СУРВАЛЖИЛГА: Тэвээрэг муутай ч зүүн аймгийн мал өндөр үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Зуны дэлгэр цаг эхэлж, наадам дөхөхөөр хүмүүс хөл хөдөлгөөнд орж, хөдөө гадааг зорьж эхэлдэг. Нар салхинд гарсан улс гол горхины хажууд хорхог, боодог хийсэн шигээ гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цагийг өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ үед хонины махны эрэлт ихсэж зүүн аймгийг зорьж байгаа нь Налайхын махны худалдааны захаас, баруун аймгийг зорьж байгаа нь “Эмээлт” захаас хонио сорчилдог гэхэд хилсдэхгүй.

Налайхын хонь худалдаалдаг захад зарим нь портер машин дээр хонь, ямаагаа ачиж, зарим нь жижигхэн хороонд хашжээ. Ихэвчлэн Сүхбаатар аймгаас ирсэн мал гэх бөгөөд ирээд хэд хоносон бололтой шолхойсон харагдав. Бага зэрэг халмаг эрс “Ямар хонь авах юм, янзлаад, цэвэрлээд өгнө шүү” хэмээн өмнүүр хөндөлсөв. Нэг хонь 130-250 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд шүдлэн хонь 160 мянган төгрөг гэж байлаа. Малны худалдаачин эр  “Би Сүхбаатар аймгийн хүн. Манай нутгаар зуншлага тааруу. Хонины тарга тэвээрэг муу л байна. Хонио зарж тав арван төгрөг цааш нь хураадаг. Намраас том хүү маань оюутан болно. Тиймээс ийнхүү халуунд халж, хүйтэнд хөрч зогсоно доо” гээд инээмсэглэв.

Нэг хонь 18-22 кг жин татдаг. Баруун жигүүрт хашаатай хоньдыг ноослоогүй, ноос нь суларч унаад армаг, тармаг болсон өнгө үзэмж, туниа муутай харагдана. Харин зүүн жигүүрт хашаатай хоньдыг ноослоод мөлчийлгөсөн болохоор тарган, туранхай нь бэлхнээ мэдэгдэнэ. Тэр хашаанд хүмүүс их шавжээ. Салхинд гарах гэж дарвиж яваа бололтой 4-5 залуу хамгийн тарган хонь шилж байгаад 250 мянган төгрөг сарвайлгав. Чи хонь янзалж чадах уу гэж бие биеэ дөгөөж, шалгаан эцэст нь тэндээ муулуулахаар боллоо.  Хонь худалддаг эр хажуугийн байшин руу хонийг чирч оруулав. 40 гаруй насны эмэгтэй дор нь гэдсийг нь арилгаад, цусыг нь цутгаад, гүзээг нь хусаад зумлаад өгчихлөө. Гэдэс арилгахад 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Залуус шинэ шөл ууж алжаалаа тайлахаар сэтгэл өндөр давхиж одов. Аялж зугаалж яваа иргэдээс махны үнийн талаар сэтгэгдэл сонсоход “Мах маш үнэтэй байна. Монголчууд бид махгүй байж чадахгүй болохоор авахгүй ч гээд яах вэ. Хотоос мах авснаас захаас авсан нь хямд тусдаг. Төр засгаас махны үнийг бодлогоор барихгүй бол болохоо байлаа” хэмээн халаглан ярьлаа. Харин ямааны боодог хийх сонирхолтой хүмүүс 150 мянгаар ямаа авч байлаа. Хажуугийн дэлгүүрт килограммын мах 10 мянган төгрөг гэж байлаа. Зарим улс нэг гуя, хаа мэтхэн аваад явж байв. Мөн нутгийн иргэд ч хоолны махаа дэлгүүрээсээ авчихдаг аж.

Баруун аймгууд руу явдаг замын урсгалд “Эмээлт” зах оршдог. Тус зах нь мал, мах, түүхий эдийн хамгийн том цэг учраас хүн хөдөлгөөн ихтэй байлаа. Малын худалдаачдын ид наймааны цаг тул завтай хүн тэнд алга. Нүүрээ нар салхинаас хамгаалж битүү халхалсан, хар шил зүүсэн хүүхнүүд, саравчтай малгайтай, цээж нүцгэн залуус, аялалд гарч байгаа хүмүүс, аав, ээждээ шинэ шөл дөхүүлж яваа залуус хөлхөлдөнө. Хонины үнэ 150-250 мянган төгрөг,  ямаа 150-160 мянган төгрөг байгаа нь зүүн аймгийн малаас арай үнэтэй санагдав. Тарга тэвээргийн хувьд ч арай дөнгүүр юм. Мал муулдаг, гэдэс дотор арилгадаг том байшинд хүүхнүүд шаагилдаж, залуус шуугилдана. Энд ч мах эвдсэн, тэнд ч арьс хуулсан эрс түмэн завгүй. Баруун нутгаар саяхан  хур бороо орсон учраас өвс ногоо ч өнгө засаад эхэлжээ.

Малчдын амьдрал тэнгэр хангай, цаг уураасаа шалтгаалдаг болохоор тэдний харц арай гэрэлтэй харагдаж байлаа. Говийн нутгаар гандуу байгаа учраас малчид Өвөрхангай, Төв, Хэнтий аймгууд руу оторлон нүүгээд эхэлжээ. Мах авч буй иргэнээс сэтгэгдлийг нь сонсоход “Би говиос ирсэн. Нутагт бороо орохгүй, шороо л шуураад өнгөрөх юм. Говьд малын тарга тэвээрэг муу байгаа учраас ихэнх нь оторлоод явсан. Хотод байдаг найзындаа ирэхдээ эндээс мах аваад очих гэж байна. Хангайн мах амт муутай л байдаг юм. Гэвч яая гэхэв. Авахаас өөр аргагүй” гэлээ. Нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг манай орны амьдрал махны өндөр өртөгт дарлуулж, цөлжилт, ган гачигт нэрвэгдэж, уул уурхайд дөрлүүлж байгаа нь нууц биш. Мал аж ахуй нь байгалийн тэнцвэрт байдалтай нягт уялдаатай оршиж, малчдын болон ард иргэдийн амьдралд ийнхүү нөлөөлж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.41.155.222) 2020 оны 07 сарын 08

Avchirsan maldaa us, ovs ogdoggvi yum uu. İngeed olsgolon zovooj bgad zardag yum uu. Yasan nvgelteı yum be

0  |  0
Zochin(66.181.180.254) 2020 оны 07 сарын 07

Баруун аймаг хамгийн ядуу . Тиймээс малаар нь хөгжүүлж

0  |  0
Онч(192.82.70.213) 2020 оны 07 сарын 08

Цаг үеийн байдлыг тусгасан,найруулга сайтай зөв мэдээлэл байна.

1  |  0
Jesus the pastor(66.181.168.131) 2020 оны 07 сарын 07

Amitan zovoogood mongol hun l lav bish

0  |  0
Top