ЦУВРАЛ IV: Оюутолгойн 34 хувь ба НҮҮДЭЛ

2020 оны 07 сарын 24

Монголын шүүх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад оролцсон нэр бүхий хүмүүст дараалан ял оноогоод байна. Өчигдөр Ерөнхий сайд асан Санжийн Баяр анхан шатны шүүхээс таван жилийн ял сонслоо. С.Баяр, С.Баярцогт нарын хэн хэн  нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад шударга ажилласан гэсэн байр суурийг илэрхийлж буй. Харин хуулийн байгууллага тэднийг шийтгэхдээ Оюутолгой төсөлтэй ямар нэг байдлаар  холбож, ял оноолоо. Тэднийг шийтгэсэн шүүхийн шийдвэртэй холбогдуулан хуульчид олонтаа байр сууриа илэрхийлж буй учраас нэмж дурдахаа хойш тавья.

Харин Оюутолгойн гэрээтэй холбоотой шийдвэрийг гаргалцаж байсан хүмүүсийг ийнхүү яллаж буйн нөгөө талд хөрөнгө оруулалтын гэрээнд ямар асуудлууд байгаа вэ гэдгээ эргэн харах ёстой болов уу. Ерөнхий сайд асан С.Баярын тухайд 2009 онд байгуулсан  Оюутолгойн гэрээний хүрээнд төслийн 34 хувийг Засгийн газар эзэмшсэн нь өнөөдрийн зовлонгийн шалтгаан болоод байгааг хэлдэг. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг дагаж 34 хувиа өрөөр санхүүжүүлэх гэрээг байгуулсан нь төсөлд зарцуулагдаж буй зардал бүрийн 34 хувийг даах үүргийг Монголын Засгийн газарт оногдуулсан гэж буй юм. Төслийн хөрөнгө оруулагч талаас  далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах зардлыг өмнөх тооцооллоосоо давуулан дуулгахтай зэрэгцэн Монголын Засгийн газарт ногдох өрийн хэмжээ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа юм л даа.  Тэгэхээр санхүүжилтийн 1/3 нь манай өр дээр бүртгэгдэж 11 жилийг үдсэн энэ төслийн гэрээнд ямар байдлаар өөрчлөлт хийх аль аль талдаа ашигтай байж болох вэ гэдэг асуулт тавигдаж буй юм. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол зөвхөн нэг талдаа бус харилцан ашигтай байх ёстой.

Уг нь өмнөх парламентаас   2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” баталж, Засгийн газарт даалгавар өгсөн билээ. Тогтоолын дагуу У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг 2020 оны  гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой байв. Тухайлбал, төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн юм.

Сануулахад, Канадын “Айвенхоу Майнз” компани Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ 2003 оноос хойш хэд хэдэн удаа ирүүлсэн байдаг. Улмаар 2006 онд тэд дахин хүсэлт гаргаснаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, зургаадугаар сар гэхэд гэрээний төслийг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьж байв. Цаашлаад 2008 оны сонгуулиас өмнө дахин яриа хэлэлцээр идэвхжиж, сонгуулийн дараа УИХ-аас “алдарт” 40 дүгээр тогтоолыг баталж байсан билээ. Дараа жил нь УИХ-аас  57 дугаар тогтоолыг баталсан. Эдгээр ТОГТООЛУУД бол Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэслэсэн эрх зүйн гол баримт бичгүүд юм.


 

2008 ОНЫ 40 ДҮГЭЭР ТОГТООЛЫН АГУУЛГА

 

  • Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх

 

  • Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах хувилбар

 

  • Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар

 

  • Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох тухай гэхчлэн тусгасан байдаг.


 

УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ  2009 ОНЫ  57 ДУГААР ТОГТООЛД

 

  • Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай

 

  • Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй

 

  • Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх Засгийн газарт үүрэг болгосугай хэмээн тусгасан байдаг.


 

Тэгвэл УИХ-аас 2019 оны  арваннэгдүгээр сард баталсан тогтоолд УИХ-ын  40 болон 57 дугаар тогтоол, Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна гэж тусгасан юм. Тэгэхээр Монголын Засгийн газрын 34 хувийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлах асуудал  дээрх хоёр тогтоолд заасан агуулгуудтай нийцэж байна уу гэдгийг тодотгож харах хэрэгтэй болж байна.

40 дүгээр тогтоолд бол Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбарыг судлах тухай тусгасан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг албан ёсоор даалгасан 57 дугаар тогтоолыг харахаар Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувь 50-иас доошгүй хэмжээнд очсон байх ёстой аж.

Нөгөө талаас өмнөх УИХ-аас гаргасан сүүлийн тогтоолд “Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах” гэсэн өгүүлбэр бийг сануулъя. Тэгэхээр Монголын Засгийн газар 34 хувиасаа татгалзаж, Бүтээгдэхүүн хуваах нөхцөлийг хөрөнгө оруулагч талтай тохирох боллоо гэхэд 2009 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шаардлага үүсэхээр харагдаж байна.

Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээг батлахаас өмнө болон баталсны дараа 34 хувьтай холбоотой ямар асуудал яригдаж байсан бэ гэдгийг энд өгүүлье.

11 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал, дүгнэлтийг гаргасан байдаг.

Санал, дүгнэлтийн 1.3-т “Удирдамжид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгахаар заасан. Гэтэл гэрээний хугацааг сунгаснаас хойш нэг жилийн дотор харилцан тохиролцсон нөхцөлөөр Монголын тал 16 хувийг нэмж эзэмших эрхтэй гэж заасан ба хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллага /аудит/-аар үнэлгээ, дүгнэлт гаргуулаагүй байна. Энэ нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй болгож байна.

2.5-д Нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50 хувийг шууд эзэмших асуудлыг төсөлд тусгах. Олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 ба түүнээс дээш хувийн хувьцааг үе шаттайгаар хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших гэхчлэн санал тусгасан байдаг.

Тэгвэл 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д  Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойш 1 /нэг/ жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй гэж тусгасан байдаг.

Харин үүнээс 10 жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсох үеэр 34 хувийн талаар дүгнэлт  танилцуулсан. Гэрээний 1.6 дахь заалт нь  Монголын талын эзэмших хувийг 50 хувиас доошгүй хувь болгоно гэсэн олон түмний хүлээлтийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Төслийн хэрэгжилтийн явц, 2015 оны ТЭЗҮ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон төслийн хөрөнгө оруулалт, зардлын хэт их өсөлтөөс үзэхэд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэдэн хувь ч хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй болсон байна гэсэн дүгнэлтийг танилцуулсан юм.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д Төр нь энгийн хувьцааны 34 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хэрэглэсэн боловч хувь нийлүүлэгчийн гэрээ болон Дубайн хэлцлээр “эзэмших” гэдэг үгээр сольсон нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй. Дубайн хэлцлээр Монгол талын төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувиар тогтоон энгийн хувьцаа эзэмшигч болсон. Харин төслийн үйл ажиллагаанаас хамаарч хувьцаа эзэмшигч, талуудын хүртэх ногдол хуваарилагдах эсэх нь тодорхойгүй болсон гэхчлэн дурдсан  дүгнэлтийг Ажлын хэсгээс хийсэн юм. 

Ер нь бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, салхи оруулах бол эхэнд тавигдан яригдах  том асуудал нь 34 хувьтай холбоотой  байх магадлалтай нь  өчигдрийн ч өнөөдрийн ч эрх баригчдын байр байдлаас харагдаж байна. Чухам харин “нүүдэл” хийх эсэх нь юу юм гэхээс.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(192.82.70.126) 2020 оны 09 сарын 16

ашигт малтмалын хууль гэж аймшгийн хууль .лиценцээр зарах. а

0  |  0
Зайл(99.229.251.229) 2020 оны 07 сарын 26

Ядуу орнуудыг цөлмөсөөр байгаа энэ гайтай бас зальтай компани юм,,

0  |  0
Хах(99.229.251.229) 2020 оны 07 сарын 26

Хахууль өгсөн компанийг монголын хуулиар шийтгэж болно шдээ,,, одоо хахууль авсан нь тодорхой болоод шийтгэгдсэн бол дараагийн шатанд энэ компаний бүх нууц ба тодорхойгүй зүйлүүдийг гаргаж ирээч!!!!!

0  |  0
Zochin(202.126.89.208) 2020 оны 07 сарын 25

Xaxuuli ugsun..,awsan 2-laa l buruutai

0  |  0
Зочин(77.11.180.95) 2020 оны 07 сарын 24

Зөвхөн хахууль авсан хүн нь биш, бас хахууль өгсөн нь буруутай. Үүнийгээ батлаж чадах юм бидэнд маш хэрэгтэй. Баяр гуай тиймээ Рио тинтогийн захиралаас мөнгө авсан гэх л юм тэгээд л энэ гэрээ хүчингүй болно биз. Тэрийгээ бас батлах хэрэгтэй.

1  |  0
Зочин (77.11.180.95) 2020 оны 07 сарын 24

Зөвхөн хахууль авсан нь биш, бас хахууль өгсөн нь буруутай шүү. Тэгэхээрээ энэ гэрээ чинь анхнаасаа буруу байсан гэдгийг батлах хэрэгтэй байна.

0  |  0
Зочин (77.11.180.95) 2020 оны 07 сарын 25

Бүх ОТ холбогдох баримтыг олон улсийн тавцанд гаргаж ил болгох хэрэгтэй. Дор хаяж 3 хэл хувилаад гадаадийн сэтгүүлчид өг.Рио Тинто гэдэг сомрану монголын улс төрчид хэрхэн хахууль өгсөнийг бүгдийг. Эд нарийн нэр хүнд нь унах тусмаа бидэнд хэрэгтэй.

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 25

Монголчууд өөрсдөө хөдөлгөж чадна даа.

0  |  1
(66.181.190.244) 2020 оны 07 сарын 25

hulgaich,ard ni hujaanuud baigaa,medej yadaad baih yum oogt baihgui

0  |  2
Чинбаа(43.242.241.210) 2020 оны 07 сарын 25

Хамгийн гол нь Монгол улсын баялаг болох ордыг үнэлэлгүй орхигдуулсанд л гэрээний жинхэнэ булхай байгаа ш дээ. Ийм үнэлгээ нийсэн бол юун 34 хувь. 50-иас дээш хувийг эзэмших энүүхэнд ш дээ.

2  |  1
Зочин(78.187.120.177) 2020 оны 07 сарын 25

Анхны юм дандаа л учир дутагдалтай байдаг, тэгэхдээ анхны юм нь ажлыг эхлүүлж, хаалгыг нээсэндээ ач холбогдол нь оршино, цааш нь боловсронгуй болгоод аваад явах нь дараагийн хүмүүсийн үүрэг, гэтэл манайд эсрэгэрээ дандаа буруутгана, буруутныг хайна, ер нь ОТ-г хаах хэрэгтэй, гадаадынхныг бүгдийг хөөж гарга, тэгээд ОТ-оо өөрсдөө ажилуулая, гадаадын оруулсан хөрөнгө оруулалтыг булааж ав, тийм л юм бид яриад байгаа шүү дээ, иймд үүнийг төрийн бодлого болгое, дахин гадаадын хөрөнгө оруулалт гэж ярихаа болье

1  |  2
Top