Үнэхээр залхуу, урагшгүй хүн гэж бий. Ажил ч хийдэггүй, баахан худлаа сайрхаад л яваад байх. Тэдэнтэй бол одоо юугаа ярих вэ дээ. Харин ажилтай, санаачлагатай олон хүн нэг хэвийн ажилтай зууралдаад байдаг явдал түгээмэл байна. Тиймээс “Тэр жил тийм ажлын санал ирэхэд очих байсан юм”, “Тэгэхэд түүнд хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр үнэ нь тэд болчихсон байх байлаа” гэх харамсал олон хүнээс цухалздаг.
“Фэйсбүүк” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг өөрийн бичсэн номондоо “Карьер урьд нь шат байсан бол одоо ширэнгийн зам болсон” гэж бичсэн удаатай. Соц нийгмийн үед эсвэл хөгжингүй орнуудад нэг байгууллагад он удаан жил ажиллаж албан тушаал өгсөх тухай номлол байлаа. Орчин үеийн өндөр өрсөлдөөн дунд хүн өөрийгөө янз бүрийн салбарт туршиж үзэж байж дээшээ гарна гэдгийг фэйсбүүкийн захирал хэлсэн хэрэг. Хувийн хэвшил, төрийн байгууллага аль алинд нь тодорхой хугацаагаар ажиллаж нийгмийн асуудал шийдэгддэг шат дамжлагыг имэрч үзэх ёстой гэсэн санаа л даа.
Нэг газартаа удаан ажиллаад ирэхээр тэр хамт олон, байгууллагадаа дасаж ая тухтай болчихдог. Энэ ая тухны “хавх” л урагшилж, хөгжихөд чухам садаа болоод байгаа юм. Тиймээс өөрийгөө тухтай, ажилдаа түүртэхгүй болоод байгааг мэдэрвэл өөр ажилд шилжиж сорьж үзэж байгаарай гэж зөвлөх гэсэн хэрэг.
Өмнө нь олж авсан туршлага, ажлын чадвар алга болно гэж байдаггүй. Харин өөр бусад ур чадваруудаар баяжуулж байхгүй бол цаг үеэсээ хоцрогдохийн дээр ажил олгогчдоо үнэлэгдэхгүй болох магадлал өндөр болно. Тийм болохоор өөрчлөлтөөс битгий ухраарай. Бас ажил солиод буруудсан, муудсан удаа байдаггүй юм шүү.
Сэтгэгдэл ( 0 )