“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-аас санаачлан “Зууны 100 эмэгтэй” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын түүхэн хөгжил, цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан бахархалт эмэгтэйчүүдийг хойч үедээ таниулан сурталчлах, алдаршуулах зорилготой юм.
Төслийн хүрээнд 1921 оны Ардын хувьсгалаас хойш 2021 он хүртэлх 100 жилийн хугацаанд нийгмийн бүтээн байгуулалтыг манлайлан удирдаж, өнөөдрийн энх тайван нийгмийг цогцлоосон эрхэмсэг бөгөөд бахархалт, салбар бүртээ манлайлагч эмэгтэйчүүдийг тодруулж тэдний түүхийг олон нийтэд сурталчлан таниулж байгаа юм.
“Зууны 100 эмэгтэй” ном нь хоёр цуврал болж гарах бөгөөд эхний боть номын нээлтийн үйл ажиллагаа “Аз хур” номын дэлгүүрт болов.
Номын нээлтийн үеэр төслийн санаачлагч, “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд” хамтдаа ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал “Тухайн үед хорьхон настай, таван хэлээр чөлөөтэй ярьдаг, анхны эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч Пагмадуламаас авахуулаад “фронт” Бадам, “фронт” Цэгмэд, Түвдэнгийн Бор, Ардын жүжигчин Цогзолмаа, уртын дуучин Норовбанзад гээд нийт 50 бахархалт эмэгтэй уг номонд орсныг онцлов. Мөн номын нээлтэд Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу, Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилам, мөн эрүүлийг хамгаалахын сайдаар ажиллаж байсан Түмэндэмбэрэл агсны охид хүрэлцэн ирснийг танилцуулж, тэдэнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Номын зохиогч, ерөнхий редактор, сэтгүүлч Т.Бүдээхүү, номыг бүтээхэд архив, сонин хэвлэлээс баримт материал хайх, цуглуулах, мэдээлэл боловсруулах гээд цаг зав шаардсан ажлыг үзэг нэгт сэтгүүлч, нийтлэлчидтэйгээ хамтран хийснээ онцлов. Мөн XX зууны түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг асар их, тэд гэр бүл, үр хүүхдээ умартан зүтгэж байж шинэ Монгол улсыг бүтээсэн гэдгийг ном бүтээх явцдаа улам бүр ойлгож, мэдрэн, XX зууны эмэгтэйчүүдээр бахархах сэтгэл төрснөө хэллээ.
Номын зөвлөхөөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө ажилласан бөгөөд Монголын нийгмийн шинэ амьдралын замд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг асар их гэдгийг онцлов.
Мөн ЮНЕСКО, Монголын Жендэрийн үндэсний хороо номыг бүтээхэд дэмжлэг үзүүлж ажилласан байна. Тухайлбал, ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2019 онд хэрэгжсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлж эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь” төслийн үр дүнд энэхүү номыг дэмжсэн бөгөөд номонд багтсан эмэгтэйчүүдийн намтрыг Wikipedia-d оруулах ажлыг эхлүүлсэн хэмээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга онцлов. Үүнийг ЮНЕСКО-гийн WikiForwomen санаачлагад нэгдэн хийж байгаа аж.
Мөн “Зууны 100 эмэгтэй” төслийн удирдагчаар ажиллаж буй Г.Жаргалмаа төслийн хүрээнд 100 эмэгтэйн тухай баримтат кино хийх ажлыг BigOn студийн хамт олонтой хамтран эхлүүлээд байгааг мэдээлэв.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )