Lead: Тоглогч гэдгийг олон утгаар ойлгож, орчуулж болдог. Хожил байгуулахын төлөө тэмцэж буй хүн бүрийг тоглогч хэмээн цоллож болно. Тоглогч улмаар гол тоглогч болон цолгорч, цаашлаад тоглоомын хувь заяаг шийдэх нь бий. Улс төр бол тоглоом. Улстөрч бүр тоглогч. Сайн тоглогчтой баг л хождог.
УДИРДАГЧГҮЙ УЛСЫН ЗОВЛОН
-Та олны өмнө гараад уран сайхан ярих хэрэгтэй байна.
-Уучлаарай, яах гэж?
-Ард түмэнд жинхэнэ удирдагч хэрэгтэй. Жинхэнэ удирдагч байхгүй үед ард түмэн микрофон барьсан хүн бүрийг хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Ард түмэн удирдагчаар цангасандаа зэрэглээний араас гүйж, ус гэж андууран элс сорох болно.
-Уран илтгэдэг хүн бүр удирдагч байх албагүй. Ард түмэн цангасандаа элс сорж байгаа юм биш. Харин тэдэнд ус, элс хоёрын ялгааг хэлж өгөх хүн байхгүй байгаа юм.
Энэ бол “Пентагон” гэх Америк кинонд гардаг диалог. Сонгуулийн санал хураалтын өмнөхөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон түүний PR менежер хоёрын хооронд өрнөдөг харилцан яриа юм. Энд яагаад ч юм, бидний тухай, Монголын минь тухай яриад байх шиг танил сонсогдсон тул сэртэсхийн чагнаж билээ. Үнэхээр ч Монголын өнөөгийн дүр байдал, удирдагчийн тухай ойлголт, төсөөллийн минь үнэн төрхийг хөндлөнгийн хүн хэлчих шиг санагдсан юм.
Монголчууд өнөөдөр жинхэнэ удирдагчаа хайсаар байгаа дэлхийн олон арван улс орон шиг л эрэлд хатаж байна. Удирдагчаар хатаж цангахын эрхэнд улаан популист, уран илтгэгч, дүр эсгэгч, дүлий хүнд сурталтнуудыг дээрээ залсаар иржээ. Бид үнэндээ ус гэж андууран элс сорсоор ирсэн азгүй ард түмэн.
Өнгөрсөн 30 жилд бидний эндүүрэл, төөрөгдөл хэтийджээ. Түүнээс өмнө 70 жил төөрсөн ч гэж хадуурцгаадаг. Ямар ч гэсэн өнгөрсөн 100 жилийн түүхийн явцад бид социализмд ойртвол зүүнтэн, капитализмд ойртвол баруунтан гэж ойлгох улс төрийн ганц л онолтой болж авлаа. Үзэл суртлаа үүгээрээ хувааж, зааглаж, дунд нь гарсан нугалаа завхралыг ч тун болхи, бүдүүн хадуун аргаар тэнийлгэн индүүдэж ирсэн. Их хэлмэгдүүлэлтийг хэлж буй ухаантай. Үүнээс хойш ялсан армийн жанжин л удирдагч байх ёстой гэж итгэж хэсэг явсан ч 1990 онд баруунтнууд ялалт байгуулснаар олон нийтийн саналаар удирдагчаа томилох болсон билээ. Энэ үеэс л улс төрийн үзэл онол, чиг шугамуудыг хольж хутган, Монгол орныг зүүнтэн, баруунтны хэн нь чухам удирдах ёстойг ойлгохоо больж ирснээ хүлээн зөвшөөрье. Уг нь бол хэн нь ч удирдсан болно гэж тохиролцсон юм шиг байгаа юм. Тэгсэн сүүлдээ бүр хамтарч удирдаж байх шиг. Нэг нь зүүн тийшээ, нөгөө нь баруун тийшээ татаж чангаагаад, эцэстээ “Больё оо, байя аа” гэх нь холгүй болсон доо, бид. Ямар сайндаа л “Ерөөсөө нэг нь л удирдаад яв” гэж шийдсэний үр дүнд 2016 оны парламент бүрэлдсэн хэрэг шүү дээ.
Энэ бүхнийг юуны учир нурших болов гэж магад. Тэгвэл бидний эрэл эхнээсээ “буруу замаар будаа тээжээ” гэдгийг л учирлан тайлах гэсэн юм. Бид цор ганц удирдагчийн эрэлд гарснаараа, зүүнтэн, эсвэл баруунтан гэж хуваагдсан үзэл суртлын хоёр эрэг дээр гарч зогсчихоод дундаасаа цор ганц нэгнийг удирдагчаараа нэрлэх гэж зовсноороо хий дэмий цаг л алдсан байна. Хоёр эргийн дунд гарч зогссон удирдагч бүр маань “ангал” руу унаж эрсэдсээр байсны учир энэ байж мэднэ.
“Гайхалтай шилдэг удирдагчийг олж чадна гэсэн сулхан найдвар дээр бид улс төрийн бодлогоо үндэслэх юм бол ёстой ухаангүй солиотой явдал болохсон” гэж Карл Раймунд Поппер гэгч аль эрт хэлчихэж. Тэгвэл олон намын тогтолцоотой орчин үеийн улс төрийн онол зүйд удирдагчийн орон зайг холбон тоглогчид орлон эзлэх болсон байна. Багийн спортод холбогч бол багийн лидер байдаг.
Энэ утгаар бол МАН гэх улс төрийн хамгийн том багийн холбон тоглогч Д.Амарбаясгалан багийнхаа гол лидер болно. Баг нь харин улс төрийн нэг нам байх уу, бүхэл бүтэн нэг улс байх уу гэдгийг ирэх өдрүүд шийднэ.
