Г.Батнэмэх: Сувилагч мэргэжлээр суралцагч оюутныг дэмжих бодлого барьж ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Хичээлийн шинэ жил ойртож буйтай холбогдуулж БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхтэй их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар ярилцлаа


-Оюутны хичээл цахимаар эхлээд танхимын сургалт руу шилжинэ. Энэ талаар  мэдээлэл өгнө үү?

-Засгийн газрын 32 дугаар тогтоолоор есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хичээл сургуулийн сургалтын үйл ажиллагааг эхлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулаад их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлэхээр болсон. Танхимын сургалт аравдугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ. Тиймээс оюутнууд маань хичээл есдүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхэлнэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Танхимын сургалт аравдугаар сарын 5-ны даваа гарагаас эхлэхээр болсон. Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг баталж гаргасан байгаа. Үүнд халдварт вирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд анги танхимд мөрдөх журам, дотуур байрны дотоод зохион байгуулалт, оюутан, багш, суралцагчдын ар гэрт зориулсан зөвлөмжийг гаргасан. Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа нэгдүгээр сард зогссонтой холбоотойгоор бүх хичээл цахимаар явсан. Их, дээд сургуулийн лекцийн хичээл цахимаар явагдахад бүх бэлтгэл хангагдсан байгаа.

-Энэ хичээлийн жилд 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Өнгөрсөн хичээлийн жил зургаан сар цахимаар хичээллээ шүү дээ. Цахим сургалт хэр үр дүнтэй, өгөөжтэй болсон гэж үзэж байна вэ?

-Цахим хичээлийн сэтгэл ханамжийн болон агуулгын чанарын талаар судалгаа авсан.  Ингэхэд судалгаанд оролцогчдын 82.5 хувь нь цахим хичээлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн 82 хувь нь цахим хичээлийн агуулга чанар сайн байсан гэж үнэлсэн. Хичээл сургалтыг цахимд шилжүүлснээр оюутнууд үзсэн агуулгаа бататгах, лавшруулан судлах зэргээр бие даан суралцах идэвх нэмэгдсэнийг оюутнууд хэлж байсан.  Ер нь дээд боловсрол олгох явцыг хүртээмжийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, чанарыг нэмэгдүүлэх гэх гурван үзүүлэлтээр хэмжих бөгөөд уламжлалт арга нийцэхгүй байгаа юм. Тухайлбал, хүртээмжийг өргөтгөхөд анхаарахад чанар уруудаж, чанарыг нэмэгдүүлэхэд өртөг даган нэмэгддэг тул нээлттэй боловсролын арга барилыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэхийн тулд дотоодод нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг судлах, олон улсад ашиглагддаг аргуудыг нутагшуулах нь оновчтой шийдэл юм. Цахимаар боловсрол олгох нь шинэ зүйл биш бөгөөд дээд боловсролын салбарт 2002 оноос цахимаар боловсрол олгож эхэлсэн. Харин Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасыг 100 хувь цахимаар судлуулж өндөрлүүлсэн. 2002 онд эхлээд зайн сургалтын үндэсний хөтөлбөр батлагдаж, зарим хичээл цахимаар ороод эхэлсэн байсан. Тухайлбал, ШУТИС дээр Зайн үндэсний төв байгуулагдаад сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Дээд боловсролын шинэчлэл төслөөрөө санхүүжил гаргаж төрийн өмчийн их, дээд сургуульд цахим хичээл эхлээд явж байсан учраас цахим сургалт гэдэг шинэ зүйл биш гэдгийг онцолмоор байна.

-Жилийн жилд сургалтын төлбөр гэдэг эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. Энэ жил төлбөр нэмэгдэхгүй гэсэн. Төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

-Боловсролын тухай хуулийн 36-д заасны дагуу  удирдах зөвлөл нь тухайн хичээлийн жилийн төлбөрөө хавар тогтоосон байдаг.  Цар тахал гарсан байгаа энэ нөхцөлд сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй байх чиглэл өгсөн. Үүний дагуу хурал хийгээд их, дээд сургуулийн төлбөр нэмээгүй. Төлбөрөө эцэг, эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүй байхаар улирлаар төлөх боломжтой. 

-Энэ жил оюутны дотуур байрны хүрэлцээ хэр их байна вэ, ялангуяа шинээр элсэн суралцагчид, бакалаврт суралцагчид оюутны дотуур байранд их суудаг шүү дээ?

-Энэ жил бакалаврын сургалтад 120 мянга орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн 12,8 мянган оюутан хүлээн авах боломжтой 58 дотуур байр бий. Мөн ямар нэгэн ханиад томууны шинж тэмдэг илэрвэл тусгаарлах зориулалттай байрыг бэлдэх шаардлага тавьсан. АШУҮИС-ийн 1200 оюутны багтаамжтай дотуур байр шинэ хичээлийн жилд ашиглалтад орохоор болсон. Мөн бүх оюутны байрны хөл хөдөлгөөнийг 21 цагт хязгаарлах үүрэг өгсөн байгаа.

