Махны үнэ, нийлүүлэлт тойрсон хэрүүл байнга гардаг ч мал аж ахуйн салбараа хэрхэн өөд нь татах талаар төдийлөн дурдах биш дээ. Махны үнэ бол зах зээлийнхээ өрсөлдөөний замаар л өсөн явж байна. Өдгөөгөөс 10 гаруйхан жилийн өмнө нийтийн тээврийн үнэ 100 төгрөг байгаад өнөөдөр 500 төгрөг болжээ, өдөр тутмын хэрэглээ талхны үнэ өнгөрсөн хугацаанд хэд дахин өссөн. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөж, өнөөдөр 3000 төгрөгийн босго тулсан байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сэм сэм нэмэгдэж буй энэ цагт махны үнэ дагаж өсөхгүй гээд яах юм. Манай улсад мал аж ахуй эрхэлж байгаа 150 мянга гаруй малчин, тэдний гэр бүл үр хүүхэд, дагуул малчдын амьдрал мал, махны үнэтэй салшгүй холбоотой. Тэгэхээр бид одоо махны үнэ өслөө хэмээн хашхирч зогсохоор мал аж ахуй тойрсон асуудлаа нухацтай авч хэлэлцэх цаг нэгэнт болжээ.
Малчны хөдөлмөр чамгүй хүнд, дөрвөн цагийн эргэлтэнд байгаль цаг уурын ааш аягийг дагаж амьдарна гэдэг амаргүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалах энэ салбарт эрсдэл хамгийн их бий. Гэтэл малчдын маань 80 гаруй хувь нь “Хаан” болон бусад банкинд “Малчны зээл”-тэй гэсэн мэдээлэл байдаг. Мал, мах үнэтэй байж мал дагасан амьдрал боломжийн байна. Монгол Улсын мал сүргийн тоо өдгөө 70 сая толгойд хүрсэн ч бэлчээрийн даац хэтэрсэн. Нүүдлийн мал аж ахуйд олон сайн чанар хадгалагдаж байгаа ч дэлхийн зах зээлд гаргах өндөр ашиг шим алга. Эртнээс улбаатай нүүдлийн мал аж ахуйг халах санаа тээсэнгүй, эрчимжсэн, нүүдлийн гэсэн хоёр чиглэлд хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг салбарынхан хэлдэг. Нүүдлийн мал аж ахуй нь цэвэр экологи талын бүтээгдэхүүний нэгэн том нэгдэл мөнөөс гадна монголчуудын эртний өв соёлыг өнөө бидэнд тээж ирсэн үнэт зүйл учраас жамаараа цааш явж таарна. Аливаа үндэстэнд хөндөж болохгүй, арилгаж болохгүй зүйл гэж байдгийн нэг нь нүүдлийн мал аж ахуй мөн.
Харин бид одоо тоонд бус чанарт анхаарах цаг нь болсон. Социалист нийгмийн үед манай мал сүргийн тоо толгой 20-30 саяд хэлбэлзэж ирсэн бол зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш байнга өссөн. Энэ хэрээр өргөн уудам нутагтай ч бэлчээрийн даац хэтрэхээс гадна усны хомсдол үүссэн, бэлчээр газрын маргаан, мах сүүний чанар, үүнээс үүдсэн хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх түвшинд хүрч байгаа гээд хэд хэдэн асуудал бодитоор үүсчихээд байгааг ч хөндөх цаг болжээ. Төрөөс ч малчдын мал сүргийг өсгөх тал дээр тодорхой анхаарч ирсэний зэрэгцээ “Мянгат малчин”, “Улсын сайн малчин”-аас эхлээд аймаг сумын хэмжээнд цол хэргэм олгож эхэлсэн нь мал сүргийн тоо толгой өсөхөд ихээхэн нөлөөлсөн. Сүүлийн 20 гаруй жилд чанарын тухайд огт эрхэмлээгүй нь харин малын үнэ цэнийг унахад нөлөөлсөн шүү. Мал аж ахуйн орны хувьд мал үнэ цэнтэй байх учиртай. Яг өнөөдрийн хувьд мах үнэтэй байх нь буруу зүйл биш. Инфляцтайгаа уялдаад явж байх ёстой.
Хятадууд үнэ цохиж мах худалдан авах болсноор махны үнэ өсч байна, хятадууд малыг минь зөөгөөд дууслаа гэх үндсэрхэг шүүмжлэл ч өрнөх аж. Монголын буян дуусахгүй. Тийм түүх ч байхгүй. Олон давтамжтай ган зудад хэдэн саяар нь өгсөн ч мал сүргээ өсгөсөөр ирсэн түмэн. Малаа арилжааллаа гэхэд хотоо харлуулаад үлддэг малчин гэж байхгүй. Малынхаа махыг өндөр үнэтэй борлуулж байна гэдэг малчны амьдралд тустай. Тэр тусмаа экспортолж байна гэдэг төсөвт хэрэгтэй. Үүнээс гадна “Мал нь төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмаа дагаад ган зудын аль ч үед хувийн энэ их өмчид улс гар татаж байсан удаагүй. Энэ тал дээр тодорхой бодлого гаргах ёстой. Хамгийн наад зах нь малын хөлийн татварын бодлого байдаггүй. “Малын хөлийн татварын тухай хууль”-ийн төсөл УИХ-ын чуулганаар удаа дараа ордог ч дэмжлэг авсан удаагүй.
Нөгөө талаар “Мянгат малчин”, “Улсын сайн малчин”-д өгдөг цолныхоо болзолын босгыг өндөр болгох шаардлага бий. Нийгэмд, эдийн засагт үзүүлж буй бодит үр дүнг авч үзэхгүйгээр малаа олон болгосон бүгдэд цол хэргэм өгөх нь өрөөсгөл. Монгол Улс 7000 гаруй “Мянгат малчин”-тай, 5000 гаруй өрх 1000-1499 мал тоолуулдаг аж. Мөн 1500-2000 малтай 1000 шахам өрх, 2000-аас дээш мал тоолуулсан 400 шахам өрх бий гэсэн статистик тоо байдаг. Харин хамгийн олон “Мянгат малчин”-тай аймгаар Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудыг нэрлэдэг. Тэгэхээр мал аж ахуй эрхэлдэг орны хувьд малын хөлийн татварт анхаарал хандуулж, төсөвт тодорхой орлого төвлөрүүлдэг тогтолцоо юу юунаас чухал. 70 сая толгой малтай улс орны хувьд нэг толгой малд оногдох мөнгөн дүнг хамгийн багадаа 1000 төгрөг гэж тооцвол төсөвт жилдээ 70 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломж үүсч байна гэсэн үг. Хамгийн багадаа шүү дээ. Үүнийгээ эргүүлээд малчдын нийгмийн асуудал, малын эрүүл мэндэд зарцуулдаг байх зохицуулалт үгүйлэгдэж байгааг хэдэн жил ярьсан ч биелэлээ олсон нь үгүй.
Ямартай ч өнгөрөгч 2017 онд “Хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн төсөлд малын хөлийн татвартай болох заалт оруулж ирснийг гишүүд унагаад авсан. Энэхүү өргөн бариад байсан хуулийн төсөлд малын хөлийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болгож, тэр мөнгөө юунд зарцуулахаа малчид өөрсдөө шийддэг байхаар тусгасан нь боломжийн санал байсан ч аанай л гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Мөнхүү 2017 онд хэсэг гишүүдээс “Малын хөлийн татварын хууль”-тай болох санаачилга гаргасан ч дэмжлэг авсангүй. Үүнээс гадна “Бэлчээрийн тухай хууль”, “Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах” тухай олон хууль яригддаг ч бас л биелэлээ олоогүй. 2009 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиас малчин өрхөд хамаарах заалтыг авч хаян, малын хөлийн татварыг үгүй болгосон гэх мэт олон асуудал байдаг. Учир нь УИХ-ын гишүүд малчдад “хайр зарлаж”, малын хөлийн татвар тогтоох тухайд байр сууриа илэрхийлдэггүй. Сонгогчдын чамгүй хүрээллийг хамаарах малчдад татвар тогтоох нь тэдний хувьд “нүгэл” бололтой.
1990-2018 оны хооронд Монгол Улсын мал сүргийн тоо огцом өссөн хэрнээ малтай өрхийн тоо 25-30 хувь буюу 70 орчим мянгаар буурсан үзүүлэлт ч татварын сайн тогтолцоо, тэдний нийгмийн асуудлыг шийдэж өгөөгүйтэй холбоотой. Өдгөө мал аж ахуй эрхэлж байгаа 150 гаруй мянган малчин өрх бүгдээрээ нийлээд улсдаа төлөх энэ мөнгө бол дундаж аж ахуйн нэгжийн эх орондоо төлдөг татвартай дүйх мөнгө юм. Манай улс малаа эрүүлжүүлэх, малын үржлийн ажлыг сайжруулахад төрөөс олгодог төсөв мөнгийг жил ирэх тусам бууруулсаар өдгөө 10 гаруйхан тэрбум төгрөг л өгдөг болсон. Үүнээсээ мал зүйчдийн ажлын хөлс, багаж хэрэгсэл, вакцин, тарилга авах мөнгөө хасаад тооцохоор нэг малд дөнгөн данган 70 төгрөг л ногддог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгэхээр манай улс мах экспортлох тухайд ярилтгүй учраас одоогоор дотоодын зах зээл дээр махныхаа үнийг инфляцтай уяалдуулахаас өөр арга алга. Ийм нөхцөлд малын хөлийн татвар тогтоож хуульчлах шаардлага байгааг харуулж байна.
Махны экспортоос эдийн засагт чамгүй мөнгө төвлөрч болохыг ярьцгаадаг ч мах нь эрүүл бус учраас гадныхан манайхаас мах авах сонирхолгүй байдаг аж. Махны экспорт жигд буюу 20 сая толгой бог экспортлоход жилдээ таван их наяд төгрөг олох боломж байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Энэ мэт мал аж ахуй тойрсон асуудал их байгаа ч хууль тогтоогчид маань цэгцэлж өгөхгүй байгааг малчид өөрсдөө яриад эхэлжээ. Мал аж ахуйн салбарт бодлого байхгүйн улмаас аливаа ган зуд, өвчин зовлон тохиолдоход татвар төлөгчдийн мөнгөнд хуруу дүрдэг. Тэгэхээр тодорхой хуультай болгохоор энэ салбар өөрийгөө санхүүжүүлээд үр ашгаа хүртээд явж болно. Бид махны үнэ нэмэгдлээ гэдэг болохоос малаа ярьдаггүй нь энэ олон жишээнээс харагдана.
Сэтгэгдэл ( 5 )
malchid jir irgedees ilvvl halamj edeldeg bizdee..
Sanaa husel ni zov ch bas l nogoo, yagaav nogoo... nogoo l tosov dutu, bodligo baihgui... nogoo l yaridag yuma yarisaar. Malchin huuhed zaluust hun shig bolovsroliig oron nutagt ni ogohgui tsagt malchid hagas teneg heveeree monhod. Hun negent tiim medeelel muutai, buren bus tarhi ni boijson baihad yaj ch demjye, naash ir chireed zaagaad nemergui. Malchin irgediin bondgor ni arai chanartai boijson bol oorsdoo guilgaj orovduulehgui zugeer tsaas harandaa avaad tootsoo hiigeed mallaa saijruulbal ashigtai gedgee heneee ch heluultgyi oilgochih baisan. Daanch mongolchuudiin zaya ene yumda. Haranhui..
Sanaa husel ni zov ch bas l nogoo, yagaav nogoo... nogoo l tosov dutu, bodligo baihgui... nogoo l yaridag yuma yarisaar. Malchin huuhed zaluust hun shig bolovsroliig oron nutagt ni ogohgui tsagt malchid hagas teneg heveeree monhod. Hun negent tiim medeelel muutai, buren bus tarhi ni boijson baihad yaj ch demjye, naash ir chireed zaagaad nemergui. Malchin irgediin bondgor ni arai chanartai boijson bol oorsdoo guilgaj orovduulehgui zugeer tsaas harandaa avaad tootsoo hiigeed mallaa saijruulbal ashigtai gedgee heneee ch heluultgyi oilgochih baisan. Daanch mongolchuudiin zaya ene yumda. Haranhui..
70сая малтай байж малгүй орон шиг мах нь хэт үнэтэй. Үнийн хөөрөгдөл малчны хийрхэл малын хулгайч нарын хууль бус ажиллагаа гэх үү аан?
Овоо л доо.\nНэг ч болсон мах гэхээсээ малаа гэж дууугардаг хүн байдаг нь сайн хэрэг.\nТанд баяр хүргэе. Амжилт хүсэе.\n