-Хоёроос зургаан ортой гэр 75-170 мянган төгрөг, өрөө 80-350 мянган төгрөгийн үнэтэй байна-
Үндэсний их баяр наадмаар монголчууд бүх нийтээрээ тав хоног амарч өргөн дэлгэр нааддаг. Энэ жил цар тахлын улмаас баяр наадмаа үзэгчгүй тэмдэглэх болсон учраас нийслэлийн иргэд рашаан, сувилал, амралтын газар бараадах нь элбэг байна. “Тэрэлж” байгалийн цогцолборт газарт гэхэд 200 гаруй амралт, сувилал байдаг гэсэн албан бус мэдээ бий. Баяр наадмын өдрүүдэд урьдчилсан байдлаар утсаар холбогдож захиалга өгөхгүй бол гэр, байшин олдохгүй гэдгийг амралтын газруудтай холбогдоход дуу нэгтэйгээр хэлж байна. “Тэрэлж шугуйт” амралтын газар хотын төвөөс 64 км-т байрладаг. Өдрийн гурван хоолтой нэг хүний багц 45 мянган төгрөгийн үнэтэй.
Багц дөрвөөс дээш хүнд л хамаардаг гэнэ. Цөөхүүлээ амрахаар ирсэн бол гэр аваад хоолоо өөрсдөө хийхийг амралтын газраас зөвлөлөө. Тэрэлж дэх амралтын газруудад хоёроос зургаан ортой гэр 75-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
Нийт таван амралтын газартай холбогдоход дөрвийнх нь захиалга долоодугаар сарын 11-ний өдрийнх нь дүүрсэн гэв. Энгийн өрөө 80-100 мянган төгрөгийн үнэтэй. Харин душ, шүршүүр, хоолтой бол 350 мянга хүртэлх төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн хэмжээнд даатгуулагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилдэг 24 сувиллын газар байдаг аж. Тодруулбал, сувилалд нэг удаад таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн бол даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд сувилалд хоногийн 21-95 мянган төгрөгийн тарифаар амардаг байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд хөнгөлөлттэй үнээр үйчлилдэг сувиллууд болон Улаанбаатар хоттой ойр амралтын газруудын мэдээллийг утсаар холбогдож асуулаа.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг сувиллууд: Гэгээн манал, Жинст, Мишээл сувилал, Нандин ухаан, Натул, Номун, Өнө-Энх, Сүүж-Уул, Төгөл.
Хан-Уул дүүрэгт байрлах хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг сувиллууд: Ариунлотус, Богд-Уул, Оргил рашаан сувилал, ОБЕГ-ын Жаргалант сувилал, Энхсаран.
Сүхбаатар дүүрэгт байрлах хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг сувиллууд: АШУҮИС-ийн Эрхэс сувилал, Интерсивкаре, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилал.
Баянзүрх дүүрэгт байрлах хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг сувиллууд: Далд засал, Цу-Эрдэнэ, Ээлтэй оточ.
Налайх дүүрэгт байрлах хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг сувиллууд: Арга билэг, Мойлтын тохой, Хайрын билэг-2 гэсэн сувиллууд 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг даатгуулагчид өгөх боломжтой гэнэ.
“Оньс ресорт” амралт
Улаанбаатар хотоос 53 километрт, “Цонжин болдог” цогцолбороос 800 метрт байрлах тус амралтын газар гурваас таван ортой гэр 80-120 мянган төгрөгийн үнэтэй. Гурван хүний байшин 220 мянган төгрөгийн үнэтэй захиалга авч байв.
“Тэрэлж шугуйт” амралт
Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар голын хөвөөнд, модон дунд байрладаг. Уг амралт зоогийн газар, захиалгат хоол, хорхог боодог, гэр, байшин, караоке, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, билъярд гэх мэт цогц үйлчилгээг бүрдүүлжээ. Дөрвөн ортой гэр нь 150 мянган төгрөгийн үнэтэй аж. Байшин захиалга дүүрсэн гэв.
