Өмнөх засгийн дүн | Гурван МУУ сайд

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Найм дахь удаагийн сонгуулиар шинэ парламент бүрэлдэв. Шинэ парламентын гишүүд өчигдөр тангарагаа өргөж бүрэн эрхээ эдлэхээр болсон. Хэдийгээр шинэ дүрүүд их байгаа ч өмнөх парламентад багтаж, сайдын сэнтийд заларсан хэд, хэдэн хүн дахин сонгогдлоо. Сайд болохоо битүүхэн хүсэн мөрөөдөж буй гишүүд ч тэдэн дунд бий. Гэхдээ тэдний хүсэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хумигдана. Хэрэгжиж эхлээд сарын хугацааг үдэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт УИХ-ын гишүүдийн дөрөв хүртэлх төлөөлөл багтаж болно гэж заасан. Үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчид сонгуулийн кампанит ажлынхаа гол мессежийг “Хүчээ нэгтгэе” гэж тодорхойлоод багаар нь дэмжихийг уриалсан тул нийгэмд ч өмнөх сайд нар кабинетдаа үлдэнэ гэсэн бодол байх шиг байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар тийм ч муу байгаагүй, бүр гялайж гялтайхаар сайн байгаагүй. Гэхдээ олон улсын зах зээлд гарна гэсэн амлалтдаа гүйцэгдсэн уул уурхайн сайдтай, ямааны ноосонд мөнгө тушаана гэж амлаад аймаг, аймгаар нь ноосыг ангилан ялгасан хөдөө аж ахуйн сайдтай, арав илүү жил там болсон замаа засаж чадаагүй зам тээврийн сайдтай, тамхины наймаа ч даамжраад хар тамхины наймаа болж “түвшин” ахисан гадаад яамны сайдтай байж үзэв.

Амлалтдаа гүйцэгдсэн сайд

“Эрдэнэс-Тавантолгой” олон улсын зах зээлд гарна. Энэ мессеж бүтэн хоёр жил саарал ордноос халиад дэлхийн санхүүгийн зах зээлд хадав. Даанч энэ мессеж бодит утгаа олсонгүй. Бодит утгаа олохоос өмнө салбарын сайд Д.Сумъяабазар олон улсын зах зээлд гаргах процесс дээр битгий улстөржөөд бай, сонгуулийн өмнө гарна гэж удаа дараалан мэдэгдсэн ч хэрэгжихгүйгээр УИХ-д улирчихаад байна.

Сонгуулийн чимээ наашилж байхад буюу 2018 оны зун УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар 73 дугаар тогтоол баталсан юм. Энэ бол 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдөр байлаа. Яг хоёр жилийн өмнө. Мөн Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах, IPO богсох шийдвэр гаргасан юм. Мэдээж хэрэг олон улсын зах зээл дээр гарах учраас одоо ч “1072” маань амь орох нь гэж олон нийт бодож эхэллээ. Төрийн зүгээс ч Канад, Нью-Йорк, Хонконг, Лондон зэрэг санхүүгийн хамгийн нэр хүндтэй дөрвөн газарт гарахаар төлөвлөж байлаа. Гэвч эцсийн дүндээ Хонконгийн хөрөнгийн биржийг зорихоор болсон. Биднийг мөрөөдлийнхөө дуудлагаар Хонконгийг сонгож байх хооронд Хонконгийн дотоодод олныг хамарсан бослого, үймээн дэгдээх болов. Хамгийн хоржоонтой нь хоёр жил дараалж жагсаал цуглаан гарсан тул Хонконгийн санхүүгийн төвийг өөр хот руу шилжүүлэх болсон тухай БНХАУ-ын засаг захиргаа зарлах нь тэр. Гэвч бид Хонконгийн зах зээлд гарахдаа гурван тэрбэм орчим ам.долларыг босгоно гэж таамаглаж байлаа. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлага “Зиндаа” сэтгүүлийн 2019 оны №13 дугаарт өгсөн ярилцлагадаа “2019 оны зургаадугаар сард багтан гаднын зах зээлд гарна” гэж таамаглаж байгаагаа хуваалцсан юм. Төрийн сайд нь ч хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзахдаа мөн л ийм цаг хугацаа ярьж байсан. Анхны тогтоол батлагдсанаас жилийн дараа 2019 оны долоодугаар сард “Эрдэнэс-Тавантолгой”-н олон улсын зах зээлд гарах төлөвлөгөө хойшилж байгаа тухай мэдээлэл цацагдах болж улмаар 2019 оны аравдугаар сард энэ мэдээлэл баталгаажсан. Үүнээс гадна “Эрдэнэс-Тавантолгой”-н ноогдол ашиг тараах амлалт ч талаар болсон 2020 оны тавдугаар сарын 01-нээс тарааж эхэлнэ гэсэн ч УИХ нь үндсээрээ солигдчихоод шинэ сайд нар “кабинет”-аа мөрөөдөөд сууж байхад энэ амлалт нь мөн л хэргэжсэнгүй.

Гурван жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгох энэ том салбар ийнхүү амлалтдаа гүйцэгдсээр өдийтэй золгосон. Толгойлсон сайд нь амлалтдаа гүйцэгдэж байх хооронд дэлхий дахиныг цар тахлын сүүдэр нөмөрч, эдийн засаг хямрах дохиогоо өгсөөр байна. Түүхийн эдийн ханш ч сүүлийн хоёр жилд байгаагүй өндөр хэлбэлзэлтэй хэвээр. Гэтэл манай эдийн засаг уул уурхайгаасаа 70 хувь хамаат, эдийн засагт уул уурхайгаас өөр гялтайх салбар үгүй салбарынхаа тэгш ойг угтах гэж байна.

Дарханы замыг “дархалсан” сайд

"Дарханы замаар явмар". Энэ бол сүүлд гарсан шинэ хараал. Олон жил засагдахаа хүлээн нидрүүлэг мэт торойсоор байсан энэ зам шинэ парламентын өнгөн дээр ч засагдахгүй хэвээр. Ямар сайндаа Дарханаас сонгогдсон шинэ гишүүн нь “Дарханы зам дээр төвлөрч ажиллана” гэж мэдэгдэж байхав. Нэг гишүүн бүү хэл салбараа тэргүүлсэн сайд нь хүчрээгүй энэ зам ойрын жилүүдэд хэвийн болно гэж таамаглахад бэрх. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн муу хийсэн ажил бол яах аргагүй Дарханы зам. Уг нь төлөвлөгөө ёсоор энэ сард бид Дарханы замаа шинээр хүлээж авах ёстой байв. Гэтэл 2020 оны нэгдүгээр сард Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан зургаадугаар сард ашиглалтад орохгүй ч замын хучилт бүрэн хийгдэнэ гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр хучилт нь ч одоо алга. Азийн хөгжлийн банкны санхүүжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил таван багц ажлаас бүрдэж байгаа юм. Эхний багц нь баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот даваа ар хүртэлх 37.26 км авто зам, хоёр дахь багц нь Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам, гурав дахь нь Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.7 км, дөрөв дахь нь Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км, тав дахь нь Цайдамын хөндийгөөс Дархан тойрог хүртэлх 30.5 км авто замын ажил байгаа билээ. Санхүүжилт нь Азийн хөгжлийн банк учраас бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд дуусгах зорилгоор ийнхүү багцалсан нь энэ. Багц ажлуудын төлөвлөгөөг 2018 оны есдүгээр сард гаргасан байдаг. Олон улсын зах зээлд гаргана гэдэг тогтоолыг УИХ баталсан тэр жилд нь Дарханы замыг барих ажлыг төлөвлөж байв.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед Монгол Улсад дархын замыг бүтээн байгуулах зорилгоор Хятад ажилчдыг авчрах тухай ярихад “эх орончид” эх орноо сүйрүүлэхгүй гэж цахим орчинд шүлсээ үсчүүлэх болов. Засгийн хуралдааны дараа индэр дээр зоригтой байсан салбарын сайд цахим орчны мэдээллийн дараа хятад ажилчдыг оруулж ирхээргүй болж шийдвэрлэсэн билээ. Харин монголчууд бид өөрсдөө ашиглалтад оруулж чадсангүй. Нөгөө олон багц ажлаас өм, цөм ашиглалтад орууллаа гэхэд бусад багц нь ашиглалтад орж чадахгүй гэдгийг зам барилгын ажил гүйцэтгэлд хяналт тавьж буй “Ай Си Ти” консалтинг компанийн зөвлөх С.Очирбат хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдаж байв. Харин одоо зам нь ашиглалтад ороогүй ч Зам тээврийн сайдаар ажиллаж байсан улстөрч нь дахин сонгогдчихоод сууж байна.

Түвшин “ахиулсан” сайд

“Монголын дипломатчид угаасаа тамхи зөөдгөөрөө алдартай”. Энэ бол мөхөс миний үг бус Английн алдарт “Guardian” сонины сэтгүүлчийн цоллосон үг. Ялангуяа пост коммунист орны дипломат алба ийм төрлийн наймаа хийдэг гэдгийг онцлоход Монгол Улс толгой цохиж байсан юм. Гэтэл тамхи зөөдөг байсан дипломат алба хар тамхи наймаалж зөөдөг болов. Хэдэн боодол бус хэдэн арван кг-аар яригдах хар тамхи зөөж эхнээсээ ял сонсож байна. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдав. Учир нь тус улсад холбогдох шатны зөвшөөрөл аваагүй дипломат дугаартай машинд үзлэг хийхэд 70 кг хар тамхи илэрчээ. Шалгалтын явцад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх хар тамхи илрүүлсэн юм. Тар даруй саатуулагдаж шүүх хурал нь долоон сар үргэлжилсний эцэст тэдэнд тус бүрд нь 11 жилийн хорих ял оноосон билээ. Үүнтэй адил хэрэг 2018 онд болж байлаа. Бас л Герман улсад. Энэ мэтчилэн дипломат албаны нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унах болов. Энэ ямар мессежийг барууны орнуудад үлдээсэн бэ гэвэл Монгол л бол дипломат албаных байсан ч хамаагүй сайтар шалга гэх ойлголт. Энэ зөвхөн дипломат албаар тогтохгүй Монгол Улсын нэр хүндийг, монгол иргэдийн нэр төрийг уландаа гишгэсэн хэрэг. Нөгөөтээгүүр манай улс төр хөөсөн хэсэг улстөрчид нас дээр гараад ирмэгцээ амралтад амрах гэж байгаа мэт бэлэглэлийн журмаар олгодог. Мэргэжсэн дипломатч гэдгийг нь тэд огт хардаггүй. Улс төрийн карьер нь дуусаад ирэхийн цагт бэлэглэлийн журмаар олгодог учраас дипломат ёсоо дипломат албаны нэр хүндээ ойлгохгүй байгаа хэрэг.

Түүнчлэн гадаадад нэр хүндээ алдаж байгаагаас гадна дотооддоо ч нэр хүндээ алдсаар байна. Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал “Zindaa” цахим хуудаст өгсөн ярилцлагадаа “Монголын улстөрчид дипломат ёсыг удаа дараа зөрчсөөр ирсэн” гэж мэдэгдэж байхав. Тэр ч бүү хэл төрийн бус байгууллагын тэргүүн нь хүртэл тусгаар улсын Элчин сайдыг гурав илүү сар хүлээлгэсэн гэдгийг учирлаж байлаа. Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс гүрнүүдээ ийнхүү дотооддоо нэр хүндийг нь алдаад байхад цаашид хэрхэх вэ гэдэг нь эргэлзээтэй.

*    *    * 

Энэ бол ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн хамгийн муу гурав нь. Зарим хүн Д.Цогтбаатар ямар хар тамхи зөөлгөсөн биш гэж өмөөрч болох л доо. Гэхдээ улстөрч хүний хариуцлага гэж нэг зүйл бий. Муу цэрэг гэж байдаггүй муу жанжин л гэж бий гэх үг бас бий. Япон улсад сонгуулийнхаа кампанит ажлаар өөрийнхөө нэртэй дэвүүр тараасан амбан захирагч уучлал гуйгаад огцорч байв. Итали улсад 1980-аад онд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд Хууль зүйн сайд нь өөрийнхөө хүсэлтээр огцорч байв. Энэ бол улс төрийн албан тушаал хашаад, яам ахалж буй хүний хүлээх ёстой хариуцлага. Сайд гэдэг бол зүгээр л суудал бөглөж суудаг намын төлөөний хүн биш. Улс эх орны ирээдүйн хөгжлийг тодорхойлж зураад түүнийг нь хэрэгжүүлж буй кабинетын бүрэн эрхт гишүүн нь. Товчхондоо тэд хийж чадахгүй бол өөр хэн хийнэ гэж...

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.141.188) 2020 оны 07 сарын 01

ГУРВУУЛАА ДАХИАД САЙД БОЛНО. МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ГЭЖ НЭГ ЮМ БАЙХ ЁСТОЙ ГЭВЧ БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШИГ Л БАЙГАА БОЛОЛТОЙ. НАЙМАЛЦАНА ЗӨВШИЛЦӨЛД ХҮРНЭ. УЛСЫН ЭРХ АШИГ ЭРЭМБЭЭРЭЭ ТЭР ХҮРЭЭНД ОРЖ БАЙНА УУ,ГАДУУР ҮЛДЭХ ҮҮ? БҮҮ МЭД

0  |  0
Ж(59.153.114.240) 2020 оны 07 сарын 01

Дээр нь Даваасүрэн гэж ЭХЯ-ыг салбарыг тэр чигээр самарчихсан нэг пад хар нөхөр байна. Ёстой хүний урманд ганц ажил хийсэнгүй . Намараас УБ цахилгааны хязгаарлалтад орж болзошгүй

0  |  0
Top