Орчин үед минималист амьдралын хэв маяг хүчээ авч, олон хөрөнгөтөн орнуудын иргэд энгийн, даруухан амьдралыг сонгох болсон нь нууц биш. Минимализм эхэндээ амьдралын хэв маяг бус урлагийн урсгал чиглэл байсан ажээ. Минимал урлагийн онцлог нь элдвийн гоёл чимэг, солонгорсон өнгө будаггүй эгэл даруухан хэв маягийг баримталдагт оршино. Минимал амьдралын хэв маяг өөрөө урлагийн минимализмаас ялгагдах зүйл бага. Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, энгийн, хялбар амьдралаар амьдрах... энэ бол минимализмын үндсэн зарчим юм. Минималист хэв маягаар амьдрах хэвшилтэй, "Тандэм Инвэст ББСБ " ХК гүйцэтгэх захирал Б.Золжаргалтай уулзаж ярилцлаа.
-Та хэзээнээс минималист хэв маягыг сонирхож, энэ хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлэх болсон бэ?
-Миний хувьд анх гурван жилийн өмнө Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба ид шид” номыг санаандгүй байдлаар уншиж байсан юм. Анх энэ номын нэр нь таалагдаад худалдаж авсан. Тухайн үед өөрийгөө хангалттай эмх цэгцтэй гэж боддог байсан болохоор миний амьдралд ямар ид шид тохиолдох юм бол гэж бодсон. Гэртээ ирээд номоо хоёр өдөрт уншиж дуусгаад үнэхээр гайхаж, нүд маань нээгдэх шиг болсон. Дараа нь дахиж эхнээс нь уншаад өөрт хэрэгтэй гэсэн гол санаа өгөхөөр хэсгүүдийг тодруулагчаар тодруулж байгаад шүүгээн дэх бүх хувцсаа гаргаж цэгцэлж байсан. Энэ ном бол намайг минималист амьдрал рүү хөтөлсөн гарын авлага гэж хэлэхэд болно.
-Минималист болсноор таны амьдралд ямар, ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Минималист болохын өмнө би маш завгүй амьдралтай байсан. Ажлын таван өдөр ажилладаг. Ажил маань зургаан цагт тардаг ч суусаар байгаад ихэвчлэн оройны найман цагт ажлаасаа гардаг. Заримдаа бүр ажлаа гэртээ хүртэл хийдэг байсан. Тэгээд амралтын хоёр өдрийн нэгийг нь бүтэн гэрээ цэвэрлээд таардаг байсан. Сүүлдээ ажил дээрээ байхдаа хувийн амжуулах ажлаа бодоод, гэртээ байхдаа ширээн дээр үлдээсэн хийгээгүй ажлаа боддог болсон байсан. Завгүй амьдралтай үедээ юм болгонд хэтэрхий ач холбогдол өгдөг тэрнээсээ болоод их бухимддаг байсан. Минималист болсноор миний хувьд маш олон эерэг өөрчлөлтүүд гарж эхэлсэн. Нэгт үзэл бодлын хувьд их өөрчлөгдсөн. Эд материалд ач холбогдол өгөхөө больсон. Өөрийн шуналаа тодорхой хэмжээнд дарж сурсан. Хоёрт хэрэггүй зүйлд цаг заваа зориулахаа больсноор стрессгүй болж, өөртөө зориулах цаг маань нэмэгдсэн. Цөөн үгээр хэлбэл өмнөхөөсөө илүү амар амгалан, аз жаргалтай, амьдралыг илүү хялбараар харж чаддаг болжээ.
-Минималист хэв маягтай болсноор сэтгэл санааны хувьд илүү амар, тайван болж чаддаг уу?
-Энэ тал дээр бол 200 хувийн баталгаа өгч чадна шүү. Учир нь өөрийн биеэр туулж, ойлгосон болохоор. Өнөөдрийн бид нарын амьдарч байгаа нийгэм өдрөөс өдөрт улам бүр цаг завгүй болж, стресс нэмэх зүйлс ихэссээр л байгаа. Тийм болохоор өөрийгөө амар амгалан байлгах арга олохгүй л бол сэтгэл санааны хямралд өртөх нь цаг хугацааны л асуудал болжээ.
-Сүүлийн үед Монголд минималист хэв маяг илүүтэй дэлгэрэх болсон. минималист болох нь ямар давуу талтай вэ?
-Зөвхөн Монголд гэлтгүй Барууны орнуудад их дэлгэрч байгаа. Минималист байна гэдэг дан ганц эмхэлж цэгцлэх тухай эсхүл орон байраа тохижуулах асуудал огтхон ч биш юм. Минималист амьдралын хэв маягийг сонгосноор цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд олон давуу талууд бий болдог. Тэр ч байтугай байгаль орчинд хүртэл ээлтэй шүү.
-Аливаа зүйлд сайн, муу тал гэж байдаг. Минималист байхад сөрөг тал гэж байдаг уу?
-Яг миний хувьд одоогоор сөрөг гээд байх зүйл бараг л байхгүй. Намайг анх минималист хэв маягийг сонирхож эхэлж байхад энэ тухай ойлголт бараг байхгүй болохоор гэрийнхэн маань баахан юм хаялаа гээд загнаж байсан санагдаж байна. Мөн одоо ч гэсэн минимализмийн талаар тодорхой мэдээ, мэдээлэл хомс хэвээрээ байна.
