Дундад зууны хараал: Европыг донсолгосон тахал

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Хятад, Монголын газар нутагт тарваган тахлын тохиолдлууд бүртгэгдсэн билээ. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Өвөр Монголын Өөртөө засах орны малчин энэ сарын 4-нд Баян Нуур хотын эмнэлэгт тарваган тахал гэсэн оноштой хүргэгджээ. Тэрбээр хэрхэн халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн эрх баригчид энэ оныг дуустал Өвөр Монголд аюулгүй байдлын гуравдугаар түвшний дэглэм тогтоосон бөгөөд энэ хугацаанд тахал тараагч амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийг хориглож, орон нутгийн ард иргэдийг сэжигтэй тохиолдлын талаар даруй мэдэгдэхийг уриалаад байна. Тэгвэл Монгол Улсад өнгөрсөн долоо хоногоос хойш тарваган тахлын гурван тохиолдол бүртгэгдэв.

 

Дундад зууны хараал

Италийн алдарт зохиолч Жованни Боккаччогийн “Декамерон” эмхтгэлд тарваган тахлын халдвараас нуугдах найдвар тээсэн залуус /1348 оны үед/ тосгонд орогнох үеэр Флоренц хотод аймшигт тахал хүчээ авч, амиа алдах хүний тоо цаг минутаар өсөж буй тухай гардаг. Энэ ном сонгодог уран зохиол төдийгүй тарваган тахал хэмээх цар тахал Европыг хэрхэн донсолгож, амиа алдсан хүний тоо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнийг сануулдаг. 1346-1347 оны хооронд Европ тивд түүхэн дэх асар халдвартай хар тахал дэгдсэн. Энэ өвчний гарал үүсэл нь тодорхойгүй, эм бэлдмэл үгүй байсан тухайн үед хаан ч тэр харц тэр хэн бугай ч энэ өвчнөөр нас барах аюултай байжээ. Хар үхэл цавь, суга, хүзүүний тунгалгийн булчирхай үрэвсэх, идээлэх, өндөр халуурах хэлбэрээр илэрч байжээ. Үүнээс хойш олон зууны дараа л эмч нар эл аймшигт өвчнийг халдварт бөөс тээгч харх тарааж, Крымийн хойг дахь Каффа худалдааны хот халдвартай холбосон “гүүр” байсныг олж мэдсэн аж. Азиас гаралтай энэ өвчний халдвар монголчууд Каффа хотыг бүсэлж, тахлаар нас барсан хүмүүсийн цогцсыг хана давуулан шидэх замаар халдвар тарааснаас эхэлжээ. Үүнээс өмнө европчууд Хятадад үүсэж, Төв Азиар дамжин Энэтхэг, Перс, Месопотам, Сири, Египет, Бага Азид тархсан гэх энэ аймшигт тахлын тухай ам дамжсан яриаг үр тоомсорлож байв. Каффа худалдааны хотоос хар үхэл шууд Италийг нөмөрч, гамшиг тарив. Савханцар нянгийн халдвар авсан худалдаачид Италид ирж, тэндээс тахал Европ тив даяар тархав. Италийн агуу их хот цар тахлын голомт болж хувирчээ. 1347 оны нэгдүгээр сар гэхэд хар тахал Францын Марсель, тэндээс Испанид хүрчээ. 1349 онд тарваган тахал могой адил Пикард, Фландриа, Нидерландаар дамжин мөлхөж, Англиас Шотланд, Ирландад хүрч, Норвегид дэлгэрэв. Аймшигт нөхцөл байдал хүний мөн чанарыг ил гаргав. Халдвар авах айдас төсөөлшгүй хэмжээнд хүрч байжээ.

 

Европын хүн амын 60 хувийг устгав

Европ тивд хар тахлын нас баралтын түвшин 60 хувьд хүрсэн гэж түүхчид үздэг. Зөвхөн Пиренейн хойгт гэхэд нийт хүн амын 60-65 хувь нас баржээ. Хар үхэл Кастилийн хаан Альфонсо XI амийг авч одсон бол Арагоны хаан Педро II зургаан сарын дотор эхнэр, охин, үеэл дүүгээ алдаж, Византын эзэн хаан Иоанн Кантакузин хүүгээ алдсан бол Флоренц хотод агуу түүхч Жованни Валлани “...тахлын үед нас барсан ...” гэсэн өгүүлбэрээ төгсгөж чадалгүй 68 насандаа хорвоог орхиж байжээ. Цар тахал Азиас Европт дахин орж ирж байсан ч ийм хэмжээнд дахин хүрээгүй аж. 1666 оны их түймрийн үед Лондон хот аюулт тахалд нэрвэгдээд байв. Тухайн үед Английн хаан болон хотын удирдлагууд хотыг орхин гарч байжээ. Тэр үед хар үхэл зөвхөн галын өмнө хүчин мөхөстөв. Лондон хотод тахлын сүүлчийн тохиолдлууд их түймрийн өмнө бүртгэгдсэн байдаг бөгөөд хүн амын хамгийн ядуу, улмаар хамгийн эмзэг хэсэг галд амиа алдаж эсвэл ариун цэврийн хамгийн муу нөхцөлд амьдарч байсан хотыг орхин зугтааснаар хар тахал цааш газар аваагүй гэж үздэг. Гэнэтийн аврал тахал шигээ аймшигт хэлбэрээр иржээ.

 

Тарваган тахал гэж юу вэ

Энэ өвчин мэрэгч амьтдын биед болон мэрэгчдийн бөөсөнд амьдардаг Yersinia pestis нянгаар үүсгэгддэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг. Тарваган тахал мөн уушгины тахал хэлбэрээр илэрдэг ба энэ нь илүү халдвартай бөгөөд улмаар хоруу чанар ихтэй. Антибиотик гарч ирэхээс өмнө тахал зайлшгүй үхэлд хүргэдэг байсан бол орчин цагт антибиотикийн тусламжтайгаар амжилттай эмчилдэг болжээ. Хамгийн гол нь эрт оношлох нь чухал аж. Дундаж зууны үед тахал хэдэн арван жилийн давтамжтай дэгддэг байсан бол түүхэнд Юстинианы тахал /VI зуун/, Хар үхэл /XIV зуун/ зэрэг цар тахал бүртгэгдсэн бөгөөд ойролцоогоор 25 сая хүн амиа алдсан мэдээ бий. 2010-2015 онд дэлхийд нийт 3248 тахлын тохиолдол бүртгэгдсэнээс 584 хүн нас баржээ. Хамгийн сүүлд тарваган тахлаас үүдэлтэй нас баралт 2014 оны долоодугаар сард Хятад улсын Ганьсү мужид бүртгэгдэж байсан бол 2017 оны арваннэгдүгээр сард Мадагаскарт 2348 хүн өвчилж, 202 хүн нас барсан байна.

Тарваган тахал хэрхэн илэрдэг вэ

Шинж тэмдэг нь халдвар авснаас хойш 2-6 хоногийн дотор илэрдэг аж. Тунгалгийн булчирхай тахианы өндөгний хэмжээнд хүрч томрохоос гадна халуурах, чичрэх, толгой өвдөх, булчин шархирах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Тахлын нян уушгийг гэмтээж, ханиах, цээж орчим өвдөх, амьсгалахад хүндрэхэд хүргэдэг байна. Нян цусны эргэлтийн тогтолцоонд нэвтэрч, цусны халдвар, чухал эрхтний үйл ажиллагаа зогсоход хүргэдэг байна.

 

Хэрхэн халдварладаг вэ

Халдварын гол эх үүсвэр нь мэрэгч амьтны бөөсөнд хазуулах, тарвага, харх, хулгана зэрэг халдвар тээгч амьтантай харьцах, халдвар авсан хүн болон амьтны амьсгалаар дамжин тархдаг байна. Муур, нохой бөөсөнд хазуулах эсвэл үхсэн мэрэгч идсэнээр тахал тусах боломжтой. Халдвар авсан амьтны цус хүний шарханд хүрэхэд мөн халдвар авах боломжтой аж. Тарваган тахлаар нас барсан хүний цогцос халдвар тээдэг байна.

 

Шинэ цар тахал гарах аюул бий юу

Тахлын голомт дэлхийн зарим хэсэгт байсан хэвээр. Сүүлийн үед Конго болон Мадагаскарт тахал дэгдэж байсан ч богино хугацаанд зогсоож чадсан. “Тухайн үед тахлыг эрт илрүүлж, өвчтөнийг тусгаарлаж, яаралтай эмчилгээ хийсний үр дүнд тархалтаас урьдчилан сэргийлж чадсан нь сайшаалтай” гэж Саутхэмтпотны их сургуулийн микробиологич Мэтью Драйден ярьжээ. Тарваган тахал вирусээр бус нянгаар үүсгэгддэгээрээ КОВИД-19-өөс ялгаатай бөгөөд антибиотикийн тусламжтай эмчилдэг. Шинээр бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдлыг эрт илрүүлж, тусгаарласан тул богино хугацаанд дарах боломжтой гэж шинжээч үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL(129.205.124.117) 2021 оны 04 сарын 19

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй\nЭрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nХүндэтгэсэн\nДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ\nDR MAXWELL

0  |  0
Top