Жилийн ихэнх цагтаа хуурай сэрүүн, хахир хүйтэн байдаг Азийн энэ өндөрлөгт хэдэн мянган жил дамнан оршсон нүүдэлчин монголчуудын магнай нь зуны улиралд л тэнийж ирсэн юм. Тиймээс юун бүтээн байгуулалт, ажил төрөл вэ. Зун болчихсон юм чинь зугаалж, наргих учиртай. Үүнийг буруутгаад, шүүгээд байх ч хэрэггүй. Эрүүл мэндээ бодсон ч зун болонгуут ээлжийн амралтаа аваад төрсөн нутгаа эсвэл рашаан сувилал бараадаад арилж өгдөг нь бидний зөв. Тэртэй, тэргүй нийслэлийн иргэдийг хотын хорт утаа, хүйтэн гунигт өвөл хүлээж байгаа юм чинь. Харин найр наадам яаж хийхээ мэдэж байгаа хэрнээ хэрхэн хээр хөдөө амарч зугаалдаг вэ гэдгийгээ мартталаа хотожсон байна. Овоон дээр архидаж байгаад хүүхдүүдээ мартаад давхичихдаг, усанд живдэг, машинаа живүүлдэг, хурд хэтрүүлж онхолддог гээд хөвөрнө. Машин дэлбэрсэн, гэр бүлээрээ сүйрсэн гээд бүр аймаар мэдээнүүд ч их гарлаа. Дэлхий нийтийг корона айлгаж байгаа энэ үед бид өөрсдийгөө зүй бусаар цөөлөөд сууж байна даа. Энэ зуны зурагт тарваган тахал ч өөрийнхөө байрыг эзэлнэ. Тиймээс манай зун цаг шог зураачийн нүдэнд иймээр буусан хэрэг.
Энэ сард өдөр болгон шахуу бороо орж гол ус үерлэн орон нутгийн замууд эхнээсээ эвдэрч хэмхэрлээ. Увс аймгийн Улаангом суманд Гашууны голын гүүр эвдэрч, амарч зугаалж явсан олон мянган иргэн аймгаас гарч чадалгүй гацсан. Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын замуудад эвдрэл үүсч, үерийн ус замаас хальж давсан. Баян-Өлгий аймгийн Буратын гүүр нурж, ойролцоох ОХУ-ыг зорих хил рүү зорчигч явах боломжгүй болсон. Хөвсгөл аймгийн Мөрөн-Алаг-Эрдэнэ-Хатгал чиглэлийн замын зорчих хэсгүүд гурав, дөрвөн километрийн зайтай сэтэрч, үерийн ус замын даланг даван орж ирсэн. Энэ мэт байдлаар орон нутгийн буюу улсын чанартай авто зам, гүүр шил шилээ даран эвдэрч, 3.5 тэрбум төгрөгийн хохирлыг учруулжээ.
Эвдэрсэн зам, нурсан гүүрний дэргэд машинаа үерийн усанд живүүлчихээд малгайгаа базаад зогсож байгаа хүмүүсийн зураг сошиал орчинд хэвийн үзэгдэл болтлоо тарлаа. Голд машинаа тулгаж тавьтал эрэг нь нураад живчихсэн тохиолдол Тэрэлжид гарсан байгаа юм. Онцгойгийнхонд дуудлага өгөхөд “Хүний амь эрсдээгүй бол өөрсдөө учраа ол ачаалал их байна” гэж хариулсан байгаа юм. Аргагүй шүү дээ, баахан согтуу галзуу хүмүүс тэнд ч живээд, энд ч осолдоод байхад хүч нь хүрэхгүй л байгаа байлгүй. Он гарсаар зөвхөн нийслэлд 22 хүн усны ослоор эндсэн бөгөөд долоо нь хүүхэд байсан байгаа юм. Туул голд уржигдар гэхэд 25 настай нэг эрэгтэй живж амиа алдсан байна. Орон нутагт ч ийм төрлийн осол тасрахгүй байгаа. Сүүлд Хөвсгөл аймагт Бэлтэсийн голд нэг айлын таван хүн осолдсон байна. Ийм байдаг болохоор манай онцгой байдлын аврагч залуус тус бүрдээ жилд хэдэн зуун хүн аварсан байдаг хэрэг. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрахаас ноднин манай сэтгүүлч хэдэн хүн аварсан тухайг нь асууж л дээ. Тэгэхэд “Миний хувьд нарийн тоолж тооцоолсон зүйл байхгүй, харин 2018 оны байдлаар 235 хүний амь насыг авран хамгаалсан юм билээ” гэсэн байдаг. Нэг аврагчийн нэг жилд уснаас чирж гаргасан хүмүүсийн тоо ийм байна.
Зам тээврийн осол ч тоймоо алдлаа. ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээр бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 180 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохирчээ. 70 хувь нь орон нутгийн замд гэж байгаа. Энэ сарын статистик нэмэгдвэл нэлээд өндөр тоо гарахаар юм билээ. Зөвхөн баяр наадмын үеэр буюу долоодугаар сарын 9-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 32 хүн нас барсан байна. Мөн зөвхөн долоодугаар сарын 18-19-ны бямба ням гарагт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага очсон байдаг. Хоёр хоногт ослын улмаас долоон хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байжээ. Зөвхөн нэг өдрийн мэдээг нь харахад “Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд энэ сарын 18-ны найман цагийн орчим “Даюун” маркийн мотоцикл онхолдож, зорчигч есөн настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон байна. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум гуравдугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд 22 цагийн орчим “Даюун” маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохиржээ. Мөн Дорноговь аймгийн Далайжаргал сум тавдугаар багийн нутаг дэвсгэрт 22 цагийн орчим асфальтан замд “Т.Alion” маркийн автомашины жолооч О, “H.Insite” маркийн автомашины жолооч Ц-тэй мөргөлдснөөс жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын гурван хүний амь нас хохирсон байна” гэх мэтээр дурдсан байгаа. Цагдаагийн байгууллагаас “Тээврийн хэрэгслийн арын суудлын зорчигчид хамгаалах хэрэглээгүй улмаас автомашины цонхоор шидэгдэж амь насаа алдах тохиолдол их гарч байна” гэж анхааруулсан байгаа юм. Хотоос гараад л уралдаад давхичихдаг байдлаас үүдсэн ослууд гэсэн үг. Гуч, дөчөөрөө нас барж байгааг одоо юу гэж ойлгох вэ.
Энэ зун олон улсын хөл хориот байгалийн гоц халдварт өвчин болох тарваган тахлын идэвхтэй голомт 17 аймгийн 137 суманд үүслээ. Ховд аймагт хоёр хүн амиа алдах шахаж, Говь-Алтай аймагт нэг хүн эндээд байгаа. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал, дэд профессор Н.Цогбадрах “Ховд аймгийн Цэцэг суманд зургадугаар сарын 23-ны өдөр хоёр тарвага агнаж идсэн ах дүү хоёр тарваган тахлын булчирхай хэлбэрээр өвдөөд, амьсгалын замаар халддаг маш аюултай хэлбэрээр хүндэрсэн. Хориотой ан хийсэн учраас өөрсдөө нуусан. Нууснаасаа болоод эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авч, мөн сумын эмнэлэгтээ очоод хэлээгүй учир эмч, сувилагчид бүгд ойрын хавьтлын хүмүүс болсон. Ийм иргэний хариуцлагагүй байдлаас болж өөрсдөө амь насаа алдах шахлаа. Одоогоор 27 настай эрэгтэйд эмчилгээ хийж байна, 16 настай эрэгтэйн шинжилгээ гурван удаа сөрөг гарсан учраас тусгаарлалтад шилжчихсэн байна. Мэдээж, эмчилгээний хувьд хамгийн чухал нь өвчтөнийг яаралтай тусгаарлаад, сорьц авж лабораторид шинжлээд дараа нь антибиотикийн эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, зүрх судас, амьсгалыг нь дэмжих өвчин намдаах эмчилгээнүүдийг хийсэн. Нэгдүгээр хавьтлыг шуурхай олж тогтоож, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан байгаа. Мөн хөл хорио тогтоосон. Үүнд, манай ЗӨСҮТ-өөс мэргэжлийн баг, лабораторийн тоног төхөөрөмжтэйгөө очиж өдөрт нь түргэн шуурхай шинжилгээний хариуг нь гаргасан. Аймгийн онцгой комисс, хүн эмнэлэг гэх мэт олон хүн өдөр шөнөгүй тахалтай тэмцэн өндөржүүлсэн бэлэн байдалд хорь гаруй хоногийн хугацаанд маш их зардал гарган ажилласнаар голомтыг таслан зогсоож чадлаа. Дараагийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн. Нууснаасаа болж бие нь муудаж эмнэлгийн түргэн тусламж авч амжилгүй замдаа амьсгал хураасан эмгэнэлтэй тохиолдол болсон. Энэ бол тарваган тахлын үжил хэлбэр байсан. Үүний нэгдүгээр хавьтлын 15 хүнийг яаралтай тогтоож урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулсны үр дүнд нэмж хүн өвдсөнгүй” гэсэн байна лээ. Гэтэл тарвага идэхгүй л бол үхчих мэт аашилж, буу шийдмээ хураалгасан хүмүүс хөдөөгүүр нэг. Зуны зураглал ийм байна. Амралтын цаг дуусах болоогүй, коронагийн хөл хорио хотод сулрах нь эргэлзээтэй ийм үед хээр хөдөө яваа нөхөд минь нэгийг бодно байгаа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 4 )
Chi deer ni garsiim uu
Дотоодын аялал жуулчлалын асуудал 0 байгааг харуулж байгаа юм. Хөдөөний цэнхэр дээл өмссөн авгайн нар болон хөдөөны бор шар дээл өмссөн залуучууд хотын ИТХ-д чихээд байхаар орон нутаг руугаа чиглэсэн асуудлыг босгож тавиад түүн дээрээ ажиллаж эхлэх хэрэгтэй шүү дээ.Хотоос гараад л зам гэж авах юм үгүй . Уулын орой луу машинтайгаа мацаад байдаг нь хөдөөнийхөн л байдгийн байлээ шүү дээ... гэх мэтчилэн......\n
ТЭГЭЭД ЮУ ГЭЖ
наадмын амралтыг багасгаж 3 хоног болгоё. байгалийн үзэсгэлэнт газруудыг хамгаалалтанд авч, отоглох, амрах, авто машин байрлуудах цэгийг тусад нь гаргаж, бие засах газар, хогийн цэгүүдийг шийдэх, баярын амралтын өдрүүдээр маш олон цэгт хурд хэмжилт хийх, шөнийн цагаар хот хоорондын замуудад гэрэл шилжүүлгийн шалгалтуудыг хийх хэрэгтэй.