Уул уурхайтай дүйхгүй ч төрөлжилт дагуулах салбаруудаа тордъё

2020 оны 06 сарын 17

Газар нутгийнхаа дор үүцлэгдсэн их баялаггүй ч эдийн засгийн хөгжлийг цогцлоосон улс орнуудын тухай манай улстөрчид эш татах дуртай. Гэхдээ эрүүл бодлого, нарийн төлөвлөлтөд нь төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй. Тэгвэл ашигт малтмалын баялаггүй ч хөгжлөөрөө дэлхийд жишиг болсон Сингапур улсын Ерөнхий сайд асан Ли Куан Ю хэлэхдээ “Би баялгийг газар нутаг, эрдэс баялаг тэр нь үржил шимтэй газар нутаг, үнэт эрдэс метал, газрын тос, байгалийн хий зэргээс ихэвчлэн хамаардаг гэж боддог байсан. Харин хэдэн жил ажилласныхаа дараа хүмүүс, тэдний төрөлхийн чадавх, боловсрол болон сургалт нь хамгийн гол хүчин зүйл юм гэдгийг ойлгосон” гэсэн байдаг. Хамгийн урт хугацаанд Ерөнхий сайдаар ажилласнаараа дэлхийд нэгт бичигддэг тэрбээр тогтвортой, бодитой хөгжлийн үндэс нь хүн гэдгийг зөв үнэлж, удирдаж, бодлого, шийдвэрээ гаргаж байсан нь Сингапурыг дэлхийн хэмжээнд таниулжээ.

Гэтэл Сингапуртай адилхан гараанаас гарсан Сьерра Леон улсын жишээ эсрэгээрээ юм. Жараад онд колоничлолоос гарах үедээ Британийн баруун Африкийн боловсролын төв байсан гэгддэг Сьерра Леон улс алмаз эрдэнийн баялагтай. Хэдий тийм ч иргэний дайны халуун цэг болсныг бид бүгд мэднэ. Байгалийн баялаг ихтэй улс орнуудын улс төр, эдийн засгийн бодлого урагшгүй байвал хэрхэн доройтдогийн ил тод жишээ Сьерра Леон юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо яг л Сингапуртай адилхан цаг хугацаанд олж авч, өөрийнхөөрөө замнасан ч өнөөдөр хөгжлийн хувьд хол хоцорчээ.

Манай улс шиг байгалийн баялгаа ухаж, экспортод гаргаж, эдийн засгийн эргэлтээ тэтгэдэг улс орны хувьд энэ зайлшгүй анхаарах ёстой сэдэв билээ. Өнгөрсөн зууны дал наяад оныг хүртэл мал аж ахуйд тулгуурлаж байсан Монголын эдийн засгийн бүтцийг том өөрчилсөн бүтээн байгуулалтууд Эрдэнэт үйлдвэр, Говь комбинат, Дөрөвдүгээр цахилгаан станц, Багануурын уурхай зэрэг байв.

Тэгвэл эдгээр бүтээн байгуулалтаас хойш гучаад жилийн дараачаас манай эдийн засаг уул уурхайн экспорт, импортод суурилах зам руу эргэлт буцалтгүй орсон юм. 2007 оноос эхлэн уул уурхайн салбар томорсны нөгөө талд гадаад зах зээлтэй эрэлт нийлүүлэлт, үнэ ханш гээд бүхий л талаараа холбогдсон эмзэг эдийн засагтай болчихоод байна. Эдийн засаг олон төрөл бүтэцтэй байх нь потенциалаа бүрэн ашиглах, салбар бүрийн бүтээмжийг өсгөх, улмаар иргэн бүрийн амьдралд өгөөж дагуулна гэдгийг бид яриад л байдаг. Шат шатандаа энэ асуудлыг ярьж байгаа мэт боловч угтаа бол өнгөц хандаж иржээ. Н.Энхбаяр эдийн засагчийн хэлснээс эшлэхийн өмнө зориуд хэлэх хэдэн үг байна.

Монгол Улс өнөөдөр ярьж буй тулгамдсан асуудлуудаа дараагийн гучин жилд дахиад ярьсан хэвээрээ байхгүйн тулд эдийн засагтаа эмчилгээ зайлшгүй хийх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 1/3 нь ядуу амьдарч байгааг статистик ч тэр, иргэдийн амьдралын нөхцөл байдал ч тэр харуулж байна. Энэ бол хөгжлийн бодлого буруу байгаагийн тод томруун жишээ. Иргэддээ өгөөжгүй, иргэдийнхээ амьдралын нөхцөлд нөлөөлдөггүй эдийн засгийн өсөлтийн тухай бид олон жил ярьж байна. Иргэд ядуу байна гээд ярьж бичихээр залхуу хүн ядуу амьдарна гэсэн хандлага дагадаг. Тэгвэл ядуурлын статистик 28.4 хувь байна. Энэ том үзүүлэлтийг зөвхөн иргэн бүрийн залхуу хойрготой уяж тайлбарлах боломжгүй юм.

Харин одоо Н.Энхбаяр эдийн засагчийн үгийг сануулъя. Тэрбээр “Манай улс эдийн засаг 7-8 хувь хүрч өслөө гээд байсхийгээд бахархаад ярьдаг. 2011 онд 17 хувьд хүрлээ гээд л. Ард иргэдэд хандаад Монгол Улсын эдийн засаг 10 хувиар өслөө гэж хэлэхэд эдийн засагч бус, макро эдийн засаг ойлгодоггүй хүнд энэ их гоё тоо. Гэтэл 10 хувь нь хэд юм бэ гээд харахаар бага тоо. Монголын эдийн засаг дүнгээрээ 36-хан их наяд төгрөг буюу 13-хан тэрбум ам.доллар. Нэг л компанийн мөнгө. Тэрний 10 хувь л гэсэн үг. Эдийн засгийн өсөлт гэдэг бол төсөвт ордог орлого шиг ороод ирж байгаа мөнгө биш. Нэмүү өртөг буюу бүх салбарт шинээр бүтээгдсэн баялаг. Тооцоон дээр л бүртгэгдэж байгаа. Тодорхой хэсэг нь л төсвийн орлого болоод иргэдийн гар дээр очиж буй цалинд шингэж байгаа. Арван хэдэн хувийн өсөлт гэдэг бол хуурмаг тоо. Үүгээр бид олон жил бие биеэ хуурч явлаа. Олон өндөр байшин, багтахаа больсон машин гээд нүдэнд харагдах өөрчлөлтүүд гарч байгаа ч хамгийн аюултай нь өнгөрсөн 20 жилд эдийн засгийн суурьт өөрчлөлт хийж чадаагүй. ОУВС, Дэлхийн банк эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хий гэж байнга хэлдэг. Бүтцийн өөрчлөлт гэдэгт дүрэм журам, засаглал гээд маш олон юм байгаа. Тэрийг нь бид ойлгодоггүй, үл ойшоодог. Хамгийн эхлээд тохирсон юмаа л хийсэн болоод орхидог. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тухайд яг л тэглээ. Монгол Улсын эдийн засгийг автомашинтай зүйрлэвэл их засвар хийхгүй яваад байна. Шатахуун хийгээд л, гадна талыг нь угаагаад яваад байгаа. Тэгэхээр дараагийн хямралд орох нь ойлгомжтой. Өндөр хөгжилтэй орнууд өрсөлдөх чадвартай байхын тулд бүтцийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Харин Монгол Улс эрүүл эдийн засагтай байхын тулд л бүтцийн өөрчлөлт хэрэгтэй. Бүх салбарт технологийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй. Олон улсын байгууллагууд эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хий гэхэд бид хийхгүй байна. Хамгийн энгийн жишээ бол дэд бүтцийн салбар. Гаднын тусламж дэмжлэгтэйгээр гурав, дөрөвдүгээр цахилгаан станцууддаа жаахан шинэчлэлтүүд хийсэн. Тэр бол нэг удаагийн л шинэчлэл хийсэн болохоос биш дараагийн үе шатны шинэчлэл болж чадаагүй. Дахиад эдийн засгаа өсгөе гэхээр Улаанбаатарт гэхэд цахилгаан, дулаан хангамж бүгд дутагдалтай. Энэ чинь дахиад бүтцийн асуудал. Говийн бүсэд уул уурхайн олон төслүүд байна. Ханган нийлүүлж байгаа эрчим хүчээ гаднаас л авч байна. Цахилгаан, дулаан, усан хангамж гэсэн суурь дэд бүтэц хамгийн эхэнд байх ёстой. Хөрөнгө оруулалтын бодлого зайлшгүй тэндээс эхлэх ёстой байна шүү дээ. Гоё байшингаас биш, клубээс биш. Тэрийг ойлгоогүй учраас олон нийтэд таалагдахын тулд УИХ-ын гишүүд нь усан бассейн, сумын соёлын төв яриад байцгааж байна” гэсэн юм.

Тэгэхээр эдийн засгийг бүтэц, сууриар нь өргөжүүлэх, хөгжүүлэхийн тулд хийх зүйл Монгол Улсад чамгүй байна. Эдийн засгийн үндсэн тулгуур болсон уул уурхайн салбар ирэх арван жилд бидний замыг заах нь ерөнхийдөө ойлгомжтой. Хөрөнгө оруулагчид ч уул уурхайд л хөтлөгдөж орж ирнэ. Экспорт, импорт дахь ноёрхлыг нь дарж авах боломж бусад салбарт хэцүү. Хэдий тийм ч бусад салбарт өөрсдөдөө таарсан өсөлт гаргах боломжийг ашиглах ёстойг эдийн засагч хэлж байна. Тухайлбал, манай бэлчээрийн мал аж ахуй натурал. Тулгамддаг асуудал нь шүлхий, мялзан зэрэг малын гаралтай өвчин. Энэ нь махны экспортыг өсгөхөд эрсдэл учруулдаг. Гэтэл ДЭМБ, Дэлхийн худалдааны байгууллагаас хамтран гаргасан дүрэм журмын өөрчлөлтийг ашиглаад Монгол Улс махны экспортоо өсгөх боломж бий аж. Уг нь 2017 онд Засгийн газраас Малын гоц халдварт өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн урьдчилан сэргийлэх вакцин таригдаагүй малыг бэлтгэж мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах тухай тогтоол гарсан байдаг. Нэг ёсондоо вакцин тариагүй, өвчингүй малтай бүс рүү тууврын мал оруулахгүй, эрсдэлгүй бүс болгох тухай юм л даа. Түүнчлэн Архангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг 13 аймгийн Засаг дарга нарт даалгавар чиглэл өгч байсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар ажил хэрэг болсон юмгүй. Цар тахлын улмаас гадаад зах зээл дэх хэрэглэгчид эрсдэлгүй ханган нийлүүлэгчид өндөр ач холбогдол өгдөг болж шинээр төлөвших янзтай байгаа ийм үед Монгол Улс эрүүл, цэвэр махны ханган нийлүүлэгч болохын тулд тусгаарлалтын бүсүүдээ бүрэн тодорхой болгоод, ажил хэрэгч хандаад, байгуулчих хэрэгтэй байна. Улмаар тэндээс малын өвчин гарахгүй хоёр гурван жил болчихвол ДЭМБ болон холбогдох байгууллагуудаас албан ёсоор баталгаажуулалт авчихвал, экспорт нэмэгдэх, эдийн засгийн төрөлжилтөд тодорхой хэмжээнд нөлөөлөх тул эхэлсэн ажлаа гүйцээх, хариуцлагатай хандах хэрэгтэй юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 06 сарын 17

Tegeel yortoi yum shig neeh ih nugel buyan gej hutsaj hutsaj soliorch soliorch tenegee delhiid gaihuuljaagaa yum shig huurhii heden gemgui huraga ishig mori honi malaa uhliin muugaar alj hyaddag bizdee,yadaj ter ih us noos urum suug ni borovsruulj chaddag uildver 1 ch baihgui,yeruusuu hog ,material hunsni 1ch uildveruud baihgui

0  |  0
Top