-АНУ-ын дотоод тэмцэл өрнөсөөр-
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхан тус улсад цөмийн шинэ туршилт явуулахад төсвийн хөрөнгийг ашиглахыг хориглосон хуулийн төслийг танилцуулжээ. Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын эрх баригчид цөмийн туршилтаа дахин эхлүүлэх боломжийн талаар ярилцаж байгаа тухай мэдээлэл гарч байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар уг хуулийг энэ оныг дуустал Конгресст хэлэлцэж амжихгүй аж. Гэсэн хэдий ч ардчилагчид өөр зорилготой. Тэдэнд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Цагаан ордны тэргүүний эргэн тойронд нэмэлт сөрөг зүйл үүсгэх нь чухал юм.
Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчдын цөмийн туршилт явуулахдаа төсвийн хөрөнгийг ашиглахыг хориглосон хуулийн төслийг санаачилсан хүмүүсийн нэг нь Невада мужаас Конгресст суугаа гишүүн Дина Тайтус аж. Конгрессын гишүүн эмэгтэй “Эрчим хүч, усан хангамжийн чиглэлээр санхүүжилт олгох тухай хууль тогтоомжид саяхан Ерөнхийлөгч Доналд Трампыг цөмийн зэвсэг туршихаас урьдчилан сэргийлэх, санхүүжилтээс (зарцуулсан цөмийн түлшний нөөц) татгалзах тухай хуулийн төслийг оруулсан болохыг дуулгахад таатай байна. Энэ байдлаараа үргэлжлүүлцгээе. Энэ бол Невадагийн хувьд тун сайхан мэдээ юм!” гэж “Твиттер” хуудсандаа бичжээ. Үүнээс өмнө зургаадугаар сарын 23-нд Тайтус мөн АНУ-ын цөмийн туршилтаа дахин эхлүүлэх тухай сэдвийг хөндсөн байна. Түүний хэлснээр Цөмийн аюулгүй байдлын үндэсний удирдлагын газар 2013 онд Невада мужид газар доор хийсэн туршилтууд нь хүрээлэн буй орчинд цацраг идэвхт бодис ялгаруулж, ялангуяа гүний усанд хүргэжээ. Тэрбээр “Одоо Доналд Трампын засаг захиргаа манай улсын аюулгүй байдлыг алдагдуулах, зөвтгөшгүй туршилт хийхийн тулд өөрсдийгөө дахин эрсдэлд оруулахыг Невада мужийн оршин суугчдаас хүсэж байна” гэв.
Үүнээс гадна Дина Тайтус бусад улс орнуудыг цөмийн зэвсэг эзэмших, туршихыг дэмжээгүй ч АНУ-ын цөмийн зэвсгийн аюулгүй, найдвартай байдлыг үргэлжлүүлэн хангахыг уриалжээ. Тэрбээр “Би зургаадугаар сарын эхээр цөмийн туршилт явуулахтай тэмцэх тухай хуулийн төслийг танилцуулж, цөмийн туршилт хийхэд бэлтгэх эсвэл туршилт явуулахад санхүүгийн нөөцийг зарцуулахыг хориглох ажилд манлайллаа хадгалах тухай зарласан. Невада мужийн оршин суугчид болон бүх америкчуудад шаардлагагүй аюул занал учруулж, зэвсгийн өрсөлдөөнийг үргэлжлүүлж болох энэхүү аюултай туршилтад холбооны хөрөнгийг ашиглахаас урьдчилан сэргийлэх шаардлагыг та бүхэн ч хамт нэхэхийг уриалж байна” гэсэн байлаа.
Цөмийн хөтөлбөр
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Вашингтон 1992 оноос хойш анх удаагаа ийм алхам хийхийг эрмэлзэж байгаа тухай мэдээллүүд гарахтай зэрэгцэн Ардчилсан намынхан шинэ цөмийн туршилт хийхэд төсвийн хөрөнгийг ашиглахыг хориглохыг дэмжив. “The Washington Post” өнгөрсөн тавдугаар сарын 22-нд мэдээлснээр АНУ-ын эрх баригчид тавдугаар сарын 15-нд Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хэлтсийн албан тушаалтнуудын уулзалтаар ийм арга хэмжээ авах талаар ярилцжээ. Уг материалыг нийтэлснээс хойш хэд хоногийн дараа Пентагоны Цөмийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслахын үүрэг гүйцэтгэгч Дрю Уолтер хэлэхдээ “Хэрэв Цагаан ордны тэргүүн тушаал гаргавал Вашингтон хэдхэн сарын дотор цөмийн туршилт хийж эхлэхэд бэлэн” гэсэн байна. Сүүлд нь зургаадугаар сард Ардчилсан намын гишүүд АНУ-ын Батлан хамгаалах болон Эрчим хүчний сайдад нээлттэй захидал илгээж, АНУ цөмийн туршилтыг дахин эхлүүлэх магадлалтай гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор хэд хэдэн асуултад хариулт өгөхийг шаарджээ. Ялангуяа АНУ-ын тагнуулын байгууллага, агентлагууд ийм алхам хийсний үр дагаврыг судалж үзсэн үү гэдгийг хууль тогтоогчид сонирхож байв. Дараа нь Ардчилсан намынхан ийм төлөвлөгөө нь Ерөнхийлөгчийн засаг захиргааны 2018 онд баталсан “Цөмийн бодлогын тойм” -д харшлах болно гэж үзжээ. Тэдний үзэж байгаагаар цөмийн туршилтаа дахин эхлүүлэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх давуу талд аюул учруулж болзошгүй юм. Захидал бичигчид “АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг мэдэгдэхүйц бэхжүүлэх боломжтой Цөмийн туршилтыг хориглох иж бүрэн гэрээг соёрхон батлах шаардлагатай байна” гэж онцолжээ.
