“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ”, “Тархины блок” номны зохиолч, хувь хүний санхүүгийн зөвлөх, лектор, “Оюуны чадвар’’ төвийн захирал Г.Мөнгөнтэй ярилцлаа.
-Таны подкаст, зөвлөгөөнүүдийн видеог үзэхэд хүний хөгжлийн “Оюуны чадвар” төвийн захирал гэсэн байсан. Ямар чиглэл зорилгоор үйл ажиллагаа явууулдаг вэ?
-Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Дэлхийн зөн, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран сайн дурын гишүүдийн тусламжтайгаар хөдөө орон нутаг, дүүргүүдийн хүүхэд багачууд, залуучуудад хөгжлийн сургалт лекцүүд зохион байгуулдаг. Сүүлийн үед айхтар хүний хөгжлийн төвийнхөө үйл ажиллагааг эрчимжүүлэхгүй байгаа. Чиглэл баримжаа нь ч бас өөрчлөгдөж байгаа.
-Ярилцлагынхаа гол сэдэв болох хуримтлалын тухай асуултаа эхэлье. Мэргэжлийн хүний хувьд хуримтлал гэдгийг тодорхойлж хэлж өгнө үү?
-Үгийн үндсээрээ хадгаламж, хуримтлал хоёр ялгаатай байгаа биз. Нэг нь цуглуулж нэг зүйлд зарцуулах гэж байгаа зүйл бол нөгөөх нь буюу хадгалж нь байнга байх ёстой аюулгүйн систем юм. Бүх үед байх ёстой. Хүн төрөлхтний олон зуун жилийн түүхэнд ялангуяа суурин иргэншилтэй болсноос хойш мөнгөний ач холбогдолд уягдсан. Тухайлбал, ямар нэгэн хүн өвдөх, гэнэтийн эрсдэлд орлоо гэхэд тухайн асуудлыг даван гарах хамгийн эхний зүйл бол бидний харилцааг зохицуулж байгаа мөнгө. Тийм учраас бүх асуудлын хариулт мөнгө болоод байгаа юм. Буруу зүйл хийвэл торгууль төлнө, бизнест алдаа гарвал мөнгө алдагдана, өвдвөл эмчлүүлэхийн тулд мөнгө төлдөг гээд эдгээр харилцааг зохицуулахын тулд дэлхийн олон орны иргэд мөнгө хадгалах нь байнга байх ёстой зүйл гэдгийг ухамсарласан байгаа юм. Харин манай улсад энэ талаар мэдэгдэхүүн, заншил, зуршил сул, ойлголт бага учраас санхүүгийн хувьд хурцаар тавигдаж байгаа юм л даа.
-Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хуримтлал үүсгэх боломжтой юу?
-Хэзээд ч үүсгэнэ. Ямар ч үед байх ёстой зүйл. Бидний нэрлэдгээр мөнгөтэй баян хүн болон ядуу хүмүүсийн хооронд ямар ялгаа байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд боловсрол гэж хариулах нь олон. Үнэн чанартаа сэтгэлгээний ялгаа, мөнгийг харах өнцөг нь ялгаатай байна гэсэн үг. Бид хадгаламжийн талаарх мэдлэгийг гэр бүлээсээ сурна гэж бодоод сураад байдаг. Гэтэл тэдэнд мөнгө хадгалж байсан туршлага битгий хэл түүнийг эзэмших нийгэм ч байгаагүй. Ялангуяа манай гэр бүлийн хувьд манай өвөө цехэд төхөөрөмжүүдийг нь янзалдаг мужаан хүн байсан. Тэгтэл нэг л өдөр байгууллагаас нь байр өгсөн. Өөрийн сайндаа авсан зүйл биш бүгд л адилхан тэгж л авдаг байсан. Тэгтэл зах зээлийн үед ганзагын наймаа эрхлэхээр нөгөө байраа 2003-аад онд хоёр сая төгрөгөөр зартал одоо 100 гаран сая дор хаяж 80 сая төгрөг болж байгаа. Энэ жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бүх л насныханд тийм туршлага алга байгаа юм. Бидний сул тал бол мөнгөтэй харилцаж үзээгүйд байгаа хэрэг. Хүмүүсийн ихэнх нь сэтгэлгээний хувьд өрөө төлж дуусаад мөнгөө хадгална гэж боддог. Би өндөр цалинд хүрээд мөнгөө хадгална гэж ярьдаг, хямралыг дуусчих юм бол хадгалж эхэлнэ гэж хэлдэг. Мөн их мөнгөтэй болоод хэрхэн зарцуулах бэлтгэлгүй, төлөвлөсөн зүйлийнхээ гэнэтийн зардлуудыг тооцож чадахгүй байгаад л асуудал байгаад байна. Хүсэл ихтэй, хэрэгцээ ихтэй. Үүнээсээ болоод мөнгө ороод ирэнгүүт л байлгаж тогтоож чаддаггүй. Товчхондоо тэдгээр зүйлс нь дансанд орж ирэх мөнгө цалинд шууд заналхийгээд байгаад юм.
Би гурван түвшний хүмүүстэй уулзаад, ярилцлага хийж зөвлөгөө өгдөг. Эхний бүлэг хүмүүсийг эрсдэлт бүлгийнхэн гэе л дээ. Гэр хороололд амьдардаг, машинтай, хашаан дотроо олуулаа амьдардаг. Хөрөнгө гэх зүйл нь хашаа байшингаа үнэ хүргэж газар дээр нь байртай болох бодолтой. Мөн өртэй хадгаламжгүй. Дараагийх нь хотын төвд хоёр өрөө байртай, дунд оврын жийптэй, дараа төлбөрт утасны дугаартай, хоолонд байнгын зардал гаргадаг харагдац нь сайхан амьдарч буй мэт. Гэхдээ аймаар өртэй, хадгаламжгүй. Сүүлийх нь тэрбумын амьдралтай гэж хэлж болохоор нэлээн сайн байрлалд 300 сая төгрөгний байртай, олон сая төгрөгөөр үнэлэгдэх унаатай. Гэвч хамдгаламж гэх юм юу ч байхгүй, тэгээд маш их өртэй. Үүнээс үзэхэд бидэнд мөнгө тогтоож хадгалдаг жишээ байхгүй байгаад байна.
-Хадгаламж үүсгэхэд эртэднэ эсвэл оройтно гэсэн зүйл байдаг уу?
-Тийм юм байхгүй шүү дээ. Жишээ нь, би сурах гэсэн юм, хоол идэх гэсэн юм, ээжийгээ хайрлах гэсэн юм гэдэг шиг нийгэмд амьдарч санхүүгийн харилцаанд орж эхэлсэн л бол үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Өөрийнхөө аюулгүй байдлыг одооноос бүрдүүлэх хэрэгтэй. Чиний амжилт ч мөн адил чиний санхүүгээр хэмжигдэнэ. Карьер өндөртэй хүн ч наад захын жишээ нь урлагийнхан зэрэг нэр хүндтэй хүмүүс нэг л өдөр өвдлөө гэхэд хадгаламжгүй бол мөнгөгүй л гэсэн үг. Нэг тоглолтонд ороход нэлээн сайн мөнгө авдаг байтал тэрийгээ хийж чадахгүй бол зогсолтонд орж байгаа юм. Хүн амжилтаа юугаар хэмжих вэ гэхээр хийж бүтээж байгаа зүйлээсээ гадна цаана мөнгө байж карьераа хамгаалж чадаж байна уу гэдэгт байгаа юм.
-Хүн хадгаламж үүсгэхийн тулд өөрөөсөө харамлах ёстой юу. Олон жил өөрөөсөө ч, өрөөлөөс ч харамлан байж хуримтлуулсан мөнгөнийхөө хэргийг гаргалгүй үхчихвэл яах вэ?
-Харин ч үхвэл хамгийн аятайхан үхэл байх болов уу. Ард нь гэр бүл, ээж аавд нь үлдэж байгаа зүйл шүү дээ. Тэдэндээ хөрөнгө оруулж байна гэсэн үг. Бид маш хувиа хичээсэн сэтгэхүйтэй нь энэ “Өөрөө хэрэглэж чадахгүй үхвэл яах вэ” гэдэг асуултаар илэрч байгаа юм. Хадгаламж үлдээнэ гэдэг ардаа үлдэж буй хүмүүсдээ хийж буй сайн зүйл шүү. Харамлах гэдэг ойлголтын хувьд бол бас өөрөөр шуналаа тэснэ гэж тайлбарлаж болно. Харамлана гэхээр чиний дансанд байгаа мөнгө бол чиний л мөнгө шүү дээ. Тэрийг хэрхэн зарцуулах уу гэдэг таны ухаан. Өөрийгөө барих чадвар юм л даа. Гэхдээ насан туршдаа өөрийгөө зовооно гэж байгаа хэрэг биш амьдралын шинэ хэв маяг суулгана гэсэн үг. Төсөөлөхийн оронд туршиж үзэх л чухал. “Нэг л амьдарч байгаа юм чинь”, “Ингээд байж байтал хайртай хүмүүс минь өөд болчихвол юунд мөнгөө зарцуулах юм” гэх зэрэг бол дандаа мөнгөгүй хүмүүсийн өөрийгөө тайвшруулсан өгүүлбэрүүд юм. Тийм л ухаантай юм бол мөнгөтэй бол л доо. Тэгээд дараа нь үрж үзүүл. Гэхдээ асуудал нь эдгээрийг ярьж байгаа хүмүүс нь мөнгөгүйд байгаа юм. Өөрийгөө ялан дийлж чадахгүй, өөрийгөө дэмжих өгүүлбэрээр тайвшруулж боломжоо хаадаг.
-Хүн бүр хадгаламж хэрэгтэйг мэддэг болсон. Гэтэл хэрхэн хадгалж эхлэхээ мэдэхгүй маш олон хүмүүс бий. Тэдгээрт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Маш олон хувилбарууд санал болгосон байгаа. Хоёр данс хэрэглээд үз, 50 хувиа цааш нь хийгээд байхгүйд тооцоод үз, дансныхаа тоог нэмээд үз гээд л . Миний хувьд их, бага хамаагүй орлого бүрээсээ хадгаламжийн дансанд 30 хувийг, гэр бүлийн данс буюу харилцах дансанд 10, ипотекийн зээл төлөх хуримтлалын дансанд 30, бизнес дансандаа 10, аяллын дансанд 15 хувийг, зугаа цэнгэлийн дансанд таван хувийг тогтмол хуваарилах дадлыг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Гол хэрэглэх арга бол өөрөө өөртөө хяналт хийх юм. Хадгалахгүй байж болно. Тэгэхлээр аливаа эрсдэлд ороход шууд л газардана, амьдрал хангалттай зовооно. Эрт ойлгохгүй, ухаарахгүй бол тэгээд улам л хүнд байдалд очно. Зардлыг танаж болно. Чамаас бага зардлаар амьдарч байгаа хүмүүс ч байгаа. Одоогийн зардлаа хянаснаар өөрийн санхүүгийн суурь системээ босгох боломжтой.
-Хадгаламжтай байхын тулд заавал баян байх албагүй юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Бид ямар нэгэн ажил хийгээд л орлого олдог. Жишээлбэл, 300 мянган төгрөгийн ажил хийлээ гэхэд 300 мянган төгрөг авлаа гэж бодолгүй 150 мянгыг авсан шүү гээд талыг нь хадгаламжиндаа хийх, анхнаасаа л 150 мянгыг авах байсан бол 150 мянгыг л авах байсан болохоор орлогынхоо 50 хувийг өөртөө байхгүйд итгүүлж сурах нь хадгаламжийн эхний суурь нь.
-Коронавирус гарч, хөл хорио тогтоосноос хойш хүмүүсийн хувийн санхүүд хэр өөрчлөлт гарсан бол?
