О.Ариунзаяа: Онц сурахаас илүүтэй хичээмтгий оюутнууд амжилт гаргадаг

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

 

АНУ-ын Бостоны их сургуулийг бизнес санхүү мэргэжлээр төгссөн, youtube суваг дээр 28,100 дагагчтай О.Ариунзаяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна


-АНУ-ын Бостоны Их Сургуулийг сонгож суралцах болсон шалтгаан тань юу вэ?

-Ахлах сургуулиа 2015 онд “American School of Ulaanbaatar”-д төгссөн. Ахлах сургууль маань Америкийн сургалтын системийн дагуу явдаг байсан нь надад маш их таалагдаж, Америк Улсад суралцах хүсэлтэй болж байсан юм.  Бостон хот бол дэлхийн шилдэг их сургуулиудаар хүрээлэгдсэн оюунлаг хот гэдгээрээ онцлог байдаг. Тэр дундаас Бостоны Их сургууль орчин болон сургалтын хувьд илүү их таалагдсан болохоор сонгож байсан.

-Яагаад Бизнесийн удирдлага мэргэжлийг сонгон суралцах болсон бэ?

-Би ахлах сургуульдаа маш олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг удирддаг байлаа. Сагс, волейбол, усан сэлэлт зэрэг спортоор хичээллэдэг байсан маань багийн ажиллагаа, хамт олны оролцоо ямар чухал гэдгийг надад зааж өгсөн.  Багийн спорт болон ганц хүний спортын ялгааг багаасаа ойлгож мэдсэн маань нарийн ур чадваруудыг эзэмшүүлсэн гэж боддог. Мөн олон нийтийн болон сайн дурын үйл ажиллагаанд их оролцдог байлаа. Ингэснээр өөрийнхөө төсөл удирдах, баг ахлах чадвараа олж мэдсэн. Хүн өөрийн чаддаг зүйлээ хийхдээ жаргалтай байдаг  шиг аливаа нэг төсөлд гар бие оролцох, удирдан зохион байгуулах нь сонирхол татаж, надад аз жаргал мэдрүүлдэг болохыг ойлгосон юм. Бизнесийн удирдлага мэргэжил миний давуу тал, сонирхолтой илүү нийцсэн. Хүмүүс бизнесийн удирдлага мэргэжлийг түгээмэл учир үнэ цэнийг нь мэддэггүй. Яг үнэндээ Америкт бизнесийн томоохон сургуульд сурсан бол үнэлж баршгүй боловсрол эзэмшсэн гэж үзэх бөгөөд зах зээл дээр өндөр байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү мэргэжлийг түгээмэл эсвэл сурахад хялбар гэсэн өрөөсгөл ойлголтыг засаж залруулах нь зүйтэй гэж бодож явдаг.

-Эх орондоо өөрийн хэлээр сурах болон гадаад оронд харь хэлээр сурах нь мэдээж ялгаатай. Таны хувьд  анх АНУ-д суралцахад хүндрэл бэрхшээл тулгарч байсан уу. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэж байсан бэ?

-Америкийн топ их сургуулиуд дунд нэр нөлөө бүхий болсон Бостоны их сургуульд Монгол Улсаас ирсэн Олон улсын сурагч байсан тул Америкт өсөж торнисон хүүхдүүдтэй харьцуулахад ихээхэн хоцрогдолтой байлаа. Гэхдээ ахлах сургуульдаа англи хэлний ярих болон бичих ур чадвараа сайн эзэмшсэн учраас хэлний тал дээр тийм ч их асуудал тулгараагүй. Харин тус улсын бодлого, тогтолцоо, бизнес, түүх зэрэг Америк оронтой холбоотой дотоод зүйлүүдийг мэддэггүй байсан нь надад хоцрогдол үүсгэсэн юм. Тиймээс бусад оюутнуудаас илүү их хичээж, гүйцэж авах шаардлагатай байлаа.Монголоос ирсэн гэдгээрээ намайг үнэлэх босгийг доогуур тавих учиргүй, тэдгээр оюутнуудтай эн тэнцүү жишигдэж харьцуулагдах болохоор хичээлээ сайн хийж онц дүнтэй байх нь нэн түрүүнд хийх анхдагч зүйлүүдийн нэг байсан юм. Хүмүүс арван жилдээ онц сурлагатай байсан сурагчид их сургуульд ороод амжилт гаргадаг гэж ярьдаг. Яг үнэндээ тийм биш байдаг. Их сургуульд онц сурахаас илүүтэйгээр, хичээдэг буюу сурч чаддаг оюутнууд амжилт гаргадаг. Энэ нь цагаа зөв зохистой төлөвлөх, сууж сурсан байх, харилцааны ур чадвартай, өөрт хэрэгтэй зүйлсийг чөлөөтэй асууж хийж чаддаг байх зэрэг нь чухал нөлөөтэй.

