ӨНӨӨДРИЙН СЭДЭВ: Ерөнхий сайдын ДӨРВӨН АМЛАЛТ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Шинэ парламент Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо. Улиран томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы индэрээс хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна. Тэрбээр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх дөрвөн том зорилтоо онцолсон юм. 


1. ИМПОРТЛОГЧ УЛСААС ЭКСПОРТЛОГЧ УЛС БОЛЦГООЁ

Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна. Монголчууд бидний олон арван жилийн хүсэл мөрөөдөл байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, Дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээг хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мөн ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих ажил эхэллээ. Бүс нутгийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштөйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудсыг нээн хамтын ажиллагааны интеграцид орж байна. Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо ханган, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход чиглэсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд олон мянган ажлын байр шинээр бий болж ажилгүйдэл, ядуурал зохих түвшинд буурна.

2. НИЙГЭМД ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ, ЦАХИМ МОНГОЛ БОЛЦГООЁ

Миний бие сонгуулийн үеэр Эх орныхоо 20 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт ажиллаж, 100 гаруй мянган иргэдтэй уулзахад хамгийн ихээр хүсэмжилж буй зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох асуудал байлаа. Улаанбаатарын утаа манан сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр, бизнесийн олигархи бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захиалга. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл юм.

Шударга сайхан нийгэмд амьдрахыг ард түмэн маань хүсэж байна. Тэд ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй, хууль дүрэм нь хэрэгждэг төр засагтай байхыг хүсэж байна. Ард түмэн маань эх орныхоо баялагт эзэн болж, эх орондоо эзэн байхыг хүсэж байна. Тэд ирээдүй, үр хүүхдэдээ сайхан Монгол орон үлдээхийг хүсэж байна. Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг юм.

Миний бие анх Ерөнхий сайд болохдоо “Би намаа цэвэрлэнэ, төрөө цэвэрлэнэ” гэж хэлж байсан. Энэ амлалт ажил хэрэг болж байгааг ард түмэн маань харж байгаа. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр засаг байгаа, ард түмэн байгаа гэдгийг цаашид ч мэдрүүлэх болно. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана. Харин хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье.  Цаашид бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Энэ төр бол Монгол төр юм. Улс орны хөгжлийн гол асуудлын нэг бол мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэх явдал юм. Энэ салбарт Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Энэ ажлын хүрээнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан эхлүүлнэ.

3. ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ДУНДАЖ ДАВХАРГАА ТЭЛЬЕ

Бид уул уурхай, байшин барилга, хөрөнгө мөнгө ярьсаар байгаад хүний хөгжлийн асуудал, ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан тал бий. Тийм учраас манай Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно. Залуу гэр бүлүүд банкны өндөр зээлийн хүүд дарлуулж, орон сууцтай болохын төлөө залуу насаа бүхэлд нь зориулж байна. Эдийн засаг өссөн ч амьдралын чанар сайжрахгүй ирсэн гол шалтгаан ч үүнтэй холбоотой. Цаашид бид орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ.

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ. Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо илүү оновчтойгоор хэрэгжүүлж, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. Мөн 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хоёр салбарт түлхүү чиглүүлэх болно.

Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх нь ард иргэдээ зээлийн дарамтаас ангижруулж, хийж бүтээе гэсэн иргэдээ дэмжиж байгаа төрийн дэмжлэг юм. “Иргэд нь ажилтай, орлоготой, орон сууцтай болж, амьдралын чанар дээшилснээр нийгэм тогтвортой байна” гэж би боддог. Улс төр, нийгмийн тогтвортой байдал нь улс орон хөгжихийн үндэс юм. Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих, төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг бие даалган байгуулна.

Энэ бодлогынхоо хүрээнд Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сан зэрэг түүх, соёлын салбарт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгана. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, Эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн биеийн тамир спортын ордон, фитнес клубуудыг барьж байгуулах ажлыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх болно.

4. ХОТ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЗОХИСТ ХАРЬЦААГ ХАНГАЦГААЯ

1990 оноос хойш төв рүү чиглэсэн их нүүдэл эхэлж, Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэр хороолол тэлж, агаар орчин, хөрсний бохирдол нэмэгдэж, замын түгжрэл ихэссэн зэрэг олон хүндрэл бэрхшээл, зовлонтой бид нүүр тулж байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулна. Мөн аймгийн төв, томоохон суурин газруудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулахаар төлөвлөж байна. Хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажил эхэлж, байгаль эхийн нуруу амарч өнгө төрх сэргэж байна.

Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ. Малчин түмэн, таван хошуу мал бол монгол ахуй, монгол оршихуйн үндэс юм. Тиймээс малчдын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах болно. Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулалтын асуудлыг шийдвэрлэнэ.

Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа улам гүнзгийрүүлэх болно. Нүүдэлчдийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж буй өнөөгийн цаг үед хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш(202.9.47.26) 2020 оны 07 сарын 05

цалин нэмэх талар алга уу. цалин бүр үзэгдэхгүй хүрэлцэхгүй л болоод байхын. тэрбумын хадгаламжтай хүмүүс яаж ойлгох вээ дээ.

0  |  0
b(64.119.22.69) 2020 оны 07 сарын 03

baraani vne nemegdeedl b.ashdee.. hudlaa zalahaa boliochee..tums hvncnii nogoo mahnii vnee nmeed bgaazdee..songuuliin daraachaas bvhl yumnii vne baga bagaar usuud b.adaa..yanadaa

0  |  0
Шаа(218.219.32.50) 2020 оны 07 сарын 03

Шаа шааааа

0  |  0
Сэлэм(202.126.90.112) 2020 оны 07 сарын 03

Шааж ханахгүймаа энэ Бид биш энэ фииизда л 90 онлос хойш дарга блаа Хийхгүй ацаа хийж бсын

2  |  0
(66.181.188.50) 2020 оны 07 сарын 03

1ch hogni uildver bariagui

1  |  0
zochin(64.119.21.107) 2020 оны 07 сарын 02

ERUNKHII SAYD MAANI BIELUULEKH NI GARTSAAGUY , KHARIN DEMJIJ TETGEJ AJILANA SHUU

0  |  0
Top