-Минимализмийг амьдралдаа нэвтрүүлэхэд тийм ч хялбар биш. Минималист болоход тулгардаг хамгийн түгээмэл асуудлууд юу вэ?
-Мэдээж бэрхшээлгүй юм гэж хаана ч байхгүй. Хүн болгонд л янз бүрийн бэрхшээл тулгарах байх. Миний харснаар хамгийн түгээмэл бэрхшээл нь дөнгөж эхэлж байх үед гэр бүлийн хүмүүс нь ойлгохгүй байх явдал их байдаг. Энэ үеийг гэр бүлийнхэндээ ойлгуулчих юм бол эргэн тойрны хүмүүс нь дагаад минималист болж эхэлдэг сайн талтай.
-Минималист болох хамгийн эхний алхам юу байх вэ? Эхлээд юу хийх хэрэгтэй вэ?
-Минималист болоход яг таг тогтсон дүрэм журам гэж байхгүй. Хүн бүр л өөр өөрийнхөө арга замаар эхэлж болно. Гэхдээ энэ бол нэг сарын эсхүл нэг жилийн төлөвлөгөө бол биш шүү. Энэ бол урт хугацааны аялал.Юу юугүй хамаг юмаа цэгцэлж, хаяж эхлэхээсээ өмнө яагаад минималист амьдралын хэв маягийг сонгох болсон өөрийн зорилгоо тодорхойлох нь зөв байх. Миний хувьд анх эхэлж байхдаа жаахан будилж байсан болохоор энэ амьдралын хэв маягийг сонирхож байгаа хүмүүст нэмэр болох үүднээс Minimalist lifestyle page хуудсыг хөтөлдөг.
-Зарим хүмүүс минималист гэхээр хэдхэн хувцас, модон аяга, халбага хэрэглэж, хоосон өрөөнд тавилгагүйгээр амьдардаг гэсэн ойлголттой байдаг. Минималист амьдралын гол зорилго нь юу вэ?
-Ямар нэгэн ойлголтгүй нэгний хувьд бол тэгж харагдаж магадгүй. Энэ бол ямар нэгэн тоо хэмжээний тухай биш харин амьдралын чанарын тухай ойлголт. Миний хувьд минимализм бол өөрийгөө таньж мэдэх аялал. Ерөнхийдөө бол сэтгэлийн амар амгаланг олж авах нь минималистуудын гол зорилго гэж би боддог. Монголчууд нүүдэлчин амьдралын хэв маягтайм байхдаа хоёрхон авдартаа хорвоог багтаагаад нүүдэллэдэг байсан шүү дээ. Гэрээ хурааж ачаалаад тэмээн дээр авдраа тэгнээд, арагтаа хүүхдээ суулгаад нэг газраас нөгөө газар руу нүүдэг. Нүүдэлчин амьдрал гэдэг мөнхийн хөдөлгөөнд оршдог учраас элдэв хог, илүү зүйл тэдэнд хэрэггүй гэдгийг таньж ухаарсан байдаг. Харин суурин иргэншилд шилжсэнээр хэрэгтэй, хэрэггүй эд хогшил, нүсэр том тавилга, гоё ганган хувцаст илүү ач холбогдол өгдөг болсон нь эргээд түүндээ бухимдах, эдийн засгийн гарлагатай амьдарснаа мэдрэх шалтгаан болж байгаа юм.
-Минималистууд ямар нэгэн худалдан авалт, хэрэглээгээ хязгаарладаг гэдэг. Тэгвэл цахим орчны хэрэглээгээ хэрхэн, яаж зохицуулдаг вэ?
-Минималистууд л гэхээр худалдан авалтаа, хэрэглээгээ шууд хязгаарладаг гэж бас ойлгож болохгүй. Харин өөрсдийн цаг заваа илүү утга учиртай зүйлд зарцуулдаг гэж ойлгох хэрэгтэй. Минималист гээд цахим орчинд орохгүй эсхүл өдөрт хэдэн цаг байх ёстой гэх нь жаахан утгагүй л дээ. Бид өнөөдөр дижитал зуунд амьдарч байгаа учраас цахим орчин бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг байх болно. Тийм болохоор үүний давуу талыг ашиглаж илүү үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй.
-Минималист болох гэж байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл?
-Өнөөдөр бид нар хэтэрхий их эд зүйл, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөж, бусдад таалагдах, бусдаас дээр гарах гэсэн тэнэг бодлоосоо болж залуу насаа зээлийн хүү төлөхөд зориулж байгаа нь жаахан харамсалтай санагддаг. Тийм болохоор өөрийн бодит хэрэгцээгээ зөв тодорхойлж сурах хэрэгтэй.
Г.Баасансүрэн
Сэтгэгдэл ( 3 )
Хорвоогын хамгийн агуу юм энгийнээс
Болно, гэхдээ дэлхийд нэмэргүй, Далай лам шиг мал болох амьдрал руу орчих магадлалтай
Мари кондо гэсэн зальжин авгай. Ном нь ч ТЭр ганц Утга илэрхийлэх гэж баахан худлаа нуршсан естой утга алга тэнэг гэрийн авгай нарт зориулсан ном