-Монголын болон Америкийн сургуулийн ялгаа юу байсан бэ?

-Америкийн шилдэг бизнесийн сургуулиуд хоорондоо өрсөлдөхөөс илүүтэйгээр босго өндөр эсвэл ойролцоо бусад сургуулиудтай ажлын байран дээр гарахдаа өрсөлддөг.Манайхан дотроо өрсөлдөж, нэгнийхээ дээр гарах хандлага харагдаад байдаг. Анх би энд ирээд бусад оюутнуудтай өрсөлдөх ёстой юм байна гэж боддог байлаа. Гэтэл эсрэгээрээ нэг сургуулийн хамт олон гэдэг утгаараа нэгнийгээ дэмжиж, зөвлөгөө өгч, тусалдаг. Энэ нь төгсөөд ажлын талбар дээр нэг сургуулийг төгссөн хамт олныг бүтээх зорилгоор бие биедээ ээлтэй байдаг болохыг анзаарсан юм. Харин өөрөөсөө мундаг, чадварлаг оюутнуудтай эн тэнцүү өрсөлдөж, цагаахан дайснаа гэж бодох нь маш ухаалаг, зөв өрсөлдөөн болохыг мэдэж авсан юм.

-Хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаанд оролцдог байв?

-Би хоёрдугаар курсдээ сургуулийнхаа оюутны холбоонд нэгдэж 16,000 гаруй залуусыг удирддаг чиглүүлэгчдийн нэг болсон. Энэ хугацаанд санхүүгийн төсөв хариуцах хороонд өөрөөсөө гадна дөрвөн оюутантай хамтарч 800 мянган долларын төсвийг баталж, зохицуулах үүрэг хариуцлагыг хүлээж байлаа. Бостоны их сургуулийн санхүүгийн клубд гишүүнээр элсэн жилийн дотор харилцаа хариуцсан дэд захирал болж байсан юм. Манай клуб өөрсдийн 500 мянган долларын санг удирдаж, хөрөнгө оруулалт хийн өсгөдөг байв. Миний хувьд клубдээ өөрийн бэлдсэн “Stock pitch” хувьцаа үнэлэх илтгэлээ  амжилттай тавин батлуулж, хувьцаагаа худалдан авч сандаа 25 мянган долларын хөрөнгө оруулалт нэмсэн. Энэхүү клубд элсэн орж, төлөөлөн удирдах зөвлөлд тэнцэж орох нь манай бизнесийн сургуулийн хувьд маш нэр хүндтэй хэрэг юм. Учир нь эдгээр хүүхдүүд дэлхийн шилдэг байгууллагуудад дадлага хийсэн, ажлын санал авсан оюутнууд байдаг.

-Оюутан насны тань хамгийн үр өгөөжтэй, нандин дурсамж тань юу вэ?

-Миний хувьд Бостон их сургуулийг төгсөх тийм ч амар даваа байгаагүй. Хичээл эрс хүндэрч, их хэцүү байсан. Эргээд дурсахад, сайн дүнтэй байх нь хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн анхдагч зүйл учраас би номын санд ихэнх цагаа өнгөрөөдөг байсан. Ээж минь бага байхаас л зугаа цэнгэл хүнд хэзээ ч оройтохгүй. Харин чин сэтгэлээсээ сурч, мэдлэг боловсрол эзэмших цаг хугацаа, эрч хүч хүнд үүрд байдаггүй юм гэж хэлдэг байсан. Үеийн залуус зав чөлөөгөөрөө цагийг зугаатай өнгөрүүлдэг байлаа. Харин би өөрийн эрч хүчээ сулруулахгүй, бусдаас нэг алхам урд явахын тулд тархиа цэнэглэхэд цаг зарцуулж шөнийн хоёр цагт номын сан хаах хүртэл суудаг байсан нь үр өгөөжтэй бас дурсамжтай байдаг.

-Амжилттай байна гэдэг нь цагаа хэрхэн төлөвлөж байгаатай уялдаатай байдаг. Харин цаг төлөвлөлт нь зорилгоос хамаардаг гэж та нэгэн бичлэгэндээ дурдсан байсан. Та цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?

-Ямар ч зорилгогүй хүн мянган цагаа төлөвлөсөн ч амжилт гаргах нь ховор. Хүн эхлээд өөрийнхөө зорилгыг тодорхойлж, чухал зүйлсээ эрэмбэлэх хэрэгтэй. Түүний дараагаар өөрт олгогдсон цаг хугацаагаа дарааллын дагуу хуваарилах ёстой. Миний хувьд америк улсад эзэмшсэн мэргэжлээрээ томоохон нэр бүхий компанид орох зорилготой байсан учир сайн дүнтэй байх, хичээлээс гадуурх сайн дурын ажлуудад оролцох, дадлага хийх гэх мэт зорилтуудын хүрээнд цагаа хэсэгчилж төлөвлөдөг байлаа. Цагаа хэсэгчилж төлөвлөх буюу том мөчлөг, дундаж мөчлөг жижиг мөчлөг гэх зэргээр улирал, сар, өдрөөр нь хуваавал илүү үр дүнтэй байдаг.

-Өөрийн тань хувьд дадлага хийхэд юуг илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ. Дадлагаас олж авсан, сурч мэдсэн туршлагаасаа хуваалцаач?

Аливаа нэг байгууллагад дадлага хийхэд ихээхэн хариуцлага хүлээж, өөрт олгогдсон боломжийг ашиглаж өрсөлдөх чадвартай байх ёстой.  Маш олон оюутан залуус жижиг байгууллагуудыг цайгаа зөөлгөж, санал хүлээж авдаггүй гэж үл тоомсорлодог. Хийж буй дадлагаасаа туршлага судалж, байгууллагадаа байр суурь эзлэх нь өөрөөс  шалтгаалах зүйл. Зуны дадлагаа “Cue Ball Capital” байгууллагад хийж байхад надад хөрөнгө оруулалтын талаар мэдлэг бага байсан. Надтай цуг дадлага хийж байсан оюутнууд Харвардын их сургуулийн магистрын, туршлагатай оюутан ах эгч нар байлаа. Гэхдээ эдгээр оюутнуудаас сонгогдож ганцаараа ажлын санал авсан нь надад олдсон том амжилт байв. Би өөрийгөө хамгийн ухаантай нь байсан гэж хэлэхгүй ч хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээж, шинийг сурах хүсэл тэмүүлэлтэй байсан. Захирлуудад миний хамгийн таалагдсан зан чанар бол өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрч, үргэлж сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байдаг хандлага гэж хэлж байсан. Бүгдийг мэдэгч болж суухаас илүүтэй мэдэхгүй ч санаачилгатайгаар сурч, хичээж, заалгуулж, хүний арга эвийг олж чаддаг байх нь чухал.

-Оюутан, сурагчдын хувьд шалгалт гэдэг бол хамгийн чухал даваа байдаг. Удахгүй ЭЕШ-аа өгөх гэж буй сурагч нарт шалгалтандаа хэрхэн бэлддэг талаараа хуваалцаач?

-Амжилттай шалгалт өгнө гэдэг нь тодорхой чадваруудыг эзэмшиж, хичээж чаддаг байх ёстой. Жишээ нь шалгалтад бэлдэх төлөвлөгөө гаргаж, урт хугацааны өмнөөс бэлдэх ёстой. Өөрөөр хэлбэл том давааны ард гарахын тулд эртнээс алхаж байх хэрэгтэй гэсэн үг. Хичээл дээрээ үзсэн материалуудаа эхнээс нь давтаж, дасгал ажлуудыг хийх нь чухал. Шалгалтаа амжилттай өгөхөд сэтгэн бодох ба бичих хурд ихээхэн нөлөөлдөг. Тиймээс ур чадвараа хөгжүүлж, цагаа төлөвлөж байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top