Эрэнжидийн ХАРХҮҮ I Яруу найргийн галын дэргэд

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Монголын их утга зохиолд хөдөө орон нутгаас нэр нь тодорсон цөөн яруу найрагчид байдаг. Өдгөө ч говь тал нутагтаа туурвин суугаа Дорноговь аймгийн Хатанбулаг суманд яруу найрагч Сономын Чулуун, Хэнтий аймгийн Биндэр суманд яруу найрагч Б.Энхжаргал, Орхон аймагт Дамбийн Дашдондов гээд орон нутагтаа туурвиж, тэндээсээ тодорсон уран бүтээлчид бий. Тэдний нэг нь “Халуун говийн Хархүү” хэмээн утга зохиолын ертөнцөд хүндлэгдсэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, зохиолч Эрэнжидийн Хархүү юм.

Монгол хэл, уран зохиолын багш тэрээр идэр залуу насаа боловсролын салбарт зориулахын зэрэгцээ шүлэг зохиолоо бүтээж ирсэн уран бүтээлч. Тэр тусмаа хил хязгаар, газар нутаг, байгаль дэлхийгээ, ховордсон ан амьтнаа хамгаалж хайрлах сэдэв бүхий олон шүлэг найраглал, нийтлэл бичсэнээрээ онцлогтой.

Өдгөө Э.Хархүү найрагч найман мөрт бүхий шүлгийн номоо хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болгожээ. Найрагчийн шинэ ном нь нийтдээ 108 ширхэг наймт шүлгээс бүтэх бөгөөд тэрхүү номын шүлгүүдээс болон байгалийн сэдэвт шүлгийнх нь хамт уншигч олноо толилуулж байна.


Тосон бумбын дууль

Тооноор өнгийх цавчим оройд нь янгир тоглосон

Товцгийн хармаг нь улааран бөнжийж араанд амтагдсан      

Тоосрон цэлийх уудамд нь зээр хулан цахилсан

Тост, Тосон бумба дархан газар юмсан

Энд чинь тулай гунж ботголдог нутаг

Эрмэг хурдан морьд давхидаг газар

Хуршууд, Хөвдийн гол мяралздаг нутаг

Хурган бидэрт нь аяны шувууд жаргадаг усан

Буурал дээдсийн минь алтан яс энд бийсэн

Буянт малын минь атар бэлчээр энэ юмсан

Аяа гэтэл юу болох нь энэ вэ, хөөе!

Ам цавлах ус ч үгүй ширгэх нь байна

Амь тавьж буй нутгаа харахад зүрх шимширнэм.

Аварга “динозаврууд” өмлөж цөмлөөд сүйдэлчихэж

Адын муу шуналтны гарт өртөөд сүйрчихэж

Аймшигт хэргийн эздэд ялын тогтоол уншмаар байна.

Алт нүүрсний төлөө нүдээ ухаж өгөхөөс сийхгүй

Авилга, хахуулийн донтнуудыг яалтай билээ

Эхийнхээ хэвлийг ярж, эцгийнхээ толгойг авснаас

Эгээ л ялгаагүй ийм амьтас бас байдаг аа.

Тост, Тосон бумба цусаар уйлж байхад

Тоотой хэдэн мал нь усаар цангаж байхад

Өндөр дээд төр минь зоригтойхон дуугарч

Хамаг эрдэнэсий нь харийн нутаг руу зөөж

Ханаж цадалгүй, түрийвчээ зузаалсан

Адгийн шуналтнуудын толгой дээр хожмын өдөр

Ард түмний хилэнгийн сэлэм буух цаг ирнэ ээ.

Ойролцоо байдаг Алтан уулыг минь ухчихаж

Олон мянгат амин хайрын өлгий юмсан.

Өвөлжөө бууцнаас нь өчнөөн айлыг хөөчихөж

Өр өмөрч, гол харламаар болгочихож

Ижий, эх нутаг хоёр ав адилхан гэж би боддог

Элгэн нутгаа сүйтгэнэ гэдэг ээжийгээ егүүтгэхээс ялгаа юун

Цусаа хануулсан хүн үхдэг юм.

Усаа барсан газар мөхдөг юм.

Тосон Бумба, Алтан уулынхаа төлөө

Толгойгоо өгөхөд би бэлэн

Гэмтнүүдийг гэсгээн цээрлүүлэх

Гэрэлт өдөр ирэхдээ л нэг ирнэ ээ.

***

Хар сүүлт

Хөөрхий би-хар сүүлт

Хөхүүл янзагандаа халуун сүүт

Хөдөө талаар харвасан сум

Хөлийнхөө хурдаар хамгаалсан амь.

Бөртийх ч бараагүй талын дунд

Бүлтгэр үрээ нууж чаддаг

Нөмрөх аюулыг өөртөө үүрч

Нялх янзаганаасаа төөрүүлж оддог.

Цагаахан танаа гялалзуулсаар

Цахилан цахилан давхидаг би

Хөөрхөн сүүлээ цацаглуулсаар

Хөндий тоосортол дэгддэг би

Намрын цагаан хяруунаар

Дулаан говийг барааддаг

Навчин хоёр чихтээ

Халуун бөөрөндөө бүлээцүүлдэг

Хөөрхий би хар сүүүлт

Хүнээс айдаг хэцүү үйлт

Түвшин талдаа амгалан байх

Түгшүүргүй мөч даанч ховор

Нарийн өвс найгахад

Сортосхийдэг сонор чих

Налгар талын хаяа руу

Сэртэсхийдэг соргог нүд

Саруул хээртээ дураар амьдарч

Тоогоо нэмэх совин заяа

Салаа тууртаа чулуу шаргиулан

Тоосоо орхих омголон жавхаа

Хөөрхий би хар сүүлт

Хөрстөд ховорхон амьтдын сүүлч

“Улаан номонд” данстай хэдий ч

Улаан гол минь хүний гарт

Хоттой хонь шиг бэлчдэг

Тийм цаг байсан юм гэнэ лээ

Хорвоод бид олуулаа

Тэгшхэн сүрэглэж явсан юм гэнэ лээ

Хүмүүс та нар үрээ өхөөрдөхдөө

Янзагахан минь гэж энхрийлдэг бил үү

Хүн зээр хоёул адилхан л

Эмзэгхэн нялх үртэй бус уу.

Хөөрхий би – хар сүүлт

Хүн танаас эцсийн гуйлт:

Хурдан унааны өмнө хөл минь

Тавхан алхмын зайтай юм шүү

Хурц зэвсгийн өмнө амь минь

Ганцхан хормын настай юм шүү.

1990 он. Ханбогд сум

***

Говь гурван сайханд

Борооны маргааш өглөө ууландаа явах сайхан

Босоо босоо хаднаа манан гогцоорох нь сонихон

Хадны алтан хаг боронз түрхсэн мэт

Харцага, ёлын жигүүр гуранз үрэх адил

Толгой дээрээс сэхүүн янгир тургина

Хойлгийн хөлөөр цэнхэр асга шаргина

Ногоон арцны үнэр цээж дүүрнэ

Нойтон бор салхи ганзага зуурна

***

Сөл тасрах намар

Оорцог толгод цагаан хяруунд бөмбийгөөд

Оторчны гэр цаанаа уйтай бөртийгөөд

Ороо шарга цангаа шилгээн бөмбөлзөөд

Оронгүй хамхуул салхи зайдлан бөмбөрөөд

Тогтвор алдан хонь мал шавитнаад

Тогооны өрөм хуруу зузаан дарайгаад

Тэнүүн тал сөл тасран шаргалтаад

Тэнгэрийн хаяаг ээж минь үе үе саравчлаад...

***

Залуу цагийн шөнө

Гал шаргал ангир бүрдэн дунд ганганаастай

Гань галзуу хайр зүрхэн дунд асаастай

Гавар зандан салхи үс шанхаар наадаастай

Газрын нялх ногоо өндийж амжилгүй налаастай

Ухаангүй дурлалын амтанд хос зүрхэн согтуу

Уяран таалан жаргаад хоёр биендээ эгдүү

Залуу цагийн шөнө богино гэдэг дэндүү

Халуу шатсан хайрандаа бодол ухаан нь дэн дун.

 

 

Өнчин ангир

Өргөн нугын өвсөн толгой цайраад л

Өрхөн дээгүүр мөнгөн хяруу дарайгаад л

Шуурсан шар навчис үй зайгүй унаад л

Шувуудын зэл өмнө зүг хошуураад л

Өнчин ангир зайрмаг татсан цөөрөмд

Өдөө зулгаан өдөржин уйлаад л...

Ханийг нь хөнөөсөн нүгэлт эр гэтэл

Хаа нэгтээ инээгээд л явж байгаа даа

 

Ногтруут талын шөнө

Монголын минь хээр талын шөнө

Морины эрүүн доороос ногтруу дэрхийнэ

Дурр! дурр – дуугаа цэн цэнгээр шидлэн

Дулаахан бор агаарыг өрөмдөх мэт цойлно.

Мэлмэрсэн том сарны туяанд

Эмээлийн мөнгөн хяр цалсхийнэ

Ногтруу үргээсэн залуу цагийн болзоо

Номхон цагаан шөнийн зүүдийг сандаана.

***

Муу ёр

“Хүмүүс ээ, сонор соргог байгтун” (Юлиус Фучик)

 

Урьд шөнө би маш муухай

Ууж боломгүй хорт идээ шиг

Хавьтах аргагүй үхээрийн газар шиг

Харах аргагүй дүүжлүүрийн олс шиг

Аймшигт зүүдний хүлээсэнд тарчилж

Амь тавих шахдаг байна шүү.

...Цагаан хэрмийг даваад

Гэгээн хилийг минь гатлаад

Нүүдлийн олон царцаа

Нүүгэлтэж харанхуйлсаар

Буман хөл нь яралзаад

Түмэн өт шиг язганаад

Хилийн минь дээсийг

Хэрчиж мэрээд

Орсгой дорсгой шүд

Олзонд шунасан нүд!

Тэртээ үеийн Мин улсын цэрэг шиг

Тэр жилийн Чин гүрний цэрэг шиг

Ороод ирж байх юм.

Босгыг минь алхаж байх юм.

Айл гэрийн минь өрхийг

Авсны таг шиг бүтээх

Аймшигт муухай ийм зүүднээс

Амжиж сэрсэн минь яамай

Зэвүүн цөвүүн энэ явдал

Зүүд биш байсан бол яана аа!

Ээ хүмүүс ээ, сонор соргог байгтун!

Энэ ер нь нэг л муу ёр шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top