Японы “AnGes Inc” эмийн үйлдвэр Осакагийн их сургуулийн эмнэлэгт тус улсын анхны коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг хүн дээр хийж эхэлжээ.
NHK сувгийн мэдээлснээр, туршилтын эхний шатанд сайн дурын үндсэн дээр 20-30 эмнэлгийн ажилтан хамрагдах аж. Вакцины шаардлагатай тунг тодорхойлох зорилгоор вакциныг янз бүрийн тунгаар хийх гэнэ. Вакцины үйлчилгээ батлагдаж, сөрөг нөлөө гарахгүй тохиолдолд дараагийн шатны туршилтыг ирэх намар гэхэд эхлүүлэх бөгөөд тэр үед эмнэлгийн өвчтөнүүдээс 400 сайн дурын хүнийг хамруулахаар төлөвлөжээ.
“AnGes Inc” компани 2021 оны долоодугаар сарын 31-нээс өмнө вакцины эмнэлзүйн туршилтыг хүн дээр хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус компани нийт 30 туршилт явуулахаас 15 нь бага тунгаар, үлдсэн нь их тунгаар хэрэглэх гэнэ. Ингэхдээ вакциныг хоёр долоо хоногт нэг удаа тарих аж.
Хүн дээр туршихаас өмнө тус вакциныг хулгана дээр туршсан бөгөөд туршилт амжилттай болж, хулгануудад эсрэг биет үүсжээ.
Одоогийн байдлаар дэлхий дахинд арав гаруй төрлийн вакцины эмнэлзүйн туршилт явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )