Орон нутгийн болон нийслэлийн зам тээврийн осол, гэмтлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Пүрэв-Очиртой ярилцлаа.
-Улсын хэмжээнд эвдрэл гэмтэлтэй зам хэчнээн байгаа вэ?
- Хур борооны улмаас нэг сарын хугацаанд нийтдээ арав орчим автозам эвдэрсний улмаас тэдгээрийг хааж, нээгээд засварлаад явж байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс Хамрын хийд орох замын эвдрэлийг засаж байгаа тул түр хугацаагаар хаасан байгаа. Орон нутгийн өөр бусад газар ч бас автозамууд эвдрэлтэй байна. Гэсэн хэдий ч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж хэвийн хэмжээнд үргэлжлүүлж байгаа. Автозамын эвдрэлтэй хэсэгт хурдаа тохируулж яваагүйгээс болоод зам тээврийн осол гарч болзошгүй. Тиймээс жолооч нар маань урьдчилан сэргийлээд хурдаа тохируулж явах хэрэгтэй.
Нийслэл хотын хэмжээнд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөөний арын нэгдүгээр эгнээний дулааны шугамын ажил дуусах шатандаа орж асфальтан дээр шороогоор хучилт хийгээд хөдөлгөөнийг түр хугацаагаар үргэлжүүлж байна. Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Сансрын шатахуун түгээх станцаас Ганц худагийн уулзвар хүртэл замыг түр хугацаагаар хаасан байгаа. Тухайн автозамын засварын ажиллагаа наймдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй бөгөөд эхний ээлжинд дулааны шугамын ажил явагдаж араас нь ус зайлуулах шугамын ажлууд явагдана. Энэхүү засварын үйл ажиллагаанаас болж Долоон буудлаас Баянбүрдийн тойрог руу чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байгаа. Иймд иргэд жолооч нартаа цагаа зөв төлөвлөж гарахыг анхааруулж байна.
-Орон нутгийн замын осол нийт ослын хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Нийт зам тээврийн ослын 60-70 гаруй хувь нь урин дулаан цагт гардаг. Үүнээс хагас жилийн байдлаар жолоочийн буруутай үйлдлээс 17.7 хувь, явган зорчигчийн буруутай үйлдлээс 2.1 хувь, замын нөхцөл байдлаас 0.4 хувь нь шалтгаалж байна. Тэгэхээр замын нөхцөл байдлаас шалтгаалж гарсан осол нь хамгийн бага хувьтай байна.
-Иргэд эвдрэлтэй замаас болж машины гэмтэл ихсэж байна гэж бухимдалтай ханддаг. Гэтэл цагдаагийн байгууллагад замын нөхцөл байдлаас болж бүртгэгдсэн осол бага байна?
-Замын нөхцөл байдал гэдэг нь хөдөлгөөнд оролцож байх үед зам нурах, замын эвдрэл гэмтэл харагдахгүй байх, тэмдэг тэмдэглэгээний заалт нь байхгүй байх нөхцөл байдлыг хэлдэг. Гэтэл жолооч хурд хэтрүүлсэн байдалтай, тухайн осол саадыг харах боломжтой, аюулыг тойрч гарах боломжтой мөртлөө осол гэмтлийг үл тоон, гүйцэж түрүүлж чадна гэж хурдаа хэтрүүлдэг. Хурд хэтрүүлснээсээ болоод осолд ордог. Үүнийгээ замын эвдрэлээс болсон гэдэг. Гэтэл мэргэжлийн байгууллагууд тогтооход жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан осол их байдаг.
-Нийслэл хотын хороолол дундах авто замын эвдрэл маш их байна. Үүнийг хэн хариуцаж ажиллах ёстой вэ?
-Хороолол дундах авто замыг хариуцсан байгууллага гэж байгаа. Мөн СӨХ-үүд давхар хариуцаж тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалж гэрээ байгуулж ажилладаг. Нийслэл хариуцсан бол нийслэлийн авто замын байгууллага ажиллана. Харин хотхон дунд хороолол дундах авто зам хариуцсан байгууллага нь ажиллана.
-Хороолол дундах авто зам дээр осол хэр их бүртгэгддэг вэ?
-Хороолол дунд эвдрэлээс үүдсэн осол одоогоор бүртгэгдээгүй байна. Ихэвчлэн бага насны хүүхдийг мөргөх хэлбэрийн осол их гардаг. Жолооч нар хурд хэтрүүлснээс болж энд тэндээс хүүхэд гүйн гарч ирэхэд нь хурдаа хасаж амжилгүй мөргөх, шүргэх тохиолдол гардаг.
-Энэ жилийн тухайд зам тээврийн ослоос болж хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна вэ?
-Баяр наадмын дөрөвхөн өдрийн дотор 16 зам тээврийн ослын улмаас 25 хүний амь нас хохирсон. Нийт зам тээврийн ослын 11 нь онхолдох хэлбэрийн нөхцөл байдлаас болсон. Тээврийн хэрэгсэл онхолдох явцад цонх, шил нь хагардаг. Ингэснээр тухайн үед бүсээ зүүгээгүй явсан зорчигч шидэгддэг, шидэгдсэний улмаас хад асга, чулуунд цохиулж амь насаараа хохирдог. Ийм учир иргэд, жолооч нар маань бүсээ зүүж хэвшээрэй.
-Тээврийн Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулахын тулд олон аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд зам тээврийн осол хэдэн хувиар буурсан бэ?
-“Яараад яахав дээ” аян маань үргэлжлээд явагдана. Энэхүү аян явагдаад сүүлийн сарын хугацаанд 50.6 хувиар буурсан байна. Нас барсан үзүүлэлтийг өмнө жилийн долоон сартай харьцуулахад 0.2 хувиар буурсан байна. Гэмтсэн хүн 44.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэхүү аянд жолооч нар идэвхтэй оролцож байгаа. Цаашдаа ч бас идэвхтэй оролцоорой гэж хүсье.
-Баяр наадмын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдол нэмэгддэг. Өнгөрсөн улсын баяр наадмаар энэ тохиолдол нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн баяр наадмын нөхцөл байдлаас илүү өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг авч үзвэл архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 100 гаруй бүртгэгдлээ. Жолооч нарт өдөр бүр арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч зөрчил багасахгүй байна. Согтуу жолооч гэдэг бол хутга бариад явж байгаа алуурчинтай адил. Ийм учраас тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг улам эрчимжүүлж байгаа. Хэчнээн (ковид-19)-ийн үед бүгдийг нь зогсоож шалгахгүй байгаа ч гэсэн мэргэжлийн ур чадварын хүрээнд чадахаараа ажиллаж байна.
-Цар тахлын үед бүгд л энэ өвчний эсрэг тэмцэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг нь тогтоох төхөөрөмжинд нэг удаагийн хошууг сольж хэрэглэж байгаа байх?
-Одоогийн байдлаар Тээврийн цагдаагийн албанаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах бүрдээ жолооч бүрд нэг удаагийн хошуувчийг тогтмол ашиглаж байгаа. Хангалттай хэмжээнд дүүргүүдийн замын цагдаагийн албанд өгөөд жолоочид хяналт шалгалт хийхдээ жолоочоор өөрөөр нь задлуулж хэрэглүүлж байна.
А.ЗОЛЗАЯА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )