ХЭРГИЙН ГАЗАР: “Эко-Алтанзаамар”-ын уурхайд ДАХИН НЭГ хүн амиа алдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Энэ сарын гуравны өдөр буюу өнгөрөгч даваа гарагт бидний мэдэх “Эко-Алтанзаамар”-ын уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөний улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

“Эко-Алтанзаамар” компани нь өнгөрсөн жил гарсан ослын дараачаас компанийнхаа нэрийг сольж “Бүрдэл майнинг” нэрээр уурхайн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан ба Булган аймгийн Дэрст, Бүрэгхангай сумдад тус компанийн уурхайнууд байрлаж байна.

Тэгвэл, Булган аймгийн Бүрэгхангай сумын гуравдугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” компанийн уурхайд дахин осол гарч, хүний алтан амь эрсэдлээ. Тус уурхайн ажилтан Орхон аймгийн харьяат 25 настай эрэгтэй уурхайн талбайн дундуур явсан өндөр хүчдэлийн утсанд хүрсний улмаас цахилгаанд цохиулж амь насаа алджээ.

Хэргийн газрын үзлэгээр, хүчдэлийн шугам орчимд аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй гэх бөгөөд мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн гэх тэмдэглэл үйлдсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Хүний амь нас хохирсон гэх энэ хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч эхэлсэн байна. Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс уурхайн удирдлагуудад гомдолтой байгаагаа илэрхийлээд байгаа аж.

Дээрх хэргийн тухай тодруулахаар бид “Бүрдэл майнинг” компанитай холбогдсон боловч шалгалтын дүн гарах хүртэл бид ямар нэг тайлбар өгөхгүй хэмээх хариу өгсөн юм.

Энд эргэн сануулахад, 2019 оны есдүгээр сард Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтанзаамар” компанийн уурхайд нуранги үүсэж зургаан хүн осолдсон хэрэг гарсан. Онцгой байдлын аврагчид ослын газар олон хоногоор эрлийн шумбалт хийж, хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг хайж, гаргаж авч байсан билээ. Гэвч тус компанийн үйл ажиллагааг одоог хүртэл зогсоогоогүй байгаа юм. Энэхүү ослын дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сард тус компани нэрээ сольж “Бүрдэл майнинг” нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг хэргийн тухай мэдээллийг ТВ8 телевиз, Өглөөний сонин, Zindaa.mn мэдээллийн сайтын сурвалжилгын баг газар дээрээс нь сурвалжилга бэлтгэн хүргэх болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах (202.179.27.17) 2020 оны 08 сарын 09

Алтанд их шунасан хүн амиа алдаж дуусдаг. Шунал бол өвчин.

0  |  0
mongolik(64.119.24.91) 2020 оны 08 сарын 09

eco lol

0  |  0
Рр(202.126.89.228) 2020 оны 08 сарын 07

Дэрст гэж сум Булган аймагт байхгүй малнуудаа

0  |  0
Irgen(202.126.89.228) 2020 оны 08 сарын 07

Unen medeelel tavij bai l daa. Dandaa hudal medee

0  |  0
Top