Нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлийг 500 мянган төгрөгөөр бэлдэж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 10

КОВИД-19-ын халдвар дэлхий дахинд тархан манай Монгол Улс энэ оны нэгдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэг, коллеж, их сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Найман сарын хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон хэвээр есдүгээр сартай золгох гэж байна. Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургууль орох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Энэхүү шийдвэр олон сар нэгнээ хараагүй сургуулийн хүүхдүүдэд нар нь гарах шиг сайхан мэдээ болсон. Энэ сараас эхэлж хүүхдүүд хичээлийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Хүмүүсийн хөлд дарагдаж, хичээлийн бэлтгэлээ хамгийн их цуглуулдаг “Нарантуул”, “Оргил” хуладааны төвийг зорьж дэвтэр, үзэг, цүнх, өнгийн харандаа гэх мэт хичээлийн хэрэгслүүдийн үнийг харьцуулан сурвалжилга бэлтгэлээ.

Бидний эхний очсон газар бол “Нарантуул” зах. Хагас сайн өдөр байсныг хэлэх үү, хүмүүсийн хөл хөдөлгөөн бүр ч их байлаа. Ил задгай талбайд байрлах бичиг хэргийн лангууг хайж үнийн судалгааг эхлүүлэв. Үсээ хоёр боож, ягаан өнгийн усны гутал өмссөн бага ангийн охин эмээтэйгээ хичээлийн бэлтгэлээ базааж явна. 12 болон 24 хуудастай дэвтрүүдээс сонголтоо хийж байлаа. 12 хуудастай дэвтэр 250 төг, 24 хуудастай нь 450 төгрөг байв. Охин, эмээ хоёр дэвтрүүдийн зургийг хичээнгүйлэн сонгож харагдана. Бага ангийн дүүгээ бодвол хэдийн дунд ангид орсон бололтой хүү гүйн ирэв. Хүүгийн сонголт 36 болон 48 хуудастай дэвтэр байлаа. “Эгчээ 36 хуудастай дэвтэр хэд вэ?” 550 төгрөг, 48 хуудастай нь 700 төгрөг шүү. Ахлах ангийн хүүхдүүдийн ихэвчлэн сонгодог 60 хуудастай дэвтэр 850 төгрөг бол 96 хуудастай нь 1400 төгрөг байлаа. Үзэг бал 300 төгрөгнөөс эхлэж байна. Чимэглэлтэй, чимэглэлгүй, зурагтай, зураггүй хажуудаа эсвэл ардаа үүрдэг гээд олон төрлийн цүнхнүүдийн доод үнэ 20 мянгаас эхлээд дээшээ 120 мянган төгрөг гэж байв.

Хүмүүсийн худалдан авах чадвар хэр байгааг бичиг хэргийн худалдагч хижээл насны эгчээс лавлахад “Өмнө жилийг бодвол багассан байна. Гэхдээ гайгүй ээ, авч л байна даа” гэв. Өнгийн харандаа 1200-6400 төгрөг, үзгэн бал 200-2300 төгрөг, баримлын шавар 2150-2600 төгрөг, финал 2500-700 төгрөг, фалмастр 2600-9100 төгрөг, дэвтрийн гялгар хавтас бөөний үнээр 50 төгрөг гэж байлаа. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж яваа нэгэн ээжээс сэтгэгдлийг нь асуухад “Бага ангийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд багаар бодоход 100 мянган төгрөг орж байна. Цаана нь хичээлийн дүрэмт хувцас, гутал, хувцас хэд орох юм мэдэхгүй” гэсээр явж одлоо. Ахлах ангийн болов уу гэмээр охиноо дагуулан, хичээлийн хэрэгслүүдийн үнийг нарийвчлан асууж яваа эмэгтэй “Корона гээд энэ жил юм бэлдэхэд жаахан хүнд байна. Ажил төрөл олдохгүй эсвэл завсардаад мөнгө төгрөг муутай л байна даа. 150 мянгад л багтааж юмаа авлаа. Энэ удаа формыг нь авч чадахгүй нь. Охин хүүхэд чинь хэрэглээ өндөртэй. Үс гэзэгтээ зүүх хавчаар, туузаас эхлээд ээмэг зүүлт, трико, дотуур хувцас гээд авах юм мундахгүй их юм. Дараа л авахаас” гээд тортой зүйлээ дааж ядан цааш явав.

Эцэг, эхчүүдийн толгойны өвчин болсон хичээлийн дүрэмт хувцасны үнэ ямар ханштай байгааг сонирхлоо. Үндэсний үйлдвэрийн форм болон Хятадын формууд өрөөтэй харагдана. Үндэсний үйлдвэрийн бага ангийн охидын форм сорочка, зангианаас бүрдэж байгаа бөгөөд нийлээд 70 мянга, хөвгүүдийх 91 мянга. Дунд ангийн охидын форм нийт 108 мянгад, хөвгүүдийнх 112 мянга болдог. Харин ахлах ангийн хөвгүүдийнх 153 мянга бол охидын форм 138 мянгад багтаж байв. Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг болохоор нэг бол урж ханзлаад нэг бол бөөсрөөд жил бүр л хүүхэддээ шинэ форм авах хэрэг гардаг талаар эцэг эхчүүд халаглана. Үндэсний үйлдвэрийн формууд үнэтэйн дээр материал муутай, амархан элэгдэж бөөсөрдөг бол хятадын форм хямд боловч чанар эдэлгээ нь удаан байдаг талаар ч мөн ам уралдуулан ярьж байлаа. Мөн үндэсний үйлдвэрийн формноос Хятадын үйлдвэрийн форм 30-50 мянган төгрөгөөр хямд байгаа нь иргэдийн сонголт хошуурах бас нэг шалтгаан болж байлаа.

Бидний дараагийн очсон газар бол “Оргил” худалдааны төв. Дэлгүүрийн лангуун дээр эгнүүлсэн дэвтрийн хамгийн нимгэн нь 12 хуудастай бөгөөд 200 төгрөг. 24 хуудастай нь 280 төг. Үнийн хувьд харьцангуй хямдхан байсан ба 36 хуудастай нь 350 төгрөг, 48 нь 450 төгрөг гэж байлаа. Ахлах ангийнхан болон оюутнуудын хамгийн их авдаг 96 хуудастай дэвтэр 850 төгрөг байв. Үзэг, бал 230 төгрөгнөөс эхэлж, цүнх мөн л адил 20 мянгаас 150 мянган төгрөгийн ханштай байна. Хичээл сургууль орох дөхсөн энэ үед дэвтэр номын үнэ ихсэх хандлагатай байдаг. Шинэхэн дэвтэр, цүнхээ үүрэн инээлдэн явах хүүхдүүдийн аз жаргалтай харцнаас хичээлдээ явахыг тэсэн ядан хүлээснийг бэлхнээ харж болно. Үл ялиг томдсон формоо сониучирхан тольдох охины ааваас сэтгэгдлийг нь сонсов. “Шинэ сурагчаа шинэ хичээлийн жилд нь бэлдээд тун их ажилтай явж байна. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, гутал, хувцас нийлээд багадаа 500 мянган төгрөг орж байна” гэлээ. Тэгэхээр сургуулийн насны гурваас дөрвөн хүүхэдтэй айл дор хаяж хоёр сая төгрөг шаардлагатай болох нь.

Ж.ЭНХЧИМЭГ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.229.120.238) 2020 оны 08 сарын 10

эцэг эх нь амьдралдаа 500 мянган төгрөгний хувцас өмсөөгүй бөгөөд манай улсын байдлаар өмсөхчгүй. гэтэл хүүхдийн хэрэглээний юмыг ямар өндөр үнээр дамалдаг юм бэ? заавал тэр нэг муухай форм өмсөх шаардлагатай юм уу?

1  |  0
Top