ҮХЛИЙН СИМФОНИЙН УДИРДААЧ
Д.Амарбаясгаланг намынхан нь “Ерөнхий найруулагч” гэж ил, далд цоллодог. Улс төрийн симфонийг удирдан найруулж, ард түмнийг уяртал эгшиглүүлж буй уран чадвараараа тэр С.Баярыг санагдуулдаг. Гэхдээ С.Баяр түүний дэргэд илүү гүжирмэг, гүдэс шулуун бол Д.Амарбаясгалан илүү уран. Ингэж хэлэхээр итгэх хүн бага байх. Юу л гээд, нэг шалчгар шар, сураггүй “шалдан банди”-ийг Санжийн Баярын зиндаанд хүртэл өргөмжлөөд байгаа юм гэж зэвүүцэх хүмүүс ч гарна. Гэхдээ яаран дүгнэхээ түр азна гэж зөвлөе. Яагаад ийн бичих болсонд учир шалтгаан бий. Үнэмшилтэй тайлбар ч байна. Та харин улс төрийн симфони сонсоход бэлэн үү?
Д.Амарбаясгаланг тийм сүрхий амьтан гэж мэддэг хүн цөөн байх. Гэтэл энэ нөхөр бол сүүлийн найман жилд Монголын төрийг эргүүлсэн олон акцын зохиолыг бичиж, өөрөө найруулж, оролцон тоглосон ланжгар амьтан байхгүй юу. МАН-ын хоёр ч их хурлыг бүрэн өөрийн зохиолын дагуу дэглэн тавьж, тайзны ард “Ерөнхий найруулагч” гэх хүндлэлийг зүй ёсоор хүлээж чадсан товарищ. Эхнийх нь М.Энхболдыг намын даргаар 97 хувийн саналаар сонгодог их хурал. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа МАН тун ч тодорхойгүй нөхцөл байдалд орсон. Намын даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин хэтэрхий “сульдаатай” харагдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ч сулбайчихсан үе. Ийм үед М.Энхболдыг дахин намын дарга болгох бүх хорыг найруулжээ.
Дараагийнх нь У.Хүрэлсүхийг намын дарга болгодог МАН-ын их хурал юм. Энэ бол үнэхээр том зохиол, том найруулга шаардсан ажил байсныг одоо ч зарим нь бүрэн дүүрэн ойлгодоггүй байх гэж боддог. Төрийн бүх шатны эрх мэдэл М.Энхболдын гарт төвлөрчихсөн, МАНАН бүлэглэлийн аархал хэрээс хэтэрчихсэн нөхцөлд Д.Амарбаясгалан улс төрийн шил шилээ дарсан уран нүүдлүүдээр л ялалтад хүрсэн байдаг. Олон нийт тайзан дээр л болж буй хүчтэй тулалдаануудыг харж, мэдэж байсан бол хөшигний ард жинхэнэ дайн өрнөж байлаа. Үнэндээ МАНАН-гийн үхлийн симфонийг У.Хүрэлсүх биш, Д.Амарбаясгалан анх зохиосон юм аа. Үүнийг ярихын тулд цаг хугацаа, тухайн үеийн нөхцөл байдлууд дундуур аялах хэрэгтэй болно.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялагдсаны дараа МАНАН цааш хэрхэн амьд үлдэх талаараа нухацтай төлөвлөгөө бодож, хэрэгжүүлж эхэлжээ. Хамгийн түрүүнд, тэд ялагдлын бурууг өөрсдөөсөө зайлуулах арга тактик боловсруулав. Ингээд сонгуулийн штабыг удирдаж орсон намын генсек Д.Амарбаясгалангаар туг тахиад, урагшаа явах хувилбарыг сонгожээ. Ерөнхий гүйцэтгэгчээр Т.Бадамжунай ажилласан байна. Д.Амарбаясгаланд дуулгавартайгаар дээшээ харж хэвтэж байгаад өрлүүлэх үү, эсвэл эцсээ хүртэл үхэх сэхэхээ үзэлцэх үү гэдэг сонголт иржээ. Ингээд Л.Оюун-Эрдэнэтэйгээ хамт сууж байгаад, сөрөг төлөвлөгөө зурж, түүнийгээ бариад У.Хүрэлсүх дээр очжээ. Гэтэл эхэндээ цаадах нь хаширлаад хөдөлж өгсөнгүй. “Цаг нь биш. Намын их хурлаа хүлээнэ” гэсэн байр суурьтай байж. Гол эрсдэлийг гаргаж байгаа хүн нь У.Хүрэлсүх учраас тэгэх нь ч аргагүй юм.
Тэгмэгц Д.Амарбаясгалан жижиг чулуугаар том чулуу цохихоор шийдэв. 60 тэрбумын бичлэгээр нь шалтаглаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн нь алсуураа М.Энхболд руу онилсон чулуу байжээ. Ц.Сандуйг татаж унагасны дараа НИТХ-ын даргын суудлыг 60 тэрбумынханд алдахгүйн төлөө бас л бага хэмжээний “цус асгаруулсан” дажин боллоо. Тухайн үед арай гэж нэг саналын давуугаар С.Амарсайханыг НИТХ-ын дарга болгож байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ хооронд У.Хүрэлсүхийн санаа бодол ч эргэсэн байна. Яг үнэндээ Д.Амарбаясгалан Ц.Сандуйг унагаад, С.Амарсайханыг гаргаад ирж чадна гэвэл тухайн үед хэн ч эргэлзэхээр нөхцөлд байсан. Баабар тэр үед “Д.Амарбаясгалан овоо бацаан юм. Эхлээд Э.Бат-Үүлийг сонгуулиар гөвж орхиод, дараа нь Нийслэлийн намаа, НИТХ-тайгаа хамт Ц.Сандуйгаас салгаад авчихлаа. Одоо энэ залуу хотын дарга болоход саадгүй” гэж бичиж байсан юм. Гэвч хотын дарга бололгүй хойш сууж үлдсэнийг бид мэднэ.
Ингээд Д.Амарбаясгалан намынхаа хоёр дахь албан тушаалтны хувиар дараагийн талбайд тоглож эхлэв. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах гэж ёстой л байдаг хүчээ шавхсан байдаг. Засгийн газрыг огцруулах саналыг 19 гишүүний гарын үсгээр хэлэлцүүлж, огцруулахын тулд зөвхөн намынхаа дотор 33 гишүүний кноп хэрэгтэй болов. Эхэндээ ч 14 гишүүний гарын үсгээс цааш хөдлөхгүй байсан гэдэг. Олон удаагийн далд уулзалт, ятгалга, сэнхрүүллийн хүчинд мөнөөх 32:33 гэх харьцаа бий болсон ажээ.
Одоо бол Д.Амарбаясгалан улс төрийн уран нүүдлээ эрх мэдэлтэйгээ хавсарсан байдлаар ашиглаж байна. Үүний нотолгоог ганцхан жишээ харуулна. Тэрбээр 2020 оны сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах шийдвэрийн гол автор нь. УИХ-ын гишүүд дахин сонгогдох магадлалаа бодоод, бүгд л жижиг 76 тойргоор сонгууль явуулахаар хуулиа батлахыг хүсэж байв. Гэвч Д.Амарбаясгалан л ганцаараа шахуу гөжүүдлэн дайрч, өөрийн санаагаа зүтгүүлжээ. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд саналаа танилцуулж, дэмжлэг авбал томсгосон мажоритарыг УИХ-аар хэлэлцүүлье гэжээ. Удирдах зөвлөлийн гишүүд хуралд орохын өмнө ихэнх нь “жижиг мажоритар” гэдэг дээр хатуу саналтай байсан бол Д.Амарбаясгалангийн 40 минутын танилцуулгын дараа 100 хувь “томсгосон мажоритар”-ыг дэмжжээ. УИХ дээр хэлэлцэх шатанд гишүүд мөн л хөдөлж өгөхгүй байсныг нь “Аль хувилбарыг батлах нь та нарын эрх. Хэрвээ жижиг мажоритарыг сонговол та нарын 70-80 хувийг өөрчилнө шүү” гэж хатуу сануулснаар Д.Амарбаясгалангийн саналаар сонгуулийн хууль батлагджээ.
Энэ бол түүний хүчийг бүрэн дүүрэн харуулж буй баримт юм. Зарим хүн диктатор ч гэж нэрлэж болох ийм зангараг, сахилга бат бий болсон нь МАН-д ойрын үед ажиглагдаагүй дүр зураг билээ.
ХОЛБОН ТОГЛОГЧИЙН БАЙРЛАЛ
Намын эрх ашгаас давж гишгэлгүй өнөөдрийг хүрсэн нь Д.Амарбаясгалангийн сул тал нь гэж харагдах авч үнэндээ бол давуу тал нь юм. Тэр намынхаа эрх ашгийн эрэмбэ дээгүүр хувийнхаа эрх ашгийг хэц давуулах мэт өлгөөд шидчихсэн бол өдийд УИХ-ын гишүүн, сайд хийчихсэн тавьж явах боломжтой байв. Гэвч МАН-ын тунчиг эгзэгтэй үед тэр Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж таарсан юм. Түүнийг генсекээр ажиллаж байх хугацаанд энэ намд нэг биш, нэлээд хэдэн эгзэг тохиолдсон. 2012 оны сонгуульд ялагдсаны дараа МАН-ын дотоодын хагарал гаарч, тарж бутарсан хэлтэрхийнүүдээ цуглуулж эвлүүлж зүйх гэж үйл тамаа үзсэн. Жаахан л эвгүй хөдөлбөл намаа хаяад, шилээ харуулаад явахад бэлэн анаж байсан олон хүн бий. Шилээ харуулаад явчихсан нь ч цөөнгүй. Тэгвэл тухайн үеийн дарга М.Энхболдын хөмхийнд зуугдсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын залууст орох, шургах газар ч олдохгүй явсан үе бий.
Энэ үеийн тухай судлаач Д.Ганхуяг “2012 онд У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгч, намын улс төрөөс “түр холдов”. НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д Харвардын их сургуульд тархиа угаалгахаар явж, оронд нь “Түр орлон гүйцэтгэгч”-ээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилсон байв. Гэтэл “Гэрт нь могой ороод эзнийг нь хөөв” гэгч болж, Н.Номтойбаяр өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарлаж явах болжээ. Ийнхүү МАН-ын залуус хэвлэлд нэрлэснээр “Баячуудын” болон “Ардын” гэсэн хоёр том бүлэгт хуваагдав” гэж бичжээ. Тэрхүү тэмцэлд өнгөн дээрээ бол “Ардын” гэх тодотголтой Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бүлэг ялагдал хүлээсэн. Учир нь МАН-ын дарга М.Энхболд хөндлөнгөөс оролцож, баячуудын бүлгийг дэмжиж байлаа.
Ийм үед Д.Амарбаясгалангийн тухайн үеийн нүүдлүүд оновчтой, овжин байсан юм. Тэр намын нарийн бичгийн даргын албан тушаалтай атлаа 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй “гал тогоо”-гоо сахиж үлдэж чадсан. Нийслэлийн ИТХ-д дөрвөн жил бүлгийн дарга хийсэн, намынхаа Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга учраас нэр дэвших тойрог олдохгүйн зовлон бол байгаагүй.
Гэтэл тэр өөрөө уралдахыг бус, нөхдөө уяж сойхыг илүүд үзсэн байдаг. Хэр сайн уяач болохыг нь сонгуулийн дүн харуулсан тул олныг нурших нь илүүц. Сонгуулийн дараа харин жинхэнэ гавьяатны хувиар намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Ж.Мөнхбатаас хүлээж авсан. Түүнийг У.Хүрэлсүхийн хүн гэдгийг мэдсээр байж М.Энхболд намын генсек болгохоор нэр дэвшүүлж байсан нь Д.Амарбаясгалангийн чадвар, чансааны хэр чинээг харуулах баримт билээ. Намынхаа дотоодод яах аргагүй хүлээн зөвшөөрөгдөж чадсан өндөр нэр хүндтэй байсан тулдаа л М.Энхболдыг наашаа харж инээж, цаашаа харж уйлсан сонголт хийхэд хүргэсэн хэрэг.
Д.Амарбаясгаланг бусдын арга эвийг олох, харилцан ярилцахдаа гаргууд гэж ярьдаг нь дэмий хоосон магтаал биш. Жон Рокфеллер ажил төрлөө ид цэцэглэж байх үедээ “Хүний арга эвийг олох чадвар зах дээр кофе, элсэн чихрийн нэгэн адил үнэлэгддэг” гэж хэлээд “Харин би бол энэ чадварын төлөө юунаас ч илүү үнэ өгөхсөн” гэсэн гэдэг. Тиймд Д.Амарбаясгалангийн дээрх чадварын ид хавыг дутуу үнэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө ер нь л ингээд Монголын “хаан” болчихлоо гэж бодож, төсөөлж байсан М.Энхболдын эв зүйг олж чаджээ. “У.Хүрэлсүхийнхний хөлийг тасдах хэрэгтэй” гэж ярьж байсан хүн бол мань М.Энхболд атал дайсныхаа шадар цэргийг сэнтийд өргөөд тавьчихсан нь тэр.
Харин хоёр дахь удаагаа У.Хүрэлсүх намын дарга болмогцоо түүний нэрийг дахин генсек болгохоор дэвшүүлж байсан түүхтэй. Дайсан шахуу болсон хоёр дарга түүнд адилхан үнэлгээ тавьсан гэсэн үг л дээ. Бусад нь ч бууж өгч, түүнтэй барилдах ч үгүй тахимаа тайлж өгсөн. Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайгаас өөр түүнтэй Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх хүн гараагүй юм.
Энэ үед удаах сорилт түүнд ирэв. Байгуулсан засгаа МАН огцруулснаар УИХ дахь 65 гишүүн 32, 33 болж хуваагдлаа. Нийслэлийн МАН ч хэд хуваагдаж, эрх ашгийн зодоон энд тэнд өрнөх болсон юм. Д.Амарбаясгалан одоо л шидээ үзүүлэх ёстой. Ингээд л М.Энхболдын фракцынхныг “хударгагүй муухайгаар” татаж унагачихаад, өнөөдүүлтэйгээ эргээд найрамдах хэцүү даалгавартай тулгарчээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх бол нөгөөдүүлтэйгээ найрамдаж байна гээд нялцганаад явчихаж болохооргүй шийдмэг имиж бүрдүүлсэн тул түүний өмнөөс “нялцгай гурил зуурах” үүрэг Д.Амарбаясгаланд оногдсон. Үүргээ ч амжилттай биелүүлж яваа тулдаа У.Хүрэлсүхийн Засгийн гзар өнөөдрийг хүртэл огцорчихгүйхэн шиг тэсэж үлдсэн гэдгийг улс төр гадарладаг хүн бүр батална. Хэдийгээр У.Хүрэлсүх хотын фракцынхантай түнжин хагарсан ч тэдэнтэй харилцан ойлголцож, гараас нь хөтлөлцөхгүйгээр урагшаа нэг алхахад ч бэрхтэй. Намын дотоод зөрчил Засгийн газрынхаа хувь тавилангаар тоглоод өнгөрдөг олон удаагийн тохиолдлыг мартах аргагүй. Тиймд хагалсан шаазангаа буцаан эвлүүлэх ажилд Д.Амарбаясгалангийн чадварыг ашиглахыг хүссэнээс зайлахгүй. Холбон тоглогчгүйгээр хожих боломжгүй болсон цаг.
МОЦАРТ МАЯГИЙН СУУТАН
Үнэнийг хэлэхэд, түүнийг шинэ үеийн улстөрчдийн тоонд оруулахад ичмээр дамшиг. Улс төрийн тогоонд чанагдсанаар нь хэмжвэл тэр “эртний олдвор”-т тооцогдоно. Н.Энхбаярын Ерөнхий сайд, МАХН-ын (одоогийн МАН) даргаар ажиллаж байсан үеийг эрт балрын үе гэж тооцвол Д.Амарбаясгалан тэр цагаас л эхлэн улс төрд бууриа дугуйлж, гэрээ барьсан хүн. Н.Энхбаярын эзэрхийлэл, С.Баярын ихэмсэглэл, М.Энхболдын эрх ямба, У.Хүрэлсүхийн түрэмгийлэл дундуур нэг тийм “Моцарт” маягийн суутан дураараа сэлгүүцсэн байдаг юм. Түүнийг ер нь дарга дагаж салбаганаад, шарыг харж шалчигнаад явсныг нь санадаггүй.
Улс төрийн замналыг нь өгүүлэхээс өмнө хувийн бизнес, хүнийх нь талаар бяцхан тодотгол бичье.
