Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаатай ярилцлаа.
-Яриагаа боловсролын салбар дахь шинэчлэл өөрчлөлтийн талаар эхэлье гэж бодлоо. Уламжлалт боловсролын систем өнөөдөр цаг үетэйгээ нийцэж байна уу?
-Хүний нөөцийн шинэчлэл зайлшгүй хийгдэж буй энэ цаг үед бид уламжлалгүйгээр шинэчлэл хийгдэхгүй. Бидний сурч хүмүүжиж байсан 1970-аад оныг өнөөдрийн цаг үетэй харьцуулахад өөр гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Бид одоо ямар цаг үед амьдарч байна вэ. Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөрийнхөө үзэл бодлоор хариулах байх. Харин бидний үр хүүхдүүдийн олж авсан мэдлэг боловсрол амьдралынх нь туршид хангалттай юу гэсэн асуултад “хангалттай” гэсэн хариулт өндөр үзүүлэлттэй гарахгүй гэдэгтэй санал нэгдэх байх. Иймд энэ асуудлыг боловсролын салбарт ажиллаж байгаа багш удирдах ажилтан бүр өнөөдөр ямар иргэдийг бэлтгэхэд бид хэрхэн чиглүүлэх вэ гэдгийг бодож боловсруулж ажиллах шаардлагатай.
Дэлхийн хөгжил, эдийн засгийг үндсэндээ таван хувьсгал өөрчилсөн байдаг. Үүнд, нэгдүгээрт, Ньютоны шинжлэх ухааны хувьсгал, хоёрт Эйнштейний шинжлэх ухааны хувьсгал, гуравт уурын хөдөлгүүр гарч, технологийн хувьсгал, дөрөвт өнгөрсөн зууны машин механизмын хувьсгал, тавдугаарт одоо буюу мэдээллийн технологийн хувьсгал орно. Дээрх хувьсал өөрчлөлтөөс харахад бид өнөөдөр асуудал ихтэй, техник технологийн эрин үед амьдарч байна. Хурдацтай энэ нийгэмд боловсрол олж авах, боловсрол олгох процесс үргэлжилж ажиллах орчин, ажлын хэв шинж өөрчлөгдөж, олон шинэ сорилтуудтай тулгарч байгаа тул биднээс хурд шаардаж байна. Боловсрол бол ерөнхийдөө хүний хөгжил, бидний ирээдүй бөгөөд мэдэх, чадах, амьдрах гэсэн үзэл санаанд тулгуурлана шүү дээ. Энэ үйл ажиллагааг явуулахдаа үндэсний онцлог, олон улсын чиг хандлага гэсэн чиглэл барьдаг. Өөрөөр хэлбэл, бид боловсролын хөгжлийн суурийг өнөөгийн цаг үе, хүний хөгжил, төрийн бодлоготой холбож, шинжлэх ухааны мэдлэгийг практик хэрэглээтэй холбон хослуулах нь чухал юм. Үүнийг сургуулийн өмнөх боловсролоос докторын түвшиний боловсрол олгох бүхий л шатанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг БШУЯ-ны харьяа мэргэжлийн байгууллагын нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан үр дүнтэй явуулснаар “Бидний үр хүүхдүүдийн олж авсан мэдлэг боловсрол амьдралынх нь туршид хангалттай юу” гэсэн дээрх асуултад хариулах боломж бүрдэнэ.
-Та боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан хүн. Боловсролын тогтолцоо, бодлого эрх зүйн орчин, хэрхэн өөрчлөгдөж ирсэн тухай сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. Би боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа багшаас эхлээд богинохон хугацаанд ч гэсэн салбарын Төрийн нарийн бичгийн дарга хүртэлх бүхий л үе шатанд ажилласан. Иймд боловсролын тогтолцоо бодлого эрх зүйн орчны өөрчлөлтийг он дарааллаар харахад цөөнгүй удаа өөрчлөлт шинэчлэл хийгдсэн байдаг. Тодруулбал, 1921-1940 иргэдийг бичиг үсэгт сургах, соёлын түвшинг дээшлүүлэх, 1940-1950 хичээлийг амьдрал практиктай холбох, 1950-1960 сургалтыг үйлдвэрлэл, хөдөлмөртэй холбох, 1960-1970 сургууль, амьдралын холбоог бэхжүүлэх, 1970-1980 нийгэм эдийн засгийн хөгжил, сургалтын зорилт өөрчлөгдсөн, 1980-1990 хөдөлмөр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, мэргэжлээ сонгоход бэлтгэх, 1990-2002 үндэсний өв соёлыг эзэмшүүлэх, шинжлэх ухааны үндэстэй боловсрол олгох гэх мэтээр баяжиж ирсэн.
Мөн Монгол Улс таван удаа боловсролын хууль баталж гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2002 онд батлагдсан Боловсролын хууль одоогоор хэрэгжиж байна. 2002-2016 он хүртэл 300 гаруй дүрэм, журам, тушаал шийдвэр, зүйл заалтад өөрчлөлт орсон. Үүнээс томоохон өөрчлөлт гэвэл 2012 онд БМДИ, БХ, БҮТ байгууллагын эрх зүйн орчин бүрдсэн. 2011-2013 онд олон улсын сургалтын хөтөлбөрийг уялдуулах шинэчлэл хийгдсэн (Кембриж). 2012 оноос сургалтын цөм хөтөлбөр (Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих), 2016 хөтөлбөрийн менежментийн цикль, 2019 сайжруулсан сургалтын хөтөлбөр тус тус хэрэгжүүлж ирсэн байна. Дээрх сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийн явцад “Цөм” хөтөлбөр буюу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр гол үндсэн суурь болон шинэчлэгдсэн.
-Эдгээр бүх сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад ололттой талуудыг дурдвал та юу гэж хэлэх вэ?
-Дээрх сургалтын хөтөлбөрүүдийн гол өөрчлөлт, ололттой талууд гэвэл тогтолцооны шинэчлэл байна. Арван жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжиж дэлхийн жишигт нийцүүлсэн. Агуулгын шинэчлэл талаас нь харвал мэдлэг төвт агуулгаас чадварт суурилсан хүн төвт агуулгад шилжсэн. Дээр нь боловсролын мэргэжлийн агентлагуудын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Тодруулбал, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв, Боловсролын зээлийн сан гэх мэт. Боловсруулсан хөтөлбөрийг шууд хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн, Олон улсын ЕБС бий болсноор ОУ-ын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн, сургалтын хөтөлбөрийг сонгон мэдлэгээс чадварт суралцах боломж бүрдсэн гээд дурдвал цөөнгүй зүйл бий. Мөн багш нар сурагчдын мэдлэг, чадварыг хөгжүүлж бие даан суралцах чадварт анхаарах болсон, үнэлгээний үндэсний тогтолцоо бүрдэж, мэдлэгийг үнэлэхээс амьдралын чанарт үзүүлэх нөлөө мэдлэгээ хэрэглэх ур чадварыг үнэлж эхэлж байна. Сурах бичиг мэдээлэл дамжуулахаас сурах арга барилыг дэмжихэд чиглэлээ. Хувь хүний онцлогт суурилсан сургалтын загварт шилжиж дэлхий нийтийн хандлагад нийцэн хөгжих боломжтой болсон зэргийг дурдаж болно. Ийм өөрчлөлтүүд ороход Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-2024, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020 он, Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогууд нөлөөгөө тусгасан юм. Энэ бол зөвхөн Монгол улсын хэмжээнд боловсролын тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн бус дэлхийн боловсролын тогтолцоо ирээдүйн иргэнийг бий болгоход чухал ач холбогдолтой асуудал л даа.
-Одоо цаашид бид хэрхэн үр хүүхдээ дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлсэн иргэн болгон хөгжүүлэх тал дээр таны бодол юу вэ?
-Өнөөдөр дэлхийн боловсролын чиг хандлагыг тодорхойлсон дараах баримт боловсруулагдан улс орнууд боловсролын үндсэн суурь баримт бичиг болгон ашиглаж байна. Үүнд Юнеско -1996 онд иргэний суралцахуйн дөрвөн үндсэн тулгуур зарчмыг баталж гаргасан. Суралцахуй нь мэдэхэд, хийхэд, хүн болж төлөвшихөд, хамтдаа ажиллаж амьдрах нь чухал гэж заасан байна. Дэлхийн томоохон хэмжээний боловсролын хурал ХБНГУ-ын Берлин хот 1996 (Дунд боловсролын Европын бага хурал), Парис хот 1998 (Дээд боловсролын дэлхийн бага хурал) БНСУ-ын Сөүл 2000 (Техникийн боловсрол, мэргэжлийн боловсролын талаарх бүх дэлхийн II их хурал)-аас харахад суралцагчид ирээдүйн амьдралдаа амжилт гаргах боломж олгоё гэвэл бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, төлөвших боломжийг боловсролоор олгох ёстой гэж үзсэн байна. Харин манай Монгол Улс дэлхийн боловсролын хөгжлийн дээрх чиг хандлага руу алдаа оноотой ч шилжиж байна. Багш өөрчлөгдөж байж хүүхэд өөрчлөгдөнө гэсэн үзэл байгаа хэдий ч хүүхэд өөрчлөгдөх зөвхөн багшаас гадна боловсролын салбарын ажилтан албан хаагч бус эцэг, эхчүүд ч анхаарах цаг болсон. Бид өнөөдөр багшийн өөрчлөлт шинэчлэл, болон 21 дүгээр зууны багшид тавигдах шаардлагыг дэлхийн чиг хандлагын хүрээнд дараах байдлаар харж, ажиллаж байна. Тодруулбал, үнэт зүйл, итгэл үнэмшил, харилцаа хандлага, хувь хүний суурь чадамж, багшлахуйн чадамж, судлан шинжлэх чадамж, мэргэжлийн болон академик чадамж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамжтай байх зэрэг юм. 21 дүгээр зууны багшид шинийг сэтгэх, бүтээлч сэтгэлгээтэй сониуч байх, логик холбоотой байх, асуудлыг цогцоор нь шийддэг байх, дүн шинжилгээ хийж чаддаг байх, хувирч дасан зохицож чаддаг байх, цахим орчинд суралцах, хурдтай байх, хиймэл оюун гэх мэт технологийн дэвшилд суралцах гэсэн шаардлага тавигдана. Харин дээрх чадвар, чадамжтай багшийг бэлтгэснээрээ бид амьдрах чадвартай монгол иргэнийг дан ганц байгууллага бус мэргэжлийн байгууллагуудын хамтын хүчээр хийх нь өнөөдөр чухал болоод байна.
Э.УЯНГА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Монголчуудын сургатын систем нэг л болдоггүй ээ цөөхөн хонь шөнө үргээд хотлож чаддагүй шиг л