Хожуу ч гэсэн манай улс ирээдүйгээ хайрласан чухал хуультай болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийг ирэх оноос эхлэн “Үдийн хоол” болгон хэрэгжүүлэх тухай БШУЯ-ны шийдвэр гарсан. 2006 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхдийн биед хэр шим тэжээлтэй гэдэг тал дээр эцэг, эхчүүд эргэлзээтэй хандсаар ирсэн. Нэг сурагчид ногдох өдрийн цайны төсөв өнгөрсөн онуудад 600 төгрөг байсан бол 2019 онд батлагдсан төсвөөр 900 төгрөг байхаар тогтсон. Энэ хичээлийн жилд дээрх хэмжээгээрээ үргэлжилнэ. Гэвч төсөв нэмэгдлээ гээд шим тэжээл нь нэмэгдэх үү. Та бод доо, 900 төгрөгөөр өнөөдөр юу авч хүрэх вэ. Хүүхэд хоол тэжээлийнхээ 15 хувийг үдийн цайнаасаа авах ёстой. Аав, ээжийнхээ өгсөн арав, таван төгрөгт тааруулж хүүхдүүд ихэвчлэн пирошки юм уу мантуун бууз авч иддэг.

Өдөр идсэн мантуун буузныхаа тосоор оройжин хэхэрч, ходоод нь хямрах ч тохиолдол багагүй гардаг. Хуршсан тосонд хайрсан гурил голдуу пирошки хүүхдийн биед шим тэжээл болох уу. Хоол үйлдвэрлэгчид өдрийнхөө төсөвт багтаахын тулд нүүрс ус ихтэй хүнс сонгодог ба хэрэв төсвийг хоёр дахин нэмэгдүүлбэл уургаар баялаг хүнс, сүү, цагаан идээг өгөх боломжтой болно гэдгийг онцолсон юм. Хичээлийн шинэ жил эхэлсэн үеэс Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан сургуулиудад шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд торгууль оногдуулдаг ч төдийлөн сайжирсан зүйлгүй. Харин ч тендерт ялсан аж ахуйн нэгж, сургуулийн захирал, Засаг даргын халаасыг түнтийлгэдэг бизнес болж хувирах эрсдэл үүссэн нь нууц биш. Учир нь сургууль бүрт “Үдийн цай” нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах эрхийг олгосон нь танил тал харж хийгддэг ажил болж хувирч сургуулийн сурагчид үдийн цайндаа хордсон байж болзошгүй асуудал ч олноор хөндөгддөг. Тиймээс ирэх оноос эхлэн төр өөрөө сургуулийн гал тогоог ажиллуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Энэ оноос хэрэгжих Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль нь сурагчдыг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах зорилготой. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран энэ сарын 17-ноос эхлэн 14 хоногийн хугацаатай “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байгаа ажээ. Сургалтаар хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавигдах шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явагдана.

Өсөж төлжиж, ургаж бойжиж байгаа хүүхдийн биед нэн тэргүүнд кальц, төмөр, магнийн дутагдлыг нөхөх мах, махан бүтээгдэхүүн болон сүү, цагаан идээ, хүнсний олон төрлийн ногоо, нарийн ногооны орцтой хоол нэн шаардлагатай. БШУЯ-ны  Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэр үйлчилгээний тухай  хууль нь есдүгээр сарын 1-нд хэрэгжиж эхлэх бөгөөд “Үдийн хоол”хөтөлбөр нь ирэх оны есдүгээр сарын 1-ээс эхлэх юм.  “Үдийн хоол” хөтөлбөрийг 2021 оноос эхлэн бага анги, 2022 оноос дунд анги, 2023 оноос ахлах ангид хэрэгжүүлнэ” гэлээ. Ирэх оноос хэрэгжих “Үдийн хоол” хөтөлбөр нь сурагчдыг өдөрт авах илчлэгийн 30%-ийг нөхөх юм. Цар тахлын үед “Үдийн цай” хөтөлбөртөө хүүхдийн дархлаа дэмжсэн эрдэс бодис, витаминаар баялаг амин дэмтэй хоол цайгаар үйлчлэх шаардлагатай. Шаардлага хангаж буй эсэхийг холбогдох албаныхан тогтмол шалгаж, онцгой анхаарах биз ээ. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоолзүйн салбарын профессор Г.Энхтайван “Манай улсад 1990-ээд оноос хүүхдийн хоолны дэглэм алдагдсан. Энэ нь өнөөгийн хүн амын өвчлөлийн нэг шалтгаан болоод байна. Дэлхийн 190-ээд орон сургуулийн хүүхдийн хоолны хуультай. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 10-15 жилийн дараа эрүүл саруул биетэй залуусын үе бий болно” гэсэн юм. Хожуу ч гэсэн манай улс ирээдүйгээ хайрласан чухал хуультай болж, ашиг хонжоо хайлгүй, алаг үрсийнхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж найдах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.217.129) 2020 оны 08 сарын 20

хоолны газруудаа эртнээс бэлдэж мэргэжлийн тогооч нараа бэлдэх хэргтэй дээ Орос улс тэр олон хүүхдүүдийг хооллоод байхад манайх цөөн хэдэн хүүхдээ зөв хоолллох л хэрэгтэй дээ

0  |  0
Top