Тэрбээр Говь-Алтайн дунд сургуулийг дүүргэж, дараа нь ШУТИС-д цахилгаан холбооны инженер, мэдээлэл хэмжил электроникийн инженер мэргэжил эзэмшсэн. Мөн МУИС-ийг төгссөнийг дээр дурдсан. Улмаар АНУ-ын Жорж Тауны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Боловсролоор гологдохгүй байх нь ээ.
Түүнийг оюутан байхад том ах нь хамт хотод ирж, хэвлэлийн жижигхэн цех байгуулжээ. Тэр цехдээ шөнөжин юм хэвлэж хонодог байжээ. Хичээлээ тараад л гүйж ирж, захиалга авах, цаас, будаг, түүхий эдээ бэлтгэж базаах, шөнө нь хэвлэх гээд зогсоо зайгүй гүйдэг байж. Үүнээсээ болж,”Соёмбын хурдан цагаан” хочтой болжээ. “Соёмбо” гэдэг нь хэвлэх цехийнх нь нэр.
2000 оны эхээр хэвлэх үйлдвэрээ өргөтгөж, сонины хэвлэх үйлдвэр оруулж иржээ. Чөлөөт сонины алтан үе таарсан тул Д.Амарбаясгалан “Тэргүүн” сониныг үүсгэн байгуулжээ. Захиалагч бүрдээ “Монголын нууц товчоо” бэлэглэх маркетинг бодож олсноор шууд л 28 мянган захиалагчтай болж байж. Бүр тодруулж хэлбэл, Д.Амарбаясгалан 28 мянган айлд “Монголын нууц товчоо” хөлгөн их судрыг үнэ төлбөргүй түгээсэн соёлын том үйлс хийжээ.
Энэ мэтээр хувийн бизнес, гэр бүлийн аж ахуйгаа нэлээд тордож, босгоод ирснийхээ дараа тэр төрийн өмчийн томоохон байгууллагад хүчээ сорьж үзье гэж боджээ. Д.Амарбаясгалан шиг сийрэг, хурдтай, мэдрэмжтэй хүн хувийн жижиг аж ахуйдаа хашигдаад суучихсан бол бас хайран болох байсан.
Ингээд Монгол Улсын 21 аймаг, 330 гаруй сум, баг суурин бүрд хүрдэг “Монгол шуудан” компанид Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж эхэлжээ. Түүнийг улс төрд уруу татсан хүн бол Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн хүү Жанцан. Тэр намын удирдах албанд очихдоо ямар ч кран ашиглаагүй гэдэг нь л яах аргагүй үнэн. Ж.Жанцангаас өөр хань бараа татах ч хүнгүй байв. У.Хүрэлсүхийн зүүний хүчний холбоо тэр үед сураг ч үгүй байлаа.
18-тайдаа намд элсэн орсон ч 2007 оныг хүртэл улс төрийн гадна тойрогт ажиллаж, амьдардаг байжээ. Улс төр гэх тоглоомоор тоглож сурахын тулд 2004 оноос эхлэн нэр дэвшигчийн сонгуульд оролцож эхэлсэн гэнэ.
Харин 2007 оноос намынхаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд томилогдож, 2008 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд нэрээ дэвшүүлэн ялалт байгуулахдаа тэр ердөө 27-хон настай байлаа. Ер нь хүмүүс Д.Амарбаясгаланг улс төрд гэнэт л нэр цоороод гараад ирсэн мэт боддог. Зарим нь бүр хэвлэх үйлдвэр ажиллуулдаг байсан нэг сэргэлэн залуу нам дагаж гүйсээр байгаад албан тушаалд хүрсэн гэж л ойлгоно.
Гэтэл энэ залуугийн нүүдлүүд туйлын нягт нямбай, хий багатай, чигжүү байдаг нь санамсаргүй ч хэрэг биш байх. Лидер хүнд нөхцөл боломжоос гадна өгөгдөл гэж нэг чухал зүйл заяадаг. Д.Амарбаясгалангийн бусдыг татах, баг болох, эрх ашгийн хөнжлөө тэлэх зэрэг авьяас бол баргийн хүнд заяахгүй өгөгдөл юм. Ямар ч хүний арга эвийг олохдоо уран байгаа нь, угсруулсан олон нөхцөл гаргалгаа бодож олж байгаа нь, ул суурьтай хэрнээ хамгийн чухал цэгийг онож хатгаж байгаа зэрэг нь маяг аа, маяг. Харахад хөнгөн хийсвэр, хөвсөргөн, хий ихтэй мэт хэрнээ цаанаа л нэг таяг тулсан хашир “анжгай” аятай мэдрэмж төрүүлэх нь хачин шүү.
Тэрбээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008, 2012, 2016 оны сонгуульд дараалан сонгогдсон нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж чаддагийнх нь нотолгоо. Нэг тойрогтоо гурав дахин ялалт байгуулна гэдэг итгэл, зүтгэлийнх нь илэрхийлэл биз. Гэхдээ эндээс Д.Амарбаясгаланд зохихгүй нэг өнцөг харагдана. Хэт удаан буюу нэг байрандаа бүтэн 12 жил болсон мэт өнцөг нь тогтвортой гэх итгэл төрүүлж байгаа ч залуу хүнд бус, нас ахисан хүнд л тохирох имиж юм.
“Мөлхөж яваа хүн унадаггүй” гэгчийн үлгэрээр газар ахиж яваа хүн юм байлгүй дээ. Гэвч хөндлөнгөөс харахад Д.Амарбаясгалан гүйж яваа хүнтэй л илүү төстэй харагддаг юм.
2010 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2013 онд Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн зэргээр нам дотроо үргэлж шат ахиж явсан тэрбээр 2016 онд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Д.Амарбаясгалангийн нэрийн өмнө Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон анхны улстөрч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн дэх хамгийн залуу төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт ажилласан хамгийн залуу хэлтсийн дарга гэх зэрэг содон тодотгол бичигддэг.
Тэрбээр өдгөө мэргэжлийн тоглогчийн хэмжээнд нэгэнт хүрчээ. 2004 оноос хойших бүх УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамгаалагч, довтлогч, хаалгач, дасгалжуулагч гээд бүх байрлалд нь тоглоод үзчихсэн. Хожиж хожигдохын амтыг ч мэдэрч, хор нь гарчихсан улстөрч юм. Тиймдээ ч 35-хан настайдаа 95 жилийн түүхтэй, боловсон хүчний асар их нөөцтэй улс төрийн хүчний Ерөнхий нарийн бичгийн дарга болсон байж таарна.
Энэ хугацаанд тэр багийнхаа хамгийн гол байр суурийг эзэлж чаджээ. Тэр хэдийгээр холбон тоглогчийн байрлалдаа л тоглосоор яваа хэдий ч багийнхаа гол “мотор” нь болжээ.
ДОВТЛОГЧ
Түүний гарт намын хувь тавиланг атгуулахдаа ур чадвар, ухааны өгөгдөл, цаашид улам өсөж дэвжих нөөцийг харгалзан үзсэн нь тодорхой ч нөгөөтэйгүүр өнгөрсөн дөрвөн жилд нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг “бужигнуулсан” гавьяа нь бас нөлөөлсөн нь дамжиггүй. 2012-2016 оны АН жинхэнэ ахилыг авч, эрх мэдэл, сүр хүчээрээ далайлгаж байхад МАН гэх аварга амьтан үнэндээ сүхдүүлсэн үхэр шиг нам унтаж байсан гэхэд хилсдэхгүй ээ. Харин тэдний дунд оодогносон бяруу шиг нэг нөхөр л огтоос бууж өгөхгүй, эрх баригч хүчний энд тэнд гүйж гараад элдэвлээд байсан нь Д.Амарбаясгалан юм. Улаанбаатар хотыг улсаасаа тусгаар, вант улс шахуу болгон захирч асан Э.Бат-Үүлтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсны хүчинд МАН дараагийн сонгуультай мэнд золгосон юм.
Тэдгээр он жилүүдэд сөрөг хүчний орон зайг Д.Амарбаясгалан ганцаараа шахуу л үүрч гарсан гээд хэлчихэд буруудсан болохгүй дээ. Мөнөөх алдарт “эсэргүүн” Ц.Нямдорж хүртэл УИХ-ын чуулган дээр л хаа ганц хатуу үг чулуудахаас өөрөөр сөрөг хүчний бараа сураг алсарчихсан байсан сан. Ийм үед Д.Амарбаясгалан Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн эсрэг тэмцэл өрнүүлсэн нь ихээхэн амжилттай улс төрийн акц болсон юм.
АН-ын засаг барьж байх үед Э.Бат-Үүл нийслэл хотыг хариуцан авч, “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны мөнгөөр ёстой л нэг туйлсан. Нийтдээ гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэдэг ч үүнээс 410 орчим тэрбум төгрөгийг нь салхинд хийсгэчихсэн гэдэг. Хогны ногоон уут, нэг наст цэцэг, даншиг наадам, найр, данхар бүтэц, давхар орон тоо, том өрөө тасалгаа, тансаг тавилга, унаа шатахуун гэх мэтэд л үрээд дуусгачихсан юм билээ. Гурван их наяд төгрөгийн төсөв гэдэг өмнөх Засаг дарга нарынхаас гурав дахин их мөнгө.
Ийм их хөрөнгөөр туйлсан гэх атлаа Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулж чадаагүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй компаниудыг хотоос нүүлгээгүй, шинэ суурьшлын болоод хотын алслагдмал бүсүүдэд дэд бүтэц бий болгоогүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг санаачилсан ч хэрэгжүүлж хүчрээгүй зэрэг олон асуудалтай байсан нь Д.Амарбаясгаланд аятай шалтаг болсон нь мэдээж.
Өнөө хүртэл шүүхээр явсаар л байгаа 5.1 тэрбум төгрөгийн тендерийг хүүгийнхээ компанид өгчихсөн гэх шуугианыг хамгийн анх тэр л олон нийтэд дэлгэж байлаа. Э.Бат-Үүлийг нэг бус удаа огцруулах бичиг өргөн барьж, АТГ-т шалгуулахаар өгч байв. Тухайн үед хэрвээ Ардчилсан нам Д.Амарбаясгалангийн үгийг анзаарч, алдаа дутагдлаа залруулж чадсан бол 2016 онд УИХ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тэгтлээ ялагдал хүлээхгүй, цаашлаад улсын тэр их хөрөнгө оруулалтыг зөв, үр дүнтэй зарцуулах боломж байсан гэж бодохоос харамсдаг л юм. Э.Бат-Үүл “Таван А хөтөлбөр” буюу архи, агаарын бохирдол, ажилгүйдэл, авилгагүй, амины орон сууц, ажлын байртай Улаанбаатарыг бий болгоно гэсэн мөрийн хөтөлбөртэй байсан ч хэрэгжүүлж чадсан нь бага. Хамгийн том жишээ нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүний толгойгоор бүхнийг шийдсэнээс болоод бодлогын том алдаа гаргачихсан. Өчнөөн иргэний эрх ашиг зөрчигдөж, олон арван аж ахуйн нэгж мухардалд орж, хөрөнгөө эрсдэлд оруулснаар тус төсөл зогссон. Уг нь зөв, зүйтэй хэрэгжүүлж чадсан бол гэх халаглал бас төрдөг.
Ганц хүнээс хамаарсан, эрх мэдэж, эз дийлсэн улс төр гэдэг эцэстээ юунд хүргэж болохын бэлээхэн жишээг Э.Бат-Үүл тэрхүү дөрвөн жилд харуулсан. Хэн нэг удирдагч гарч ирээд, улс орон, хот хороог өөрчлөөд хөгжүүлчихдэггүй гэдгийн бас нэг баталгаа болсон. Тэр тусмаа дөргүй бух шиг зүтгэдэг, ганцаарчилсан тоглолттой хүн бол бүр ч дэмий гэдгийг харуулсан даа.
Харин эсрэг талд Д.Амарбаясгалан тодрох гэж чичрээгүйн дээр зулгааж ирсэн цөөхөн оноогоо өөртөө биш, багтаа нааж ирсний хүчинд 2016 онд Нийслэлд нам нь ялалт байгуулсан. Мөн 2015 онд хотын татварыг маш олон төрлөөр нэмэх байсныг Д.Амарбаясгалан л эсэргүүцэж байлаа. Ер нь хөлбөмбөгөөр бол сөрөг довтолгооноос гоол оруулахдаа гарамгай тоглогч байсан байх нь. Гэхдээ нэг удаа өөрийнхөө хаалганд гоол оруулчихсан тал бий. Универсал тоглогч л доо. Цацаа цалгиа ихтэй, нэг харахад цаагуур, нөгөө харахад наагуур гүйж явдаг хөдөлгөөнтэй нөхөр.
ТОМ ӨРГИЙН ШАТАРЧИН
Түүний талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Тэр хурц шийдэмгий, магадгүй бага зэрэг түрэмгий ч байж мэднэ. Төрийн хүн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстой. Төр ханцуйдаа илд, сүү хоёрыг зэрэгцүүлэн барьж явдаг юм гэсэн. Улс төрийн намуудын хувьд Д.Амарбаясгалан залуугаараа том албан тушаалд очсон мэт харагдавч түүнд хат суусан хашир яхир юм шиг атлаа эгэл түмний зовлонг элэг зүрхэндээ ухаарч мэдэх сэтгэлийн тэнхээ бий” гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн юм билээ. Д.Амарбаясгалан НИТХ дахь МАН–ын бүлгийн ахлагч дарга байхдаа Хавдар судлалын үндэсний төвд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж авах шаардлагатай нэг тэрбум төгрөгийг төсвөөс шийдэж өгөхөд сэтгэл гарган тусалжээ. Олон мянган хүний амь насны үнэтэй энэ шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гаргуулахад Д.Амарбаясгалангийн чин сэтгэл, зүтгэл их нөлөө үзүүлсэн гэж сэтгүүлч бүсгүй талархан дурсжээ.
Төрийн хүн түмний төлөө гэсэн сэтгэлтэй, тэр нь хий хоосон дүр эсгэсэн хэлбэртэй биш бол хэчнээн сайхан харагддаг билээ. Д.Амарбаясгалан өнгөрсөн хугацаанд нэг ч удаа “Би ингэчихлээ, тэгчихлээ” гэж дэвж байхыг бараг хараагүй санагдана.
Уг нь бол өдийд эрх баригч намын генсек хүн улс төрийн шийдвэр, албан тушаал бүхэнд өөрийн зангараг, оролцоогоо дөвийлгөчихсөн, өөрөөс нь өөр арслан, бар байхгүй мэт архирч байх ёстой сон. Гэвч энэ нөхөр үнэхээр ийм даруу юм уу, эсвэл өөрийгөө дарж тоглоод байгаа юм уу гэдгийг гайхаж сууна.
Мэдээж түүнд нэр хичээхээс аргагүй шалтгаан бий. Түүний нуруун дээр өнгөрсөн үеийн егзөр улстөрчид сандайлж яваа биш, ирээдүйн шинэ залуу үеийнхний нэр хүнд, асаж буй найдвар ачаатай яваа. Тиймд яль шалихгүй юманд тээглээд уначихаж болохгүй.
Алдаж хагаллаа гэхэд хальт мульт эвлүүлээд цааш гэлдэрч болдог хуучин тэрэгний эвдэрхий дугуйтай харьцуулах аргагүй эмзэг, нандин юмыг тэвэрч яваа гэдгээ өөрөө ч мэддэг байх учиртай. Залуучуудад боломж олгодоггүй хатуу шат дамжлаг бүхий системийн дундуур зүтгүүлж гарч ирсэн хүний хувьд залуучуудад зам нээж өгөх үүрэгтэй.
Д.Амарбаясгалан энэ удаагийн УИХ-ын сонгуулийг мөн л өнжлөө. Уг нь түүнийг Говь-Алтайгаас УИХ-д нэр дэвших гэж бэлдээд яваа сураг дуулдаж байсан ч сурсан зангаараа мөн л өөрийгөө хойш татаж, нөхдөө урагш түлхэв. Сонгуулийн штаб удирдах учраас хол явж нэр дэвших боломжгүй гэж үзсэн юм байх.
Уг нь улс орны том асуудлыг шийдэхийн тулд УИХ-д байвал зохих хүн гэж бодогдоно. Гэвч хувийн амбиц, хүслээ хойш тавиад, намынхаа ашиг сонирхлыг өмнөө гаргаад явж байгаа нь өнөө цагт ховор үзэгдэл. Гэхдээ нөгөө талаар тойрог гэж явцуурахгүй. Нэр дэвшихгүй байхын ялгаа ингэж гарна. Жижиг, явцуу эрх ашиг дээр төвлөрөх нь улс төрд хол замдаа явуургүй.
