Авлигын тухай ярихаар дарга уурладаг болсон гэнэ. Энэ үгийг тод дуугаар хэлмэгц л царай нь барайгаад бүр муужирч унах шахдаг хүн цөөнгүй ажээ. Ялангуяа уншигч та, хэн нэгэн улс төрчтэй энэ талаар яриад үзээрэй. Аягүй бол бухимдахдаа алгадаад авч мэднэ. Тэд ингэтлээ бачимдах болсон нь их учиртай юм байна. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад УИХ-ын гишүүд авлигад хамгийн их өртөх магадлалтай хүмүүсээр тодорчээ. Гэвч Авлигатай тэмцэх газар хэмээх бие даасан байгууллагыг байгуулан ажилласнаас хойш улс төрчдөөс авлигын хэргээр шийтгэгдсэн хүн бараг байхгүй. Гаалийн Баатарыг эс тооцвол шүү дээ. Түүний шоронд сууж байхдаа бичсэн захидал, дараа нь хэвлэлд өгсөн ярилцлага зэргийг уншиж суухад одоогийн Засгийн газрын танхимд сайд хийгээд тууж яваа Ё.Отгонбаяр болон бусад хэд хэдэн хүн мань эрээс их, бага хэмжээний мөнгийг намынхаа санхүүжилтэнд авч байсан юм билээ. Авлигатай тэмцэх газрын дарга асан, талийгаач Дангаасүрэн нас барахынхаа өмнөхөн 70 гаруй хүнийг татаж шалгах тухай ярьж байсан гэсэн. Тэдний бараг тэн хагас нь улс төрчид байв. Харамсалтай нь Дангаасүрэнг зохион байгуулалттайгаар амийг нь хороочихсон. Үүнийг хэн ч өнөөдөр эргэж шалгахыг хүсэхгүй байгаа. Мөн Ч.Сангарагчаа даргыг нь улс төрийн зорилгоор шоронд хорьсон л гээд шуугилдаж байна. Гэхдээ тэр хийх ёстой ажлаа хийлгүй, хууль зөрчин ажилтнуудаа тагнаж чагнасан хэргээрээ ял эдэлж байгаа юм. Түүний удирдаж байсан байгууллага толгойгүй олон сар боллоо. Энэ хооронд Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын гишүүн Д.Дондог болон өөр хэд хэдэн хүний хэргийг шийдэх гэж байх шиг байна. Улсын мөрдөн байцаах газар, эрүүгийн цагдаагийнхан ч шаргуу ажиллаж байгаа бололтой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо өршөөлийн хууль гаргуулсан нь бөөн гай тарьсан удаатай. Яасан гэхээр авлигын хэргээр шалгагдаж байсан 60 гаруй хэрэг нохойн замаар оржээ. Тэдгээрийн дотор хэн хэний, ямар хэрэг мөрдөгдөж байсныг өнөөдөр хэн ч мэдэхгүй байгаа. Ч.Сангарагчааг шүүхэд шилжүүлэх үеэр бас 21 хэрэг мөрдөн шалгаж байна гэж байсан. Гэвч бас л таг чиг болсон. Аягүй бол тэднээс үлдэж хоцорсон нь одоогийн энэ Д.Дондог гишүүн болов уу. Түүний зарим хариуцлагагүй, хууль бус үйлдлүүдийн талаар “Өдрийн сонин”-ы эрэн сурвалжлах багийнхан тодорхой баримт тоочин нийтэлж байсан юм. Тэрээр газрын хууль бус наймаагаар олсон 2,6 сая ам.доллароо МАН-ын нөхөддөө өгсөн байв. 2008 оны сонгуулийн санхүүжилтэндээ үүнийг нь ашигласан гэнэ. Түүний энэ хэрэгт “Сум бар” компаний захирал А.Батбилэг гэгч оролцжээ. Тэдний хооронд газрын наймаа арилжаа яригдсан юм байна. Д.Дондог гишүүн тухайн үед түншүүддээ “Манай нам ялж УИХ-д олонхи болсон нөхцөлд танай газрын асуудал, цаашдын ажилд чинь бидний зүгээс тусалж дэмжинэ” гэж хэлж байжээ. Ингэж 300 мянган ам.долларыг далд эздээсээ авч А.Батбилэгт өгүүлсэн гэдэг. Эдгээрээс үндэслээд прокурорын байгууллагаас ойрын үед УИХ-д хандан Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичиг илгээх бололтой. Мөн түүнчлэн Д.Дондогийн араас шил даран 10-аад хүний авлига, бусад гэмт хэргүүд яригдаж байгаа юм байна. Магадгүй дээрх 21 авлигын хэрэгтнүүдээс нь одоо тодорч байж болох л юм. Д.Дондогийн адил МАН-ын өөр хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яриа ч прокуророос сонсогдлоо. Тэдний нэр одоохондоо нууцлагдсан хэвээрээ байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )