Ардчилсан чиг баримжаатай болсноос хойш найм дахь сонгууль болж өнгөрлөө. Найм дахь сонгуульд эрх баригчид дахин ялалт байгуулж ирэх дөрвөн жил засаглахаар болов. Энэ жилийн сонгууль олон талаараа өнгөрсөн долоон сонгуулиас ялгагдахаар байлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын сүүдэр дор, зарим нэр дэвшигчдээ торны цаана суулгачихаад, 600 гаруй нэр дэвшигч өөр хоорондоо өрсөлдөв. 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн үлгэрээр эрх баригчид 62 суудал авч үнэмлэхүй олонх боллоо. Хэдийгээр сөрөг хүчин Ардчилсан нам өмнөх сонгуулийн суудлаа хоёроор ахиулсан ч олон нийт гайхаж хүлээж авав. Сошиал хуудсаар идэвхтэй байсан Зөв хүн-Электорат эвслээс нэг, Та бидний эвслээс нэг төлөөлөл шинэ парламентад суухаар боллоо. Хамгийн тод нэг дүр байсан ч үзэл бодлын хувьд хуучин намынхантайгаа сөргөлдөж улмаар бие дааж өрсөлдсөн Н.Алтанхуяг Эрдэнэтэд ялалт байгуулж саарал ордонд орж ирэхээр болов.
Зураглал 1:
Лидер, лидер!
Хоёр намын лидер тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Нэг нь нийтийн өмнө ил гарч багаар нь дэмжихийг уриалж 21 аймгийг итгэл, тэмүүлэлтэйгээр тойрсон бол нөгөө намын лидер нь тойрогтоо гарчих мөрөөдөлтэйгөөр гарман дээр цулбуураа өөр нэгэнд атгуулах мэдэгдэл хийж, энэ сонгуульд өрсөлдөв. Энэ сонгуульд эрх баригчид 62 суудал авсан нь ерөөс У.Хүрэлсүх гэх эрхэмтэй салшгүй холбоотой байсан юм. Муу хэлж, модоор цохиж, попчин сайд гэж цоллуулдаг ч эрх баригчдын гол имиж нь тэр байлаа. Сонгуулийн өмнө улстөрчдийн чансаа тогтоох судалгаагаар өнгөлж байсан нь ийнхүү сонгуулийн үр дүнгээр батлагдав.
Улс төрийн тактикийн хувьд У.Хүрэлсүх багаар нь дэмжиж, хийсэн ажлаа дуусгахыг ард түмнээс хүссэн. Энэ бол маш оновчтой тактик байсан. Нөгөө намын лидерээсээ нэр хүндийн хувьд өндөр байгаа гэдгийг ашиглан намаа олонх болгох санаа нь супер. Өрсөлдөгчид нь “гуя дагаж хүзүү”, “багцлах бус сорчильё” гэж байсан ч нэгэнт имиж болчихсон У.Хүрэлсүхийг сонгогчид дагаж. Шударга ёсны төлөөх тэмцэл гэх зэрэг уран чамин үг нь эцэстээ эхлүүлсэн ажлаа дуусгахад чиглэгдсэн нь энэ байлаа.
Монгол төрийн хоёр багана бол хүссэн ч, эс хүссэн ч Ардчилсан нам болон Ардын нам. Ардчилсан намын хувьд лидер хайсаар сүүлийн дөрвөн сонгуулийг үдлээ. Тэртээ тэргүй олон намын нэгдэл гэдэг ч энэ намд олон сумыг багцлах хүчтэй лидер үгүйлэгдэж байгааг энэ удаагийн сонгууль батлав. Улс төрийн үзэл баримтлал, бодлын олон эсрэгцэлтэй энэ нам хэрэв хүчтэй лидертэй, оновчтой бодлоготой байсан бол олонх болох боломж бүрэн байв. Нөгөөтээгүүр сонгуулийн өмнөхөн нүүр царай болж оройлж байсан хэд нь гарч ороод буйр сэлгэсэн нь олон нийтэд буруу өнцгөөр харагдсан. Дотроо хагаралтай нам төрийг засаглаж чадах уу гэж. Тэртээ тэргүй эргэлзээтэй байсан олон нийтэд бас нэг эргэлзээ төрүүлсэн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэвшүүлж байгааг зарласан явдав. Р.Амаржаргал хүртэл өөрөө цочсон энэ асуудал сонгуулийн үр дүнг ч “цочоож” орхилоо. Хэрэв энэ мэдэгдэлгүй байсан бол Ардчилсан намд дахиад 10 гаруй суудал байсан гэдгийг санал хураалтаас харж болохоор байна.
Зураглал 2:
“Шинэ” хүмүүс
Олон нийт сошиал орчинд МАН-ыг сонголоо гэж үү гээд янз бүрийн өнгөтэй пост оруулж байна. Бухимдлаа сошиалоор тайлж байх хооронд бүгдээрээ шинээр гишүүн болсон хүмүүсийг нэг харцгаая, ихэнх нь залуучууд байлаа. Насаараа залуу биш юм аа гэхэд саарал ордонд шинэковууд маш их харагдах болов. Ялангуяа эрх баригч Ардын нам хашир бурхинуудаа бүгдийг нь үлдээж байгаад шинэ хүмүүстэй сонгуульд оролцсон. Нэгэн цагт агаарын бохирдлын уриа байсан “Хүчээ нэгтгэе” уриа нь намын даргынх нь “багаар нь сонгоё” үгтэй нь ийнхүү хавсраад шинэковууд нь ч итгэлийг нь алдсангүй.
Ардчилсан намыг харахад нэр дэвшилт тийм ч оновчтой байгаагүй. Тэртээ тэргүй олон нийтийн дургүй бүлэглэлүүдийн “сэтэртэй” нэр дэвшигчдийг хөзөр тарааж буй мэт тараан байршуулсан нь намын дэмжигчдийнх нь ч дургүйг хүргэсэн. Нөгөө талаараа зарим тойрогт аманд өгч буй мэт нэр дэвшигчдийг явуулсан нь цөөхөн суудал авах нэг шалтгаан боллоо.
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Эрх баригчид үүнийг мэдэж байсан. Нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй ч шинэ царай, салбартаа танигдсан эрхмүүдийг сойсон нь тактикын хувьд оновчтой байв. Гэтэл Ардчилсан намд шинэ гэх хүмүүс байсан ч салбартаа танигдаагүй олон хүнийг нэр хүндтэй улстөрчдийн аманд өгсөн нь тактикын хувьд бас нэг алдаа болсон.
Зураглал 3:
Стратегигүй тулаан
Яг цэвэр улс төрийн стратеги, бодлого зэргээр нь харвал эрх баригч намд ч, сөрөг хүчинд ч стратеги байгаагүй. Гэхдээ арай дөнгүүр байсан нь Ардын нам байлаа. Гурван ч сонгуулиар нийтэд танигдаж шүдэнз зурсан Амарсайханаар шүдэнз зуруулсан нь ихэнх сонгогчдын дурсамжийг нь хөндсөн байж болох юм. Нөгөө талд Ардчилсан нам шүдэнзийнх нь оронд бамбар асааж, авцалдаагүй хэдэн үгээр шүлэглэх гэж оролдсон нь Ардын намын тактикт өөрөө давхиад орсноос өөрцгүй мэт болов. Эв хавгүй мөртүүд, яльгүй шахсан хоолой нь ард түмний дунд ялгагдах зүйл болж өгсөнгүй.
Ардын намын хувьд урд байгаа өрсөлдөгч Монгол Улсын нөхцөл байдал. Коронавируст халдварыг хохирол багатай даван туулах, үүсэж болзошгүй эдийн засгийн хямралыг хурдан хугацаанд гэтэлгэх гэж ойлгуулж энэ талаар ухуулж таниулж ирсэн. Харин өрсөлдөгч Ардчилсан нам өрсөлдөгчөө цоллож “У.Хүрэлсүхийн 76 хар жагсаалт” гэх мэтчилэн нэвтрүүлэг хийсэн нь өрсөлдөгчөө харлуулж өөрсдөө тодрох стратеги байсан. Гэвч энэ нь тийм ч амжилттай болоогүй. Өмнөд Солонгост болсон сонгуулийг хараад байхад өрсөлдөгч нь мөн адил асуудлаа амлан авч нөгөө намаа харлуулахгүй өрсөлдөж байлаа. Харин Ардчилсан нам жирийн үед өрсөлдөж байгаа мэт аанай л өрсөлдөгчөө харлуулах тактик ашиглав. Тэртээ тэргүй лидерийн нэр хүндгүй байгаа энэ намыг ухаалаг стратегиар удирдан чиглүүлсэн бол олонхын дэмжлэгийг ч авч болохоор байлаа.
Нөгөө талаас нь харвал Ардчилсан нам мордохын хазгай гэгч нь болсон. Сонгууль эхлэхээс өмнө нэр дэвшигчдээс 100 сая төгрөг авна гэсэн нь суудлаа наймаалцаж буй мэт харагдах сэдэл болсон юм. Хэдийгээр ардчилсан улс болгонд сонгуулийн өмнө тодорхой хэмжээний санхүүгийн босго тогтоодог ч энэ удаад Ардчилсан намын шийдвэр арай эртэдсэн явдал байлаа. Эртэдсэн учраас цаад санааг нь ойлголгүй албан тушаал наймаалцдаг мэт харагдаж эхэлсэн.
Зураглал 4:
Асуудал, асуудал
Ний нуугүй хэлэхэд коронавирус дэгдээгүй бол ЖДҮ-чин гэж цоллуулаад, концесчин гэж матуулаад эрх баригчид ацан шалаанд орох байлаа. Гэвч тэгсэнгүй. Он гарснаас хойш коронавируст халдварыг дотооддоо алдахгүй барьж, улмаар өндөржүүлсэн бэлэн байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нь олон улсын хэвлэлүүдээр магтан сайшаасан нь олон нийтийн санаа бодлыг эргүүлж орхив. Асуудлыг тэд амлаж аваад бидэнд үүнийг давах төлөвлөгөө байгаа гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Нөгөө талд Ардчилсан нам асуудлыг бус намыг нь амлан авч тактикын ноцтой алдаа гаргасан. Коронавирусээс шалтгаалсан эдийн засгийг аврах төлөвлөгөө байгаагаа, үүнийг давж гарах потенциал Ардчилсан намд байгааг, нийт нэр дэвшигчид хамтаараа энэ асуудлын ард гарч чадна гэдгээ олон нийтэд харуулж чадсангүй. Ямарсайндаа “Хэрэв сонгуульд ялвал С.Эрдэнэ бус Р.Амаржаргал болно” гэж зарлаад олон нийтийн дургүйцлийг төрүүлж байхав. Ардчилсан намынхан цаад санаандаа эдийн засгийн мэдлэгтэй улстөрчийг дэвшүүлж байна гэж санаж сэрсэн байж болох ч тэртээ тэргүй нэр хүндгүй байсан Ардчилсан намыг мэхэндээ ойчих нэг том шалтгаан болсон. Ийнхүү коронавирус нэгэнд нь ялалт, нөгөөд нь ялагдал авчирсан нь энэ. Гэхдээ баярлах болоогүй шинэ парламент Монголын хувь заяаг шийднэ.
Зураглал 5:
Үе солигдож байна
Монголын улс төрд хүссэн хүсээгүй үе солигдож байгааг энэ сонгуулиар харж болохоор байв. Нэр дэвшигчдийг харвал ихэнх нь залуу байсан. Энэ нь олон нийт “шинэ юм” хүсээд байгаагийн нэг том илрэл байсан юм. Нөгөө л тавлига лугаа болсон Ц.Нямдорж, Н.Лүндээжанцан, З.Энхболд зэрэг харж дадсан “туршлагатай” гэж өөрсдийгөө зөвтгөдөг улс төрчид энэ сонгуулиар олонхын дэмжлэг авч чадсангүй. Оронд нь илүү залуу улстөрчид гараад ирэх нь тэр. Ер нь яваандаа хөгшин бурхинууд “саарал ордонд” зайгүй болсны нэг цондон нь энэ болов. Тэгэхээр хоёр том намд нэг асуудал гарч ирнэ. Ямар залуусаар эгнээгээ тэлэх вэ гэдэг асуудал. Чадалтай боловсон хүчин аль, аль талд нь хэрэгтэй байгаа. Мөнгөний ч, тархины ч бядтай хэн нэгэн байхгүй бол үе солигдож байгаа улс төрд тэсэж үлдэнэ гэдэг бэрх. Өнөөгийн сонгуульд ялагдаад байгаа энэ олон залуус дөрвөн жилийн дараа уяа нь чангараад, бодол нь цэгцрээд ороод ирнэ. Магадгүй тэр үед сонгуулийн дүр зураг ондоо гарч мэдэх юм.
Шинэ цаг ирж буйг энэ удаагийн сонгууль нэгэнт дохиолсон болохоор хоёр том нам боловсон хүчний эрэлд гарах нь тодорхой. Хүчтэй өрсөлдөгчид нь ч мөн адил илүү боловсролтой залуусаар эгнээгээ зузаатгах болсон нь энэ. Үүнийг илтгэх мэт өчигдөр /2020.06.25/ Ардчилсан намынхан удирдлагуудаа огцрохыг шаардан, нэн даруй шинэчлэхийг намынхаа байрны өмнө мэдэгдэв. Хоёр сонгууль дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан намын залуус энэ удаад зүгээр суусангүй. Тэд намын үндсэн дүрэмд заасны дагуу удирдлагуудаа оцгрохыг шаардан шинэчилсэн зохион байгуулалт хийхийг уриалж шаардлага хүргүүллээ. Одоо аль хэдийнээ түр хороо байгуулаад удирдлагаа солихоор ажилдаа орсон.
Сэтгэгдэл ( 5 )
АН сонгуульд ялагдаад зогсохгүй нам гэдэг утгаа алдлаа. Энэ бол Эрдэнэ Элбэгдорж Эрдэнэбат Энхболд нарын үйл ажиллагаатай шууд холөоотой. Залуучууд нь нэгийг бодож буй биз дээ.
Olon saixan zaluuchuud uls ornoo xegjyylex shudarga esiig togtoox gej ix xurald bie daan neree devshyylsen baisan Xaramsaltai ni manai ulsad byx zyil luivar bolson baina
Бие даагчдыг үнэхээр луйвардсан бол энэ нь бүх сонгуулийн дүн буруу гарсан гэсэн үг, тэгвэл энэ нь цаанаасаа ард түмнийг оролцуулсан зохион байгуулалттай жүжиг байсан байна, тэгвэл энэ нь ямар луйварчид дахиад төрийн өндөрлөгт гарсан нь ойлгомжтой
Яг голыг нь олоод сайхан бичсэн байна стгүүлчээ. Амжилт хүсье
Яг голыг нь олоод сайхан бичсэн байна стгүүлчээ. Амжилт хүсье