“Extreme family” амралт
Гэр бүлээрээ завиар зугаалж, морь, дугуйн аялал хийж, нум сум харвах, уулын дугуйгаар аялах, бартаат замын машинтай аялах зэрэг адал явдалт, спортлог амрахыг хүссэн хүмүүст зориулсан амралт. Тус амралтад нэг хүний багц нь 45 мянга, 50 мянга, 80 мянган төгрөгийн үнэтэй байна. Таван ортой гэр 150 мянган төгрөг гэлээ.
“Тойрол хан” амралт
Цонжин болдогт байрлалтай. 40-өөс дээш хүнд караоке, хорхог үнэгүй. Гэр, байшин нэг хүний хоногийн 35 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Баян хад” амралт
Тэрэлжид байрлалтай. Долоодугаар сарын 11-нд захиалга дүүрсэн. Дөрвөн ортой гэр ням-лхагва гарагт 70 мянган төгрөг, пүрэв-бямба 90 мянган төгрөг. Гурван ортой гэр ням-лхагва 50 мянган төгрөг, пүрэв-бямба 65 мянган төгрөгийн үнэтэй байна. Өдрийн гурван хоолтой гэр багц нэг хүний 70 мянган төгрөг, 4-11 насны хүүхэд 35 мянган төгрөг, дөрөв хүртэлх насны хүүхэд үнэгүй.
“Ойн булаг” амралт
Улаанбаатар хотын төвөөс 25 км-т Санзайн хоёрдугаар хэсэгт ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Энгийн өрөө 70 мянга, стандарт өрөө 85-160 мянган төгрөгийн үнэтэй. Галлагаа байхгүй зуны байшин хоёр хүнийх нь 60 мянган төгрөг, дөрвөн хүнийх нь 95 мянган төгрөгийн үнэтэй байна. Өчигдрийн байдлаар гурван ортой гэр байгаа бөгөөд 65 мянган төгрөгийн үнэтэй. Долоодугаар сарын 11-нд зөвхөн долоон ортой гэр сул байгаа бөгөөд 145 мянган төгрөгийн үнэтэй гэлээ.
“Дуган хад” амралт
Хэнтий нурууны салбар уул “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд оршдог. “Дуган хад” нь 90 хэмийн эгц босоо 70 орчим метр өндөр сүрлэг сайхан хадан уул юм. Тус амралтын газар нэг удаагийн ээлжид 600 хүн явах боломжтой. Нэг хүний 78 мянга болон 120 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Тэрэлж mountain lodge” амралт
Амралтынхаа байшин бүрийг цэвэр мод, байгалийн өнгөт чулуугаар доторлож, өрөө бүрийг өвөрмөц өнгө төрхтэй болгосон. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг. Долоодугаар сарын 11-нд захиалга дүүрсэн. Дөрвөн хүний багтаамжтай гэр 300 мянган төгрөг, дөрвөн хүний дан ортой өрөө 350 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус үнэд өглөөний цай багтсан. Рестораны хоол 4500-12 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.
“Гурван булаг” амралт
Улаанбаатар хотын төвөөс 25 км-т, Гачуурт, Шар хоолойн аманд байрладаг. Гэр хоногийн 60-150 мянган төгрөг, хоёр ортой өрөө 60 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Тэрэлж Чанар” амралтын газар
Улаанбаатар хотоос 65км зайтай Тэрэлж голын хөвөөн дээр, модон дунд байрлалтай. Таван ортой гэр хоногийн 150 мянган төгрөг, зургаан ортой гэр хоногийн 170 мянган төгрөг, таван ортой өрөө 150 мянган төгрөг, дөрвөн ортой өрөө 120 мянган төгрөг, гурван ортой өрөө 100 мянган төгрөгийн үнэтэй байна. Гурван хоолтой багц 10-аас доош хүнд 75 мянга, хоёр хоолтой багц 65 мянган төгрөгийн үнэтэй. Дан гэр, байшин авсан тохиолдолд караоке нэг цагийн 15 мянга, диско нэг хүний 3000, теннис нэг цагийн 5000 төгрөгийн үнэтэй байгааг амралтын газрынхан хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )