Ж.Уламбаяр: Шивээс бол өө сэвээ давуу тал болгох боломж

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Хүний арьсан дээр зураг зурна гэдэг авьяас, мэдрэмж, мөн өндөр хариуцлага аж. Энэ өндөр хариуцлагыг хүлээж  буй  Монгол дахь  шилдэг шивээсчдийн  төлөөлөл болсон 27 настай залуу уран бүтээлч Ж.Уламбаяр буюу TATTOOIST KATSU-тай шивээсний  талаар ярилцлаа.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Уламбаяр гэдэг, 27 настай. Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн их сургуулийг  2016 онд зураач, уран дархан мэргэжлээр төгссөн.Одоо бол уран дархан, шивээсчний ажлаа хослуулан хийдэг. 2014 оноос хойш ихэнхдээ шивээс хийж байна.

-Яагаад шивээс хийж эхлэх болсон бэ?

-Би өөрөө зураг зурах их сонирхолтой, мэргэжилд маань бас маш ойрхон учир түүндээ хөтлөгдөөд л шивээс хийж эхэлсэн дээ. Анх өөртөө зүүн гар дээрх шивээснүүдээ хийж байсан. Утгын хувьд арслангийн орд болохоор арслан шивсэн өөр зөндөө зүйлс байгаа биз (харуулав.сурв), бүгд утга учиртай. Мөн энэ мод бол реппер Gee ахын “Мод” гэдэг дууны утга санааг холбогдуулан хийлгэсэн. “Заавал од болох биш ядаж хэн нэгэнд хэрэгтэй мод байхыг хүснэ” гэдэг дээ. Түүн шиг л, тийм хүн байхыг бас чухалчилдаг юм.

-Мэргэжлийн сургалт байдаг уу.  Яаж шивээсчин болдог вэ?

-Одоогоор Монголд мэргэжлийн сургалт явагддаггүй өөрийн мэдрэмж мэргэжлийн туршлагатаа суурилан шивээсчин болдог хэдий ч Шивээсчдийн холбоо бий болж илүү мэргэжлийн шаардлага хангасан байх байдлыг хянах болсон. Түүнээс гадна ариутгал ариун цэврийн сургалтыг мэргэжлийн эмчтэй хамтран явуулан сертификат олгодог. Одоогоор албан ёсны эрхээ аваагүй байгаа гэхдээ тодорхой үйл ажиллагаануудыг хийгээд  явж байгаа.

-Шивээс хийх шаардлага ариун цэвэр тал дээрх шаардлага болон арчилгаан дээр хүмүүс юу анхаарах вэ?

-Мэдээж, шивээс хийж буй зүү, бээлий, будагны савыг нэг удаа хэрэглэх, чанартай эрүүл мэндэд хор нөлөөгүй будаг хэрэглэх, орчны цэвэр байдал чухал. Манайх Америкаас будаг хэрэглэгдэхүүнүүдээ оруулж ирдэг. Арчилгааны хувьд  бохир оруулахгүй байх. Хурдан эдгээхийн тулд дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Дархлаа суларсан, ядарсан үедээ шивээс хийлгэхгүй байхыг зөвлөж байна.

-Шивээс хийлгэхэд хэр өвддөг вэ. Донтдог уу?

-Шивээс хийлгэх өвдөлт хүн бүрт өөр. Тухайн хүний дархлаа хэр байхаас шалтгаалдаг гэж ойлгож болно. Нойр хоол дутуу ядарсан байвал илүү өвддөг. Мэдээ алдуулах тос байдаг. Арга ядсан үед л мэдээ алдуулах тос хэрэглэнэ. Мэдээ алдуулах тос олон удаа түрхвэл өнгөнд сөргөөр нөлөөлнө. Ер нь тухайн хүн шивээс хийлгэхийн тулд мөнгө, өвдөлт, тэвчээр гэх мэт золиос зайлшгүй шаарддаг. Дотор сул арьс, нимгэн арьсан дээр шивээс хийлгэхэд их өвддөг. Ил арьсанд хийлгэхэд харьцангуй өвдөлт бага. Ястай ойрхон хэсэгт өвдөлт их. Гэхдээ анх хийлгэж байгаа хүмүүсийнх төсөөлж  байгаагаас нь бага өвдөлт мэдэрдэг болохоор нэг хийлгэсэн бол айдас нь алга болоод ахин хийлгэдэг үү гэхээс донтох гэсэн ойлголт байхгүй ээ. Шивээс хийлгэхэд хүн бүр өөр өөр сэтгэл хөдлөл гаргадаг. Инээнэ, уйлна, зарим нь  бүүр нам унтаж байдаг.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хаанаа голдуу ямар шивээс хийлгэдэг вэ?

-Хүйсээр ялгагдахаас гадна хувь хүн бүүр өөр сонирхолтой түүндээ хөтлөгдөн хийлгэх газраа шийддэг. Эрэгтэй хүн сүр хүчтэй, шүтэн биширдэг хүндээ, хайртай хүндээ зориулж хийлгэдэг. Эмэгтэй хүн бол эмэгтэйлэг байдлаа тодотгодог. Аль хэсгийн сул талаа далдлах, аль хэсгээ  тодруулах гэдгээс шалтгаална. Хувцас нүүр будалт шиг л туранхай харагдах, унжгар мөрийг өргөж харагдуулахаар шивээс хийлгэж болно.

-Тэгвэл аль хэсэгтээ хийлгэвэл хэлбэр загвараа алдахгүй удаан нэг шинжээрээ байх боломжтой байдаг вэ?

-Ил гарсан болоод биеийн арьс гууждаг хэсэгт бол  будаг нь гандах бүдгэрэх тохиолдол байдаг. Жишээ нь, наранд ил гардаг хэсгүүд, хуруу гарны гууждаг эмзэг арьстай хэсгүүдийн шивээс хурдан бүдгэрч заримдаа арилчихдаг. Гэхдээ будагны чанар нь өнгө гаралт, хэв шинжээ халдгалах гэдэгт чухал нөлөөтэй.

-Шивээс хоцрогдоно гэж байдаг уу?

-Байгаа. Наад захын хүн зурчих хэмжээний үзэмж муутай инээдтэй шивээснүүд засварлуулахаар их ирдэг.Үүнээс үзэхэд улам хөгжсөөр байдаг болохоор муу шивээс сайны хажууд гологдоод хоцрогдоноо л гэсэн үг.

-Хүмүүс ямар зорилгоор шивээс хийлгэж байгаагаа хуваалцдаг болов уу?

-Мэдээж, юуг  хаанаа яагаад шийвүүлэх гэж  байгаагаа шивээсчинтэйгээ ярилцаж байж хийнэ. Ихэвчлэн дурсамжаа хадгалж үлдэх, хагалгааны сорвио дарах, олгойн сорви, өмнөх хуучин шивээсээ шинэчлэн сайжруулах, төрсний дараах болон их жин хаясан үед  язралтаас үүссэн арьсны асуудлаа шийдвэрлэх зорилготой байдаг. Мөн түүнчлэн өөрийн ажил мэргэжил,сонирхлоос хамааран бэлэг тэмдэг, утга агууламжтай шивүүлдэг. Хүмүүс үргэлж өөртөө урам өгдөг зүйлээ ойр байлгахыг хичээдэг болохоор шивээсээр дамжуулж тухайн зүйлээ бие дээрээ шивүүлдэг.

-Хэзээ хийлгэвэл тохиромжтой бол?

-Том шивээснүүд бол өвөл тохиромжтой. Зуны үед тоос шороо орж бохирдох эрсдэл өндөр. Зун жижиг шивээс хийлгэхэд асуудалгүй.

-Өсвөр насныхан хэр их шивээс хийлгэж байна. Насанд хүрээгүй хүүхэд шивээс хийлгэхээр ирвэл та яах вэ?

-Эхлээд тухайн насныхан ирээдүйд ямар мэргэжилтэй болох, хаашаа явах зэргээ тодорхойлоод шийдвэр гаргаарай. Цэрэг цагдаагийн албан тушаалтнууд биеийн 15 хувьд шивээс хийлгэх боломжтой болсон боловч мөн хил давах зарим нөхцөлд асуудал үүсдэг. Асран хамгаалагч аав ээжээсээ зөвшөөрөл авсан байх ёстой. Одоо эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг ойлголцдог болсон байна. Нэг охин шивээс хийлгэх гэж ирээд айгаад байна гээд ээжийгээ туршилтанд оруулаад дараа нь хийлгэсэн тохиолодол бас байна.

-Хэрвээ буруу шийдвэр байж дээ гээд арилгая гэвэл арилах боломжтой юу. Лазераар арилгах талаар?

-Засаж янзлууах боломжтой гэвч лазераар  бүрэн арилахгүй  шивээс ч биш юу ч биш болно.

-Мэргэжлийн салбар дахь бусад шивээсчдээсээ ялгарах онцлог юу вэ?

-Зориулалтын машин чанартай будаг, эрүүл ахуйн сертификат юм уу даа.

-Хэр хурдан эдгэдэг вэ?

-Жижиг өнгөц шивээс бол 7-14 хоногт эдгэнэ. Гүн шивээс гурван долоо хоногт эдгэнэ. Хүний биеийн онцлог, арчилгаанаас  хамаардаг.

-Ямар үнэ ханшаар шивээс хийдэг вэ?

-Шивээсчний ур чадвар, хэв маяг зураас уусгалт, орчин нөхцөл хэмжээ болоод  зургийн нарийн  ажиллагаанаас хамаарад үнэ ханшаа тохирдог. Жишээ нь үсэг, жижиг хэмжээтэй шивээс бол 30 мянган төгрөг гээд л эхэлнэ дээ. Мэргэжлийн бус шаардлага хангаагүй хүмүүс үнэгүйдүүлэх хандлага байгаад байгаа болохоор шивээсчнээ сайн судалж дараагийн үр дүнд ач холбогдол өгөх хэрэгтэй.

Э.УЯНГА

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(203.91.115.48) 2024 оны 03 сарын 18

Эм хүн шивээстэй бол ***, эр хүн шивээстэй бол шоронгийн хулгайч, эсвэл боол л байдаг юм. Гарал үүсэл түүх нь ийм л байсан. Одоо урлаг гээд биеэ сийчээд байгаа хүмүүс бүгд оюуны хомсдолтой гаж зуршилтангууд эсвэл хоосон дуурайгчид л байгаа. Үхэхийнхээ өмнө шивээс хийлгэсэндээ бүгд харамсдаг л жамтай дм даа.

1  |  3
Zochin(87.66.142.201) 2020 оны 07 сарын 25

Il hesegt hiiwel arildag bol muu hiij bna, hereglej bga hod ni muu hor baina

2  |  0
Chuka(64.119.25.47) 2020 оны 07 сарын 25

Hiilgej bsaan mundag shvv

1  |  0
Mi San hu(59.153.85.126) 2020 оны 07 сарын 25

Mundag shvv amjilt☺️

1  |  0
Анхаа(202.55.188.45) 2020 оны 07 сарын 23

Амжилт аэд

0  |  0
Top