ОЛОН ӨНГӨ: Зун зугаалахаас өөр яах ч билээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Биднийг зуны цагт бүтээн байгуулалт хийдэггүй найр наадам, аялал зугаалгад зориулдаг гэх  шүүмж байсхийгээд гарах юм. Өөр яах юм бэ. Үнэндээ, төв Азийн энэ өндөрлөг хэсэг бол жилийн ихэнх улиралдаа хахир хүйтэн, хуурай хатуу газар юм шүү дээ. Хэдэн мянган жилийн турш нүүдэлчин монголчуудын магнай нь зуны улиралд л тэнийж ирсэн хэрэг. Тийм ч болохоор найр наадмаа энэ цагт хийж, энх тунх байгаа баяр хөөрөө нэг нэгэнтэйгээ хуваалцах заншил тогтсон юм. Нийслэлд аж төрж байгаа хүмүүс ч өвөлдөө утаа, үргэлжийн мөнхөд түгжрэл дунд амьдарч байгаа. Тэгэхээр хүн болж төрснийх ядаж ганц улиралд нь амралт, зугаа хөөж бололгүй яахав. Ер нь тэгээд цаг уур нь дулаан, байгаль дэлхий нь ногооноороо байдаг цаг хугацааг өөрөөр өнгөрүүлэх ч хэрэггүй. Эрүүл мэндээ бодсон ч бидний зун болонгуут ээлжийн амралтаа аваад төрсөн нутгаа эсвэл рашаан сувилал бараадаад арилж өгдөг нь зөв. Тэртэй тэргүй хотын хар утаа, хүйтэн гунигт өвөл хүлээж байгаа юм чинь.

Харин анхаарах юм бий. Тухайлбал, тухтай сайхан амарч, байгаль хангайгаа харж баясахын тулд согтууруулах ундааны зохистой хэрэглээг бодож байх хэрэгтэй. Ингэвэл бусад амрагч, хамт яваа хүмүүсдээ ч тухтай. Дээр нь элдэв хэрэг төвөгт эрүүл хүн бол бараг орооцолддоггүй юм. Үр хүүхдэдээ үлгэр жишээ үзүүлж байна гэж ойлгох нь чухал. Мөн энэ зун үер ус ихтэй байна. Тэгэхээр цаг агаарын мэдээг байнга үзэж, яарч адгалгүй яваад ирэх хэрэгтэй. Урсаж осолдоод балардаггүй юм гэхэд шаварт суугаад хоновол сайхан биш шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top