Үндэсний соёл амралтын хүрээлэн нээсэнтэй холбогдуулан хүний хөл хөдөлгөөн ихэсчээ. Зарим үйлчилгээний байгууллагуудыг Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу шат дараалалтай нээж байгаа билээ. Сүүлийн зургаан сар хөл хорионд байсан хүүхдүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар хүүхдийн паркаа ихэд санасан бололтой. Орох, гарах бүх талын хаалга нээлттэй байв. Хүмүүс хүүхдүүдээ дагуулан алсыг харагч, хүслийн галт тэрэг, саран савлуур, давлагаат эргүүлэг тоглоом дээр ихэвчлэн дугаарлаж байсан бол арай томхон хүүхдүүд усан завь руу хошуурч байлаа. 15 мянган төгрөгийн багцад таван тоглоом, 20 мянгын багцад долоон тоглоом, 25 мянгын багцад есөн тоглоом, 30 мянгын багцад 12 тоглоом тус, тус багтжээ. Аав, ээжүүд хүүхдүүддээ 15-20 мянган төгрөгийн багцыг сонгож харагдсан бөгөөд гурван хүүхэдтэй айл паркыг зориход хамгийн багадаа 100 мянган төгрөгтэй гарахгүй бол хаанаа ч хүрэхгүй нь гэж дуу алдаж байлаа.
Хүүхдүүдээ хөтлөн, тоглуулж яваа нэгэн ааваас сэтгэгдлийг нь сонсоход “Хүүхдийн паркын үйл ажиллагааг нээснээр хүүхдүүд зуны цагт хөгжилдөх, зугаацах боломжтой болж байна. Хөл хорионд байсан хугацаанд хүүхдүүд гэртээ утас, компьютер хэтрүүлэн хэрэглэснээс болж хараа нь муудах, сресстэх, нурууны мурийлттай болох зэрэг олон сөрөг талууд ажиглагдсан. Парк нээгдсэнээр хүүхдүүд чөлөөт цагаа боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх боломж нь нээгдэж байгаад баяртай байна” гэлээ. Галзуу хулгана сүрдэм харагдах ч ажиллаж эхлээгүй байлаа. Одоогоор паркт алсыг харагч, завь, дээрэмчний онгоц, хүслийн галт тэрэг гэх мэт 12 тоглоом ажиллаж байлаа. Хүүхдийн паркын ажилтан “Үлдсэн тоглоомууд шат дараатайгаар удахгүй ажиллаж эхэлнэ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг долоо хоногт хоёроос гурван удаа хийж байгаа. Мөн үнийн хувьд өөрчлөлт ороогүй. Тоглоомуудын үнэ 5000 төгрөг гэж байгаа. Харин дөрвөн төрлийн багцын үнэ хэвээрээ байна.
Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй" хэмээн хэлж байлаа. Хүүхдийн машин, гэрэлтдэг үсний даруулга, шүхэр, бөмбөг, хөөсөн буу зэрэг тоглоомууд 3-15 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Гоё гоё тоглоомууд хүүхдийн харцыг булаана. Хөөрхөн жижиг мухлагуудад хөвөнтэй чихэр 1000 төгрөг, зайрмаг 1500 төгрөг, ундаа 1500-2000 төгрөгөөр зарж байсан бол үүдний хэсэгт байрлах ресторанд хоолны цэс 5-20 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхэд л болсон хойно энийг ч идмээр, тэрийг ч амталмаар санагдана шүү дээ. Тоглож наадаад өлсөж цангасан хүмүүс гэр бүлээрээ хоолонд орж таарна. Тэгэхээр аав, ээжүүд минь олны өмнө хүүхдийнхээ нүдийг бүлтийлгэхгүйн тулд 100 мянга байтугай төгрөг халаасандаа хийж гарахгүй бол ч болохгүй нь дээ. Таван настай охин “Хүүхдийн паркыг нээсэн нь үнэхээр их таалагдаж байна. Аав ээжийг завтай үед парк дээр тоглох дуртай. Харин өнгөрсөн хугацаанд парк ажиллахгүй байсан нь жаахан муухай байсан. Харин одоо нээгдсэн болохоор зөндөө олон тоглоомоор тоглож чадна” гэж хөөрөн шулганав.
Тус парк Эрүүл Мэндийн яамны гаргасан дүрмээр хүн хооронд 1.5-2 метрийн зай барих, амны хаалт зүүх, хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх гэсэн. Харин үйлчлүүлж байгаа хүмүүсийн зарим нь амны хаалтаа зүүгээгүй, хүн хоорондын зайг баримтлаагүй байлаа. Иргэд өөрсдийгөө болон үр хүүхдээ эрсдэлээс хамгаалан халдвар, хамгааллын дүрмийг баримтлан үйлчлүүлэх нь хувь хүний ухамраас хамаарна. Нялх хүүхдээ салхилуулж, том хүүгээ тоглуулж яваа залуу хос “Иргэд хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалан амны хаалтыг нь зүүлгэж үйлчлүүлэх хэрэгтэй. Зөв боловсон, соёлтой, хогоо хогийн саванд нь хийж үйлчлүүлээрэй. Хүү маань парк нээгдэхэд хамгийн эхэнд ирсэн. Сэтгэл нь догдлоод өглөө эрт босчихоод явъя гээд байсан ” гэж инээмсэглэн ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Ulsin bolgood ashgiin bus bolgo
Disnei park биш үнэтэй юм байна. Хүүхдүүдийг саах хэрэггүй харин тэднийг баясгах хэрэгтэй. Тоглоомоос ашиг унагах сэтгэхүйтэй байгаа бол хүүхдийн тоглоомоос биш Саsino байгуулж ашиг унагаал даа новшнуудаа.