээд, донж маяг оруулаад явж байгаа нь байна. Рок, поп юм оруулаад нийтийн дууг ортоом болгочихоод байгаа гаж үзэгдэл ч байна. Мэргэжлийн ангийг төгссөн хүүхдүүд аль алинаар нь явж үзэж байгаад л өөрийгөө олно доо. Үнэхээр чадваргүй бол дуурийн тайзан дээр шууд гологдоно шүү дээ. Тайз гэдэг хамгийн шударга шүүгч нь байдаг.

-Урлагийн ямар ч төрөлд үндэснийхээ хэв шинжийг оруулж байгаа нь ялгарч харагддаг болж?

-Тийм шүү.  Дор хаяж сумын төв дээр байсан хүүхдээс үндэсний хэв маяг үнэртэнэ. Хотод төрсөн хүүхдээс орцны гитар л үнэртэнэ. Монгол ахуйг эхийн хэвлийд байхаас нь суулгаж байж үндсэрхэг үзэл цусанд нь шингэнэ. Нүүдэлчин ахуйгаасаа холдох тусам энэ чанар алдагдаж байгаад харамсдаг.

-Залуу насны ааг омгоороо хийсэн алдаа тань оноо  болж байсан түүх бий юу?

-ОХУ-ын Свердловскт хөгжмийн зохиолчоор сурч байхдаа зодоон хийгээд хөөгдөөд ирсэн. Мэргэжлийн багш маань намайг Монголын Моцарт гэж хөөргөөд л. Би мэргэжлийн хичээлээсээ өөр ямар ч хичээлд суудаггүй танхай хүүхэд байлаа. Монгол оюутнуудтай сургуулиудаар явж уригдаад л гитар барьж дуулаад явдаг. Тэгж яваад согтуудаа хэтрүүлээд зодоон хийчихсэн. Монголд ирээд сургууолиа дүүргэсэн ухаантай. Сайн зохиолчид Горькийд сураад ирэхээрээ юм бичиж чадахаа байчихдаг юм гэнэ лээ гэдэг шиг би Свердловскоос азаар яаж хөөгдөж ирсэн юм /инээв/.

-Та бол урлагт 50 гаруй жил зүтгэсэн. Сайнтай муутай олон л хүнтэй таарч байсан байх. Таны эмзэглэдэг зүйл юу  байдаг вэ?

-Монголын хөгжмийн холбоонд 10 жил дарга хийлээ. Гавьяат цолны төлөө үхэлдэн тэмцэлдэхийг нь яана. Өмнөөс нь ичиж үхмээр. Тэр цол чинь амьдралд ямар ч нэмэр болдоггүй л байхгүй юу. Алдар нэр гэдэг хоосон зүйл шүү дээ. Эцсийн эцэст гавьяат гэдэг нэр биш гавьяатай хийсэн бүтээл л үлдэнэ гэж хэлмээр санагддаг.

-Та бүхний залгамж халаа болох найдлага тавьж байгаа хөгжмийн зохиолч нарыг нэрлэвэл?

-Сүүлийн үед найдлага тавьж байгаа залуус гэвэл, Хөгжим бүжгийн коллежид Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц, Б.Мөнхболд, Соёл урлагийн их сургуульд Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, П.Түвшинтөр гээд хэдэн сайхан залуус байна. Тэднээс юм хүлээж суудаг даа. Төрийн шагналт Н.Жанцанноров, Б.Шарав гуай бол дахин давташгүй л дээ. Уран бүтээлч гэдэг дахин давтагдашгүй бүтээл төрүүлнэ гэж өөрийгөө шатааж явах хэрэгтэй.

-Цензургүй уран бүтээл ихдэх тусам чанаргүй болдог. Таны үед Галавлетээр батлуулдаг чанд хатуу цаг үе байж дээ?

-Тэгэлгүй яах вэ. Ямар сайндаа л оюутан байхдаа Б.Явуухулан гуайгаар дууныхаа шүлгийг батлуулах гээд хоёр удаа очоод буцаж байлаа. Өвдөг чичрээд салгалаад сүрдээд жигтэйхэн. Тэгж байж чанартай уран бүтээл төрж байгаа юм шүү дээ. Бидний үед Монголын радиод дуугаа бичүүлэх гэж бүтэн сар хүлээдэг байлаа шүү дээ. Одоо ч дууны студи хогоороо их  болж. Тэр олон дууны түрлэг далайн хөөс шиг л замхарч арилахад усны гүнд байгаа чулуу шиг бүтээлүүд нь цаг хугацааны эрхэнд гялалзан мөнхөрдөг жамтай.

-Та залуухан ханьтай. Бага насны олон ч хүүхэдтэй хүн. Яажшуухан аж төрж байна даа?

-Миний анхны ханиас төрсөн хүү 25 настай. Савхины технологич мэргэжилтэй, авьяаслаг хүү бий.  Гурван охины минь ээж  болсон одоогийн хань минь миний  дотор сэтгэлийг маш сайн ойлгодог. Хүүхдүүд минь гурваас 10 настай. Бид баруун дөрвөн замд хөлсний байранд амьдардаг. Сурвалжлагч, телевизийнхэн гэрт ирнэ гэхээр хань минь санаа нь зовоод дургүй байдаг. Би бол ичдэггүй. Урлагт насаараа зүтгэхэд хэдэн сайхан бүтээлтэй л үлдсэнээс хэдэн сайхан орд харштай үлдсэнгүй. Миний хань гэртээ үр хүүхдээ өсгөөд л сууж байна. Алунгуа эх их дээд сургууль төгсөөгүй, Мандухай хатан диплом өвөртлөөгүй биз дээ. /инээв/

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.74) 2024 оны 01 сарын 14

Авъяастай сайн хөгжмийн зохиолч даанч архинд явцан хүн байсан одоо харин гайгүй болж хамгийн том нь 35 тай сайхан охинтой шдээ.

0  |  0
Зочин(103.57.94.142) 2020 оны 06 сарын 17

Аягүй их архи ууж сургуулийн охидыг өдөж согтуурхсан багш байсан ш дээ. Яахав авъяастай хүн. Өнгөлж зүлгээд тордож додомдоод амьдралаа авч явах л ёстой. Ер нь урлагийн сургуулийнхан гэж нээх их архи ууж онгодоо дууддаг хүмүүс байдаг. Уг нь хөдөлмөрч зан л баймаар юм. Бөөн архидалт. Ёстой муухай.

0  |  1
зочин(202.179.27.47) 2024 оны 11 сарын 10

Цул авьяас, уран бүтээлчийн хувийн амьдралаа биш уран бүтээлийнхээ төлөө амьдардаг хэнэггүй гэмээр зан, энэ бүхэн энэ хүнд байна. “Дэндүү дээ дэндүү”, “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Орхон түшээ мөрөн” гээд мөн ч сайхан бүтээлтэй, шударга чигч хүн шиг санагддаг. Нээрээ л аймаг орон нутаг, УБ хотын удирдлагуудаас энэ ховорхон авьяасыг үнэлж амьдралд нь тус дэм болоосой, орон байраар дэмжээсэй л гэж бодож байна. Сайхан шударга ярьж, хайрламаар уран бүтээлч . Танай гэр бүлд аз жаргал хүсье

2  |  0
Зочин(64.119.26.111) 2020 оны 06 сарын 16

Өдий насандаа орон гэргүй гэж элдэв юм яриад яахав дээ,таныг архи ууж байхад хүмүүс зүтгэж хөдөлмөрлөж байсан.

0  |  0
Irgen(192.82.69.241) 2020 оны 06 сарын 16

Chadaltai zohiolch shuu de

1  |  0
Зочин(66.181.161.53) 2020 оны 06 сарын 16

Ер нь бол яг үнэнээ хэлсэн байна .энэ мундаг хүмсүүдийгээ төр засгийн багахан дэмжлэг хэрэгтэй байна.Хийж бүтээж байгаа дээр сайн бүтээл бүтээх боломж бололцоогоор нь хангаад үр хойч үедээ үлдээх оюуны хөгжлийн маш том нөөц уурхайг авч үлдэх хэрэгтэй!\nОлон сайхан дууг нь мэднээ хүндэлж явдагдаа.

4  |  0
Зочин(66.181.161.52) 2020 оны 06 сарын 16

Авьяастай чадалтай мэдлэгтэй хүмүүс үнээр тааруу амьдардаг гэж үнэн шүү

3  |  1
Эхдэнэ(66.244.109.90) 2024 оны 09 сарын 23

Хөгжмийн зохиолчдын дарга марга гэхээр нь сүрхий хүн байх гэж бодсон. Арчаа мууутай, тааруухан намтартай, гайхуулаад байхааргүй нэгэн юм. Бүтээлийг нь сайн мэдэхгүй юм. Онцгой шовойгоод байх юмгүй байхаа.

1  |  6
Zochin (64.119.18.56) 2020 оны 06 сарын 16

Uuruu sain uran buteel hiij hudulmurluj bj oron bairtai bolnuu gehees hvneer demjvvleh estoi iu? Uuruu archaatai bj vz. Udii boltol amidralaa tuvhnvvleegui bdag uuriin chin archaagui l um daa

1  |  4
Авъасыг дээдлэгч(150.129.141.170) 2020 оны 06 сарын 16

Энэ хүнд улс зүгээр л шууд байр өгмөөр байна. Бас нутгийнх нь бизнесменүүд Засаг дарга нар нь яаралтай туслаач ээ.

3  |  1
Д.Дашдондов(202.9.40.53) 2020 оны 06 сарын 16

Сайхан ярилцлага байна. Баяр хүргэе

1  |  0
uf(202.179.26.131) 2023 оны 12 сарын 03

Nutgiin tom biznesmenuud ni dundaasaa bair avaad uguusei duu.buh morind mungu haramladaggui baijeej

3  |  0
Зочин(202.9.46.129) 2020 оны 06 сарын 17

Урлагийнхан өөрсдөө бүтэл муутай, архинд дуртай. Цаг сайхан, аль коммунизмын үед л амьдрал зохиож эхэлсэн биздээ. Одоо налайгаад суух байтал нялх нойтон хүүхэд орон байр ярихаасаа ичээч

2  |  4
Жаргал(202.9.40.155) 2023 оны 12 сарын 03

Бөх гэж толиусдаж байхын оронд нутгийнхан нь ийм сайхан хүнээн харж үзмээр юм даа. Өдөр бүр сайхан аялгуу уран бүтээл сонсож байх уу гуравхан өдөр луйврын барилдаан хараад худлаа шээс алдаж байх уу гэдгээн нутгийнхан нь бодмоор юм.

5  |  0
Танаа(192.82.67.85) 2020 оны 06 сарын 17

Өөдий нас хүрсэн олны танил сайхан уран бүтээлч хүн өөрийн гэсэн орох оронгүй явна гэдгийг юу гэж ойлгомоор юм бэ дээ. Арчаагүй гэх үү архи гэх үү. Лав уран бүтээлээрээ хангалттай мөнгө олдог л баймаар. Нутгийнх нь мундаг бизнесменүүд тусламаар юм.

2  |  1
Зочин(202.126.89.76) 2020 оны 06 сарын 16

Монгол оронд минь ховорхон заяах монгол аялгуу ийм л авьяастнуудаа хайрлаж дээдлэх хэрэгтэй.Хотын дарга Амарсайхан дуудаж ирээд л 3өрөө байр хоншоортой гардуулаад өгчихөөч.Сэтгэл чинь байвал....

6  |  0
Zochin(223.104.101.56) 2020 оны 06 сарын 16

Ene darga nar oorsdoo ideedl baih ym ene saihan buteelch hund neg bair ouch bolddogui ymuu

3  |  0
Zochin(202.126.88.179) 2020 оны 06 сарын 17

Daruuhan shan hun bna\nDuussan hoino n bish buteel tuurvilin I”d ued n\nbair suuts ogmoor yum do\n

5  |  0
Zochin(202.126.88.179) 2020 оны 06 сарын 16

Daruuhan shan hun bna\nDuussan hoino n bish buteel tuurvilin I”d ued n\nbair suuts ogmoor yum do\n

2  |  0
Ахмад (202.9.40.44) 2020 оны 06 сарын 16

Үнэхээр агуу улс ийм л байдаг байх даа төр засаг анхаарах хэрэгтэй

4  |  0
Од(103.80.210.244) 2020 оны 06 сарын 16

Арвайхээрийн цэнхэр хавар гэдэг дууны аяыг та зохиосон уу, Лүндээжанцан гуайн үг

5  |  1
Top