-Хүмүүс орлогогүй, ажилгүй болж байна. Тэгэхээр корона дахиад үргэлжилбэл яах вэ гэсэн үг л дээ. Корона бол бидэнд сургалт болж байгаа юм. Дахиад ийм нийгмийг хамарсан илүү том цар тахал өвчин гарвал иргэд нь бэлэн үү. Улс орон бэлэн үү. Хүн бол амьдралын ирж буй бэрхшээлийг даван туулах дархлааг сурч л байх хэрэгтэй. Одоо бидэнд байх ёстой санхүүгийн гол дархлаа бол бид мөнгөтэй хадгаламжтай байх ёстой юм байна. Тэгэхгүй бол дараагийн удаа элгээрээ хэвтэнэ. Ажилгүй 3-5 сар болоход амьдралааа хэвийн аваад явчих санхүүгийн даацтай байя гэдэг сэтгэлгээтэй болох ёстой гэдгийг л сануулаад байгаа юм уу даа. Тэгэлгүй үнэхээр хэцүү юмаа гээд байгаад байж болохгүй. Бусад орон бол ийм зүйлд бэлтгэлтэй байсан болохоор харьцангуй гайгүй байгаа. Манай оронд нэлээд хүчтэй нөлөөлж байна.
-Таны дараагийн ном болох “Мөнгөтэй байж чадахгүйн зовлон” ном хэдийгээр хэвлэгдэх вэ. Ямар утга санааг илэрхийлэх бол?
-Одоо бичигдэж байгаа. Арваннэгдүгээр сарын эхээр амжвал гаргана. Амжвал гэдэг нь кейсүүд нь бүрдчихвэл гаргана гэсэн үг. Хадгаламж өлсөхөөс эхэлнэ номон дэээр гарсан зургаан дансны аргаа хэрэгжүүлсэн үр дүнгийн дараах илүү шат ахисан түвшний сайн системээр мөнгийг хэрхэн тогтоох вэ гэдэг дээр төвлөрч байгаа.
-Ярилцлага маань дуусах боллоо. Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Өр бол хамгийн аюултай шүү. Маш их стрессдүүлж, буруу шийдвэрүүд гаргуулдаг. Амьдралыг улам сөхрүүлдэг зүйл шүү гэж хүмүүсд хэлмээр байгаа юм. Хадгаламж танд заавал байх ёстой. Өр дууссаны дараагаар бий болгодог биш, хамтдаа байх ёстой зэрэгцээ систем шүү гэдгийг ойлгоосой гэж л хүсье дээ.
Э.УЯНГА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
одоогийн 70-80 аад насныхан маргааш босож иднэ гэж хоолоо хойшино тавидаг байлаа энэ нь монгол уламжлалаар маргаашийн тухай хойш тавих хуримтлал үүсгэх гол сургамж байжээ одоо үеийхэн зөвхөн өнөөдөрөөрөө гэтэл хүн өнөөдрөөс илүү нь маргааш юм даа
Маш хэрэгтэй зөвлөгөө ярилцлага болжээ. Заавал та хадгалах албагүй дагах ёсгүй таны дур амьдрал угаас ухааруулна шүү дээ. Хэрэгтэй хэрэгжүүлж эхлэх зүйс ихийг мэдэж авлаа. Баярлалаа\n
Bayarlalaa urgelj busdad huvaaltsj baidagt
avahiin avaad hayhiin hay 6n dansnii arga bol mash ur duntei heregjuulj chadval asar ih tesver tevcheeriig shaardaggdg. tamhinas garsan. orgui bolson. zow eruul hool iddeg bolson. heregjuul heregjuuleed ornoosoo gar hadgalamjtai bol zardlaa tana hobbigoo mungu tsugluulah bolgo. tgd ungursunruugee ergeed neg haraarai yu oorchlogdson bn gd
za yahiinbee, heterhii huviin asuudal ruu orj sanaa zovooh umaa, bi lav taniar zaalgahgui, ta ooroo oortoo l bolj baival boloo, uunii orond harin snahuugiin suuri bolovsrold chiglesen eronkhii oilgolt ogvol harin arai deer sonsogdono. Ta bol oort baigaa asuudlaa l busadtai huvaaltsaj baigaa, tuunees bish ene bol oyunii horongo oruulalt bish,.
vlger bvv yariad baidaaa