-Сайн суралцаж байгаа  болон ар гэрийн гачаалтай, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үзүүлдэг сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Боловсролын зээлийн сангийн долдугаар тогтоолд эрүүл мэндийн салбарт сувилагч мэргэжил нэн шаардлагатай байна гэсэн судалгаа гарч, ЭМЯ-аас манайд хүсэлт ирсэн. Тиймээс сувилагч мэргэжлээр суралцагч оюутныг дэмжих бодлого барьж ажиллаж байна. АШУҮИС-д сувилагч мэргэжлээр элсэн орж байгаа элсэгч 501-ээс дээш оноотой  байвал сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлж өгнө. Хоёрдугаар улиалаас сурч байгаа оюутан 2.5-3,0 хүртэл голчтой бол 10 хувь чөлөөлнө. Залуучууд хөгжлийн дагуу цэрэгт явсан оюутныг 500 онооноос дээш байвал оюутны хөгжлийн зэлийг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дунд бакалаврын зэрэгтэй оюутанд тэтгэлэг олгодог байсан бол магистр, докторын сургалтын төлбөрийг төрөөс төлнө. Мөн эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол хүүхдийн сургалтын төлбөрийг улсаас даадаг. Нэг айлын гурван хүүхэд зэрэг сурч байгаа тохиолдолд нэг хүүхийн сургалтын төлбөрийг улсаас гаргадаг. Мөн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутан 650-750 оноо авсан бол 71 хувь, 750-аас дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс олгоно. Дараагийн улиралд 3.0 –аас дээш голчтой бол тэтгэлэг үргэлжилнэ. Доош голчтой байвал тэтгэлгээ зогсооно.

-Их, дээд сургуулиуд дотооддоо мөрдөх нийтлэг журмаас товчхон танилцуулбал?

-Мэдээж хамгийн түрүүнд өглөө бүр оюутны халууныг шалгаж руулна. Мөн  гарыг нь  ариутгаж, амны хаалттай хүмүүсийг дотогш оруулна. Анги танхимын багтаамж нь ерөнхий боловсролын сургуулийг бодвол заал танхим нь  том учраас лекцийн танхимдаа 20-40 хүнтэй, 1-1.05 метрийн зай баримталж сууна. Анги танхимдаа тогтмол ариутгал цэвэрлэгээ хийх, салхивчаа онгойлгож агаар сэлгэх, урьдчилан сэргийлэх цэвэрлэгээ үйлчилгээг хуваарь гаргаж хийх, гүйцэтгэлийг шалгах үүрэг өгсөн. Хичээл сургалтын үйл ажиллагаа даваагаас баасан гараг хүртэл хичээллэж бямба, ням гарагт амарна.

-Нэгдүгээр курсийн оюутнууд есдүгээр сарын цахим хичээлээ үзэхдээ будилах, учраа олохгүй байх зэрэг хоцрогдол гарах вий дээ?

-Их, дээд сургууль тус тусдаа хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах журмаа гаргачихсан байгаа. Нэгдүгээр курсийнхэн ийм, ийм хичээлийг тэр тэр багшаар заалгана, багштайгаа холбоотой байх зэргийг зааварлаад өгчихсөн байгаа. Тиймээс онлайн хөгжсөн энэ үед цахим сургалтаа хэрхэн яаж авах туршлага суучисхан байгаа гэж үзэж байна.

-Ярианыхаа төгсгөлд оюутнуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-ДЭМБ-аас аравдугаар сарыг цар тахлын хоёр дахь давлагаа үүсэж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн  энэ үед томуу, томуу төст өвчин, ханиад шуухинаа дэлгэрдэг учир оюутнууд маань гадуур, дотуур явахаа хязгаарлаж, олноор бөөгнөрөхгүй байхыг сануулж байна. Мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж,  хувийн ариун цэврээ сахих, биеийн тамираар хичээллэх, архи тамхинаас татгалзах хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.173) 2020 оны 08 сарын 18

уг нь сувилагч эмч аврагчийн мэргэжлийг бүр цэцэрлэгээс нь сургаж эхэлж л байвал зүгээр эмч сувилагчийн сургуулиудыг тѳлбѳргүй маш чанартай болгох нь манай улсад чухал

0  |  0
Хүрэл(202.21.108.167) 2020 оны 08 сарын 18

Сувилагчийн лиценц-нь European standart -д зөвшөөрөгддөг болбол элсэлт эрс нэмэгдэнэ.Олон улсад зөвшөөрөгдөх лиценц-тэй сувилагч ( 4000-9000)$ цалин гадаад орнуудад авдаг мөн ажлын байр түгээмэл байдаг!

0  |  0
Top