Саналын гортигт ЭХ ОРОН минь багтдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Бага байхад аав, ээж хоёр минь ургахын улаан нарнаар сонгуулиа өгнө гээд л гоёлын дээлээ өмсөөд, одон тэмдгээ зүүгээд л ёслол төгөлдөр явдаг сан. Хүүхдүүдээ нас биед хүрмэгц энэ хүндэтгэлт эрхийг нь эдлүүлэхээр мөн л гоёж гангалаад хөтлөөд гарна даа. Би 18 нас хүрлээ. Ээжийнхээ оёж өгсөн саатай торгон дээлээр гангарч наадамд явах гэж байгаа юм шиг л догдлов. Тэр цагаас хойш аав, ээж хоёрыгоо дагаад сонгууль өгсөн дөө.

Сонгуулийн өдөр цаанаа нэг хүндлэл төрөм, ийм сайхан байдаг. Би чинь Монгол Улсын иргэн шүү дээ гэх бахархал огшоод ирнэ. Монгол дээлээ өмсөөд сонгууль өгөх байр руу толгой дээгүүр алхана шүү дээ. Төрөө түшилцэх эрхмүүдийг сонгоно гэдэг чухал мөчид миний нэг санал ямар үнэ цэнэтэй билээ гээд бодохоор бодол тэгшрээд, ухаан цэгцрээд ирнэ. Таны санал зөвхөн өөрийн гэсэн итгэл үнэмшил дор дугуйлагдах ёстой. Тэр л гортигт эх орон минь багтаж байгаа гэж бодохоор санал өгөх цаас хүртэл утга учиртай.

Сонгуулиа өгчихсөн хүмүүс нэг л том ажил бүтээчихсэн мэт царай нь гэрэлтэй, сэтгэл нь дүүрэн болдог доо...

Top