Сансарт анх эмэгтэй хүн ниссэн өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Хүн төрөлхтөн сансрын уудамд аялахыг олон зуун жил мөрөөдөж ирсэн билээ. Энэ мөрөөдөл 1961 онд биелж, Юрий Гагарин сансарт анх ниссэн юм. ЗХУ-ын сансрын нисэгчид ажил үүргээ амжилттай биелүүлсний дараа Сергей Королевийн толгойд “Эмэгтэй хүн ч сансарт нисэж чадна” гэсэн бодол төрөх болжээ. Энэ эмэгтэй нь  Валентина Терешкова байсан юм. 1963 оны зургаадугаар сарын 16-нд Валентина Терешкова “Восток-6” хөлгөөр сансарт нисэж, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч болсон билээ.

Сансрын анхны нислэгүүд ЗХУ, АНУ гэсэн хоёр их гүрний өрсөлдөөн дунд явагдсаныг бүгд мэднэ. Өрсөлдөөнд ЗХУ ялж байлаа. Дэлхийн анхны сансрын нисэгч ЗХУ-аас төрсний дараа америкчуудад зөвлөлтүүдээс түрүүлж, эмэгтэй хүнийг сансрын уудамд хөөргөх зорилт үлдсэн байлаа. Гэвч ЗХУ тэдэнд тийм боломж өгсөнгүй. АНУ эмэгтэй сансрын нисэгчдийн сонгон шалгаруулалт зарласан мэдээ авангуутаа Никита Хрущев Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн “Сансрын шигшээ баг” байгуулах тушаал өгсөн юм.

Сонирхолтой нь сансарт нисэхийг хүсэн, “шигшээ баг”-т бүртгүүлсэн эмэгтэйчүүд маш их байлаа. Бараг “Гоо бүсгүйн тэмцээн” болж буй мэт анхны шатанд 800 бүсгүй оролцож, дөнгөж 30 нь дараагийн шатанд үлдсэн гэдэг. Тэднийг удаан хугацаанд бэлтгэсээр шилдэг 5 бүсгүйг сонгон шалгаруулсан юм. Валентина Терешкова энэ тав дотроо шилдэг нь байсангүй, тэр ч байтугай эрүүл мэндийн үзлэгээр хамгийн сүүлд орсон гэдэг.

Бүсгүйчүүдийг маш халуун, чийгтэй орчинд байлгаж, жингүйдэлд ажиллаж сурган, шүхрээр үсрэх хичээл заажээ. Маш хэцүү байсан гэдэг. Эмэгтэй хүн ганцаараа сансрын уудамд байхад ямар байдалд орохыг судалсан олон туршилт тэдэн дээр хийж байв.

Шилдэг таваас хэн нь сансарт нисэхийг Хрущев өөрөө сонгожээ. Терешкова “жинхэнэ ард түмний жирийн бүсгүй” гэсэн шалгаруулалтад хамгийн их тохирч байв. Валентинагийн гэр бүл жирийн айл, тэр өөрөө тосгонд төрсөн, нэхмэлийн үйлдвэрт ажилладаг ажилчин ангийн охин. Ингээд Терешкова дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй болсон юм.

Маш их бэрхшээл тулгарсан ч Валентина бүгдийг нь даван туулж чадсан, жинхэнэ баатар эмэгтэй билээ. Бие нь муудаж, бөөлжис нь цутган, газартаа холбоо барихгүй болох үе ч байлаа. Ядраад унтаж орхисон тул өөр нэгэн сансрын хөлгөөр нисэж явсан Валерий Быковский дотоод холбоогоор холбогдож байж, сэрээж байжээ.

Албан ёсны мэдээнд огт дурдаагүй ч үнэндээ Терешковагийн хувьд хамгийн том туршилт нь хөлөгт гарсан эвдрэл байлаа. Дэлхийд эргэн бууж чадахаа байж, сансрын уудамд үүрд үлдэн, үхэх аюулд ороод байхад нь Юрий Гагарин гэмтлийг засах арга олсноор Валентина Терешкова эх дэлхийдээ эргэн ирж чадсан юм.

Алтайн хязгаарт газардсан Терешкова тэр дороо өмсгөлөө тайлан хувцсаа сольж, талх, төмс идэн, квас уугаад Сергей Королевт хатуу донгодуулж байжээ.

Валентина Терешковагаас хойш олон жилийн турш эмэгтэйчүүд сансарт нисээгүй. Учир нь эмэгтэй хүний бие организмын онцлог сансарт дасан зохицоход хэцүү байв. Одоо түүнийг залгамжлагч эмэгтэй сансрын нисэгчид олон байгаа ч анхны эмэгтэй сансрын нисэгч гэдгээрээ Валентина Терешковагийн нэр түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энх(94.255.128.206) 2024 оны 06 сарын 03

Эмэгтэй хүн нисэх нь охидод үлгэр болж итгэл найдвар төрүүлэх ач х.той бжээ. хүүхэд насны минь бахархал!

2  |  0
Zochin(202.126.90.99) 2024 оны 06 сарын 03

Ih goyo ym bna.

2  |  0
Top