Түүнд намын албан тушаалаа төрийн сэнтийгээр солих өч төчнөөн боломж гарсан. Тэр тоолонд нэрээ татаад, түдгэлзэж чадаад байгаа нь яах аргагүй анхаарал татдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайд болох нэг номерын хүн бол тэр байсан. Сүүлд хотын даргаар томилогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь мөн л тэр байв. Гэвч тэр байрлалаа солихыг яарсангүй. Холбон тоглогч хүн байрлалаа орхиод гүйчихвэл баг нь хожигдоно. Энэ л түүний сэтгэлгээ, бас сэтгэл бололтой.
Түүнийг нөхөд нь унаж тусах нь холгүй хүндэлдгийн цаад шалтгаан нь энэ байх. Эхэндээ Д.Амарбаясгаланг тэгтэл хүндэлж буй залуусыг хараад “Нам дагасан залуучуудын наалинхай, зусарч нь дэндүү юм” гэж бодож байлаа. Хэрвээ албан тушаалыг нь хүндэлж буй бол мэдэгдэнэ л дээ. Холоос бөхөлзөөд, гөлөлзөөд илт байдаг. Харин хүнийг нь хүндэлж байгааг харахад л андашгүй. Дал мөрийг нь алгадаад хээ шаагүйтэж, инээж хөхрөлдөх мөртөө алсуураа захирагдаад, хүлээн зөвшөөрөөд байгаа нь анзаарагддаг билээ.
Д.Амарбаясгаланг сайн таньж мэдэх хүмүүс нь “Ажлыг гурилддаггүй, яс хийж гүйцэтгэдэг. За гэвэл ёогүй дээ” гэж дүгнэдэг. Энэ нь удам судраас түүнд өвлөгдөж ирсэн өгөгдөл байхаас зайлахгүй. Тэдний удмынхан хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт засагт ханы хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүмүүс. Засагт ханы хөх эрчүүд гэдэг чинь тэдний чигийн улс. Аав нь Дүгэрийн Дашзэгвэ гэж мэргэжлийн зоотехникч хүн байжээ. Аймагтаа анх эрлийз үхэр нутагшуулан, зөгий, гахай, туулай, тахианы аж ахуй байгуулсан хөдөлмөрч хүн. Тэд ах, дүүгээрээ эцгийнхээ үйлийг үргэлжлүүлж, “Тайшир өргөө” гэх компани байгуулан махны чиглэлийн хонь, тусгай үүлдрийн үхэр зэргийг оруулж ирж үржүүлдэг фермерийн аж ахуйтай. Энэ нь саяхан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэгт мань хүнийг нэрийг хутгаж орхисон компани л даа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас зарласан тендерт шалгараад, Францаас өндөр ашиг шим бүхий “Меринос” гэдэг хонийг авчирч үржүүлэхээр болсон юм билээ. Гэвч хэл ам татлаад байхаар зээлийг даруйхан буцаан төлснөөр энэ хэрэг шувтарчээ.
Д.Амарбаясгалангийн нэр дээр үүссэн “хавтаст хэргүүд” дотор бас нэг хардлага бичээстэй бий. Тэр бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэх зарга юм. Үнэн мөн нь хэзээ ч тодорхой болж, гэм буруу нь хэрхэвч нотлогдохгүй зарга л даа. Гэхдээ үүгээр Д.Амарбаясгаланг “ялласаар” л байх болов уу. Намынхаа сонгуулийн штабыг удирдаж ороод, нэр дэвшигчээ ялагдуулчихсан нь санаатай үйлдэл байсан эсэхийг хэн ч баталж чадахаасаа өнгөрсөн. Улс амьтны ярих нь “У.Хүрэлсүхийн баг Х.Баттулгын талд ажилласнаас М.Энхболд ялагдсан” гэх юм билээ. Санал нийлэхэд хэцүү л таамаг. Тэртэй тэргүй ялагдах нь тодорхой нэр дэвшигчийг ялахын тулд хавсайдах хэрэг ч байгаагүй гэж боддог доо.
Энэ ч яахав, сонирхолгүй сэдэв. Харин М.Энхболдыг ялагдуулсан сонгуулийн менежер яагаад хариуцлага хүлээлгүй генсекээрээ улиран ажилласан бэ гэдэг илүү сонирхолтой. Ер нь сонгуулийн дараагаас МАН-ын хуваагдал хүчтэй өрнөж, намын дарга М.Энхболд, нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй нарт хариуцлага хүлээлгэсэн атлаа Д.Амарбаясгаланг сугалаад аваад үлдчихсэн гэх нэхэл хатуутай яриа гарч л байдаг. Хариултыг нь нийтлэлийн эхэнд өгчихсөн.
Гэхдээ аль ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын удирдлага солигдоход дагаж солигддог жамтай. Заавал солигдох дүрэм заалт байхгүй ч нэг ч генсек шинэ даргатайгаа хамтран ажиллаж байсан түүх, уламжлал байдаггүй. Өөрөөр хэлбэл, намын генсек бол даргатайгаа хамт ирдэг, хамт явдаг алба. Ийм жишгийг халсан ганцхан хүн байдаг нь Д.Амарбаясгалан аж. У.Хүрэлсүх өөрөө намын дарга болсныхоо дараа түүний нэрийг дэвшүүлсэн. Энд л Д.Амарбаясгалангийн үнэ цэнэ, үүрэг роль тун тодорхой товойж харагдана. Тэр бол сэлгээнд суулгаж болохгүй тоглогч юм байна. Баг нь ялсан ч, ялагдсан ч талбай дээр байж байх ёстой, хэрэгтэй цагт довтолдог, шаардлага гарвал хамгаалчихдаг, бусдыгаа манлайлж нэгтгэдэг, тактикаа ойлгодог ийм тоглогч юм.
Эх сурвалж: "Шинэ үеийн ГОЛ ТОГЛОГЧ" ном
Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв