“ХУРААНГУЙ” яруу найргийн номыг хураангуйлах нь

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

ГЭНЭТХЭН БИЙРЭЭ ШҮҮРСЭН

ХӨЛЧҮҮ ЗУРААЧИЙН

ТАТАЛБАР ШИГ

ШҮЛГҮҮДИЙН ТУХАЙД...

Би Андрейн Сүглэгмаагийн ‘Хайрын Гүмүда’, ‘Бүрхэг өдрүүдийн Блюз’ гэсэн хоёр ч номыг үзэж байсан. Яруу найргийн уламжлалт тиг хандлагыг сонгодог аязтай сүлэлдүүлсэн, өөрийн гэсэн бичиглэлийн арга барил нь тогтсон найрагч байна даа гэж бодож байсан бол энэ удаа түүний шүлгүүд илүү чөлөөт орон зай руу шилжилт хийхийг харж, найрагч өөрийн оюун санааны өвөрмөц ертөнцийг бүтээхээр эрэлхийлж буйг нь олж үзээд ихэд олзуурхав. Яруу найрагч хүн өөрийгөө давтахаас ангид байж гэмээнэ сая жинхэнэ уран бүтээлч болдог жамтай...

Монголын утга зохиолын нэрт судлаач Ч.Билигсайхан багш маань ‘Яруу найраг нэг л өөр болчихлоо’ нийтлэлдээ “2010 он гараад Монголын яруу найраг нэг л өөр болчихлоо. Хэн ч анзаардаггүй байсан ‘даруухан’ шүлэгч хачин содон мөр биччих юм, бас эмэгтэй шүлэгчид чангараад ирэх шиг, саяхандаа эмэгтэйчүүдээс Өлзийтөгсөөс л содон шинэ юм хүлээдэг байсан бол одоо захын шүлэгч бүсгүй хачин аятайхан мөр хэлхдэг боллоо...” гэсэн нь бий. Тэдний дундаас Андрейн Сүглэгмаа арай л өөр сонин содон өнгөөр гэрэлтэж яваа найрагч. Урлагт тэр дундаа яруу найрагт дүрслэхүйн гоо зүй гэж нэг чухал юм байдаг. Яруу найрагч бүсгүй маань далд нууцлаг мэдрэмжүүдээ бодит төсөөлөл болгон, тэр төсөөллөөрөө хайрыг биежүүлэн, өнгө будаг нь зохирсон учралуудынхаа тухай уран зураач шиг таталган бичнэ...


* * *

Сайхан үнэрийг минь салхинаа угааж, сэмхэн тольдохдоо

Зөрүүдлэн зүтгэх сэтгэлийн минь цагаан шувууг

Зүүн нүдний чинь доорх

мэнгэнд өндөглөснийг нь

чи олж харахгүй!

* * *

Шархалсан зүрх

Шархадсан далавчаа

Дааж ядан

Шал нойтон чичирсэн гараараа чи

Шарилж хөвөөлсөн хаалгыг минь тогшдог.

* * *

Биеэр минь наадагч бүжигчин хурууны

Бийрийн татлага шиг өндөгний зураасаар

Хүсэл татсан нэрлэж боломгүй өнгөнд

Хүүхэн бие минь уусан, алдуурч одов оо!

 

* * *

Төсөөлөл зүүдийг минь мянгантаа

олзлон эзэрхийлэгч

Түрэмгий тэвэр, халуухан цөмд чинь түмэнтээ уусмаар

Зоргоороо атлаа эмзэг зөөлөн, нэгэн

хэмээр эгшиглэгч

Зовлонт ганихрал, золгүй ганцаардлын

түйтгэр таригч аа!

 

* * *

Хөндүүр цээжийг минь хавж ургасан

Хөхөмдөг ягаан яргуйс минь, янагс минь

Ахиад л чи орчлонгийн тоосонд булуулахаар

Ариухан дэлбээгээ гэнэхнээр задалж байна уу

 

* * *

Мөнгөн нуурын мандал нэг л хавраар дүүрч

Мянган хун дуулалдсаар нэг л намраар эзгүйрэх шиг

Нам гүмийг тэмтчих сэтгэлийн гүндэх ээнэгшил

Нас болоод нартын хагацахуйн хөндүүрэл

Ямархан цурхиралтай вэ? Агай

 

Хайрын тухай бичээгүй, хайрын шаналан зовлонг амсаагүй найрагч гэж үгүй биз ээ. Яруу найрагч бүсгүй маань ч хайрын тухай дуулна. Гэвч түүний хайр, түүний хүлээлт, түүний шаналан бусдаас онхи өөр! Түүний хайр: гэнэтхэн бийрээ шүүрсэн хөлчүү зураачийн таталбар шиг тийм ЭТГЭЭД... Түүний хайрын шаналан: залуухан амрагийнхаа гэртээ харих замыг зангуугаар дүүргэчихээд, тэлчлэнхэн хүлээмээр тийм ЦӨХРӨМ... Түүний хайрын зөн: хайртынхаа зүүн нүдний доорх мэнгэнд өндөглөхөөр зүтгэх зөрүүд цагаан шувуу шиг тийм СОВИНЛОГ... Түүний хайрын хүсэл: биен дээгүүр нь наадагч бүжигчин хурууны бийрийн татлага шиг өндөгний зураасаар хүүхэн бие нь алдуурч одохоор тийм ТАЧААНГУЙ... Түүний хайрын нигүүсэл: шархадсан далавчаа дааж ядан, шал нойтон чичирсэн гараараа шарилж хөвөөлсөн хаалгыг нь тогшиход тэсгэлгүй тэврэн авдаг ГЭГЭЭН ДАРЬ ЭХ... Түүний хардалт: сормуус нь зүрх сүвлэм охидыг харах хайртынхаа мэлмийг таглачихаад огтоос гэмгүйхэн эрхлэн дуу алдах ХОВСОЧ ЭМ... Түүний хайрын эзэн: эртний дияанч зуун жилийн дараа эгээрсэн дүртэй агуйгаасаа гарч ирэх шиг тийм БУРХАНЛАГ... Түүний хайрын зоригжилт: хурц соёо нь гялалзан ургаж, хувирсан биеэ займчин шилгээх шиг тийм АРААТАНЛИГ... Ийм болохоор л би түүнийг дурлахдаа, шаналахдаа, хайрлахдаа, харамлахдаа, тэгээд түүнийгээ дүрсийн ертөнцөд буулгахдаа бусдаас өөр гээд байгаа юм! Ямартаа ч Монголын яруу найрагт ийм нэгэн СОНИН СОДОН ӨНГӨ гэрэл татуулсаар орж ирсэн нь... оршин буй нь сайхан...

А.Сүглэгмаагийн шинэ шүлгүүдээс олж харсан бас нэг өнцөг бол ‘БИ’-гийн төвлөрөл! Айн Рэндийн ‘Атлантын нуруу тэнийв’-ийн Жон Галт “Орчлонд ганцхан л аугаа чанар бий. Орших, эс орших. Энэ чанар гэхдээ ганц л зүйлд хамаатай байдаг нь амьд зүйлс. Амьгүй зүйлс угаасаа оршин байдаг бол амьд зүйлс тийм биш. Гагцхүү амьд бие л цаг ямагт орших-эс орших гэсэн сорилттой тулгарч байдаг” хэмээдэг. Энэ бол угтаа өөрийн БИ-д төвлөрч оршихуйнхаа тухай эргэцүүлэн, оршихуйгаа бүтээх эрх чөлөө бас боломж зөвхөн сэтгэх чадвартай хүнд л байдаг гэсэн үг. Яруу найрагчид л өөрийн БИ-гээр дамжуулан оршихуйн чинадад нэвтэрч, хүмүүний оршихуйг тунхаглах оролдлого хийдэг биз ээ...
 

Хэцийн аглагийн цэцэгт хүрэх гэж

Хэт өндрийн оргилд мацаж явна, Би...

 

* * *

Гэнэн мэт дэгднэм

Гэмтэн мэт адлагднам

Гэсгээгдэгч мэт гунинам

Гэгээнтэн мэт ганцаарднам

 

* * *

Өнгөгүй бороо

Өнгөгүй шүхэр

Өнөөдрөөс өөр өдөргүй юм шиг

Өтгөн, хүнд манан

Өө, би нэг л асуултыг

Өөрөөсөө үргэлж эрнэм

Өмнө нь бүх зүйл

Өнгөтэй байсан гэж үү?

 

* * *

Инээмсэглэл чинь тэнгэрээр нэг үелзэж

Ганихрал чинь газраар нэг үерлэхэд л

Гунигт эсрэгцлийн эрэг дээр шидүүлсэн

Эгшигт дун юм уу, алтан загас, халим

Эрдэнэсийн хайрцаг, зэвэрсэн төмөр, зэс бөгж

Эсвэл түмэн тэмтрүүлт наймаалжны дүрээр

Эргэж өөрийгөө олох минь сонин байдаг...

 

Найрагчийн БИ-д төвлөрөх эрэл хаа хүртэл явсныг харах сонин! Түүний шүлгүүд дэх ‘би’ нь амьдарч буй цаг үеийнхээ араншинг олох гэж эрж хайж яваа аянчин мэт, ад шүглэсэн ертөнцийн ханыг зад татан нисэж буй шувуу шиг... Тэрээр дуу л гарвал хагарчих дун сувдыг алгандаа энхрийлэн хэц өндрийн оргил өөд мацна. Тэмцэгч мэт зүтгэж, тэнгэр мэт сэтгэж хүн сүргээс ангид хун шувуу мэт ниснэ. Өнөөдрөөс өөр өдөргүй юм шиг өтгөн хүнд манан дунд өнгө гэрлийг эрэн тэмтчиж, цаг хугацааг эрхшээгч сүмийн хонхны дуун адил эгшиглэнт эгээрлийн төлөөнөө цинагш, янагшийг хүлцэн тэвчих эгэл дияанч лугаа “Хураангуй”-н нууцад нэвтэрнэ. Тэгснээ:

 

Тэнгэр өөд амь тэмцэн сарвайх модод

Тэсэн хүлцэж, горьдлого тээсэн навчис

Хатсан сайр, элсэн цөл, ган гачигтай

Хахь хоосон ангамал ертөнц зэвхийгээд

Яг л би чамаас хайр хүлээдэг шиг

Яасан гачлантай, яасан ч гаслантай! хэмээн ганихрах цээжнийхээ гүнд орь дуу тавина. Найрагч атаатныг төрүүлж, араатныг хөгжөөдөг энэ цаг үеийн араншинг ийнхүү ихэд гярхай мэдэрч хувь хүнд тулгах нийгмийн дарамт шахалтын эсрэг өөрийн БИ-гээр, өөрийн ШҮЛЭГ-ээрээ дамжуулан тэмцэж байна. Ингээд бодохлоор түүний хурц зоримог, заримдаа эрэгтэй хүнийх гэмээр хэтийдсэн үгийн мөн чанарт автан талархах сэтгэл төрнө. Гэхдээ түүний шүлгүүд хатуу хахирган ч биш, уйтгар гунигийн тунхаг ч бус. Яаж ч хувирлаа гэсэн ‘эмэгтэй хүний дур булаам чанар’ мөнхөд орших тийм үзэсгэлэнтэй, ааль хонгор... “Ай, би тэнгэрийн хөвүүнтэй анзааргагүй түмэнтэй цэнгэсэн байж”, “Цантсан сормуус, цасны инээмсрэл”, “Цагаахан далавчтай сахиусан тэнгэрүүд цастай бүжсэн шидэт он жилүүд минь”, “Торон бээлийгээ өмсөж, анхилуун сүрчгээ сүрчиж, тийм л ёслол төгөлдөр үдэлтэд өдөр бүхэн зэхнэм”, “Нимгэн даашинз минь нүцгэн биеийг минь нэвт гэрэлтүүлжээ”, “Хумс минь ургах тусам хувьсан би өөрчлөгддөг, ... хугарчихвал гашуудан уйлмаар, хутга минь, хурцхан гоёл минь”, “Чи бол, Үүр цайтал дэргэд минь энхрийлэн ширтэж, үзэсгэлэн гоо гэдэг нойрсож буй эмэгтэй юм хэмээн өөртөө шивнэгч дуугүйхэн инээмсэглэлт”

...Энэхүү илгээмж бол түүний шүлгийн тунсаг мөн чанар. Түүний сэрэл мэдрэмж ийнхүү эмэгтэй хүний эрхэмсэг оюунаар биежнэ...!

 

Ай, Юутай их нүргэлээн!

Ахиад л намар болно гэхээс

Турьхан бие минь дагжин чичирнэ

Тулах цэггүй ганхан зогсоно...


Яруу найрагч, судлаач зохиолч Гомбожавын БЯМБАЖАВ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top