Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.06) нэгдсэн хуралдаан 16 цаг 49 минутад 64 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн xaмт боловсруулж, өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг боловсруулахдаа юуны өмнө төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд шинээр бүрдэх Засгийн газрыг ажил хэрэгч, шуурхай, үр дүнтэй, тогтвортой ажиллуулах зорилготой өмнөх Засгийн газрын бүтцийг үндсэнд нь хэвээр хадгалсан болохыг Ерөнхий сайд илтгэлдээ дурдав. 3асгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй нийт 17 гишүүн ажиллуулах, бүтцийн хувьд Засгийн газрыг 14 яамтай ажиллуулахаар төслүүдийг боловсруулсан байна. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн, Барилга, xoт байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгажээ.
Яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх асуудлын хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуулийн төсөлд тусгаж, бусад яамыг хэвээр байлгах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваах нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг оновчтой удирдан зохион байгуулах боломж нэмэгдэнэ гэж үзсэн байна. Харин нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр хичээллэх явдлыг дэмжих, амьдралын эрүүл зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг цаашид бодлого, зохицуулалтын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан юм. Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн гззрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгасан байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо нэртэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Монгол Улсын Шадар сайдын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн газрыг Соёлын сайдын, Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төсөлд тусгасан болохыг Ерөнхий сайд танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасан эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг бий болгох талаар хэлэлцэж буй төслүүдэд тусгаагүй байгаа талаар гишүүд асууж байв. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн шинээр яам байгуулах нь зардал, төсвийн хувьд хүндрэлтэй, дээр нь зохион байгуулалтад нэлээдгүй хугацаа шаардагдах тул Засгийн газрын бүтцийг тогтвортой байлгах үүднээс дээрх бүтэц, бүрэлдэхүүнийг төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газар, яамдын өнөөгийн бүтцийнхээ хүрээнд зохицуулах бололцоотой гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг сонгосон учраас Ерөнхий сайдын хувиар танхимаа тогтвортой ажиллуулж, ажил хариуцсан албан тушаалтнуудыг үүргээ гүйцэтгэн, үйл ажиллагаа хэвийн явуулах нь зүйтэй хэмээн үзсэн гэлээ. Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгтэй хэдий ч цаг хугацааны хувьд хойшлуулаад дараагийн удаа маш сайн бодож, судалж, төлөвлөж байж байгуулах нь оновчтой гэж үзсэн болохоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Эдийн засгийн яамны зорилт, бодлогыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт татаж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд бүх салбар, улсын хөгжлийн бодлогыг зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулах асуудлыг хөндөн ажлын хэсгээс тодруулга тайлбар авсан юм. Соёлын яам байгуулж байгаа учир Соёл урлагийн газрыг татан буулгах, Төрийн өмчийн хороог татан буулгах, салбар салбарын шилдэг мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эдийн засгийн асуудал хариуцсан бүтэц байгуулах зэрэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэлж, төслүүдтэй холбоотой зарим асуудлыг тодруулж хариулт авсан бол М.Оюунчимэг гишүүн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар онцгой анхаарах шаардлагын талаар онцолж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц төсөлд тусгагдсан эрхлэх асуудлын хүрээний ачааллаа даах боломжтой эсэхийг нягтлах саналыг хэлсэн юм. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг бүх яамны эрхлэх асуудалд багтаасан нь эргээд төсвийн олон салаа, тарамдсан, үр дүнгүй урсгалыг дахин бий болгох вий гэдэг болгоомжлол байгаагаа хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, Соёлын яамыг шинээр байгуулах шаардлагын талаар тодруулж, хариулт авсан. Улс орны түүх, соёл, урлагтай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд онцгойлон анхаарч, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн үзэж тус яамыг цомхон бүтэцтэй байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг ажлын хэсгээс тайлбарлалаа. Мөн С.Бямбацогт гишүүн яамд болон сайд нарын эрхлэх асуудлыг давхардлыг сайтар нягтлах, оновчтой болгох, С.Ганбаатар гишүүн уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн гэрээ, үр ашгийг сайжруулах асуудлыг хариуцах бүтцийн талаар, гадаад өрийг барагдуулах бодлогын талаар тодруулж хариулт авсан. Ж.Сүхбаатар гишүүн хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлэх бодлогын асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх асуудалд тодорхой тусгах санал хэлсэн., Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлээд, салбар бүрд инновацийг дэмжих бололцоог бий болгох асуудлыг төсөлд тусгах саналаа хэлсэн. О.Цогтгэрэл гишүүн төрийн бүтэц дэх аж ахуйн асуудал хариуцсан ажил үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэх саналыг хэлж, төрийн албаны бүтцийг цомхотгох чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодрууллаа. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, тэгш байдлаар хүргэх шаардлагын хүрээнд эмч, багш, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид гэх зэргээр жил бүр төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд тайлбарласан. Харин сонгууль бүрийн дараа төрийн албанд болдог олон тооны халаа сэлгээ байхгүй болж байгааг эерэг үзүүлэлт гэдгийг тэрбээр хэллээ. Энэ удаагийн Засгийн газар төрийн албанд халах, цомхотгох асуудал гаргахгүй гэдэг байр суурьтай байгаагаа хэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бусад улс оронд багш, эмч нар төрийн албан хаагч гэж тооцогддоггүй гэдгийг дурдаад Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг “Төрийн зарим үйлчилгээг гэрээ, түрээсийн зарчмаар хэрэгжүүлэх, төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх” чиглэлээр МХАҮТанхимтай хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтойг сануулсан.
Үргэлжлүүлэн С.Одонтуяа гишүүн эдийн засгийн өндөр эрсдэлт нөхцөлд төсөл дэх бүтцийг даах эсэхийг тодруулж, хариулт авсан. Засгийн газрын бүтцийн талаарх хуулийн төслийн хэрэгжих цаг хугацааг ялгамжтай тусгаж, менежмент хийх хэлбэрээр зохион байгуулах саналыг хэлж байлаа. Б.Баттөмөр гишүүн хөгжлийн асуудал хариуцсан бүтцийг байгуулахтай холбоотой санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Худалдааны асуудлыг дотоод, гадаад гэж хуваан хоёр яаманд харьяалуулсан нь оновчтой эсэхийг асууж, хариулт авсан. Т.Доржханд гишүүн дэлхий нийтээрээ хүнд байдалд ороод байгааг дурдаад, нөхцөл байдал шинэ гэдгийг сануулж байв. Ийм тохиолдолд хурдан ажилладаг, цомхон, мэргэжлийн баг байх шаардлагатай байсныг дурдаад Соёлын яамны асуудлаарх бодлогын судалгааг тодруулж, технологи инновацийн асуудлыг Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний түвшинд анхаарах шаардлагын талаар тайлбар хэлж, зарим саналыг хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Чинзориг, С.Амарсайхан, Б.Жавхлан нар төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлэн, зарим асуудлаар тодруулга хийж ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр нар төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяаг тодорхой асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )