Өдрийн 30 хэмийн халуунд хямдралтай худалдаанд оролцохоор олон арван хүн дараалалд зогсоно. Урдуур хүн орууллаа гэж бухимдаж, настай хүнийг түрүүлж оруул гээд уурлана. Эхнэр нөхөр хоорондоо “Чиний буруу, миний зөв, би тийм хүн, чи тийм хүн” гээд маргалдана. Нэг жолооч түгжрэлд хамаг хараалаа урсгах нь цонхны цаанаас сонсогдоно. Дүрэм зөрчсөн автомашиныг хүмүүс яаравчлан ачна. Ялалтын талбайг хэсэгхэн хором ажиглахад өчнөөн уур бухимдал нүдэнд ил үзэгдэнэ. Хөөрөн гүйлдэх хүүхдүүдээс бусдаар бүгд л ямар нэгэн бухимдалтай, их бага стресстэй байгаа бололтой.
Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн нэгэн лекцэндээ “Нэг цаг хугацаанд талд нь инээгээд талд нь уурлаж болох уу. Чи уурыг сонгосон бол инээд байхгүй. Инээдийг сонгосон бол уур байхгүй. Аз жаргалыг сонгосон бол зовлон үгүй. Зовлонг сонгосон бол аз жаргал үгүй. Болж байна, бүтэж байна гэдгийг сонгосон бол болохгүй бүтэхгүй байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бид зовлонг эсвэл жаргалыг сонгох хоёрхон сонголттой нүүр тулсаар хорвоогийн тоосыг элээх нь ээ. Яадаг ч байлаа гэсэн үргэлж жаргалыг сонгох нь зүйтэй. Агшин, хором бүрээс аз жаргалыг мэдэр. Үй түмэн явдлаас сайн сайхныг нь олж хар. Урт дараалалд дугаарлан зогсоо бол уурлаж бухимдаад яах вэ, хүлээцтэй бай. Тэртэй тэргүй таны өмнө олон хүн зогсож байгааг өөрчилшгүй. Эхнэр, нөхөр хувь тавилангаар учирсан хоёр өөр хүмүүс тул нэгнээ ойлгож хүндэлж, таалагдахгүй зан чанарт нь дасан зохицож сурах хэрэгтэй.
Харааж зүхлээ гээд түгжрэл арилахгүй. Хүний өмчийг хураалаа гээд танд тус ирэхгүй. Уурлаж, бухимдаж, гомдож, тунилгүй аливааг байгаагаар нь хүлээж аваад сурчихвал орчлон ертөнц ихэд хялбар болно гэдэг. Ингэхдээ гэрэл гэгээ, сайн мөртэй явбал хэзээд ялалт танд ирдэг жамтай.
Сэтгэгдэл ( 1 )
urgelj l jargaltai urgelj l ineegeed amidardag hun ene horvood baihgui Ene surgaal zugerl amar taivan megz unshaad suudag lambuhai guia l ingej amar amgalan amidardag baihdaa Orchin ued chin mash ih zavgui bugd strestei niigmiin ene ih muuhai har energi buh zuil amidarald mash ih noloolj baigaa Mongold gudmajaar yavhad bugd uurtai aimaar humuus alhalj baidag Niigem ni tiim bolhoor humuus ni bugd uurtai tsaraitai bugd haraal helsen humuus l baina