Доналд Трампад хаягласан дээрхтэй ижил захидалд 80 сенатч, Конгрессын гишүүд Цагаан ордны тэргүүнийг цөмийн туршилт хийх “Хор хөнөөлтэй санаагаа орхихыг” уриалсан байна. Нэмж дурдахад, ийм алхам нь аюултай өдөөн хатгалга болно гэжээ. Энэ бүх уриалгын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн зэвсгийн хяналтын тусгай төлөөлөгч Маршалл Биллингсли цөмийн туршилтаа дахин эхлүүлэх шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр АНУ Туршилтын иж бүрэн хоригийн гэрээнд гарын үсэг зурахаасаа татгалзаж магадгүй тухай Орост мэдэгдээгүй аж.
Үүний зэрэгцээ өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Trident II” баллистик пуужингуудыг байлдааны төхөөрөмжгүйгээр туршжээ. Одоогийн байдлаар энэ нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай цорын ганц пуужин юм гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Улс төрийн тал
Судлаачдын хэлж буйгаар Ардчилсан намынхны хуулийн төсөл ирэх жилээс өмнө батлагдахгүй. Конгрессын гишүүд долоодугаар сарыг дуустал хуралдаж, дараа нь завсарлан, намар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнээс гадна дээрх санаачилгыг Бүгд найрамдах намынхан олонхыг нь бүрдүүлдэг Сенат хүлээж авахгүй аж. Гэхдээ Ардчилсан намынхны гол зорилго нь сонгуулийн өмнө Трампын эсрэг сөрөг зүйлүүд гаргаж ирэх юм. Энэ нь Ардчилсан намыг дэмжигчдийн саналын улс төрийн ач холбогдол аж. Доналд Трампын засаг захиргааны хариуцлагагүй байдал, цөмийн зэвсгийн туршилт зэрэг сэдвийг хөндөж байгаа шүү дээ. Нэг талаас энэ нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч ирсэн, нөгөө талаас улс төрийн тэмцэл өрнөж байгаа тул Ардчилсан нам сонгогчдоосоо оноо авах ёстой гэж шинжээчид үзэж байна. Ардчилсан намынхан одоо чухам ийм санаачилга гаргаж байгаа аж. Тэд Трампыг дэлхийг улам аюултай болгож байна гэж харуулахыг хичээж байна.
Тэд энхийн төлөө уриатай АНУ-ын удирдагчийг урьдчилж таамаглах аргагүй бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээрийг сүйтгэж байгаа гэж жирийн америкчуудад харуулахыг хүсэж байна хэмээн судлаачид тодорхойлжээ. Ардчилагчид ийм мэдэгдлүүдтэйгээ зэрэгцэн бусад орны түншүүддээ дохио өгч байгаа бөгөөд дэлхий дахинд хандан “Хараач, хэрэв бид засгийн эрхэнд ирвэл цөмийн туршилтаа зогсоож, хүн төрөлхтнийг аюулгүй болгоно, нийгэм дэх хурцадмал байдлыг бууруулахын тулд бүх зүйлийг хийх болно” гэжээ. Тэд дэлхийн энх тайвны төлөө гэдгээ харуулахыг зорьж байна.
Мөнгөний асуудал
Шинжээчдийн таамаглаж байгаагаар АНУ үнэхээр цөмийн туршилтаа үргэлжлүүлвэл бусад орнуудад цөмийн зэвсгээ шинэчлэх ноцтой давлагаа дагалдах аж. Трамп энэ талаараа аль хэдийнээ хэлсэн бөгөөд хязгаарлалтын улмаас АНУ цөмийн зэвсгээ боловсронгуй болгож чадахгүй байгаа гэнэ. Шинэ туршилтууд нь хуваарилалт, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгтэй. Энд мөнгөний энгийн асуудал байгаа аж. Доналд Трамп АНУ-ын цөмийн хүчийг шинэчлэх үйл явцыг аль хэдийн эхлүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Одоо Ардчилсан нам түүнд саад хийхээр оролдож байна. Цагаан ордны одоогийн тэргүүн дахин сонгогдож чадвал тэрбээр АНУ-ын цөмийн зэвсгийн тогтолцоог цаашид илүү ихээр өөрчлөхийг хүсэх аж.
Сэтгэгдэл ( 0 )