Т.Карма: "МАНЖИН"-гийн үлгэрээр би олон хүүхдийг хэлд оруулсан

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

-Үлгэр бол гайхамшигтай багш-

2015 онд үүдээ нээсэн “Карма багшийн хэл ярианы уран чадварын төв” ойрдоо хөл ихтэй. Өвөлжин, хаваржин, зунжин гэртээ хоригдсон бяцхан жаалууд аав ээждээ хөтлүүлсээр хөөр баяр цалгиулан ирцгээх нь шинэ хичээлийн жилдээ бэлтгэж байгаа хэрэг ажээ.

Мөнгөн хонхны шингэн дуу цангинахаас урьтан Монгол Улсын Гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Т.Карма багшийн сургалтын төвд хэсэгхэн саатлаа


-Танай төвд ирж байгаа хүүхдүүдэд нийтлэг анзаарагдаж байгаа зүйл юу байна?

-Хүн бүр онцлогтой. Хүүхэд ч бас тийм. Надад анзаарагдаж байгаа зүйл гэвэл компьютерт донтсон хүүхдүүд их ирж байна. Бидний хүүхэд ахуй үеийнх шиг аз жаргалтай, хацар нь борлосон, гар нь саарьтсан хөөрхөн түнтгэр хүүхдүүд харагдахаа больчихож. Хүүхдийн талбай дээр тоглож байгаа хүүхэд бараг алга. Тэр үзэгдлээс болоод амьд харилцаа тасарч байна.

Манай төвд өндөр боловсролтой, түвшин, оюунлаг хүмүүс л хүүхдээ сургадаг. Ирж байгаа  хүүхдүүдийг харахад үгийн баялаг байхгүй, монгол үг ойлгохгүй, монголоор ярьж чадахгүй, өгүүлбэр эвлүүлээд хэлж чадахгүй, тогтвортой сууж чадахгүй, анхаарал төвлөрөл сул, хүнээс айдаг ичдэг, зожигдуу зантай байгаа нь миний сэтгэл зүрхийг их зовоох юм.

Тийм хүүхдүүдийг харахаар би өөрийнхөө болоод охиныхоо бага насыг боддог юм.

Манай хүүхэд багадаа “ээж ээ яагаад харанхуй шөнө болоод байгаа юм? Яагаад нар тэндээс гараад орой жаргачихаж байгаа юм?” гээд шалгааж өгдөг байсан. Асуухгүй асуулт байхгүй. Би бүх асуултад нь хариулдаг, охинтойгоо их ярилцдаг байсан. Гэтэл одоо “Яагаад” гэдэг асуултаа ч ойлгохгүй хүүхдүүд ирж байна. Энийг хараад би үгүйсгэлийн хуулийн дагуу “техникийн хөгжил хүний хөгжилд саад болоод байгаа юм болов уу” гэж боддог, их харамсдаг. Эцэг, эх хүн хүүхдээ өсгөхдөө хувцаслах, хооллохоос гадна оюун, тархины хөгжилд нь анхаарах ёстой.

-Гадаадад байсныг нь ярихаа больё, Монголдоо өссөн монгол хүүхэд эх хэлээрээ ярьж чадахгүй байна гэдэг эмгэнэл юм. Юунаас болж тэд маань ийм болоод байна?

-Орчноос болж байна. Эцэг эх нь ажилдаа явчихна. Үлдсэн хүүхэд гэртээ зурагт үзэж байна, эсвэл компьютер тоглоом тоглож байна.  Өдөржингөө, мангууртлаа тоглож байна. Өчигдөр нэг ээж  хүүгийнхээ тоглоомыг харуулсан юм. Тэр нь динозавруудтай, амьдралаас тасархай, өнгө, дүрсээр зодсон тоглоом байна лээ. Зурагтаас салдаггүй хэсэг нь япон, англи, хятад... гээд олон төрлийн гадаад хэл дээр гадаад кино үзээд, нөгөө аялга, дуу алдалт, ганц нэг үгийг нь цээжлээд суудаг. Эцэг эхчүүд болохоор “англиар  кино үзэх их ашигтай юм, манай хүүхэд англи хэлэнд сүрхий болоод байна” гэж ойлгоод байдаг.  Ямар юмных нь сүрхий  болох вэ дээ, хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийнхээ ганц нэг үгийг, аялгыг нь л сурч байна шүү дээ. Түүнээс бүрэн мэдлэг олохгүй.

Ном гээч юмыг маш их мартжээ. Эцэг эх нь өөрөө ном уншихгүй байхад хүүхэд юу гэж унших вэ дээ. Тийм хүүхдэд заахдаа би юунаас эхэлдэг гээч. Үлгэрээс.

Хүүхэд бол хаа нэгэн гарагаас дэлхий дээр ирсэн зочид. Дэлхий дахины ард түмэн хүүхдийг анх ертөнцтэй, дэлхийтэй танилцуулахдаа үлгэрээс л эхэлдэг байсан. Бага байхад аав минь үлгэр ярьж өгдөг байсан. Би ч хүүхдэдээ үлгэр ярьж л байсан. Яг л тэр жишгээр би ярьж чадахгүй хүүхдэд үлгэрээс л эхэлж зааж байна даа. Тэгэхээр надад үлгэрийн зурагт ном маш их хэрэгтэй.

Яагаад үлгэрээс эхэлж байна гэхээр орчин үеийн хүүхдүүд дүрсээр ойлгодог болсон. Хүүхэд ярьж чадахгүй бол  үлгэрийн зурагтай ном үзүүлээд “За миний хүү зургийг нь хараад ярь даа. Энэ чоно байна. Энд ууттай юм байгаа биз? Энэ уутан дотор юу байгаа бол?” гэх жишээний дандаа тайлбарлаад ярьдаг. Тод, гоё өнгөтэй зурганд хүүхэд дуртай. Тэрийг нь дагуулаад эхлээд өнгөнд нь дурлуулаад, дээрээс нь зураг, ярианд нь дурлуулж, аажим аажмаар номонд оруулах нь миний зорилго. Хүүхдийг бор хоолонд оруулна гэдэг шиг юм даа. Би тэгж л сургадаг, зорилгоо ч эцэг эхэд нь сайн ойлгуулж өгдөг.

-Эцэг эх нь бас давхар сурах нь ээ...

-Тийм ээ. Нялх, балчир хүүхдийг би загнадаггүй. Яагаад гэвэл тэдний буруу биш шүү дээ. Тэднийг ингэж хүмүүжүүлсэн ээж аавд нь л хэлэх үгээ хэлдэг.  Тэгээд эцэг эхчүүдээ номын дэлгүүр яв гэдэг. Ямар ном авахыг нь зааж өгдөг.

-Хүүхдүүдийг ямар үлгэрээр хэлд оруулдаг вэ? Нууцаасаа хуваалцаач...

-"Манжин"-ийн үлгэрийг мэдэхгүй хүн байхгүй дээ. Тэр үлгэрээр би нэлээн олон хүүхдийг хэлд оруулсан шүү. Энэ үлгэрийг би мэддэг хэрнээ ид шидийг нь сайн ойлгоогүй л явсан юм билээ. Манжингийн үлгэрээр хэлд орж байгаа хүүхдүүд үлгэртээ үнэнхүү дуртай болчихдог. Ойлгоод, дурлаад байгааг нь хараад надад “Яагаад?” гэдэг асуулт төрнө өө дөө. Тэгээд учир шалтгааныг нь хайгаад ухаж бодож байгаа юм. Тэгээд олсон.

"Манжин"-ийн үлгэрт нэг үг олон давтагдаж ордог. “Эмгээн, эмгэн нааш ир нааш ир. Яасан том манжин бэ?”, “Нохой нохой нааш ир нааш ир” гээд давтдаг. Нэг үг олон давталттай, тэгээд бас хөөрхөн хөдөлгөөнтэй. Үлгэрээ уншихдаа би өөрөө хөдлөөд манжин болчихно, хүүхэд маань нохой, муур, хулгана болоод намайг татна, ингээд бие биеэ таталцаад, хамтдаа дуулаад л, бүжиглээд л уншихаар хүүхдүүд хөөрхөн, инээд хөөр болно. Тэр  инээд хөөр, сонирхол дээр нь дөрөөлж утга санаагаа ойлгуулна. Хүүхэдтэй яг л хүүхэд шиг л харьцана.

Өнөөх үг мэдэхгүй хүүхэд чинь үгээ ойлгоод, цээжлээд, үлгэрээ яриад сурсныхаа дараа нүд нь шууд гэрэлтээд ирдэг. Бүтэн үлгэр яриад сурна гэдэг чинь  маш их юм сурчихлаа гэсэн үг шүү дээ. Сурсан мэдсэндээ хүүхэд маш их урамшдаг. Тэр урман дээр нь “Өнхрүүш” боовны үлгэрийг сургана даа.  Бас л тоглолттой, дуутай, аялгуутай, үг нь олон давталттай. Өнхрүүш боовны дууг дууллаа, дахиад дууллаа. Баавгай, чоно, үнэг гарна. Үйл явдал өрнөнө. Үйл явдалдаа хөтлөгдөөд юу ч мэдэхгүй байгаа хүүхэд учир зүггүй том ном уншчихаж байгаа юм. Үсэг сураагүй таван настай хүүхэд юугаа унших вэ, би л ярьж өгөөд, нөгөө хүүхдээ давтуулсаар байгаад цээжлүүлнэ. Хүүхэд ээж аавдаа очоод нөгөө Манжингийн үлгэрээ, нөгөө Өнхрүүш  боовоо дахин дахин яриад л, хөөрөөд л хүн болгонд ярьж гүйгээд  л, тэгээд ерөнхийдөө үлгэр гэдэг ийм гоё юм байна, ярина гэдэг энэ юм байна гэдгийг ойлгоод ярих дуртай  болдог.  Тэгэхэд нь “Чоно ба 7 ишиг”-ний үлгэрийг ярина.

Сургалтынхаа явцад би олон үлгэр туршсан. Туршилтад минь энэ гурван үлгэр аргагүй шигшигдэн шалгарсан даа. Энэ гурван үлгэр дээрээ дөрөөлөөд монгол ардынхаа үлгэр рүү ойртуулна шүү дээ.

Монгол ардын үлгэр бол үгийн баялгийн алтан сан хөмрөг. Монгол ардын үлгэрээ “Уутат чоно, ухаант туулай”-гаас эхэлнэ. Хамгийн жижгээс нь, хамгийн хялбархнаас нь эхэлнэ. Бага багаар хүндрүүлсээр хүндрүүлсээр “Алтан загасны үлгэр” дээр  ирэхэд л сургалт дуусаж байгаа юм.

Би сая таван настай  хүүхэд “Алтан загасны үлгэр”-ийг бүтнээр нь цээжлэхийг харлаа. Ээж нь “манай хүүхэд чадна аа чадна, цээжилчихнэ” гэж байсан. Тэр хүүхэд үсэг заалгаагүй, ээрч гацдаг, их аймхай, хүнтэй ярьж чаддаггүй. Гэтэл цээжилчихэж.

Түүнийг хараад хүүхдэд ямар их нөөц чадвар байгааг мэдэрч байгаа юм. Ганцхан  энэ чадварыг нээх нь хүүхэд, эцэг эх болоод багшийн гурвалсан хөдөлмөр юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож байна. Ингээд яриад байвал их юм бий.

-“Багаасаа гадаад хэл дээр кино, зурагт үзсэн хүүхэд гадаад аялгатай болоод байна. Монгол хэлээрээ тод, зөв ярьж сурахад эгшиг авианы дуудлага их чухал” гэж та түрүүн ярьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Эгшиг үсэг бол аливаа хэлийг амилуулагч амин судас. Тэр битгий хэл  дикцтэй, тод хэллэгийн амин зүрх байгаа юм. Энэ талаар би номондоо маш дэлгэрэнгүй тусгаж байгаа.  Би жүжигчин, дуу оруулагч байхдаа эгшиг үсгийн энэ чухал үүргийг сайн мэддэггүй байж. Гэтэл энэ сургалтыг явуулснаасаа хойш эгшиг үсгийн гайхамшигт чадварт давхар суралцаад явж байна.

-Гийгүүлэгч үсгийг дуудаж чаддаггүй хүүхдүүд цөөнгүй тааралддаг. Аль гийгүүлэгчийг хэлж чадахгүй хүүхдүүд их ирж байна?

-Хамгийн түгээмэл нь шүргэх гийгүүлэгч ж,ч, ш-ийн зургаан гийгүүлэгч, р, л гийгүүлэгчийг зөв дуудаж чадахгүй хүүхдүүд ирж байна. Над дээр 20 гийгүүлэгчийн 18-ыг “д”-гээр дууддаг хүүхэд ирж байлаа. Шалтгааныг нь судалтал хэлээ дандаа босгоод дээд тагнайндаа л хүргэчихдэг рефлекс тогтчихсон байсан.

-Хүүхэд бөөрөнхий хэлтэй болоход юу нөлөөлөөд байна? Танд энэ талаар ажигласан зүйл байна уу?

-“Бөөрөнхий хэлтэй” гэж хэлээ хаздаг хүүхдүүдийг хэлээд байгаа юм. “Авдраар дүүрэн аржгар хурганы арьс” гээд оньсого байдаг даа. Тэр авдраар дүүрэн эрдэнэсээ ашиглахгүй, хэлнийхээ булчинг ажиллуулахгүй хэлээ хазаад, бултгануулаад байхаар бөөрөнхий хэлтэй болчихож байгаа юм.

Хоёрт, эцэг эх, эмээ, өвөөгийн буруутай үйлдлээс хүүхэд бөөрөнхий хэлтэй болдог.

Хүүхэд гэдэг амьтан бол аль нэг ертөнцөөс манай ертөнц рүү зочилж ирсэн зочин гэж би дээр хэлсэн дээ. Тэр зочныг хүлээн авч, дэлхийтэйгээ танилцуулах газарч, хөтчийнхөө үүргийг бид муу гүйцэтгэж байна. Хүүхдээ эрхлүүлж, энхрийлж байна гээд “ээ гөөгий дөө дадада”  гээд яриад байхаар хүүхэд “өө ингэж ярьдаг юм байна” л гэж бодчихно шүү дээ. Түүнээс намайг эрхлүүлж байна, өхөөрдөж байна гэж ойлгохгүй. Тэгэхээр томчууд энэ тал дээр ухаалаг байх хэрэгтэй.

Ер нь гэрийн суурь хүмүүжил гэж айхтар юм байна. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг шиг таван настай хүүхэд ороод ирэхэд л хэн болох нь, ар гэр, эцэг эх нь уншигдчих юм. Би эцэг эхчүүдэд “та нар юм л бол багш нар руу нь дайрдаг. Манай хүүхдийг тэглээ ингэлээ гэдэг.  Үгүй ээ,  та нар алдаагаа өөрөөсөө хай. Та нарт байгаа чанар хүүхдэд чинь байна. Хүүхэд яг эцэг эхээ дуурайдаг юм. Хүүхдээ сайн хүн болгоё гэж бодвол өөрийгөө төлөвшүүл. Өөрөөсөө эхэл. Тэгээд хүүхэдтэйгээ байнгын хамт бай. Найз нөхөд бай. Дотор нь бай” гэж хэлдэг. 

-Гадаадад төрсөн, тэнд амьдарч байгаад ирсэн хүүхдүүдийн сэтгэлгээг яаж та монголжуулж байна?

-Монгол ардын  үлгэр гэдэг гайхалтай сайхан багш байна шүү дээ. Манай аав “32 модон хүний үлгэр”, “Шидэт хүүрийн үлгэр” гээд ярьж өгдөг байсан.

Гэхдээ гадуур зарагдаж байгаа монгол ардын үлгэр болгоныг аваад байж болохгүй байна аа. Зарим үлгэр хэрэг алга. Хүмүүжлийн асар буруу ойлголт өгөхөөр байна. “Алтан мөнгөн аргай” гэдэг үлгэр арай л дэндүү. Нэг удаа яарч явахдаа үлгэр  аваадахсан чинь хулгайч хүнийг магтан дуулсан байсан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрээ уншиж байж сонгоорой.

Болдог сон бол “Шидэт хүүрийн үлгэр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”-ийг цувралаар нь, зурагтай хэвлэж өгдөг болоосой гэж би хүсэх юм. Бас хүүхдийн хөөрхөн богино өгүүллэгүүд хэрэгтэй байна.

Гадаадад төрж өссөн хүүхдүүдийг монгол  ахуй, ёс заншилтай танилцуулахад жороо үг, түргэн хэллэг, зүйр цэцэн үгс, монгол ардын аман зохиол тэр аяараа гайхалтай сурах бичиг болдог. Тоглоом наадгайн үг хэллэг дотор миний ч мэдэхгүй үг гараад ирнэ шүү дээ.

-Сонирхоод асуухад эмээ, өвөө нарын амины хүүхдүүд ямар байна?

-Ухаантай, хэрсүү хүүхдүүд байна, зарим нь ч хэцүү шүү. Хүүхдээ хэт эрхлүүлээд  “эрхийн балай” болгочихсон миний үеийн хүмүүс ирдэг.

Дээр үеийн өвөө эмээ нар их өөр байжээ. Ялангуяа хөдөө мал дээр байдаг  малчин өвөө эмээ нар хүүхдийг их зөв хүмүүжүүлдэг байсан. Тэгвэл социализмын үед төлөвшсөн, дунд үеийн зарим эмээ, өвөөд том алдаа байна шүү. Ерөөсөө ном уншихгүй.

-Яагаад хүүхдэдээ орой унтахад нь ганц үлгэр уншаад өгчихдөггүй юм бэ? Яагаад нэг үлгэр цээжлээд, яриад өгчих цаг зав гаргахгүй байна вэ?

-Мэдээж үлгэр ярихад бас учир бий. Тэр үлгэрээ амилуулж ярих хэрэгтэй. Мангас ингэж хэлжээ гэхэд яг л мангас нүдэнд нь харагдахаар ярих хэрэгтэй шүү дээ. Тэгж хүүхдийн сэтгэлийг хөдөлгөж,  эмоцтой, дүрслэн харалттай, өөрөөр хэлбэл  жүжиглэж ярих хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэр ярихдаа нэг хэвийн хоолойгоор ямар ч сэтгэл, эмоц гаргахгүй уншаад өгдөг. Зэмлэхээр “Багш аа, би тан шиг уншиж чадахгүй шүү дээ. Яаж сонирхолтой унших вэ?” гэж асуудаг. “Үлгэр уншихад жүжиглээд байх шаардлага байхгүй. Чи зүгээр л үлгэр дотроо ороод амьдар л даа” гэж би хэлдэг юм. Өнхрүүшийн тухай үлгэр ярьж байгаа бол тэр онгирч хөөрч байгаа өнхрүүш боовыг дүрсэл л дээ. Тэнэг мангар өнхрүүшийн онгирч байгааг нь, хэний хүчинд боов болчихоод хөөрч явааг нь харуул л даа. Ингэж л яривал  хүүхдийн сэт­гэлд буудаг. Тэд ийм юманд их дуртай. Нүд нь гэрэлтээд л ирнэ. Тийм учраас үлгэрээ амилуулж, амьдруулж, дүрсэлж, чин сэтгэлээсээ унших шаардлагатай бай­на. Зүгээр ч нэг үлгэр уншаад өнгөрөх биш.

-Сүүлийн үеийн хүүхдүүд анхаарал төвлөрөл муутай байна гэж багш нар шүүмжилдэг. Та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

-Энэ бол дахиад л компьютер тоглоомтой холбоотой. Над дээр тийм хүүхэд ирж байсан. Тэр хүүхэдтэй удаан ярихад хоёр удаа л анхаарал нь төвлөрсөн. Төвлөрөл нь яг 10 секунд л байсан. Түүнд би маш их олзуурхсан. Яагаад гэвэл бага ч гэсэн төвлөрч байна гэдэг хэвийн сэтгэцтэй, эрүүл саруул хүүхэд байна гэсэн үг.

-Танай төвийн пэйж хуудаснаас харахад их ярвигтай, ажиллагаатай хүүхдүүд ирдэг юм билээ. Таны дэргэд эцэг эхчүүд нь хүүхдээ загнадаг уу? 

-Над дээр загнуулдаг хүүхдүүд ирдэггүй ээ. Харин ч бүр эсрэгээрээ дэндүү эрх, “загнаад өгөөч ээ” гэсэн гуйлт хүсэлт дагуулсан хүүхдүүд ирдэг.

Хүмүүс ойлгохдоо дандаа ээрүү, гацаа, хэл муутай хүүхдүүд ирдэг гэж боддог. Үгүй. Хэл яриа тод, цовоо цолгиун хүүхдүүд ч ирдэг. Яах гэж авчраа вэ? гэхээр “Манай хүүхэд ийм, ийм юм чаддаг. Харин ингэж чадахгүй байна. Та манай хүүхдийг задлаад, өөрийгөө илэрхийлдэг болгоод өгөөч” гэдэг.

Надад хүүхэд л чухал болохоор эцэг эхийнх нь юу хийдэгийг ч би асуудаггүй. Гэхдээ нэг л зүйлийг бардам хэлж чадна. Хүүхдийнхээ төлөө санаа зовдог, ирээдүйд нь одооноос бэлдэж байгаа, боловсролтой, оюунлаг эцэг эхчүүд манай төвд хүүхдээ авчирдаг. Тэдэнд би үнэхээр талархдаг.

Тэдэнд байгаа ганцхан өө гэвэл хүүхдээ л хэт эрхлүүлсэн явдал.

-Таны ярианаас харахад их хурц, шулуун үгтэй хүн санагдлаа. Эмзэглэх хүн гардаг уу?

-Би хүнд үнэнийг нь л хэлдэг, хэлэхдээ бас учиртай. Хүнд нь тохируулж хэлнэ. Заримыг нь аргадаж хэлнэ. Заримыг нь гуйж хэлнэ. Заримд нь ойлгуулж хэлнэ. Заримд нь учирлаж хэлнэ. Зарим нэг ойр дотно санагдсан хүнээ зэмлэчих гээд байдаг гэм бий.

Долоон настай хүүхдийн гутлыг үдээд зогсож байгаа ээжид “Хүүе ээ, хүү чинь долоон  настай.  Гаргүй юм уу? Өөрөөр нь гутлыг нь үдүүлж сурга. Тэгэхгүй бол хүүхэд чинь залхуу хүн болох нь. Тэгэхээр чи яах юм. Насаараа хамт амьдрах юм уу” гээд хэлчих бол энүүхэнд.

-Та ном гаргах гэж байгаа юм уу?

-Би олон жил кинонд дуу оруулж, мэргэжлийн сургуулиудад ярих, илтгэх уран чадварын хичээл орсон хүн. Тэгээд эцэг эхчүүдийн хүсэлтээр хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж эхлээд энэ талын үзэх харах ном, гарын авлага хомс байгааг мэдэрсэн юм. Тэгээд 1000 гаруй хүний хэл ярианы гажгийг зассан туршлага дээрээ тулгуурлаж, ном бичиж байгаа. Коронагийн хөл хорионы үед сургалтын төвүүдийг хаахад хэдэн сар ажилгүй суулаа шүү дээ. Тэгээд зүгээр суухаар зүлгэж суу гээд номоо эхэлсэн. Уг нь дуусгачихъя гэж санасан боловч сүүлийн үед ачаалал ихсээд түр хойш тавьчихаад байна.

-Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх нь. Та эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Цүнх яах вэ цүнх шүү дээ. Хувцас яах вэ авчихаж болно. Хамгийн гол нь миний хүүхэд суралцахад оюун ухааны төвлөрөл,  анхаарал, бэлтгэл байна уу, заалгасан юмаа мартаж уу, үгүй юу гэдэг л бэлтгэл юм даа. Ялангуяа сургуульд орох гэж байгаа хүүхэдтэй эцэг эхчүүд манай хүүхдийн гарын эвсэл, үзэг барих чадвар байна уу үгүй юу, ой тогтоолт, анхаарал төвлөрөл нь ямар байгаад анхаараарай.

Манай төвд хүүхдээ сургаж байгаа хүмүүс бол хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийж яваа улс шүү дээ. Шинэ цүнх авч өгч байгаатай адилхан хүүхдээ сургуульд ороход нь бэлдэж байна. Хүүхдийнхээ хувцсыг нь, хичээлийн хэрэглэлийг нь бэлдэхээс гадна хүү, охины чинь оюун ухаан суралцахад бэлэн байна уу, багшийн үгийг хүлээж авахад бэлэн байна уу гэдгийг нягтлаарай.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Luta-jargal(CHoyzhi-(39.155.101.124) 2020 оны 08 сарын 23

~~~~<<儿童识字教科书 >> iig << 蒙古文一百二十三 ( ~123 ) >> iin system eer ~~~~

0  |  0
Luta-jargal(CHoyzhi-(39.155.101.124) 2020 оны 08 сарын 23

~<> iig <> iin system eer ~~~

0  |  0
Luta-jargal(CHoyzhi-(39.155.101.124) 2020 оны 08 сарын 23

Mongol bichig eeree <> -iig <> iin system eer nairvvlvn,Huuhed iin <>(语言模式,言语认知 )~iig huuhed iin tarhi zurhen d ni siilj svvlgah ,svrgalt ,sedgic zui, jichi helen ii shinzhilel iin undusulel baigaa ~\n2020-08-23 Hailar ,HulunBuir ,Abhan Luta-jargal (Choyji-odsor)\n

0  |  0
Luta-jargal(CHoyzhi-(39.155.101.124) 2020 оны 08 сарын 22

Mongol bichig eeree tootai ,cystem tei ~ye eer surah bichig (ABC book ) nairuulzh ,”Mongol Heln ii heb zagbar” (语言模式,言语认知)-iig Huuhed iin oyun tarhin d ni suulgazh ciilzh ogoh ni surgalt iin, heleshinzhlel iin , hiihed iin sedgi c (~l)zhui giin undusulel tei yvm ee.(Mongol iin zvvn hirin gvrban useg~123 useg -erdem shinjilgeen ii oguulel iig uz ! ) 2020-08-22 Hailar Hulun Buyir.( Luta-jargal~Choyji-odsor)

0  |  0
66(31.10.165.35) 2020 оны 08 сарын 22

Karma guai neg 9 nastai huuhdiig r useg heluulj surgah \ngej haraaj zagnaj erguu debileer n duudaj orilj baigaa bichleg uzsen,aisan shuu.

1  |  0
Muuhai humuus(66.181.185.253) 2020 оны 08 сарын 21

Commentig PC nii tsaana nuugdsan archaagui ataarhuu adgiin humuus bichdeg. Ta nar ene huniig ymr mundag yum yarisniig unshaach

0  |  0
Зочин(202.179.27.47) 2020 оны 08 сарын 20

Карма хүүхдүүдийг сургалаа юу

0  |  0
Зочин(66.181.161.86) 2020 оны 08 сарын 21

Жинхэнэ хулхи гар. Хүүхдээ өгөхөөс өмнө судлааоай. Цаг мөнгаө алдана шүү

2  |  0
Зочин (103.57.95.95) 2020 оны 08 сарын 23

МАНЖИНИЙН БИШ МАНЖИНГИЙН, МАЛ ШИГ СЭТГҮҮЛЧЭЭ. ЭНЭ САЙТЫНХАН ИЙМ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧИДЭЭ ХАЛААД ХАЯХАД ЯАДАГ БАЙНА АА

2  |  0
Үзэгч(192.82.70.237) 2020 оны 08 сарын 21

Дүүриймаа сайхан эмэгтэй

1  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 08 сарын 20

yagaad tsarai muutanguud banzal baidag um be yag ene karma shig

2  |  0
Top