Алс холын Алтай нутгаас хүрээ хотод адуу шиг давхиад ирдэг аавын хүү гэж байдаг аа. Дөмөн хүлгийн чансааг шалгадаг 1040 км замыг дөтлөөд гүйгээд ирсэн Монгол Улсын спортын мастер Б.Болдбаатараар Говь-Алтайчууд бахархахгүй байхын аргагүй. 2016 онд ээждээ хэлсэн амласандаа хүрэхийн тулд дөрвөн жил бэлдэж энэхүү бартааг туулжээ. “Бурхан болсон ээж минь тэнгэрээс хараад баярлан бахархаж байгаа даа” гэж бодохоор сэтгэл нь өегшөөд ирэх. Өөрийн дүүгээ дасгалжуулагч, хүргэнээ жолооч, эхнэрээ тогоочоор томилж багаа бүрдүүлж аваад 34 хоногийг гуниггүй, гудиггүйхэн даваад ирэв. Хур бороог хурааж, салхи шуургыг сандааж, уул тоглодыг эвхэн шандаст хөлийхөө хурдаар, цуцашгүй зоригоо хатамжлан гүйжээ. Ийн гүйж явахдаа тэрбээр эх орныхоо сайхныг, элгэн түмнийхээ өгөөмрийг, ээж аавынхаа ач буяныг санан санан эрч хүчээ сэлбэж явжээ.
Говь-Алтай аймгийнхаа 80 жил, аймгийнхаа Прокурорын байгууллагын 90 жилийн ойдоо дурсагдахаар түүхэн гавьяа байгуулж нийслэл хот руу явган туулж хүрсэн анхны хүн нь болж бичигдэхээр зориг шулуудсан нь энэ. Зорилгоо ч тэр биелүүлсэн. Түүний ээж Д.Дулам прокурорын байгууллагад насаараа ажилласан буянтай хүн. Өөрөө ч энэ байгууллагын нэгэн эд эс болж яваагийн хувьд өөрийн зүгээс байгууллагатаа хөлс хүч шингэсэн бэлгээ ийнхүү барьж чадлаа. Түүнийг аавыг Хурдан Буриад гэдэг. Зарим нь Гүйдэг Буриад ч гэх нь бий. Харин дасгалжуулагчаар нь ажилласан дүү нь Хөнгөн атлетикын спортын мастер Б.Батбаатар юм. Удам угсаагаараа спортын салбарт хүчээ сорьсон улс.
Б.Болдбаатар өдгөө 54 настай бөгөөд гурван хүүхдийн эцэг. “Тун удахгүй өвөө болох гэж байгаа” хэмээн баяртайгаар хэлэв. Хүн үнэмшимгүй холыг хөлөөрөө туулсан гэхээр итгэхгүй эргэлзэх явдал гарж магад гэдгийг тооцоолоод “Мобиком” корпорац түүний гар утсанд байрлал тогтоогч, хурд хэмжигч, тэр ч бүү хэл алхалт тоологч төхөөрөмж суулгажээ. Тус корпорацаас түүний 1040 км замыг туулсан алхам нь нэг сая хол гарчээ гэдгийг хэлсэн гэдэг. Түүний явсан маршрут, алхсан тоо, туулсан цаг хугацааг графикаар гаргаад аймгийнх нь Прокурорын байгууллага болон олимпын хороонд баримт болгон хүлээлгэн өгчээ. Энэ баримт хойч үедээ дурсагдах түүх болон үлдэнэ гэж бодохоор сайхан.
Долоодугаар сарын 5-ны өдрөөс наймдугаар сарын 8-ны өдөр түүний хувьд алтан үсгээр бичигдэх өдрүүд. Эрх чөлөөт Монгол орноороо омогшин бахдаж, залуустаа эх орондоо эзэн нь байя гэдэг уриалгыг дэвшүүлж энэхүү гүйлтээ хийсэн юм. Мөн цаашид “Хүчирхийлэлгүй, эрүүл нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатайгаар гүйх болно гэдгээ ч илэрхийлэв. Алтайгаас “давхисан” энэ л өдрүүдэд тэрбээр өдөрт 30 км гүйх нормтой байв. Өглөө 08.00-10.00 цаг хүртэл 15 км, өдөр 16.00-18.00 цаг хүртэл тал замыг нь туулна. Бусад цагт нь амарч, хооллож ундална даа. Тэрбээр монгол хоолоо идэх дуртай.
Монгол малын мах шим тэжээл, хүч тамир сэлбэдэг гэв. Б.Болдбаатар Сүхбаатарын талбай хүртэл гүйхдээ дөрвөн пүүз элээж, хоёр хумсаа унагажээ. Хөл цэврүүтэж хагарах нь ч тоймгүй их ээ. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг гүрийгээд, зорилгоо санан сэтгэл санаагаа өөдрөг болгож, шантрах ч завгүй байсан гэдэг. “Энэ хугацаанд машиндаа нэг ч удаа суугаагүй, эргэж нэг ч алхам хийгээгүй, зөвхөн урагшаа л тэмүүлж байсан. Дагалдаж яваа баг бүрэлдэхүүн миний өмнөөс халгаж байсан хэдий ч зүрхэлж хэлж яахин чадна. Би тэднийхээ сэтгэл санааг өргөж, зорилгоосоо няцаагүй” хэмээн тэрбээр сэтгэл өөдрөг өгүүлэв.
Тэдний баг Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг гээд дөрвөн аймгийн олон сумаар дамжин өнгөрсөн. Нутгийн ард түмэн сүү цагаан идээ, шинэ шөл, хоол унд бариад хүрээд ирнэ. Тэдний сайхан итгэл, сэтгэлийн хүч улам их урам хайрлаж байжээ. Жигүүрт шувуу эцэж, жирэмт хүлэг цуцаж туулдаг алс холыг ажралгүй туулж ирсэн Алтай нутгийн хүүгээ Сүхбаатарын талбай дээр нутаг орныхон, спортын салбарынхан ёслол төгөлдөр хүлээж авсан юм. Болдбаатар ч “Ээж ээ, хүү нь амласандаа хүрлээ” гэж цээжин дотроо чангаас чанга хашгирч зогсжээ. Алс холын Алтай нутгаас хүрээ хотод адуу шиг давхиад ирдэг аавын хүү гэж байдаг аа...
Сэтгэгдэл ( 0 )