Энэ жилийн статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. Эдгээр хүүхдүүд 2014 онд төрсөн бөгөөд аав, ээжийнхээ өврөөс эрдмийн далайд умбах гэж байгаа зургаан настнуудын сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй хэрхэн харьцах талаар сэтгэл судлаач Я.Батхүүтэй ярилцлаа
-Нэгдүгээр ангид элсэн орж байгаа зургаан настнууд маань дөнгөж мөөмнөөсөө ч гараагүй жаахан амьтад байдаг шүү дээ. Олон хүүхэд, багш, анги танхимд гээд өөр орчинд гэнэт орж ирэхээр сэтгэл зүйн хувьд хямрах, айх түгших гээд өөрчлөлт хэр гардаг вэ?
-Анхлан сургуулийн босго алхана гэдэг эцэг эх болон хүүхдийн хувьд сонирхолтой боловч том асуудал байдаг. Олон асуудлууд тулгарна. Тухайн хүүхдийн хувьд амьдралд нь гарч буй маш том өөрчлөлт юм. Тэдний сэтгэхүй энэ үед өөрийгөө бүхний хайранд, анхаарлын төвд байдаг гэж үздэг. Ийм сэтгэлгээтэй олон хүүхдүүдтэй нэг ангид орж суралцах болдог. Гэр бүлийн хүрээнд үнэлэгдэж байсан хүүхэд огт өөр орчинд өөрөөсөө илүү авъяас чадвартай хүүхдүүдийн байгаа байдал, харилцаа хандлагыг харж гайхаж бишүүрхэнэ. Хүүхэд бусдыгаа харж өөртэйгөө харьцуулалт хийж эхэлнэ. Зарим туршлагагүй багш нар энэ үед хооронд нь өрсөлдүүлж харьцуулалт хийснээс болж хүүхдийн сэтгэхүйд цочрол үүсэж болно шүү дээ. Зургаан настнуудын онцлог нь асар сониуч, шинийг сурч мэдэх тэмүүлэлтэй, зураг зурах, дуу дуулж шүлэг унших идэвхтэй үйл ажиллагаанд маш сонирхолтой, үндсэндээ бүтээлч, их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байдаг үе. Хувь хүний төлөвшил хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Хүний үзэл санаа бүрэлдэн тогтох, ирээдүйд ямар хүн болох төлөвшил хүмүүжлийн 70-80 хувь нь энэ насанд үүсдэг гэж сүүлийн үеийн үзэл баримтлал гарсан байна.
-Эцэг, эхчүүд яг энэ эмзэг үед хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцвал зохилтой вэ?
-Маш сайн ойлгож, ярилцаж, сайн найз нь байх хэрэгтэй. Зүгээр нэг хичээл номоо хий гэж хоосон үглэх зэргээр хөндлөнгөөс харьцаж огт болохгүй. Хүүхдийн суралцах арга барилыг олох нь чухал. Энэ арга барилыг зөв олсноор цаашид амжилттай суралцахын суурь үндэс тавигдана. Хүүхдийн сонирхлыг нь татах, хөгжөөнтэй болгох, тоглоомын аргыг ашиглах хэрэгтэй. Хүүхэд сонирхолгүй байгаа юмыг хийх дургүй байдаг нь ойлгомжтой. Хүүхэд аливаа зүйлийг сурч байх үедээ тоглох, тоглохдоо суралцах нь маш үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл тулж харьцана гэсэн үг дээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулаад хүүхдийн сэтгэл зүйн адармаатай үе болох цочрол, хямрал, даван туулах процессуудыг тоохгүй байх, анзаарахгүй байх нь цөөнгүй. Үүнийг маш сайн ойлгож хүлээж авах хэрэгтэй. Бусад хүүхдийн өөрөөс нь давуу тал, ялгаатай байгаа онцлогийг нь эерэгээр тайлбарлаж, өөрийнх нь давуу талыг нь хөхиүлэн дэмжиж, ялангуяа хүн бүр, хүүхэд бүр өөр өөрсдийн гэсэн давуу ба сул талтай, өвөрмөц онцлогтой гэдгийг сайтар ойлгуулах нь чухал юм.
-Зургаан настнуудын анхаарлын төвлөрөлт хэдэн минут байдаг бол. Багш, эцэг, эхчүүд хичээл, даалгаврын хэт их ачаалал өгч ядраагааад байх шиг санагддаг?
-Том хүний анхаарлын төвлөрөлт 15-хан минут байдаг юм чинь хүүхдийн хувьд ялангуяа зургаан настнуудын анхаарал төвлөрөлт хэдхэн секунд байх нь ойлгомжтой. 15-30 секунд орчим. Тийм болохоор даалгавраар шахах, дүн, онооны үнэлгээгээр уралдуулах нь маш буруу юм. Хэдийгээр хүүхдийн ур чадварын үзүүлэлтийг дээшлүүлэх, бэхжүүлэх зорилготой байдаг хэдий ч тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэмжээний байх нь хамгийн зөв. Сүүлийн үеийн сургалтын систем хүүхдүүдийг дүгнэх тэр ч бүү хэл олны дунд дүнг нь зарлахаа больсон нь тун сайшаалтай.
-Шинэхэн сурагчтай болсон залуу гэр бүл хүүхдийнхээ даалгаврыг хийх гэж дайн боллоо гэдэг. Тэдний сэтгэл зүйн онцлогт тааруулж хүсэл сонирхлыг нь төрүүлэх, идэвхжүүлэх аргуудаас зөвлөөч?
-Удаан суулгах, их юм бичүүлэх, нэг даалгаврыг дахин, дахин хийлгэх нь тэдний сонирхлыг бууруулах, залхаах сөрөг талтай. Илрэх шинж тэмдэг нь хүүхэд стресстэх, уурлах, эцэг эхийнхээ үгэнд орохгүй байх, хичээлээ хийхгүй залхуурах, даалгавар хийхээс зугатах, аргаа саам хийх зэрэг юм. Тэгсэн мөртлөө тоглож наадахдаа эрч хүчтэй, цоглог байх хэдий ч хичээл сургалтын үеэр ядраад байна, толгой өвдөөд байна, унтмаар байна, өлсөөд байна гэх зэргээр шалтаглах нь зайлсхийн зугтаж буйн хэлбэр юм. Энэ нь хүүхэд залхсан уйдсан гэсэн шинж тэмдэг. Мөн хичээл хийх явцад сайн, муу аль ч үед нь загнаж зэмлэлгүй, урам өгч урамшуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөртөө илүү итгэлтэй, цаашид суралцах чин хүсэл эрмэлзэл нь нэмэгдэнэ. Жаахан ч болов гаргасан амжилт, хичээл зүтгэл, цаг хугацаа, төвлөрсөн байдал, өөрийгөө ялсан ялалтыг нь бодитоор үнэлж магтвал хамгийн их урамшуулал сэдэлжүүлэлт болно. Даалгаврын талыг нь хийгээд ядраад орхисон бол түүнийг нь гололгүй, буруушаахгүйгээр үнэлж магтах хэрэгтэй л гэсэн санаа.
-Хүүхэд гэдэг бүхэл бүтэн том ертөнц байдаг. Аав, ээжүүд хүүхэдтэйгээ ярилцах нь бага болж. Ирээдүйд өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй бие хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийн тулд хэрхэх ёстой вэ?
-Хүүхдийг урамшуулах ёстой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл ном, даалгаврыг нь хийлгэх гээд зандрах, бусдад ховлох, харьцуулах, багшийг нь дэргэд нь муулах зэргээр янз бүрийн ааш гаргадаг. Зарим нь бүр уурлаж хашгичин гар хүрэх нь ч бий. Даалгаврыг хамгийн сайн хийлгэх арга нь урамшуулах байдаг. Бүгдийг төгс төгөлдөр хийсэн байгаагүй ч тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргасан байгаа нь ойлгомжтой. Томчууд бид бүгд л анх "А" үсэг бичиж сурах гэж тийм амар байгаагүйг мэднэ. Үүнээс болж хүүхэд багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхдээ гологдсон мэдрэмж авч "Би чадахгүй юм байна, би чадваргүй юм байна, би ийм л хүн юм байна" гэсэн өөрийгөө голох комплексийг өөртөө суулгадаг. Энэ нь уг хүүхдийн хувь хүн болон төлөвшихөд маш муугаар нөлөөлөөд зогсохгүй ирээдүйн амьдралыг нь зэрэмдэглэн кодолдог. Энэ бүхэн хүүхдийн оюун ухааны түвшинд биш, далд ухамсрын түвшинд явагддаг гэмтэл. Эцэг эх минь намайг голчихлоо, тэднийхээ урмыг хугалчихлаа цаашилбал надаас татгалзчихлаа гэсэн шарх авдаг.
-Сошлиар, эмээ нь эрхлүүлээд хүүхдийнхээ өмнөөс даавгаврыг нь хийж байгаа зургийг өхөөрдөж өөгшүүлсэн сэтгэгдэл их явдаг. Хүүхдийнхээ өмнөөс даалгаврыг нь хийнэ гэдэг хүүхдээ хорлож байгаатай адил баймаар?
-Хариуцлагагүй байдлыг нь битгий зааж өг. Хүүхдийнхээ өмнөөс даалгаврыг нь хийх, даалгаврыг нь хийлгэхгүй байх, багш сургуулийг нь даалгавар өгсөнд буруутгах зэргээр хариуцлагүй байдлыг зааж өгч улмаар өөгшүүлж болохгүй юм. Үнэндээ эцэг эхчүүд хүүхдүүдээ бодохоос илүүтэй өөрсдийгөө багш сурган хүмүүжүүлэгч нарт зэмлүүлэх, буруушаагдахаас айж эмээж арьсаа хамгаалж байгаа сэтгэл зүй. Мөн хурдан түргэн энэ “лайнаас” салж эртхэн унтаж амрахаа бодсон хэрэг. Үүнээс болж хүүхэд бусдыг аргалах, зохицуулах, өөрт ашигтайгаар шийдэх, залхуурах, баашлах, бусдаар гүйцэтгүүлэх зэрэг сэтгэхүйтэй болох бөгөөд эдгээр зан чанар нь улмаар залилан мэхлэх ур чадварт суралцаж эхэлдэг. Өөрийгөө дайчлах, өөрөө сурах, өөрийгөө ялах чадвар орхигддог. Эцэст нь хэлэхэд хүүүхдийг хүмүүжүүлэхийн тулд хүчирхийллийн аливаа элемент үзүүлэх, тулган шаардах, өөрийнх нь хүсэл зориг, сонголт мэдрэмжийг нь тоохгүй байх, дарамтлах эсвэл хэтэрхий их эрхлүүлэх, дураар нь байлгах, хүссэн болгоныг нь гүйцэлдүүлэх зэрэг нь өөрийгөө голох комплекстой болгон өөртөө итгэлгүй, шийдвэр гаргах, үүрэг хариуцлага даах бэлтгэлгүй, бусадтай болон нийгэмтэй харилцах хандлага муутай улмаар амьдрах чадваргүй иргэнийг бойжуулж буй хэрэг билээ. Аливаа зүйлийг сурдаггүй хүүхэд гэж байдаггүй, харин зөвхөн тохирдоггүй арга барил л гэж байдаг юм шүү.
Сэтгэгдэл ( 0 )